Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2017/0469

 

2017 оны 06 сарын 14 өдөр Дугаар 128/ШШ2017/0469 Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.А

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар

Гуравдагч этгээд: Д.О

Гуравдагч этгээд: ХХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 24 дүгээр гудамж, ******* тоотод байрлах 323 м.кв газрыг иргэн Т.А миний нэр дээр бүртгэх үүргээ биелүүлэхгүй байгаа бүртгэлийн байгууллагын үйлдэл хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 24 дүгээр гудамж, ******* тоотод байрлах 323 м.кв газрыг иргэн Т.А миний нэр дээр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Лхагва, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, гуравдагч этгээд ******* банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Т.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлдээ:

... Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны иргэн Т.А миний бие тус хаягт орших хашаанд 2003 оноос одоог хүртэл амьдарч байна.

Уг газар нь Нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 5 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар ******* овогтой *******д өмчлүүлэхээр шийдвэрлэж, мэдээллийн санд бүртгэгдсэн.

Дээрх шийдвэрийн дагуу энэхүү газар дээр амьдарч байгаад 2011 оны 09 дүгээр сард манай ээж нас барсан.

2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Иргэний хууль болон бусад хуулиудад заасны дагуу Т.А намайг, ээж П.*******ын өмчлөлд байсан Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 24 дүгээр гудамж, ******* тоотод байрлах 323 м.кв газрын хууль ёсны өвлөгчөөр тогтоож, ******* дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон.

Ийнхүү хуулийн дагуу өвлөж авсан эд хөрөнгө болох дээрх газраа эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авахаар Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандтал ...шийдвэр боломжгүй байгаа тул шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу өгсөн.

Ийнхүү дээд шатны захиргаа болох Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хандахад тус газрын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 7/939 албан бичгээр ...тус газрын хаяг зөрүүтэй мөн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын кадастрын зурагтай давхацсан байх тул мэдүүлгийг хүлээн авч бүртгэхээс татгалзсан нь үндэслэлтэй байна гэх хариуг өгсөн билээ.

Дээрх асуудлаар яагаад хаягийн зөрүүтэй, кадастрын зураг давхардсан байгаа талаар би мэдэхгүй. Энэ талаар архивын мэдээлэл авах гэж хандахад ...танд уг мэдээллийг өгөх боломжгүй, хэрэв маргаан үүсэж байгаа тул шүүхийн журмаар татуулан гаргуулж авах боломжтой гэж бидэнд мэдэгддэг.

Т.А миний бие тус хаягт орших газрын хууль ёсны цорын ганц өвлөгч болох тухай хуулийн шаардлага хангасан баримт байгаа бөгөөд хаягийн зөрүү болон давхцал үүсэх ёсгүй. Гэтэл эрх бүхий байгууллагаас ийнхүү хуулийн дагуу шийдвэрлэхгүй хууль бус эс үйлдэхүйгээр иргэн миний газар өмчлөх, өмчлөх эрхээ хуулийн дагуу бүртгүүлэх эрх зөрчигдөж байна. Хаягийн зөрүү болон кадастрын зургийн давхардлын зургийг би мэдэхгүй бөгөөд энэ талаарх мэдээллийг өгөхгүй байгаа тул шүүхэд хандаж эрхээ сэргээлгэхээс өөр боломжгүй байна.

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэрийг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид Улсын бүртгэлийн гэрчилгээ гэх/-г үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагаас олгоно гэж заасан байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг хүлээн авч 14 хоногийн дотор үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ, 18.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид бүртгэлийн гэрчилгээ гэх/ олгож, хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана гэж тус тус заасан.

Ийнхүү эрх бүхий төрийн захиргааны байгууллагын хууль бус эс үйлдлээс болж иргэн Т.А миний өвлөх эрхийн дагуу хүлээж авсан Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 24 дүгээр гудамж, ******* тоотод байрлах 323 м.кв газрыг өмчлөх уг эрхээ хуулийн дагуу бүртгүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Кадастрын санд тухайн хүний нэрээр байршсан газар тухайн хүний өмчөөр бүртгэгдсэн, өмчлөх эрхээр бүртгэгдсэн газраа авах эс авах нь тухайн хүний эрх, авахгүй байснаар тухайн хөрөнгөөсөө татгалзах юм уу? Хэн нэгэнд өгч байна гэсэн ойлголт байхгүй нэхэмжлэгч Т.Агийн өмч мөн биш гэж тогтоох бус нэгэнт тогтоогдсон бүртгэлийг хийлгэх хүсэлтэй байна. Д.О болон ******* банкны хоорондын маргааны асуудал ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй байх гэж үзэж байна. Оюуны өмч, Улсын бүртгэлийн газар болон Т.Агийн хоорондох бүртгэл эс бүртгэхтэй холбоотой маргаан байгаасай гэж хүсэж байна гэжээ.

