Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2026/0270

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Ц.Одмаа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч О.Оюунгэрэл

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

 

Давж заалдах гомдол гаргасан: Гуравдагч этгээдийн төлөөлөгч С.Д

Нэхэмжлэгч: “К” ХХК

Хариуцагч: Төв аймгийн Аргалант сумын Засаг дарга

Гуравдагч этгээд: “М-А” ХХК

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Аргалант сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Газар ашиглуулах эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” А/312 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Төв аймгийн Аргалант сумын Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” А/178 дугаар захирамжийн газар давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах” тухай,

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: Төв аймгийн Аргалант сумын Засаг даргын 2009 оны 07 сарын 31-ний өдрийн А/119 дүгээр “Үл хөдлөх хөрөнгө барилгын доорх газар ашиглуулах тухай” захирамж илт хууль бус болохыг тогтоолгох” тухай,

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 0020 дугаар шийдвэртэй,

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э /цахим/, гуравдагч этгээдийн төлөөлөгч С.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Я, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Ж, Ч.А нар,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Ц

Хэргийн индекс: 123/2024/0077/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “К” ХХК-иас Төв аймгийн Аргалант сумын Засаг даргад холбогдуулан “Төв аймгийн Аргалант сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Газар ашиглуулах эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай А/312 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Төв аймгийн Аргалант сумын Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай А/178 дугаар захирамжийн газар давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Гуравдагч этгээд “М-А” ХХК-иас Төв аймгийн Аргалант сумын Засаг даргад холбогдуулан “Төв аймгийн Аргалант сумын Засаг даргын 2009 оны 07 сарын 31-ний өдрийн А/119 дүгээр Үл хөдлөх хөрөнгө барилгын доорх газар ашиглуулах тухай захирамж илт хууль бус болохыг тогтоолгох” тухай бие даасан шаардлага гаргасан.

2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 0020 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн 4.2.1, 4.2.5, 43 дугаар зүйлийн 43.1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн 40.1.6, 40.2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “К” ХХК-иас Төв аймгийн Аргалант сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Аргалант сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Газар ашиглуулах эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай А/312 дугаар захирамж, Төв аймгийн Аргалант сумын Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай А/178 дугаар захирамжийн газар давхцалтай хэсгийг тус тус хүчингүй болгож,

2 дахь заалтаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 он/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн 47.1.6, 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасныг баримтлан “М-А” ХХК-иас Төв аймгийн Аргалант сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Төв аймгийн аргалан сумын Засаг даргын 2009 оны 07 сарын 31-ний өдрийн А/119 дүгээр Үл хөдлөх хөрөнгө барилгын доорх газар ашиглуулах тухай захирамж илт хууль бус болохыг тогтоолгох тухай бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд “М-А” ХХК-ийн төлөөлөгч С.Д-оос дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

3.1. ... Нэг: Төв аймгийн Аргалант сумын Засаг даргын 2009 оны 7 сарын 31-ний өдрийн 119 дүгээр захирамжийн тухайд: Нэхэмжлэгч “К” ХХК-д Төв аймгийн Аргалант сумын Засаг даргын 2009 оны 07 сарын 31-ний өдрийн "Үл хөдлөх хөрөнгө барилгын доорх газар ашиглуулах тухай" 119 дүгээр тушаалаар 8800м2 газрыг 15 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн.
"К" ХХК-д газар ашиглуулах тухай захирамж гарах үед Газрын тухай /2002 он/ хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан. Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлд Улсын Их Хурлын бүрэн эрхийг мөн хуулийн 44 дүгээр зүйлд Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээдэд газар ашиглуулах асуудлыг тусгайлан зохицуулсан. Уг хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээдэд газар ашиглуулах асуудлыг энэ хуулийн 17.1.2, 18.1.6-д заасны дагуу шийдвэрлэнэ" гэж заасан. Тус зохицуулалтаас үзэхэд хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т “Гадаад улс, олон улсын байгууллага, гадаадын хуулийн этгээдэд газрыг тодорхой хугацаагаар түрээс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр ашиглуулах талаар шийдвэр гаргах” гэж заасны дагуу Улсын их хурлаас шийдвэр гарсан тохиолдолд гадаадын хуулийн этгээдэд газар ашиглуулах шийдвэрийг Засаг дарга гаргах учиртай. “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн Аргалант сумын Засаг даргад холбогдох маргааны явцад нэхэмжлэгчийн газрын хувийн хэрэг авагдсан боловч газрын хувийн хэргийн материалд Улсын их хурлын шийдвэр тогтоол гарсан зүйл байхгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид анх газар ашиглах эрхийг олгохдоо хууль зөрчиж олгосон байна.

3.2. Мөн Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6-д "... Газрыг 5 жил хүртэл хугацаагаар гэрээгээр ашиглуулах бөгөөд гэрээг нэг удаад сунгах хугацаа 5 жилээс илүүгүй байна..." гадаадын хуулийн этгээдэд газар ашиглуулахдаа 5 жилийн хугацаатай гэрээний үндсэн дээр ашиглуулах ёстой. Гэвч хариуцагч нь маргаан бүхий 2009 оны оны 07 сарын 31-ний өдрийн А/119 дүгээр захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь заалтыг зөрчиж газар ашиглах эрхийг авсан нь тогтоогдож байгаа болно. К” ХХК-д 2009 онд Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт 8800 м2 газар ашиглуулах шийдвэр гаргах хуулийн зүйн үндэслэл байхгүй байхад маргаан бүхий захирамжаар төрийн өмчийн хорооны шийдвэрийн дагуу үл хөдлөх хөрөнгө худалдан авснаа нотолсон тул засварын газрын доорх 8800 м2 газрыг 15 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн илт хууль бус юм. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 он/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" гэж заасны дагуу уг захиргааны актыг гаргах үндэслэл байхгүй байхад эрх зүйн үндэслэлгүйгээр гарсан аливаа захиргааны акт илт хууль бус байхаар хуульчилсан.

Иймээс хариуцагчийн гаргасан 2009 оны 07 сарын 31-ний өдрийн А/119 дүгээр захирамж нь илт хууль бус захиргааны акт юм.

3.3. Хоёр: Төв аймгийн Аргалант сумын Засаг даргын 2019 оны 10 сарын 22- ний өдрийн 312 дугаар захирамжийн тухайд: Газар эзэмшиж, ашиглаж буй этгээд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д "газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх", 35.3.3-д "газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх" гэж тус тус заасан үүргийг биелүүлэх учиртай. Гэвч хариуцагч нь Газрын тухай хууль болон гэрээнд заасан хугацаанд газрын төлбөрийг төлөөгүй, төлсөн талаарх баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй. Шүүхээс нотлох баримт бүрдүүлэх чиг үүргийн хүрээнд газрын төлбөрөө төлсөн эсэх талаар нотлох баримтыг бүрдүүлэхэд газрын төлбөр төлсөн талаар нотлох баримт гарч ирээгүй. Мөн нэхэмжлэгч газрын төлбөрөө төлсөн гэж маргаагүй болно.

3.4. Мөн нэхэмжлэгч нь газраа зориулалтын дагуу эзэмшиж ашиглаж байгаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогддог. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Газрын тухай хууль, газар ашиглах гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн болох нь тогтоогдож байгаа тул маргаан бүхий 2019 оны 10 сарын 22-ны өдрийн А312 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь ямар нэгэн хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Гэтэл анхан шатны шүүх Төв аймгийн Аргалант сумын Засаг даргын 2019 оны 10 сарын 22-ний өдрийн 312 дугаар захирамжийн талаар дараах үндэслэлгүй дүгнэлтийг хийжээ. Шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 3.1-д "Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2.-т "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Жаран гуравдугаар зүйлийн нийцсэн байх ... 2.-т "Хурлын тогтоол, Засаг даргын захирамж нь хууль тогтоомж, мөрдөнө." гэж зааснаар хариуцагч Төв аймгийн Аргалант сумын Засаг дарга нь хууль дээдлэх, хуульд нийцсэн захиргааны акт гаргаагүй гэж шүүх дүгнэв" хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь хариуцагчийн зүгээс Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчсөн зүйл огт байхгүй юм. Тодруулбал хариуцагч нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-т заасан зөрчлийг нэхэмжлэгч гаргасан гэж дүгнэн түүний газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

