| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2020/00184/И |
| Дугаар | 1650 |
| Огноо | 2020-05-11 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 1650
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, *** тоотод оршин суух, Самбалхүндэвийн Т /РД: 0000/, Гомбосүрэнгийн Б /РД: 0000/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *** оффис, “АДСРС” ХХК-д /РД: 0000/ холбогдох,
8.840.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Т, Г.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдорж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Билэгт нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Т, Г.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
С.Т, Г.Б бид эхнэр, нөхөр бөгөөд “АДСРС” ХХК-тай 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулан 49.25 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг нь 1.700.000 төгрөгөөр тооцон нийт 83.725.000 төгрөг төлөхөөс урьдчилгаа 30 хувь 25.125.000 төгрөгийг тус компанид төлсөн.
Улмаар тухайн байрыг ашиглалтанд орсны дараа ипотекийн 8 хувийн зээлэнд хамрагдан Төрийн банктай 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр орон сууцны хөнгөлөлттэй зээлийн гэрээ байгуулан үлдэгдэл 58.600.000 төгрөгийг нь “АДСРС” ХХК-д төлөн 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр байрны түлхүүрээ гардан авсан.
Байрандаа орсны дараагаар 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ”Уран Асар” ХХК-иар байрандаа хэмжилт хийлгэхэд талбайн хэмжээ нь 44.05 м.кв байсан бөгөөд 5.20 м.кв талбай дутсан.
“АДСРС” ХХК-тай орон сууцны талбай 5.20 м.кв-иар зөрүүтэй талаар тохиролцохгүй байгаа тул тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд “АДСРС” ХХК орон сууцны талбайн хэмжээг дахин тогтоолгох хүсэлт гарган шүүхээс томилогдсон “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК орон сууцны талбайн хэмжээг маань 45.11 м.кв байна гэж тогтоосон.
Бид 49.25 м.кв талбай бүхий орон сууц захиалан бариулан 1 м.кв талбайг нь 1.700.000 төгрөгөөр тооцон төлбөрөө төлж, орон сууцны зээлэнд хамрагдсан ба 4.14 м.кв талбайн зөрүү 7.038.000 төгрөгийг хариуцагч “АДСРС” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч “АДСРС” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус “АДСРС” ХХК нь Г.Б, С.Т нартай 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, *** тоотын 49.25 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв талбайг нь 1.700.000 төгрөгөөр, нийт 83.725.000 төгрөгөөр захиалан бариулах гэрээ байгуулсан.
Уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.3-т “Гүйцэтгэгч тал нь захиалагч талын хүсэлтээр хавсралт 2-т заасны дагуу дотор ханануудыг хийж гүйцэтгэсэн болно. Дотор хананы доорхи талбай нийт метр квадратад тооцогдсон болно”, 3.1.4-т “Орон сууцны дотор заслын улмаас үүссэн 1 метр квадрат хүртэлх талбайн хэлбэлзэл мөн энэ гэрээний 3.1.3 заалтыг үндэслэн нийт талбайн хэмжээг тооцсон бөгөөд тус заалттай холбоотой санал гомдлыг захиалагч тал гаргах эрхгүй” гэж заасан.
Бидний хооронд байгуулагдсан дээрхи гэрээ хууль зөрчөөгүй, чөлөөт байдлын үндсэн дээр гэрээг байгуулсан. Эд тухайн үед байр хүлээн авахдаа талбайг нь хэмжүүлэн авах боломжтой байсан.