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

... Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 24 дүгээр гудамж, ******* тоот хаягаар бүртгэлтэй ямар нэгэн үл хөдлөх эд хөрөнгө өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн цахим мэдээллийн санд бүртгэлгүй байна.

Харин Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, эмнэлгийн 24 дүгээр гудамж, тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 696.39 м.кв талбайтай, нэгж талбарын дугаартай газрыг иргэн Д.Од Нийслэлийн Засаг даргын 2015 оны 20 дугаар захирамжаар олгогдсон тоот Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр, бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлтийн хуулбар, кадастрын зураг зэрэг нотлох баримтыг үндэслэн 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэн, өмчлөх эрхийн тоот гэрчилгээ олгосон байна.

Дээрх газар нь өнөөдрийн байдлаар 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ******* банктай байгуулсан № тоот барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 3/45 тоот албан бичгээр уг газрын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.

Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, эмнэлгийн 24 дүгээр гудамж, тоот гэр бүлийн хэрэгцээний газрын эрхийн улсын бүртгэлийн бүртгэлд бүртгэхдээ холбогдох нотлох баримтыг үндэслэн холбогдох хууль дүрэм, журмын дагуу бүртгэгдсэн байна.

Иймд Т.Агийн нэхэмжлэлийг хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...иргэн Т.Агийн нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 24 дүгээр гудамж, ******* тоотод бүртгүүлэхээр өгсөн мэдүүлэг манай байгууллагад гаргасан нь иргэн Д.ын эрхийн улсын бүртгэлийн гэсэн дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй кадастрын зураг дээр газар нь давхацсан. Өмнөх бүртгэл нь хүчинтэй тохиолдолд дараагийн бүртгэл хийхийг хуулиараа хориглодог. Тийм учраас Т.Агийн мэдүүлгийг бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгох боломжгүй учраас мэдүүлгийг буцаасан. Д.ын газрын хэмжээ буюу анх 696м2 бүртгүүлээд авсан газрын хэмжээнээс салгаж, хэмжээг нь хасах юм бол Т.Агийн мэдүүлгийг авах боломжтой, хасахгүй байх юм бол боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Гуравдагч этгээд Д.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

....Бичиг баримтаа өөрөө бүрдүүлэх хэрэгтэй. Ан тус газрыг н. гэдэг хүнээс асван. П.*******ын хүсэлтээр дүүргийн газрын албанд хүсэлт гаргаж газрыг 2 хуваасан болно. Энэхүү газар дээр ямар нэгэн маргаан байхгүй гэжээ.

Гуравдагч этгээд ХХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Д.О нь 2014 онд ******* банкнаас 30 сая төгрөг зээлэхдээ барьцаанд тавьсан газар нь одоогын маргаад байгаа газар болж байна. Манай зүгээс тухайн барьцааг хүчин төгөлдөр барьцаа гэж үзэж байгаа. Тухайн барьцаанд тавьсан газрын гэрчилгээг Оюуны өмч, Улсын бүртгэлийн байгууллага ч гэсэн хүчинтэй гэж үзээд үүний манайх барьцаанд авсан. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь заалтанд Тухайн хөрөнгийг эзэмшиж байсан боловч барьцаалах эрхгүй этгээд нь эзэмших эрхийг гэрчилсэн баримт бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалуулсан тохиолдолд барьцаалагч нь барьцаалуулагчийн барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бол барьцаалагчийг шударга эзэмшигч гэж үзнэ өөрөөр хэлэх юм бол тухайн үед а нь өмчлөгч биш байсан гэдгийг мэдэх боломжгүй. Энэ заалтын дагуу тухайн үед бүхэлдээ Д.ын өмч биш байсан нь бодитоор тогтоогдож байгаа бол банк мэдэх боломжгүй байсан гэдэг үндэслэлээр шударга эзэмшигч буюу барьцаалагч болж байгаа юм. Энэ заалтаар манай барьцааны хөрөнгө учраас нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.А нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 24 дүгээр гудамж, ******* тоотод байрлах 323 м.кв газрыг иргэн Т.А миний нэр дээр бүртгэх үүргээ биелүүлэхгүй байгаа бүртгэлийн байгууллагын үйлдэл хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 24 дүгээр гудамж, ******* тоотод байрлах 323 м.кв газрыг иргэн Т.А миний нэр дээр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Т.Агийн эх П.******* нь анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дугаар 336 тоот захирамжаар маргаан бүхий 323 м.кв газрыг эзэмшсэн байх ба улмаар Нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар 5 тоот захирамжаар уг 323 м.кв газрыг П.*******д өмчлүүлсэн байна.