3.5. Өөрөөр хэлбэл хариуцагч хууль дээдлэх, хуульд үндэслэх зарчмыг хэрэгжүүлсэн гэж үзнэ. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 3.2-д "Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.5-д зааснаар Төв аймгийн Аргалант сумын Засаг дарга нь захиргааны байгууллага (албан тушаалтан) болохын хувьд өөрийн үйл ажиллагаандаа мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. дэх хэсэгт “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ.", 4.2. дахь хэсэг Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.1.-д "хуульд үндэслэх", 4.2.5.-д "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх", 4.2.8.-д "хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж тухайлан заасан зарчмыг баримтлах үүрэгтэй" гэж бичсэн.

3.6. Дээрх дүгнэлтээс үзвэл шүүх нэхэмжлэгчийг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмыг зөрчсөн гэж дүгнэсэн гэж үзэхээр байна.

Гэвч хариуцагч 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчмыг хэрхэн зөрчсөн талаар шийдвэрт зааж өгөөгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзнэ. Түүнчлэн шүүх 4.2.5.-д "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх" зарчмыг хариуцагч зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч Газрын тухай хууль, газар ашиглах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, газрын төлбөрийг хугацаандаа төлөөгүй байхад тус үндэслэлээр газар эзэмших эрхийг зөрчсөн нэхэмжлэгчийн зөрчилд хуульд заасан арга хэмжээг авч газар ашиглах эрхийн цуцалсан шийдвэрийг зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөл байдал тохироогүй гэж буруутгаж байгааг хуульд нийцсэн, зөв бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гэж үзэх боломжгүй юм.

3.7. Нэхэмжлэгч тал газрын төлбөрөө төлөөгүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй учир хариуцагч нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож цуцалж байхад түүний гаргасан шийдвэрийг 4.2.8.-д "хууль ёсны итгэлийг хамгаалах" зарчмыг зөрчсөн гэж дүгнэж байгаа нь ямар хуульд үндэслэсэн гэж үзэх вэ? нэхэмжлэгчийн хууль ёсны ямар итгэлийг хариуцагч хамгаалах үүрэгтэй байсан бэ? гэдэг асуулт гарч байна. Гэвч нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож буй асуудал нь түүний үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг зөрчсөн гэж үзэхгүй. Иймээс хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй юм.

Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.2-т хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа, мөн хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулаагүй нь тогтоогдсон. Тодруулбал хуулийн дээрх заалтыг хариуцагчийн зөрчсөн гэж буруутгасан дүгнэлтийг хийсэн. Гэвч хэрэгт цугларсан баримтаар хариуцагч нь газрын төлбөр төлөөгүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж дүгнэсэн дүгнэлтийг буруутгах баримт хэрэгт авагдаагүй тул Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийг хариуцагч зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

3.8. Түүнчлэн хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулаагүй нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй юм. Учир нь сонсох ажиллагаа явуулсан ч хариуцагчийн гаргасан зөрчил арилах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д "Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно" гэж заасан. Эл зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч хаягийн өөрчлөлтийн мэдээллийг хариуцагчид мэдэгдэх үүрэгтэй байх боловч энэ үүргээ биелүүлсэн зүйл байхгүй. Иймд хариуцагчийг сонсох ажиллагааг явуулаагүй гэж буруутгах боломжгүй юм.

