Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 1649

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, шүүгчид Т.Болормаа, Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

     Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, *** тоотод оршин суух, Г*******ын Г-ын /РД: 0000/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *** тоотод оршин суух, А*******гын Т-т /РД: 0000 холбогдох

   9.509.594 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Буянжаргал,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Насанжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Билэгт нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:          

  Нэхэмжлэгч Г.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Буянжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

  А.Т нь 2018 оны 2 дугаар сарын 9-ний шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах Төрийн банкны орчим Г.Гтай баарны тооцооноос болж маргалдан улмаар түүнийг зодож, баруун гарыг нь хугалж гэмтээсэн бөгөөд шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хүндэвтэр гэмтэл болох нь тогтоогдсон.

Тус хэрэгт А.Т яллагдагчаар татагдан шалгагдаж байсан боловч мөрдөгчийн зүгээс тус хэргийн хугацааг шалтгаангүй маш олон удаа сунгаж, хяналт тавьж буй прокурор болон мөрдөгч нь солигдож сунжирсаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хүндэвтэр гэмтэл гэж гарсан ч Г.Г-ын биед учирсан гэмтэл одоог хүртэл эдгэрээгүй, гарандаа 20 см урт титан материалаар хийсэн төмөр хадаастай байгаа ба эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоос түүнийг хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсаныг тогтоож группт орсон.

Г.Г гараа хугалуулснаасаа хойш байнга эмнэлгээр явж гарынхаа саажилтыг эдгээж, мэдээ оруулахын тулд нөхөн сэргээх эмчилгээг хийлгэсээр өдийг хүрсэн ба А.Т түүний эмчилгээний төлбөр зардлыг өгөх нь бүү хэл, эр хүний ёсоор уучлал гуйгаагүйд маш гомдолтой байна.

Гэмтлийн эмнэлэгт гартаа хугарсан хэсгүүдийг нийлүүлж титан ялтсан хадаас суулгуулах мэс засалд орсны дараа гарын бугуйн хэсгээр нь мэдээгүй болж сарвуу, бугуй хэсгээр хөдөлгөөнгүй болсон тул гараа саажуулахгүйн тулд яаралтай нөхөн сэргээх эмчилгээг курсээр, тасралтгүй 6 сар үргэлжилсэн эмчилгээ хийлгэн өдий хүрч байна. Хэрэг хэрэгсэхгүй болж Г.Г эрүүл мэндээрээ хохирч үлдэн гомдол гаргасан ч хүлээж аваагүй.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар Г.Г өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол 4.313.594 төгрөгийг А.Төөс нэхэмжилсэн. Үүнд:

-2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Гэмтэл, согогийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн төлбөр 76.194 төгрөг,

-2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр титан ялтас, шурганы төлбөр 360.000 төгрөг,

-2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Гялс төвд хийлгэсэн шинжилгээний төлбөр 46.400 төгрөг,

-Мэдрэлийн хувийн эмнэлэгт гарын эд эсийг нөхөн сэргээх зорилгоор хийлгэсэн курс эмчилгээний төлбөрт 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 560.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 815.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр 768.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 867.000 төгрөг,

-Н*******т эмнэлэгт PRP эмчилгээ хийлгэсэн төлбөр 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдөр 350.000 төгрөг, 60.000 төгрөг,

-Э******* эмнэлэгт өдрийн эмчилгээ хийлгэсэн төлбөрт 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 25.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр 26.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр 25.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 25.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 25.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 25.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 25.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 25.000 төгрөг, нийт 4.313.594 төгрөгийг эмчилгээний зардалд нэхэмжилж байна.

Г.Г А.Тт зодуулснаас хөдөлмөрийн чадвараа хагас алдаж гартаа мэс засал хийлгэн мэс заслын дараа гар хуруунууд мэдээгүй болж саажин  хөдөлмөр эрхэлж орлого олж чадаагүй тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Үүнд: 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 10 сар, 240.000 төгрөгийг 10 сараар үржүүлэхэд 2.400.000 төгрөг,

-2019 оны 1 дүгээр сараас 7 дугаар сар хүртэл буюу хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоох хүртэл, 320.000 төгрөг 6 сараар үржүүлэхэд 1.920.000 төгрөг,

-2019 оны 7 дугаар сараас хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоож доод тэтгэвэр 174.000 төгрөг улсаас өгч байгаа ба 320.000 төгрөгөөс 174.000 төгрөгийг хасахад 146.000 төгрөг болно. 2019 оны 7 дугаар сар хүртэл 6 сарыг 146.000 төгрөгөөр үржүүлэхэд 876.000 төгрөг болж байгаа.

Өмгөөлөгчийн хөлсөнд 500.000 төгрөг төлснийг нэхэмжлээгүй. Хариуцагч А.Төөс эмчилгээний зардал 4.313.594 төгрөг, нөхөн төлбөр 5.196.000 төгрөг, нийт 9.509.594 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

   Хариуцагч Г.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* шүүхэд гаргасан тайлбартаа:

  А.Т нь 2 жилийн өмнө Г.Гтай баарны тооцооноос болж маргалдсан. Прокурорын газрын 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 47 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд заасан үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Тухайн хэрэг болох үед хэргийн газар байсан гэрч Э.Энхтулгын мэдүүлгээр Г.Г эхэлж А.Тийг цохих гэснээс болж А.Т нь Г.Гантулгыг хавирч унагаасан гэсэн байсан. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт болон 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэсэн байна. Иймээс шүүхийн шийтгэх тогтоол гараагүй хэрэг хэрэгсэхгүй болсон учир А.Т нь гэм буруугүй гэж үзнэ.

Хариуцагч А.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох миний бие Б.А******* нь энэхүү нэхэмжлэлийн шаардлага болох 4.313.594 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэлд нэхэмжлэгч Г.Г нь 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Гэмтэл, согогийн үндэсний төвд ор хоногийн төлбөр 76.194 төгрөг хийсэн баримт кассын орлогын ордер байгаа боловч ямар гэмтлээр, ямар эрхтэнд эмчилгээ хийлгэхээр хэвтсэн нь нотлох баримтанд байхгүй байна.

Гэмтэл, согогийн үндэсний төв нь ор хоногийн мөнгийг хагалгаанд орсны дараа хэд хоног хэвтсэн өдрөөс хамааран төлбөр бодогддог. Харин Г.Г-ын хэзээ хагалгаанд орсон, хэд хоног Гэмтэл, согогийн үндэсний төвд хэвтсэн, хэзээ гарсан хугацаа нь тодорхойгүй байгаа учир ор хоногийн төлбөр 76.195 төгрөгийг нэхэмжлэх үндэслэл байхгүй байна.

2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр авсан титан ялтас, шурганы мөнгө 360.000 төгрөгийн зарлагын баримт байгаа хэдий ч худалдан авагч Д.Б*******, регистрийн дугаар бичигдээгүй, хүлээлгэн өгсөн эд хариуцагч, хүлээн авагч нар гарын үсэг зурагдаагүй, хэн ямар зориулалтаар хэнд хэрэглэх гэж авсан нь тодорхойгүй байна. Энэхүү титан ялтас, шургыг Г.Гд авсан эсэх нь тодорхойгүй бүрхэг байгаа тул титан ялтас, шурганы 360.000 төгрөгийг нэхэмжлэх үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгч нь 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Гялс төвд хийлгэсэн шинжилгээний төлбөр 46.400 төгрөгийг нэхэмжилсэн байна. Нотлох баримтаар Гялс анагаах ухааны төв гэсэн төлбөрийн баримт нь ямар шинжилгээг ямар зорилгоор, ямар эрхтэнд хийлгэсэн нь тодорхойгүй, мөн баримт бүдэг учраас хэдэн төгрөг төлснийг харах нь боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан 46.40 төгрөгийн нотлох баримт хангалтгүй байна.

Г.Г нь гарынхаа хугарсан хэсгүүдийг нийлүүлж титан ялтас, хадаас суулгуулах мэс засалд гэмтлийн эмнэлэгт орсны дараа гарын бугуйн хэсгээр мэдээгүй болж, сарвуу бугуй хэсгээр хөдөлгөөнгүй болсон тул гараа саажуулахгүйн тулд нөхөн сэргээх эмчилгээг курсээр, тасралтгүй 6 сар үргэлжилсэн эмчилгээ хийлгэсэн боловч нэхэмжлэлийн төлбөрийн жагсаалтанд 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 210.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 815.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр 768.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 867.000 төгрөгөөр тус тус эмчилгээ хийлгэсэн нь үргэлжилсэн 6 сарын эмчилгээ биш, 4 сар л эмчилгээ хийлгэсэн байна.

Мөн нотлох баримтанд хаана эмчлүүлсэн, ямар эрхтэндээ эмчилгээ хийлгүүлсэн зэрэг баримтууд байхгүй байгаа нь нотлох баримт хангалтгүй.

Г.Гд титан ялтас, хадаас суулгуулах мэс засалд гэмтлийн эмнэлэгт орсны дараа гарын бугуйн хэсгээр мэдээгүй болж, сарвуу бугуй хэсгээр хөдөлгөөнгүй болдог нь титан ялтас, хадаас суулгуулснаас биш харин тухайн мэс засал хийгдэж буй үйл ажиллагаатай холбоотой байдаг. Иймд мэдрэлийн хувийн эмнэлэгт гарын эд эсийг нөхөн сэргээх зорилгоор хийлгэсэн курс эмчилгээний төлбөр нийт хийлгэсэн эмчилгээний төлбөр 3.220.000 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлгүй байна.

Г.Г Б******* тархи мэдрэлийн эмнэлэгт 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 12 цаг 10 минутанд амбулаторын карт нээлгэж үзүүлсэн ч онош оросоор, орчуулгагүй тодорхой бус, ямар эмчилгээг ямар эд эрхтэнд хийлгэсэн нь тодорхойгүй байна.

Н*******т эмнэлэгт PRP эмчилгээний төлбөр 350.000 төгрөг, 60.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн. Нотлох баримтанд 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн н*******т байгууллагад Г.Г-ын 350.000 төгрөгийг бэлнээр тушаасан бэлэн мөнгөний орлогын баримт байна. Харин 60.000 төгрөгийг тушаасан баримт нь ямар нэгэн бичиглэл хийгдээгүй байна.

Г.Г нь 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн Н*******т байгууллагад Г.Г-ын 350.000 төгрөг тушааж 10 хоногийн эмчилгээ хийлгэсэн байж болох юм.

Нэхэмжлэгч Э******* эмнэлэгт өдрийн эмчилгээ хийлгэсэн төлбөр болох 10 хоног өдрийн эмчилгээ хийлгэсэн 201.000 төгрөгийг нэхэмжилсэн. Эмчилгээний төлбөрийн жагсаалтанд Э******* эмнэлэгт 10 хоног өдрийн эмчилгээ хийлгэсэн бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хийлгэсэн эмчилгээ 26.000 төгрөг, бусад 9 өдрийн эмчилгээ 25.000 төгрөгөөр хийгдсэн гэж бичигдсэн байна.

2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 25.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр 25.000 төгрөгөөр 1 баримт, 26.000 төгрөгөөр 1 баримт, 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 25.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 25.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 25.000 төгрөг төлсөн баримтууд байна.

Гэвч Г.Г-ын гаргаж өгсөн баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Нотлох баримтанд төлбөр төлсөн баримтууд байгаа хэдий ч хэн, ямар эмчилгээ, ямар эрхтэнд хийлгэсэн, өдрийн эмчилгээ мөн эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд 10 өдрийн эмчилгээний төлбөр төлсөн баримт бүрэн байхгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагууд үндэслэлгүй, тодорхойгүй нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч А.Тт холбогдуулан эмчилгээний зардал 4.313.594 төгрөг, нөхөн төлбөр 5.196.000 төгрөг, нийт 9.509.594 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

/-2018.02.10-2018.02.20-ны өдрүүдэд Гэмтэл, согог судлалыг үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн төлбөр 76.194 төгрөг,

-2018.02.21-ний өдөр титан ялтас, шурганы төлбөрт 360.000 төгрөг,

-2018.04.23-ны өдөр Гялс төвд хийлгэсэн шинжилгээний төлбөр 46.400 төгрөг,

-Тархи, мэдрэлийн Б******* эмнэлэгт гарын эд эсийг нөхөн сэргээх зорилгоор хийлгэсэн курс эмчилгээний төлбөрт:

2018.02.14-ний өдөр 210.000 төгрөг,

2018.02.28-ны өдөр 560.000 төгрөг,

2018.03.14-ний өдөр 815.000 төгрөг,

2018.04.09-ний өдөр 768.000 төгрөг,

2018.05.23-ны өдөр 867.000 төгрөг,

-Н*******т эмнэлэгт PRP эмчилгээ хийлгэсэн төлбөр 2018.06.01-ний өдөр 350.000+60.000 төгрөг,

-Э******* эмнэлэгт өдрийн эмчилгээ хийлгэсэн төлбөрт 2018.04.16-ны өдөр 25.000 төгрөг,

 2018.06.04-ний 26.000 +25.000 төгрөг,

 2018.06.06-ны өдөр 25.000 төгрөг,

 2018.06.12-ны өдөр 25.000 төгрөг,

 2018.06.16-ны өдөр 25.000 төгрөг,

 2018.06.18-ны өдөр 25.000 төгрөг,

 2018.06.22-ны 25.000 төгрөг,

/Эмчилгээний зардалд 4.313.594 төгрөг/

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т заасан нөхөн төлбөр:

2018.02.09-2018.12.31, 10 сар, 240.000 төгрөг*10 сар= 2.400.000 төгрөг,

2019.01-07 сар, нийт 6 сар*320.000 төгрөг= 1.920.000 төгрөг,

2019.01-07 сар, 320.000 төгрөг-174.000 төгрөг=146.000 төгрөг*6 сар= 876.000 төгрөг,

/Нөхөн төлбөр 5.196.000 төгрөг/

 Хариуцагч А.Т 2018 оны 2 дугаар сарын 9-ний шөнө Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны орчим нэхэмжлэгч Г.Гтай баарны тооцооноос болж марган Г.Г-ын биед гэмтэл учруулсан гомдолд эрүүгийн 1809009050039 дугаартай хэрэг үүсгэснийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Б******* мөрдөн байцаалт явуулан шалгажээ.

Уг эрүүгийн хэргийг цагдаагийн байгууллага шалгах явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Х******* Г.Г-ын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоох зорилгоор Гэмтэл, согог судлалыг үндэсний төвд очиж шүүх эмнэлгийн үзлэг хийсэн байна.

Мөн Г.Г-ын 01343 тоот өвчний түүх-д “...Баруун атгаал яс доод 1/3 гандан хэсгийн том сэлтэрхийтэй хугаралтай. 2018.02.13-ны өдрийн мэс заслын тэмдэглэлээс: Атгаалын араар 15 см орчим зүслэг хийж цус тогтоолиын доор зөөлөн эдийг хурц болон мохоо аргаар чөлөөлж хугаралд хүрч хугарлыг эвлүүлэн нүхтэй ялтас тавьж хугарлыг бэхлэв” гэсэн байна.

Шинжээч Г.Х******* 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2512 тоот дүгнэлтдээ: Г.Г-ын биед баруун атгаал ясны сэлтэрхий үүсгэсэн зөрүүтэй далд хугарал, хугарал засах мэс заслын дараах байдал, баруун зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

Дээрхи гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

Уг гэмтэл эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийнзэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.

            А.Т нь 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр иргэн Г.Г-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж ... Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон ч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-т зааснаар 2019 оны 2 дугаар сарын 9-ний өдөр дууссан тул Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 47 тоот тогтоолоор “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.

            Уг тогтоолд хохирогч Г.Г-ын өмгөөлөгч гомдол гаргасан ба Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Д.Энхтөрийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 5/930 тоот хариу мэдэгдэх хуудсанд:

 “Хэргийг хянахад А.Т 2018.02.09-ний өдөр Г.Г-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон боловч хэрэг  үйлдсэн өдрөөс хойш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.1-т заасан хугацаа өнгөрч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Яллагдагч Г.Лхагвадоржийн оронд хохирогч Г.Г-ын нэрийг сольж бичин техникийн алдаа гаргасан тул прокурорын шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн болно” гэсэн ба дээр дурьдсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол хүчин Т болсон байна.

              /ХХ-ийн 7-10, 16, 77-78, 142-155, 161-165 дугаар тал/

Хариуцагч А.Т нь нэхэмжлэгч Г.Г-ын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан хэдий боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж заасан хугацаа 2019 оны 2 дугаар сарын 9-ний өдөр дуусан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр А.Тт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь түүнийг бусдын эрүүл  мэндэд учруулсан хохирлоо арилгах үүргээс чөлөөлсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-гээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,

505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ... зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Г.Г нь 2018 оны 2 дугаар сарын 10-ны 02 цаг 50 минутанд Гэмтэл, согог судлалын үндэсний төвд ирж 03 цаг 20 минутад эмчид үзүүлэхэд 03 цаг 25 минутанд түүнд өвчний түүх нээн эмчилгээ хийн 2018.02.13-ны өдөр мэс засал хийж уг мэс заслаар түүний атгаалын араар 15 см орчим зүслэг хийж цус тогтоолтын доор зөөлөн эдийг хурц болон мохоо аргаар чөлөөлж хугаралд хүрч хугарлыг эвлүүлэн нүхтэй ялтас тавьж хугарлыг нь бэхэлжээ.

Тэрээр 2018.02.20-ны эмнэлгээс гарсан нь, мөн түүний эмчлэгч эмч Д.Б******* болох нь Г.Г-ын өвчний түүхийн хуулбар, Г.Г-ын амбулаториор эмчлүүлэгчийн карт бусад баримтаар тогтоогдож байна.

Г.Г Гэмтэл, согог судлалын үндэсний төвд мэс засалд ороход титан ялтас шурга 360.000 төгрөгөөр худалдан авсан нь, мөн 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр эмнэлгээс гарахдаа ор хоногийн төлбөрт 76.194 төгрөг төлсөн нь зохигчийн тайлбар, мөнгө төлсөн баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдлоо.

 /ХХ-ийн 43-49, 80-113, 126-129,  137-138, 140-141, 156 дугаар тал/

Нэхэмжлэгч Г.Г нь өөрийн биед учирсан “баруун атгаал ясны сэлтэрхий үүсгэсэн зөрүүтэй далд хугарал, мөн 2018.02.13-ны өдрийн мэс заслаар атгаалын араар 15 см орчим зүслэг хийж цус тогтоолтын доор зөөлөн эдийг хурц болон мохоо аргаар чөлөөлж хугаралд хүрч хугарлыг эвлүүлэн нүхтэй ялтас тавьж хугарлыг бэхлэсэн” гэмтлээ эмчлүүлэх  зорилгоор тархи мэдрэлийн “Б*******” эмнэлэгт 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл 10 хоног хэвтэн эмчлүүлэн эмчилгээний төлбөр 3.220.000 төгрөг төлсөн нь түүний 26 дугаартай өвчний түүх, эмнэлгийн захирлын 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн А/1 тоот  тодорхойлолт, бэлэн мөнгөний орлогын баримтуудаар тогтоогдлоо.

/2018.02.14-ний өдөр 210.000 төгрөг, 2018.02.28-ны өдөр 560.000 төгрөг,

2018.03.14-ний өдөр 815.000 төгрөг, 2018.04.09-ний өдөр 768.000 төгрөг,

2018.05.23-ны өдөр 867.000 төгрөг, нийт 3.220.000 төгрөг/

/ХХ-ийн 11-15, 73, 126-129, 137-138, 140-141, 158, 159 дүгээр хуудасны ар тал/

Мөн тэрээр өөрийн биед учирсан гэмтлээ эмчлүүлэх зорилгоор “Н*******т” мэдрэл, уламжлалт сэргээн засах эмнэлэгт 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 12 хоног өдрийн эмчилгээ хийлгэсэн нь “Н*******т” эмнэлгийн гүйцэтгэх захирал Б.Рэгзэдмаагийн 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн тодорхойлолт, төлбөр төлсөн баримтуудад тусгагджээ.

Г.Г уг эмнэлэгт ясны бороололт сайжруулах эмчилгээний төлбөрт өдөрт 35.000 төгрөг төлсөн ба 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр 60.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдөр 10 хоногийн эмчилгээний төлбөрт 350.000 төгрөг тус тус төлсөн нь бэлэн мөнгөний орлогын баримтуудаар нотлогдлоо.

/ХХ-ийн 50-51,  126-129, 137-138, 140-141, 157, 158 дугаар хуудасны ар тал/

А.Т 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Гялс анагаах ухааны төвд 46.400 төгрөгийн шинжилгээ өгсөн нь тус төвийн төлбөрийн баримтаар тогтоогдож байх ба мөн тэрээр “Э*******” эмнэлэгт өдрийн эмчилгээ хийлгэн 2018.04.16-ны өдөр 25.000 төгрөг, 2018.06.04-ний өдөр 26.000 төгрөг+25.000 төгрөг, 2018.06.06-ны өдөр 25.000 төгрөг, 2018.06.12-ны өдөр 25.000 төгрөг, 2018.06.16-ны өдөр 25.000 төгрөг,  2018.06.18-ны өдөр 25.000 төгрөг, 2018.06.22-ны 25.000 төгрөг тус тус төлсөн нь төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдлоо.

/ХХ-ийн 19, 159, 160 дугаар тал/

А.Тийн үйлдлийн улмаас Г.Г-ын биед баруун атгаал ясны сэлтэрхий үүсгэсэн зөрүүтэй далд хугарал гэмтлүүд тогтоогдон уг гэмтлийг эмчлүүлсэн нь баримтаар тогтоогдсон ба Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн  6, Эрүүл мэндийн тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах, эмчлүүлэх эмнэлгээ өөрөө сонгох нь тухайн иргэний эрх тул хариуцагч талын тайлбар үндэслэлгүй.

            Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн зүйлийн 505.2-т “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлгогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Г.Г нь 5.196.000 төгрөгийн нөхөн төлбөрийг шаардаж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

            А.Тийн үйлдлийн улмаас Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн шийдвэрээр Г.Г-ын хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар, 6 сараар тогтоосон гэх ба Г.Г гадаад улсад суралцахаар явсан бөгөөд уг хугацааг сунгаагүй талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарласан ба Г.Г нь гэм хор учруулах үед хөдөлмөрийн чадвартай байсан ч хөдөлмөр эрхэлдэггүй, цалин хөлс түүнтэй адилтгах орлого олдоггүй байсан тул уг нөхөн төлбөрийг гаргуулах боломжгүй.

            /ХХ-ийн 17, 54, 98 дугаар хуудасны ар тал/

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505 дугаар зүйлийн 505.2-т заасныг баримтлан хариуцагч А.Төөс Г.Г-ын Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлэн ор хоногийн төлбөрт төлсөн 76.194 төгрөг, мэс засалд орохдоо худалдан авсан титан ялтас шурганы үнэ 360.000 төгрөг, “Б*******” эмнэлэгт 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл 10 хоног хэвтэн эмчлүүлэн эмчилгээний төлбөр 3.220.000 төгрөг, Н*******т” эмнэлэгт ясны бороололт сайжруулах эмчилгээний төлбөрт өдөрт 410.000 төгрөг, Гялс анагаах ухааны төвд шинжилгээ хийлгэсэн 46.400 төгрөг, “Э*******” эмнэлэгт өдрийн эмчилгээ хийлгэсэн 201.000 төгрөг, нийт 4.313.594 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Гд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5.196.000  төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* болон иргэдийн төлөөлөгч Н.Эрдэмбат нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн хэдий ч тэдгээр нь тодорхой шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.8-д заасныг үндэслэн нэхэмжлэгч талын хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                 

ТОГТООХ нь:

   1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505 дугаар зүйлийн 505.2-т зааснаар хариуцагч А.Төөс 4.313.594 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Гд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5.196.000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Г-ын улсын тэмдэгийн хураамжид урьдчилан төлсөн 83.970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Төөс 83.968 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Гд олгож, нэхэмжлэгч Г.Г-ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 113.736 төгрөгөөс илүү төлсөн 15.650 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Г.Гд олгож, үлдэх хэсэг 98.086 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Н.САРАНГҮН

                                      ШҮҮГЧИД                                        Т.БОЛОРМАА

                                                                                               Т.ГАНЧИМЭГ