П.******* нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дугаар 336 тоот захирамжаар 323 м.кв газрыг эзэмшсэн болох нь газар эзэмших эрхийн гэрчилгээгээр нотлогдож байна.

Иргэн Д.Од Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар 70 тоот захирамж /уг захирамж болон түүнд үндэслэж олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээнд газрыг хэмжээ байхгүй/-аар маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн байх ба Нийслэлийн Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар 20 тоот захирамжаар 696.39 м.кв газрыг өмчлүүлсэн байна.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар 5 тоот захирамжийн 2 дугаар хавсралтаар 696.39 м.кв газраас салгаж 392 м.кв газрыг Д.Од өмчлүүлсэн байна.

Д.ын Баянзүрх дүүргийн Газрын албанд гаргасан өргөдөлд[1] ...иргэн П.******* анх авахад айл байсан, энэ газар нь кадастрын зурганд миний нэр дээр бүгд орсон байна. Уг 696 м.кв газрыг 2 хувааж салгаж өгнө үү гэснээс үзэхэд маргаан бүхий газрыг нэхэмжлэгч хууль ёсоор эзэмшиж, өмчилж байсан болох нь тодорхой нотлогдож байна.

Мөн гуравдагч этгээд Д.ын шүүхэд ирүүлсэн тайлбараас[2] үзэхэд ... газрын албанд хүсэлт гаргаж хоёр хуваасан болно. Энэхүү газар дээр ямар нэгэн маргаан байхгүй болно гэж тайлбарласнаас үзэхэд маргаан бүхий газрыг нэхэмжлэгч болон түүний эх П.******* нь хууль ёсоор эзэмшиж, өмчилж байсан болох нь мөн нотлогдож байна.

Бодит байдалд маргаан бүхий газарт нэхэмжлэгч хашаа, байшин барьж амьдарч, өмчилж байгаа болох нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн кадастрын зурган мэдээллийг сансрын зурагтай давхцуулсан зургууд[3] болон нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Эрхийн улсын бүртгэл дараахь зарчимд үндэслэгдэнэ, 5.1.2-т бүртгэл үнэн зөв байх гэж заасан.

Гэтэл Д.ын газар өмчлөх эрхийн 0000 тоот гэрчилгээнээс[4] үзэхэд 696.39 м.кв газрын өмчлөгчөөр бүртгүүлэн гэрчилгээ авсан байгаа нь бүртгэл үнэн зөв байх зарчимд нийцэхгүй байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан ба мэдүүлэг гаргагчийн мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтуудыг үндэслэн бүртгэлийн байгууллага бүртгэл хийсэн байх тул хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байх хэдий ч 696.39 м.кв хэмжээтэй газрын өмчлөгчөөр Д.О бүртгүүлсэн байгаа нь, одоо уг бүртгэл хүчинтэй байгаа нь бүртгэл үнэн зөв байх зарчимд нийцэхгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Д.ын нэр дээр бүртгэлтэй байгаа 696 м.кв газрын өмчлөх эрхийн бүртгэлээс 323 м.кв газарт холбогдох бүртгэлийг салгаж, уг 323 м.кв газрыг нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэж, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Энэхүү шүүхийн шийдвэр нь Хболон Д.О нарын хооронд 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан зээл болон барьцааны гэрээний зөвхөн 323 м.кв газарт холбогдох хэсэгт хамааралтай шийдвэр болохыг тэмдэглэж байна.

Маргаан бүхий газрын буюу нэхэмжлэгчийн амьдарч буй хаяг Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 24 дүгээр гудамж, ******* тоот болж өөрчлөгдсөн болох нь Баянзүрх дүүргийн Газрын албаны 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №10/888 тоот албан бичгээр[5] нотлогдоно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 24 дүгээр гудамж, ******* тоотод байрлах 323 м.кв газрыг иргэн Т.Агийн нэр дээр бүртгэхгүй байгаа бүртгэлийн байгууллагын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, уг 323 м.кв газрыг Т.Агийн нэр дээр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТЗОРИГ

 

 

 

[1] ХХ-ийн 160 хуудас

[2] ХХ-ийн 118 хуудас

[3] ХХ-ийн 68-73 хуудас

[4] ХХ-ийн 30 хуудас

[5] ХХ-ийн 82 хуудас