3.9. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.4-д “Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2.-д газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах;, 40 дүгээр зүйлийн 40.1. дэх хэсэгт "Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно" гэж, 40.1.6-д "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэж заасны дагуу нэхэмжлэгч нь тухайн газартаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээгүй хүчингүй болгож шийдвэрлэсэн хариуцагч Төв аймгийн Аргалант сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн "Газар ашиглуулах эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” А/312 дугаартай маргаан бүхий захиргааны акт нь дээрх хуульд нийцээгүй байна" гэх үндэслэлгүй дүгнэлтийг хийжээ.

Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч газрын төлбөрөө төлсөн талаар дүгнэсэн нэг ч дүгнэлт байхгүй, тэгж дүгнэх нэг ч баримт хэрэгт авагдаагүй байхад хариуцагчийн газрын төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийг буруутгах хууль зүйн боломж байхгүй юм.

3.10. Газрын тухай хуулийн зарим зүйлтийг тайлбарласан Монгол улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10 "Мөн зүйл, хэсэгт заасан "... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно" гэж заасан. Энэхүү тайлбар нь газар эзэмших, ашиглах тухай гэрээ хийгдсэнээс хойш гэж маш тодорхой тайлбарласан. Гэтэл нэхэмжлэгч хууль бусаар газар ашиглах эрхийг авсан өдрөөс хойш маргаан бүхий газарт нэг ч барилга байгууламж бариагүй болно.

Иймээс газар ашиглах эрх авахаас өмнө байсан барилга байгууламжийг хуулийн дээрх тайлбарт хамруулж газраа зориулалтын дагуу ашиглаж байсан гэх дүгнэлт үндэслэлгүй байна.

3.11. Мөн анхан шатны шүүх хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 43 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу газар ашиглах эрхийг цуцалсан шийдвэрийг мэдээгүй гэж буруутгаж байгаа нь шүүх хэргийг шударгаар бус хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн болохыг илтгэж байна. Захиргааны актыг хуульд заасны дагуу мэдэгдээгүй нь тус актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй тул энэ талаарх шүүхийн дүгнэлт ач холбогдолгүй болохыг дурдах нь зүйтэй.

3.12. Гурав: Төв аймгийн Аргалант сумын Засаг даргын 2020 оны 5 сарын 21-ний өдрийн А/178 дугаар захирамжийн тухайд: Манай “М-А” ХХК нь Төв аймгийн Аргалант сумын Засаг даргын 2020 оны 5 сарын 21-ний өдрийн А/178 дугаар захирамжаар Төв аймгийн Аргалант сумын нутаг Аргалын Уул багийн төвд 1.5 га газрыг Хөдөө аж ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг хуулийн дагуу авсан.

Манай компанид эл газарт газар эзэмших эрхийг олгохдоо хариуцагч Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3 дахь заалт, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалт, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаар тогтоолоор баталсан сумын газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөөг тус тус үндэслэсэн.

3.13. Мөн манай компани маргаан бүхий газарт газар эзэмших эрх авах үед нэхэмжлэгчийн газар эзэмших эрх дуусгавар болсон байсан нь маргаан бүхий 2019 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн А/312 дугаар захирамжаар тогтоогдож байгаа болно. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан Хууль ёсны итгэл хамгаалах зарчим хэрэгжих ёстой бол эл зарчим манай компанид хэрэгжих ёстой. Манай компани газар эзэмших хүсэлт гаргах үед тус газар нь хэн нэг этгээдийн эзэмшил ашиглалтад байгаагүй.

3.14. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 4.2-т "Хариуцагч 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн “Газар ашиглуулах эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” А/178 захирамжийг гаргахдаа /2006 оны Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2. дахь хэсэгт “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана", 29.3. дахь хэсэгт “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно." 31 дүгээр зүйлийн 31.1.3. дахь хэсэгт заасан “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх", Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5. дэх хэсэгт "Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг аймаг, нийслэлийн байгаль орчны газрын дүгнэлтийг үндэслэн эзэмшүүлж болно", 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт “Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна" гэж заасан хуулийн заалтуудыг зөрчиж маргаан бүхий актыг гаргажээ" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хүчингүй болсон байсан учир бусдын газартай давхцуулан газар эзэмших эрх олгосон гэж үзэхгүй.

3.15. Дөрөв: Төв аймгийн Аргалант сумын Засаг даргын 2009 оны 7 сарын 31- ний өдрийн 119 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох бие даасан шаардлагын тухайд.

Захиргааны актыг илт хууль бус, хууль зөрчсөн хэмээн ялгамжтай авч үздэг бөгөөд хэн ч харсан илэрхий алдаатай, тухай актыг гаргах хуулийн ямар ч үндэслэлгүй, эрх зүйн алдаатай тохиолдолд илт хууль бус болохыг тогтоох ба ийм захиргааны акт анхнаасаа хүчин төгөлдөр бус буюу гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байдаг. Маргаан бүхий Төв аймгийн Аргалант сумын Засаг даргын 2009 оны 7 сарын 31-ний өдрийн 119 дүгээр захирамж гаргах хуулийн ямар ч үндэслэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа болно. Бид бие даасан шаардлагад энэ талаар дэлгэрэнгүй тусгасан болно. Тухайн үед үйлчилж байсан Газрын тухай хуулийн 17.1.2-т "гадаад улс, олон улсын байгууллага, гадаадын хуулийн этгээдэд газрыг тодорхой хугацаагаар түрээс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр ашиглуулах талаар шийдвэр гаргах" гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч “К” ХХК-д газар эзэмших эрх олгохоос өмнө УИХ-аас шийдвэр гарсан байх ёстой. Гэвч энэ талаар гарсан шийдвэр хэрэгт байхгүй тул нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон Төв аймгийн Аргалант сумын Засаг даргын 2009 оны 7 сарын 31-ний өдрийн 119 дүгээр захирамж илт хууль бус байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2026 оны 01 дүгээр сарын 29-ний 123/ШШ2026/0020 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлгүй хэрэгсэхгүй болгон, бие даасан шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “К” ХХК-иас Төв аймгийн Аргалант сумын Засаг даргад холбогдуулан “Төв аймгийн Аргалант сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Газар ашиглуулах эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” А/312 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Төв аймгийн Аргалант сумын Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” А/178 дугаар захирамжийн газар давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Гуравдагч этгээд “М-А” ХХК-иас Төв аймгийн Аргалант сумын Засаг даргад холбогдуулан “Төв аймгийн Аргалант сумын Засаг даргын 2009 оны 07 сарын 31-ний өдрийн А/119 дүгээр “Үл хөдлөх хөрөнгө барилгын доорх газар ашиглуулах тухай” захирамж илт хууль бус болохыг тогтоолгох” тухай бие даасан шаардлагыг тус тус гаргажээ.

3. Маргаан бүхий Төв аймгийн Аргалант сумын Засаг даргын 2009 оны 07 сарын 31-ний өдрийн А/119 дүгээр “Үл хөдлөх хөрөнгө барилгын доорх газар ашиглуулах тухай” захирамжаар тус аймгийн Аргалант сумын Аргалын уул багийн төвд байрлах 8800 м2 газрыг 15 жилийн хугацаагаар ашиглах эрхийг “К” ХХК-д олгосон.

Мөн тус сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Газар ашиглуулах эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” А/312 дугаар захирамжаар ...Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 40.2 дахь заалтыг тус тус үндэслэн ...“К” ХХК нь 8800м.кв газрыг ашиглах хуулийн хугацаа дууссан, сунгуулах хүсэлт хүргүүлээгүй, 2 жил түүнээс олон жил дараалан ашиглаагүй газрын төлбөр төлөөгүй, газрын дуудлага худалдааны анхны үнийг төсөвт төлөөгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч “К” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Мөн сумын Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай А/178 дугаар захирамжаар ...Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.5 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалт, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаар тогтоолоор баталсан сумын газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөөг тус тус үндэслэн “өөрийн үл хөдлөх хөрөнгийн доорх газар орчмыг нөхөн сэргээсэн” үндэслэлээр гуравдагч этгээд “М-А” ХХК-д Аргалын уул багийн төвд 1,5 га газрыг ХАА-н зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

4. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ: “...... Манай компани нь Төв аймгийн Аргалант сумын Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/119 дугаартай захирамжийн дагуу 8,800 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж байсан бөгөөд газар эзэмших хугацаа нь 2024 онд дуусах байсан. ...энэхүү газар дээр 900 м.кв талбайтай засварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байдаг. ...А/312 дугаар захирамж нь хууль бус, эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ гэх заалтуудыг зөрчсөн, ... “М-А” ХХК-тай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 04107-2020/00315 дугаартай гэрээг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан байгаагаас харахад газрын давхцалтай байгаа, бусдын үл хөдлөх хөрөнгө байгаа гэдгийг анхнаасаа мэдэж байсан...” гэж,

хариуцагчаас “...“К” ХХК-д 0.88 га газрыг засварын зориулалтаар ашиглуулсан нь Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.6 дахь заалтыг зөрчиж газар эзэмшүүлэх захирамж гаргасан нь зөрчилтэй байсан, 2014 онд газар ашиглуулах хугацаа нь хуулийн дагуу дууссан, ...А/312 дугаар захирамжаар хүчингүй болгох хүртэл ашиглагчийг эрэн сурвалжилж манаач болон холбогдох хүмүүсээс амаар асууж сурагласан. ...тус компани газрын төлбөрөө хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан төлөөгүй, газрын суурь үнийг төлөөгүй, газар ашиглах гэрээний үүргээ биелүүлээгүй, газар ашиглах хугацаа сунгах хүсэлт ирүүлээгүй...” гэж,

гуравдагч этгээдээс “... “К” ХХК-д газар ашиглуулах тухай захирамж гарах үед Газрын тухай /2002 он/ хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан. ...Улсын их хурлаас шийдвэр гарсан тохиолдолд гадаадын хуулийн этгээдэд газар ашиглуулах шийдвэр гаргахаар байх атал шийдвэр тогтоол гарсан зүйл байхгүй. ...гадаадын хуулийн этгээдэд газар ашиглуулахдаа 5 жилийн хугацаатай гэрээний үндсэн дээр ашиглуулах ёстой. Гэвч А/119 дүгээр захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь заалтыг зөрчсөн, тус компанид 8800 м2 газар ашиглуулах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэл байхгүй байхад маргаан бүхий захирамжаар төрийн өмчийн хорооны шийдвэрийн дагуу үл хөдлөх хөрөнгө худалдан авснаа нотолсон тул засварын газрын доорх 8800 м.кв  газрыг 15 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн илт хууль бус, ...захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй...” гэж тус тус тайлбарлан маргасан.

5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Төв аймгийн Аргалант сумын Засаг даргын 2009 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө барилгын доорх газар ашиглуулах тухай” А/119 дүгээр захирамжаар 2560437 регистрийн дугаартай “К” ХХК-д төрийн өмчийн хорооны шийдвэрийн дагуу үл хөдлөх хөрөнгө худалдан авснаа нотолсон тул засварын газрын доорх 8800 м.кв газрыг 15 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэж, газар эзэмших эрхийн 0175680 дугаартай гэрчилгээ олгосон тухайн цаг хугацаанд нэхэмжлэгч “К” ХХК нь Монгол-БНХАУ-ын хамтарсан хөрөнгө оруулалттай компани байсан болох нь “БНХАУ-ын Тянжин хотын “К” ХХК-ийн ерөнхий захирал L Z X нь Монгол Улсын иргэн Д.Б, С.Г нартай 2007 оны 06 дугаар сард хамтран ажиллахаар гаргасан хувьцаа бэлэглэх тухай шийдвэр, мөн хувьцааны эрх шилжүүлэх тухай 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн гэрээ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

6. Газрын тухай /2002 он/ хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээдэд газар ашиглуулах асуудлыг энэ хуулийн 17.1.2, 18.1.6-д заасны дагуу шийдвэрлэнэ”, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т “гадаад улс, олон улсын байгууллага, гадаадын хуулийн этгээдэд газрыг тодорхой хугацаагаар түрээс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр ашиглуулах талаар шийдвэр гаргах”, 18 дугаар зүйлийн 18.1.6-д “энэ хуулийн 17.1.2-т заасан газрын зааг, ашиглах журмыг тогтоох” гэж тус тус заасны дагуу Улсын их хурлаас шийдвэр гарсан тохиолдолд гадаадын хуулийн этгээдэд газар ашиглуулах шийдвэр гаргахаар зохицуулсан.

Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6-д “…Газрыг 5 жил хүртэл хугацаагаар гэрээгээр ашиглуулах бөгөөд гэрээг нэг удаад сунгах хугацаа 5 жилээс илүүгүй байхаар зохицуулжээ.

7. Гэтэл маргаан бүхий 2009 оны оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/119 дүгээр захирамжаар нэхэмжлэгч хуулийн этгээдэд газар ашиглуулах эрх олгохдоо Улсын их хурлаас гарсан аливаа шийдвэргүйгээр 15 жилийн хугацаагаар олгосон нь дээрх хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 44 дүгээр зүйлийн 44.6-д тус тус заасныг зөрчсөн гэж үзэхээр байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 он/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж, мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гээд, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж тус тус зааснаар Төв аймгийн Аргалант сумын Засаг даргын 2009 оны 07 сарын 31-ний өдрийн А/119 дүгээр захирамжаар “К” ХХК-д ...8800 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар ашиглах эрхийг олгосон нь илт хууль бус гэж үзэхээр байх тул гуравдагч этгээд “М-А” ХХК-ийн гаргасан “Төв аймгийн Аргалант сумын Засаг даргын 2009 оны 07 сарын 31-ний өдрийн А/119 дүгээр “Үл хөдлөх хөрөнгө барилгын доорх газар ашиглуулах тухай” захирамж илт хууль бус болохыг тогтоолгох” тухай бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

8. Нэхэмжлэгч нь Төв аймгийн Аргалант сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Газар ашиглуулах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/312 дугаар захирамжийг хүчингүй болгохоор маргасан бөгөөд уг захирамжийн 1 дэх заалтаар “К” ХХК-д 8800 м.кв газрыг ашиглуулах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, 2 дахь заалтаар Төв аймгийн Аргалант сумын Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/119 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцжээ.

9. Шүүхээс 2009 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/119 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/312 дугаар захирамж мөн илт хууль бус болох үр дагавар үүсэхээр байна. Тиймээс маргаан бүхий Төв аймгийн Аргалант сумын Засаг даргын 2019 оны А/312 дугаар захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүрэлдэхүүн хянаад, илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.    

10.  Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 8-д  “... нэхэмжлэгч захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд уг акт илт хууль бус болох нь тогтоогдвол шүүх уг актыг илт хууль бусад тооцон шийдвэрлэх нь “нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн”-д хамаарахгүй” гэж тайлбарласны дагуу “К” ХХК-иас 2019 оны А/312 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар маргасан нэхэмжлэлийн шаардлагыг илт хууль бусад тооцож шийдвэрлэснийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн гэж үзэхгүй болохыг дурдах нь зүйтэй. 

11. Түүнчлэн, Төв аймгийн Аргалант сумын Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” А/178 дугаар захирамжаар ...Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, 30 дугаар зүйлийн 30.1, 31 дүгээр зүйлийн 31.3, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаар тогтоолоор баталсан сумын газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөөг тус тус үндэслэн “өөрийн үл хөдлөх хөрөнгийн доорх газар орчмыг нөхөн сэргээсэн” үндэслэлээр гуравдагч этгээд “М-А” ХХК-д Аргалын уул багийн төвд 1,5 га газрыг ХАА-н зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

12. Учир нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг аймаг, нийслэлийн байгаль орчны газрын дүгнэлтийг үндэслэн эзэмшүүлж болно” гэж заасан бөгөөд уг хуулийн “... нөхөн сэргээсэн ...” гэдэгт сонирхогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтгүй орхигдсон газрын эвдрэл, элэгдлийг “нөхөн сэргээх” төсөл, төлөвлөгөө боловсруулан аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамал болон Засаг даргатай урьдчилан тохиролцож, гэрээ хийсний үндсэн дээр хөрсний үржил шимийг сайжруулсан, ургамлан нөмрөгийг сэргээсэн, газрын гадаргууг засаж тэгшилсэн, хордолт, бохирдлыг цэвэрлэсэн зэргийг ойлгоно. Газрыг нөхөн сэргээсэн эсэхийг газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлтээр тодорхойлно. Харин газрыг тариаланд эргүүлж ашиглах болон хадлан, бэлчээрийн зориулалтаар нөхөн сэргээсэн бол Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журамд заасан болзлыг хангасан байх учиртай.

13. Гэтэл гуравдагч этгээдэд тухайн газрыг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр эзэмшүүлсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцээгүй байна. Тодруулбал, гуравдагч этгээдээс “…сууринд нөхөн сэргээлт хийх бусад ойр орчмыг тохижуулах байдлаар газрыг өгсөн…” гэж тайлбарлаж байх боловч энэ нь дээрх хуулийн зохицуулалтад хамаарахгүй байх төдийгүй тухайн газрыг нөхөн сэргээсэн талаарх газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт болон Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журамд заасан болзлыг хангасан талаарх аливаа баримт хэрэгт авагдаагүй, дээрх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Төв аймгийн Аргалант сумын Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай А/178 дугаар захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

14. Хэдийгээр нэхэмжлэгч “К” ХХК-ийн хувьд анх газар эзэмших эрх олгосон 2009 оны А/119 дүгээр захирамж нь хуульд нийцээгүй болох нь дээр дурдсанаар тогтоогдож байх хэдий ч маргаан бүхий газар дээр төрийн өмчийн хорооны шийдвэрээр үл хөдлөх хөрөнгө худалдан авсан болох нь хэрэгт авагдсан Төрийн өмчийн хорооны 1999 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн “Өмчлөгчийн эрх олгох тухай” 240 дугаар тогтоолоор нэгэнт тогтоогдож байгаа энэ тохиолдолд тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болохын хувьд хариуцагчаас маргаан бүхий газарт Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших, ашиглах аль эрхийг хэрэгжүүлэх боломжтой талаарх нөхцөл байдлыг тодруулж, холбогдох шийдвэр гаргах нь зүйтэй.

Мөн гуравдагч этгээд “М-А” ХХК-ийн хувьд “...газрыг нөхөн сэргээсэн үндэслэлээр 1.5 га газрыг ХАА-н зориулалтаар эзэмшүүлсэн” нь хуульд нийцээгүй байх боловч тухайн маргаан бүхий газарт ...газрын төлбөр төлж байсан, засварын зориулалтаар үйл ажиллагаа явуулж буй... зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн аль алины эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр орц, гарцын асуудлыг холбогдох газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан хэмжээгээр Газрын тухай хуульд нийцүүлэн холбогдох шийдвэр гаргахыг хариуцагч Төв аймгийн Аргалант сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 0020 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “...бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

       ШҮҮГЧ                                                   Ц.ОДМАА

        ШҮҮГЧ                                                      О.ОЮУНГЭРЭЛ

        ШҮҮГЧ                                                     Н.ДОЛГОРСҮРЭН