Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 146/ШТ2017/00008

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Э.Батцог 

Улсын яллагч: Д.Бат-Өлзий

Шүүгдэгч: Л.С

Хохирогч: Ү.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн яллагдагч Б овогт Л-н Сд холбогдох 146/2017/00005/Э/ индекстэй, эрүүгийн 201615010174 тоот хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн .... суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, нарийн мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Өвөрхангай аймгийн .... сумын 3 дугаар баг, “Үнэгтий” гэх газар оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Л-н С /РД: ....../

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Л.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр .... сумын иргэн Ү.Гтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар 5 удаа хутгалж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.С мэдүүлэхдээ: Би найзындаа хоночихоод маргааш өглөө нь гэрлүүгээ явахаасаа өмнө хоёр пиво уучихаад харих гээд явж байтал Г.Ц бид хоёрын унаж явсан мотоциклийн бензин дуусчихсан зогсож байтал Ү.Г явж байсан. Бид хоёр Ү.Гийг дуудтал ирж мэнд мэдчихээд яваад өгсөн. Гэртээ хариад удалгүй Мандахынд очоод байж байтал Ү.Г тэр айлд ороод ирсэн. Тэнд сууж байгаад гартал ардаас Ү.Г гарч ирээд намайг хаачих гэж байгаа гэхээр нь чамд ямар хамаатай юм бэ гэтэл барьж аваад цохиод авсан. Тэгээд бид хоёр ноцолдож, намайг доороо хийгээд авсан. Тухайн үед би айлгах гээд хутга гаргаж ирээд хоёр, гурав далайсан чинь хатгасан байсан. Би хийсэн хэрэгтээ их харамсаж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ү.Г мэдүүлэхдээ: Тухайн үед би айлд идэшний үхэр хийж өгчихөөд гэрлүүгээ харих гээд явж байтал Л.С, Г.Ц хоёр замын хажууд зогсож байсан. Би энэ хоёртой уулзаж мэнд мэдчихээд цаашаа гэртээ харьсан. Гэртээ хариад хоол ундаа идчихээд найз Б.Э руу залгасан чинь би хадмындаа байна гэсэн. Тэгээд найзтайгаа уулзах гээд Мандах гээд айлд очсон чинь Л.С, Г.Ц хоёр байж байсан. Тэгээд тэр айлаас гараад би Л.Сгийн араас барьж аваад чи хаачих гэж байгаа юм гээд таттал хаачсан ч чамд ямар хамаатай юм бэ гэхээр нь би цохиод авсан. Тэгээд бид хоёр ноцолдсон чинь тийм л зүйл болсон. Миний хувьд одоо Л.Сгаас нэхэмжлэх зүйл гомдол, санал байхгүй. Хохирол төлсөн. Шүүгдэгчтэй сайн дураар эвлэрч байна гэв.

Гэрч Б.Эын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт: “...2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр би хадам Наранмандахын идэшний адуу хийж өгөхөөр хөдөөнөөс ирсэн юм. Тэгээд адууг нь хийж өгөөд байж байтал манай найз Ү.Г над руу утсаар залгаад хаана байна гэхээр нь хадмынд байна гэсэн. Тэгээд намайг хадмын том гэрт мах эвдээд сууж байтал манай найз охин болох Н.Цэцэгсүрэн гарчихаад эргэж орж ирээд хүүе Ү.Гийг Л.С хутгалчихлаа гэхээр нь гараад хартал тэр хоёрыг Т.О- ах салгачихсан хутгыг нь авчихсан байж байсан. Тэгээд би тэр хэдийг салгачихсан болохоор нь эргэж гэртээ орж махаа эвдэж дуусчихаад хадмынх руу ороход Л.С байхгүй, Т.Отгонбаатар ах Ү.Гийн хувцасыг тайлчихсан цус гарч байгаа газрыг нь дараад сууж байсан. Тэгээд түргэн ирсэн...” гэжээ.  /хх-ийн 16 дугаар хуудас/

Гэрч Н.Ц-н 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт: “...2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр идшээ хийгээд найз залуу болох Б.Этай том гэрт мах янзлаад байж байтал гадаа хүмүүс пижигнэлдээд байхаар нь гараад хартал хашаанд Л.С, Ү.Г, Т.Отгонбаатар ах 3 байсан. Би юу болоод байгаа юм бэ гэтэл Ү.Г найзыг нь Л.С хутгалчихлаа гэсэн. Тэгэхээр нь би эргэж гэртээ ороод Б.Эад энэ тухай хэлсэн. Би Ү.Гийг аваад өөрсдийнхөө амьдардаг гэр рүү орсон. Тэгээд Ү.Гийн дээл хувцасыг нь тайлтал 5 газар хутгаар хатгуулсан цус гараад байсан...” гэжээ.  /хх-ийн 17 дугаар хуудас/

Гэрч Г.Н-н 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт: “...2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр оройхон манайд Ү.Г, Л.С, Г.Ц нар орж ирсэн. Ү.Г манай хүргэнийг сурж байсан. Л.С, Г.Ц хоёр эхлээд гарсан. Араас нь Ү.Г гарсан. Тэгээд удаагүй байж байтал Ү.Г хатгачихлаа гээд орилохоор нь гараад хартал Л.С, Ү.Гийг хутгаар хатгачихлаа гээд Т.Отгонбаатар Л.Сгаас хутгыг нь авчихсан байж байсан. Г.Ц нь хашаанд байгаагүй. Харанхуйд хаана байсныг нь анзаараагүй. Тэгээд Ү.Гийг гэртээ оруулж ирээд дээл хувцасыг нь тайлж үзэхэд 5 газар хатгасан байсан ба тэрнээс нь цус гоожоод байсан. Тэгээд эмнэлэг дуудсан. Тухайн үед Ү.Г эрүүл байсан. Л.С архи уучихсан согтуу байсан...” гэжээ.  /хх-ийн 18-19 дүгээр хуудас/

Гэрч Т.О-ын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт: “...2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Наранмандах ахынх идэшний адуу хийх гэж байгаа элбэлцээд өгөөрэй гэхээр нь би очсон юм. Тэгээд хүргэнтэй нь хамт адууг нь хийлцээд байж байтал гаднаас Л.С, Г.Ц, Ү.Г нар орж ирсэн. Удалгүй Л.С, Г.Ц хоёр түрүүлээд гараад явсан. Араас нь Ү.Г гарсан. Ямар ажлаар орж ирсэнийг нь мэдээгүй. Гадаа гарцгаагаад маргалдаад байх шиг байхаар нь араас нь гартал Л.С, Ү.Г хоёр хоорондоо ноцолдоод байж байсан. Тэгэхээр нь би юу болж байгаа юм гэтэл Ү.Г, Т.Отгонбаатар ахаа Л.С намайг хутгалчихлаа гэсэн. Тэгэхээр нь яасан гэнээ гээд очоод хартал Ү.Г, Л.Сгийн гарыг барьчихсан тэр гарт нь хутга байсан. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ чи наад хутгаа өг гэсэн чинь тавихгүй байхаар нь гарыг нь газар цохиж байж хутгыг салгаж авсан. Тэгээд Ү.Гийг гэрт оруулаад дээл хувцасыг нь тайлаад үзтэл 5 газар хутгалсан цус гарч байсан. Тухайн үед Г.Ц харагдахгүй байсан. Хаана байсныг нь мэдэхгүй. Ү.Г эрүүл байсан. Л.Сг ямар байсныг нь мэдээгүй...” гэжээ. /хх-ийн 20-21 дүгээр хуудас/

Гэрч Г.Цгийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт: “...2016 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө Л.С манайд байсан мотоциклио авах гэж Болдоо ахтай хамт манайд ирсэн. Тэгээд орой нь би сумын төвөөс бензин авах гэж 16 цаг өнгөрөөгөөд орсон. Тэгтэл Л.Стай гудамжинд таарч Л.Стай хамт Ц.Наадамбаяр гэдэг айлд очсон. Тэнд Л.С, Ц.Наадамбаяр 2 урд нь ууж байгаад үлдээсэн гээд хугас сав пиво байснаас надад хийж өгсөн. Би түүнээс нь ганц нэг уусан. Тэгээд Л.С мотоциклио Ц.Наадамбаярын хашаанд үлдээгээд надтай сундлаад намайг дэлгүүр орж тамхи авлаа гэхээр нь нэгж авна гээд хамт явсан. Тэгээд би найз Б.Этай уулзахаар хадмынх нь хашааны урд очоод замын хажууд байж байтал бид 2-ын дэргэдүүр Ү.Г мотоцикльтой явсан. Түүнийг Ү.Сундуй дуудсан. Ү.Г мэнд мэдчихээд гэрлүүгээ явсан. Тэгээд Л.С бид 2 Б.Эын хадам Мандах гуайнд ороод сууж байтал Ү.Г орж ирсэн. Ү.Гийг орж ирсний дараа Л.С бид хоёр гарсан. Би шууд хашааны урд хаалгаар нь гарсан. Л.С гарч ирээгүй. Тэгж байтал Л.С баларсаан хатгачихлаа гэсээр над дээр ирэхээр нь яасан гэнээ хэнийг гэхэд би Ү.Гийг хатгачихлаа гэсэн. Тэгэхээр нь гайгүй юу тэгээд гэтэл гайгүй нь гайгүй л юм шиг байна хөгшин нь орж харлаа гэсэн. Тэгээд намайг хаачих вэ гэхээр нь би харьлаа гэхэд би чамтай хамт явъя гээд байхаар нь яаж болдог юм бэ чи эргэж ор гэсэн. Тэгэхэд Л.С сандраад би яаж орох юм бэ? чамтай хамт явъя гээд байхаар нь би сундлаад гэрээдээ аваад явсан. Ү.Г эрүүл байсан байх би сайн анзаараагүй. Л.С бага зэрэг халамцуу, би эрүүл байсан...” гэжээ.  /хх-ийн 22 дугаар хуудас/

Гэрч Б.Э-ын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт: “...2016 оны 11 дүгээр сарын 20-ны орой 22 цагийн үед Мандах гэдэг айлд хүн хутгалуулсан байна гэсэн дуудлага эмнэлэгт ирээд эмнэлгээс над руу хэлсэн юм. Тэгээд би хүнээ үзчихээд эмнэлэг дээр очиход зүүн мөрнөөс нь их хэмжээтэй цус гарсан түүн дээрээ бинт тавиад дарчихсан залуу сууж байсан. Хутгалуулсан залуугийн хувцасыг нь тайлуулаад үзлэг хийхэд их сандарсан шинжтэй байсан ба зүүн мөрний ар хэсэг, баруун гуяны ар хонго хэсэг, нуруу хэсэгтэй 3, нийт 5 газар хутганы шарх авсан байсан. Зүүн мөрний шархнаас нэлээд цус гарч байсан тул 3 оёдол тавьсан. Нурууны шарханд 1:1 оёдол хонгонд нь 3 оёдол нийт 9 оёдол тавьсан. Цус нилээн гарсан шинжтэй царай нь цонхигор байсан. Эмчлүүлэгч нь эрүүл байсан...  гэжээ.  /хх-ийн 25 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг 375 дугаартай шинжээчийн дүгнэлт:

“...Ү.Гийн биед зүүн мөрний ар, ар нуруу, баруун гуяны зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хурц иртэй, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Сорви нь ердийн явцаар эдгэрч бүдгэрэх магадлалтай. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-ийн 32 дугаар хуудас/

Гэрч Ц.Н-н 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт: “...Л.С 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Хөшөөт” гэх газар явж мотоцикль авах гэж байгаа гээд ганцаараа манайд ирж хоносон. Өглөө нь би босоод гэрээсээ гарч гадуур явж байгаад гэртээ иртэл Л.С явчихсан байсан. Тэгээд өдөр 16 цаг өнгөрч байх үед Л.С манайд Г.Цгийн хамт нэг 2.5 литрийн “Нийслэл” нэртэй пивотой ирсэн. Тэгээд тэр пивог Л.С, Г.Ц бид 3 хувааж уусан. Пиво уучихаад хоол идчихээд жоохон сууж байгаад тэр хоёр явах гэтэл мотоцикль нь асаагүй бензингүй болчихсон байсан. Тэгээд Л.С мотоциклоо манай хашаанд үлдээчихээд Г.Цтэй сундлаад яваад өгсөн...” гэжээ. /хх-ийн 59 дүгээр хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5 дугаар хуудас/

Хутганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/

Хутгыг хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8-9 дүгээр хуудас/

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 10 дугаар хуудас/

Шүүгдэгч Л.Сн урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч  Л.С 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр .... сумын иргэн Ү.Гтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар хутгалж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь гэрч Б.Э, Н.Ц, Г.Н, Т.Отгонбаатар, Г.Ц, Б.Э нарын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ү.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шүүх эмнэлгийн 375 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.С нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч шүүх хуралдаанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй, хохирол, гомдолгүй, шүүгдэгчтэй эвлэрч байна гэж мэдүүлсэн тул хохирогчийг шүүгдэгчтэй эвлэрсэн гэж үзлээ.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлж, гэм хорыг арилгасныг харгалзан үзэж хохирогч шүүгдэгчтэй эвлэрснээр шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Л.Сг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн тул Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Сг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь үндэслэлтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүйг, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.2, 298.1.4, 299 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Л-н Сг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцсугай. 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Сг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 17 см урттай, ажлын хэсэг нь 7.3 см, бариул хэсэг нь 9.7 см хэмжээтэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасуай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл Л.Сд бусдын батлан өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Э.ДУЛМАА