Иймд С.Т, Г.Батхүү нарын орон сууцны талбайн зөрүү 7.038.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Т, Г.Б нар нь хариуцагч “АДСРС” ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн зөрүү 8.840.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч С.Т, Г.Б нар нь хариуцагч “АДСРС” ХХК-тай 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Т1-Д11-34 тоот орон сууц захиалгын гэрээ байгуулсан ба уг гэрээгээр нэхэмжлэгч буюу захиалагч С.Т, Г.Б нар тус компанийн барьж буй Баянзүрх дүүрэг, *** тоотын 49.25 м.кв талбай 2 өрөө орон сууцыг захиалан бариулахаар,
хариуцагч буюу гүйцэтгэгч “АДСРС” ХХК 2019 оны 3 дугаар сарын 30-ны дотор барилгыг байнгын ашиглалтанд оруулах комисс ажиллуулахаар,
1 м.кв талбайн үнийг 1.700.000 төгрөгт тооцон, 49.25 м.кв талбайн үнэд нийт 83.725.000 төгрөг төлөхөөр, захиалагч нь төлбөрийг гэрээний хавсралт 1-д заасан хугацаанд төлөхөөр тус тус тохирсон нь зохигчийн тайлбар болон талуудын хооронд байгуулагдсан гэрээний хуулбараар тогтоогдлоо.
/ХХ-ийн 3-6 дугаар тал/
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бол мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээдэг.
Тодорхой давхарт, өрөөний тоо, талбайн хэмжээ, загварыг тогтоон, орон сууц захиалж үүний төлөө хөлс төлөх, нөгөө тал ажлын үр дүнг хүлээлгэж өгөхөөр тохирсон тохиолдолд энэ нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулж байх ба нэгэнт бий болсон орон сууц санал болгон тохирсон үнийг төлж буй нь худалдах, худалдан авах гэрээний харилцаа юм.
Дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулжээ.
Нэхэмжлэгч С.Т, Г.Б нар нь гэрээгээр тохирсоны дагуу урьдчилгаа төлбөр 25.125.000 төгрөгийг төлсөн талаар талууд хэн аль нь маргаагүй бөгөөд тэдгээр нь 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Төрийн банктай “Засгийн газрын эх үүсвэртэй орон сууцны хөнгөлөлттэй зээлийн гэрээ” байгуулан байрны үлдэх төлбөр 58.600.000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 264 сарын хугацаатай зээлэн орон сууцны төлбөрөө төлсөн нь талуудын тайлбар, орон сууцны зээлийн гэрээгээр тогтоогдсон бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй болно.
/ХХ-ийн 15-19, 69-75 дугаар тал/
Нэхэмжлэгч С.Т нь өөрийн захиалан бариулсан орон сууцаа 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хариуцагч “АДСРС” ХХК-иас хүлээн авсан болох нь орон сууцыг хүлээлгэн өгсөн актаар тогтоогдлоо.
/ХХ-ийн 51 дүгээр тал/
Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 4404 дугаар бүхий захирамжаар хариуцагч “АДСРС” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 29 дүгээр байрны 52 тоот орон сууцны талбайн хэмжээг тогтоох шинжээчээр томилсон байна.
“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 080 тоот дүгнэлтдээ:
Орон сууцны талбайн хэмжээг Стандартчилал, хэмжилзүйн үндэсний зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар тогтоолоор батлан 2010 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилсэн “Орон сууцны барилгын доторхи сууцны талбай тооцох аргачлал MNS6058:2009” стандартыг үндэслэн хэмжив.
Баянзүрх дүүрэг, *** тоот орон сууцны нийт талбайн хэмжээ 45.11 м.кв байна гэсэн бөгөөд тус компани уг үйл ажиллагааг эрхлэн явуулах эрхтэй нь дүгнэлтэд хавсаргасан баримтаар тогтоогдсон болно.
/ХХ-ийн 53-68 дугаар тал/
Талуудын хооронд байгуулсан 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн орон сууц захиалгын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.3-т “Гүйцэтгэгч тал нь захиалагч талын хүсэлтээр хавсралт 2-т заасны дагуу дотор ханануудыг хийж гүйцэтгэсэн болно. Дотор хананы доорхи талбай нийт метр квадратад тооцогдсон болно”,
3.1.4-т “Орон сууцны дотор заслын улмаас үүссэн 1 метр квадрат хүртэлх талбайн хэлбэлзэл мөн энэ гэрээний 3.1.3 заалтыг үндэслэн нийт талбайн хэмжээг тооцсон бөгөөд тус заалттай холбоотой санал гомдлыг захиалагч тал гаргах эрхгүй” гэж заасан тул нэхэмжлэгч С.Т нар нь орон сууцны талбайн хэмжээтэй холбоотой санал гомдол гаргах эрхгүй, мөн байраа хүлээн авах үедээ талбайг нь хэмжүүлэх боломжтой байсан хэмээн хариуцагч “АДСРС” ХХК маргаж байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1.4 дэх заалт нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэн шударгаар хэрэгжүүлэх зарчимтай нийцэхгүй байна.
Мөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр орон сууцны барилгыг шинээр барьж худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлж буй гадаад, дотоодын иргэн, хуулийн этгээд нь Стандартчилал, хэмжилзүйн үндэсний зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар тогтоолоор батлан 2010 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилсэн “Орон сууцны барилгын доторхи сууцны талбай тооцох аргачлал MNS6058:2009” стандартыг мөрдөж ажиллах үүрэгтэй.
Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-т “Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш 6 сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш 1 жилийн дотор гаргана .. “ гэж заажээ.
Нэхэмжлэгч нар орон сууцыг 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч талбайн хэмжээг нь 2019 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр “Уран Асар” ХХК-иар хэмжүүлэн орон сууцны талбай зөрүүтэй гэх асуудлаар гүйцэтгэгчтэй тохиролцоогүй үндэслэлээр 2019 оны 12 дугаар сарын 24-ний тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
/ХХ-ийн 1 дүгээр хуудасны ар тал/
Дээр дурьдсанаас дүгнэж үзэхэд хариуцагч “АДСРС” ХХК-ийн нэхэмжлэгч нар орон сууцны талбайн хэмжээтэй холбоотой санал гомдол гаргах эрхгүй, мөн байраа хүлээн авах үедээ талбайг нь хэмжүүлэх боломжтой байсан гэх тайлбар үгүйсгэгдлээ.
Хариуцагч буюу гүйцэтгэгч “АДСРС” ХХК нь нэхэмжлэгч буюу захиалагч С.Т нартай 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулахдаа 49.25 м.кв талбайтай орон сууц хүлээлгэн өгөхөөр тохирсон хэдий уг хэмжээнээсээ даруй 4.14 м.кв талбай дутуу орон сууц хүлээлгэн өгсөн нь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлтээр тогтоогдлоо.
Нэхэмжлэгч С.Т нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдон “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн 8.840.000 төгрөг гаргуулах тухай шаардлагаа 7.038.000 төгрөг болгон багасгасан болно.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ“,
мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна“ гэж заасан бөгөөд орон сууцны талбайн хэмжээ дутуу байгаа нь захиалсан зүйлийг тохирсон ёсоор хийгээгүй, ажлын үр дүн доголдолтой гэж үзэхээр бөгөөд уг доголдлыг арилгуулах үүднээс орон сууцны дутуу талбайн зөрүү үнийг хариуцагч “АДСРС” ХХК-иас гаргуулах нь зүйтэй.
49.25 м.кв-45.11 м.кв=4.14 м.кв
4.14 м.кв*1.700.000 төгрөг =7.038.000 төгрөг /1.700.000 төгрөг нь 1 м.кв талбайн үнэ/
Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч “АДСРС” ХХК-иас 7.038.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Т, Г.Б нарт олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг 56 дугаар зүйлийн 56.1-т “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заажээ.
Нэхэмжлэгч С.Т нар нь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д шинжээчийн ажлын хөлс 80.000 төгрөгийг төлсөн нь тус компанийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн кассын орлогын ордероор тогтоогдож байх тул хариуцагч “АДСРС” ХХК-иас уг 80.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох үндэслэлтэй.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч “АДСРС” ХХК-иас 7.038.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Т, Г.Б нарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Т, Г.Б нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 156.390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “АДСРС” ХХК-иас 127.558 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Т, Г.Б нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хариуцагч “АДСРС” ХХК-иас 80.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Т, Г.Б нарт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН