Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 201/МА2018/00023

 

2018      07         31                                         201/МА2018/00023

 

                           Д.Сын нэхэмжлэлтэй, хариуцагч

               Т.Тт холбогдох иргэний хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран, нэхэмжлэгч Д.С, хариуцагч Т.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 22-ны өдрийн 138/ШШ2018/00567 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Т.Тын давж заалдах гомдлоор Д.Сын нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Тт холбогдох “Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 3 100 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2018 оны 07 сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Т бид хоёр найзууд юм. Тэр надад манай ах ёмкост түрээслэнэ гэнэ. Чиний энэ ёмкостийг түрээслэе, сард 150 000 төгрөг төлье гэж тохиролцсон. Тэгээд Т.Т өөрөө ирээд аваад явсан. Гэрээ хийх үү гэхэд би өөрөө найдвартай хариуцна, гэрээ мэрээ гээд яахав дээ гээд эхний нэг сарын түрээсийн 150 000 төгрөгийг төлөөд явсан.Түүнээс хойш нэг ч төгрөг төлөөгүй. Мөнгөө нэхэхээр ах өвсөө гаргахаар өгнө гээд одоог хүргэсэн. Ёмкостоо байгаа гэсээр бүтэн жил боллоо. Авчраад өг гэхээр өгдөггүй юм. Ёмкост маань 7 тоннын багтаамжтай одоо болтол хэрэглээд байгаа юм уу, үгүй хийчихээд байгаа юм уу мэдэхгүй байна. 2017 оны 01 сарын 17-нд Т.А гэх ахтай нь уулзаж нэхсэн. Тэгээд нэхэж шаардаж байгаа зүйлийн агуулга, тооцоог танилцуулахад би төлнө, надад байгаа өвсөө гаргаад тооцоог чинь хийнэ гээд гарын үсэг зурчихаад явсан. Миний хувьд анх хэлэлцэж тохирсон надаас гардаж авсан хүнээсээ мөнгө болон ёмкостоо нэхэмжилнэ. Иймд ёмкостоо 1 000 000 төгрөгөөр үнэлж, түрээсийн төлбөр 600 000 төгрөгийн хамт нийт 1 600 000 төгрөгийг Т.Таас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.О 2017 оны 10 сарын 04-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

Т.Таас 1 600 000 төгрөг нэхэмжилж шүүхэд хандсан. Үүнд ёмкостоо 1 000 000 төгрөгөөр үнэлсэн бол одоо 1 500 000 төгрөг болгон өөрчилж байна. Гэхдээ ёмкостоо авах хүсэлтэй байна. Ёмкостийг нэг сарын 150 000 төгрөгийн хөлстэй түрээслэсэн. Түүнээс хойш нэг жил нэг сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд эхний нэг сарын л төлбөрийг төлсөн. Иймд 1 600 000 төгрөгийн түрээсийн төлбөрийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Т бид хоёр найзууд учраас өөрийнхөө найзад л итгэж ёмкостоо өгсөн. Түүнээс биш би түүний ахыг нь зүс мэдэхээс сайн мэдэхгүй. Ах нь ирээд ёмкостийг чинь авъя гэсэн бол би өгөхгүй байсан. Би ахтай нь ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй. Т.Тыг ах өгнө гээд байдаг байсан болохоор нь ахтай нь нэг удаа тааралдах үедээ төлбөр тооцооны баримт дээр гарын үсэг зуруулж авсан нь үнэн. Гэвч энэ хугацаанд Т.Т надтай нэг ч удаа уулзаагүй, мөн утсаар ярих гэхээр утсаа авдаггүй, ёмкостийг маань авчихаад надад авчраад өгөх талаар нэг ч санаачилга гаргаагүй. Ёмкостийг минь авчраад өгсөн бол шүүхэд нэхэмжлэл гаргаад сууж байхгүй байсан. Би өмнө нь түрээсийн төлбөрт 600 000 төгрөг, ёмкостоо 1 000 000 төгрөгөөр үнэлж 1 600 000 төгрөгийг нэхэмжилж байсан боловч ёмкость одоо зах зээл дээр үнэтэй болсон учраас ёмкостоо 1 500 000 төгрөгөөр үнэлсэн. Мөн түрээсийн төлбөрийг өгөлгүй өдий хүрсэн учраас 2016 оны 10 сараас 2017 оны 10 сар хүртэл хугацаагаар тооцон 1 600 000 төгрөгийг нэхэмжилж, нийт нэхэмжлэлийн шаардлагаа 3 100 000 төгрөг болгож нэмэгдүүлсэн. Т.Тыг ах төлнө, ах түрээсэлсэн гэсэн тайлбар өгсөн болохоор нь ах Т.Аг нь хамтран хариуцагчаар оролцуулах гэсэн боловч энэ хүнийг эрэн сурвалжлаад олоогүй учраас Т.Аг хариуцагчаар татах хүсэлтээсээ татгалзаж надтай гэрээ хийсэн, надаас ёмкостийг минь аваад явсан Т.Таас 3 100 000 төгрөгийг нэхэмжилж байна. Ах дүү хоёр дараа нь учраа ололцоно байх гэж бодож байна гэжээ.

          Хариуцагч Т.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх манай ах Т.А нь хадлан өвс бэлтгэх ёмкость хайж байгаад Д.Сын гэрийн гадаа ёмкость байхыг харсан юм билээ. Тэгээд надад хандаж Д.Саас ёмкостийг нь аваад өг гэж хэлсний дагуу би Д.Стай очиж уулзаад үнэ хөлсийг нь тохироод түрээслэхээр ярилцаж, урьдчилгаа өг гэхээр нь сар сард нь мөнгө өгөхөөр тохиролцож урьдчилгаа 50 000 төгрөг гэхээр нь өөрт байсан 20 000 төгрөгийг өгсөн. Тэгээд ах цаашдаа найдвартай төлнө гээд би машин дуудаж ёмкостийг нь ачуулж авч явсан нь үнэн. Үнээс хойш манай ах Д.С хоёр хоорондоо түрээсийн мөнгөө нэг сар авч өгөлцөөд түүнээс хойш огт мөнгө төлөөгүй гэх юм. Д.С надаас байнга ахдаа хэл гэж нэхэж ирдэг. Би сайн мэдэхгүй учраас ахдаа байнга мөнгөө нэхэж байна гэж дуулгадаг. Харин ах өөдөөс өвс зарагдаагүй учраас мөнгө төлөх чадваргүй байна гэсэн хариу өгдөг бөгөөд өвсөө зарахаар мөнгөө төлнө гэж хэлдэг. Энэ тухай миний бие Д.Ст дамжуулж хэлдэг байсан юм. Харин 2017 оны 01 сарын 17-ны өдөр Д.С нь манай ахтай уулзаж төлбөр мөнгө нэхэж шаардсанаар “ах би өөрөө төлнө” гэж гарын үсэг зурсан гэсэн. Миний хувьд ёмкостийг хэрэглэсэн хүнээс нь мөнгөө нэхэмжлэх нь зүйтэй байх. Өөрсдөө төлнө, төлүүлнэ гэж гарын үсэг зурсан байна. Миний хувьд Т.Агийн өмнөөс Д.Стай ярьж өгсөн болохоос би өөрийн хэрэгцээнд энэ ёмкостийг хэрэглээгүй. Миний хувьд ах Т.Атэй одоо ямар нэгэн харилцаа холбоо байдаггүй учраас ёмкость нь байгаа эсэхийг мэдэхгүй. Надад байхгүй. Ёмкостийн хувьд одоо ямар үнэ ханштай байгаа, нэхэмжилсэн мөнгөний талаар ямар нэгэн хэлэх санал байхгүй. Түрээсэлсэн хүнээс л нэхэмжлэх хэрэгтэй, миний бие төлөх хүсэлгүй байна гэжээ.

            Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 06 сарын 22-ны өдрийн 138/ШШ2018/00567 дугаар шийдвэрээр:

 Монгол Улсын Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 295 дугаар зүйлийн 295.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч Т.Таас эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 3 100 000/гурван сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ст олгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79 500 төгрөгөөс 64 550 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 14 950 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч Т.Таас улсын тэмдэгтийн хураамжид 64 550 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Ст олгож, ... шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.Т давж заалдах гомдолдоо: ...
Иргэн Сын нэхэмжлэл нь надад хамаарахгүй, би үүрэг хүлээхгүй болно. Учир нь иргэн Сын 4 тн орчим эзлэхүүнтэй усны сав /ёмкость/-ыг миний ах болох Т.А болон С нар нь түрээслэх, түрээслүүлэх талаар ярилцаж тохирсон байсан. Ах хэлэхдээ хашааны гадна тухайн ёмкость нь зарна гэсэн бичигтэй байхад нь утасны дугаараар нь ярьж холбогдсон байсан. Ярилцаж тохирсны үндсэн дээр би иргэн Сыг танихын хувьд ахыг завгүй болоод байна, чи ачуулаад өгөөрэй гэсний дагуу ачуулж л өгсөн. Үүнийг шүүх тэмдэглэлдээ дурдаагүй байна. Иргэн С нь анхан шатны шүүхэд өгсөн нэхэмжлэл, мэдүүлэгтээ надтай тохирсон мэтээр удаа дараа худал мэдүүлж байна. Мөн тэд дараа нь түрээсийн төлбөрийг төлж барагдуулахтай холбоотой акт үйлдэж, гарын үсэг зурцгаасан нь бие биедээ үүрэг хариуцлага хүлээж буйгаа илэрхийлсэн акт мөн болно. Д.С, Т.А нар хоорондоо гэрээ хэлцэл байгуулсаар байтал огт гэрээ байгуулаагүй миний биеийг гэрээ байгуулсан мэтээр шүүх буруу дүгнэсэн. Мэдээж энэ нь иргэн Д.С бид хоёрын хооронд тохиролцсон болон гэрээ хийсэн зүйл биш гэдэг нь 2017 оны 01 сарын 17-ны өдрийн төлбөр төлөх гарын үсгээр баталгаажиж байгаа нь ойлгомжтой байна. Хариуцагчаар татвал зохих хэрэг байтал шүүх хариуцагчийг татаж тогтоогоогүй. Миний бие шүүхэд гэрчээр оролцох үүрэгтэй болохоос татагдах ёсгүй. Тэр ёмкостийг албан хэрэгцээнд ус зөөх мэтээр авсан гэсэн. Би ердөө хэрэглээгүй, авч явснаас хойш хараагүй, шүүхэд ч тайлбараа өгсөөр байтал надад тулгаад байгаа нь хүний эрхийг зөрчөөд байна. Иргэн С, А нар нь хоорондоо тохиролцсон байтал ямар ч эрх зүйн хариуцлага хүлээгээгүй намайг хариуцагч болгосон байна. Ах дүүгийн цусан төрлийн холбоо нь бие биеийнхээ өмнөөс хариуцлага хүлээх үндэслэл болох ёсгүй. Ингэхдээ иргэн Т.Аг олдохгүй байгаа, хаяг тодорхойгүй, эрэн сурвалжлаад олдоогүй гэсэн үндэслэл дурджээ. Гэтэл шүүхээс Атэй байнга утсаар ярьж байсан бөгөөд гэрийн хаягийг нь ч мэдэж байсан. Тиймээс жинхэнэ хариуцагчийг мэдсээр байтлаа иргэн намайг шүүхэд ойр байгаагаар нь хамаатуулж хариуцлага хүлээлгэхээр зориудаар хэлмэгдүүлж байна. Иргэн С нь энэхүү актыг байсаар байтал огт хөндлөнгийн надад хариуцлага хүлээлгэх гэж оролдож байгааг шүүх хүлээн зөвшөөрснийг миний бие үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хурлын явцад миний ах, бид хоёрыг цусан төрөл болохоор хоорондоо учраа ол, тэр хүртэл чи иргэн Сын гомдлыг барагдуул гэсэн агуулгаар шүүгч асуудалд хандаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэн хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гэсэн эрхийг зөрчиж байна. Иймд анхан шатны шүүхийн 138/ШШ2018/00567 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасангүй гэжээ.

 

                                                       ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл заалтыг хэрэглээгүй, зарим зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа эрх зүйн хувьд алдаатай дүгнэлт хийсэн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, алдааг залруулах боломжтой гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Д.С нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хариуцагч Т.Таас ёмкость түрээслүүлсний түрээсийн төлбөр 600 000 төгрөг, ёмкостийн үнэ 1 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түрээсийн төлбөрт 1 600 000 төгрөг, ёмкостийн үнэ 1 500 000 төгрөг, нийт 3 100 000 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт болох шүүх хуралдааны тэмдэглэл, зохигчдын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч Д.Сын  ёмкостийг хариуцагч Т.Тын ах хөдөө өвс хадлан бэлтгэхээр /аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхээр/  явахдаа түлш хадгалах зориулалтаар  Т.Тыг Д.Стай уулзуулан улмаар ёмкостийг түрээслэх талаар амаар хүсэл зоригоо харилцан илэрхийлж авч явсан байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ.”, 318.4.-т “Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна., 42 дугаар зүйлийн 42.10-т “Энэ хуулийн ... бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө.”  гэж тус тус заасан байна.

  Гэтэл нэхэмжлэгч Д.С, хариуцагч Т.Т нарын хооронд бичгээр түрээсийн гэрээ байгуулагдаагүй байх тул гэрээ нь хүчин төгөлдөр бус болно. Иймд нэхэмжлэгч Д.С нь түрээсийн гэрээний төлбөр 1 600 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй юм. Анхан шатны шүүх зохигчдын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

 Харин хариуцагч Т.Т нь өөрөө очиж нэхэмжлэгч Д.Стай   уулзан түүний ёмкостийг сарын 150 000 төгрөгөөр түрээслэнэ гэж тохиролцон улмаар ёмкостийг ачиж явсан тул ёмкостийн үнийг хариуцагчаас  гаргуулахаар шаардах эрхтэй ба зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т зааснаар хариуцагч Т.Т ёмкость эсхүл үнийг төлөх үүрэгтэй болно. Иймд хариуцагчаас ёмкостийн үнийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий болжээ.

Иймд хариуцагч Т.Тын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч ханган, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Т.Тын давж заалдах гомдлын зарим хэсэг хангагдаж байх тул түүний гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 64 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хариуцагч Т.Тын давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 22-ны өдрийн 138/ШШ2018/00567 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10., 318 дугаар зүйлийн 318.1., 318.3., 318.4.-т тус тус зааснаар хариуцагч Т.Таас ёмкостийн үнэ 1 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 600 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 79500 төгрөгөөс 64 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 14 950 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч Т.Таас улсын тэмдэгтийн хураамжинд 38950 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.Ст олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Т.Таас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 64 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Л.НАРАНБАЯР

                ШҮҮГЧИД                                                                 Ж.ДОЛГОРМАА  

                                                                                                  З.ЭНХЦЭЦЭГ