Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/183

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                             

           Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ,

           Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр,

           Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Э /цахимаар/,

           Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг,

           Шүүгдэгч Н.Л нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Л-д холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ...

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Л нь жолоодох эрхгүйгээр Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах төмөр замын 64 дүгээр зөрлөгийн орчим улсын чанартай авто зам дээр 2023 оны 06 дугаар сарын 04-ний шөнийн 01 цагийн орчим ... Улсын дугаартай хар саарал өнгийн Тоёота приус 41 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а болон 11 дүгээр зүйлийн 11.3-т заасныг тус тус зөрчсөний улмаас ... улсын дугаартай Volvo FH13 маркийн В.Т-ийн жолоодон явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас ... улсын дугаартай хар саарал өнгийн Тоёота приус 41 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.С-ийн эрүүл мэндэд баруун 4, 5, 8 дугаар хавирганы хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.Л-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  “...Би Улаанбаатар хотоос эхнэр, хүүхэдтэйгээ орой 6 цагийн үед гарсан, замдаа явж байгаад Чойр өнгөрөөд Олон овоо дээр 1 цаг гаруй унтсан, буцаж яваад Айраг дээр зогсоод зорчигч Д.С дэлгүүрээс юм авъя гэсэн, Айраг орж, дэлгүүр орчхоод Айргийн пост өнгөрөөд жаахан үүрэглээд байсан, унтах гээд цаад талын пост ороод унтъя даа гэж бодож яваад үүрэглээд аваар хийсэн...” гэсэн мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай “Э” ХХК нь 2023 оны 04 дүгээр 06-ны өдөр Г.М нь манайд хүсэлт гаргаж ... автомашиныг лизингийн зээлээр худалдан авахаар хүсэлт гаргасан. Хамтран үүрэг гүйцэтгэгчээр Я.Л оролцоод энэ 2 хүн гэрээ байгуулаад 23,200,000 төгрөгийн зээл авсан. Энэ зээлийг жилийн 36% хүүтэй, 30 сарын хугацаатай, сар бүр 1,185,000 төлөх нөхцөлтэйгөөр энэ зээлийг авсан. Зээл авснаас хойш нийтдээ 3 удаагийн төлбөр хийсэн, 05 дугаар сарын 01-ний өдөр 1,202,400 төгрөг, 06 дугаар сарын 29-ний өдөр 1,220,000 төгрөг, 07 дугаар сарын 25-ны өдөр 1,220,640 гээд нийтдээ 3,625,040 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийсэн байдаг. Манайхыг хохирогчоор тогтоогоод 09 дүгээр сарын 14-ний өдөр бид биднээс мэдүүлэг авсан, тэр үеийн үлдэгдлээр бол 23,189,640 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа. Одоо манайд учраад байгаа бодит хохирол 23,189,640 төгрөг байна, одоогийн байдлаар зээл нь 149 хоногийн хугацаа хэтрэлттэй сар болгоны хуваарийн дагуу төлбөр төлөгдөхгүй явж байгаа...” гэсэн мэдүүлэг

 

Хохирогч Д.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шөнийн 00 цаг өнгөрч байхад Айраг сумын мөнгө хураадаг постоор гарч яваад хэдэн километр явж байгаад осол болсныг мэдээгүй, би унтаад явж байсан болохоор мэдэхгүй байн, нэг мэдсэн чинь машинтай мөргөлдөөд зогссон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 ху/,

 

Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “...Д.С-ийн биед баруун 4, 5, 8 дугаар хавирганы хугарал, элэгний эдийн цус хуралт, баруун хөмсөг, баруун хацарт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо...Учирсан баруун 4, 5, 8 дугаар хавирганы хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...Учирсан элэгний эдийн цус хуралт, баруун хөмсөг, баруун хацарт зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хэрэг  болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 99-100 ху/,

Мөрдөгчийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн магадалгаа /хх-ийн 153-154 ху/,

            Техникийн эвдрэлийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 423 дугаартай “...нийт дүн 12,375,000...” гэсэн дүгнэлт /хх-ийн 116 ху/, болон бусад бичгийн нотлох баримт

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 135 ху/, зэргийг шинжлэн судлав.

 

  1. Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт  хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий  дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж  харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч Н.Л нь жолоодох эрхгүйгээр Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах төмөр замын 64 дүгээр зөрлөгийн орчим улсын чанартай авто зам дээр 2023 оны 06 дугаар сарын 04-ний шөнийн 01 цагийн орчим ... Улсын дугаартай хар саарал өнгийн Тоёота приус 41 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а болон 11 дүгээр зүйлийн 11.3-т заасныг тус тус зөрчсөний улмаас ... улсын дугаартай Volvo FH13 маркийн В.Т-ийн жолоодон явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас ... улсын дугаартай хар саарал өнгийн Тоёота приус 41 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.С-ийн эрүүл мэндэд баруун 4, 5, 8 дугаар хавирганы хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

 

Шүүгдэгч Н.Л-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  “...Би Улаанбаатар хотоос эхнэр, хүүхэдтэйгээ орой 6 цагийн үед гарсан, замдаа явж байгаад Чойр өнгөрөөд Олон овоо дээр 1 цаг гаруй унтсан, буцаж яваад Айраг дээр зогсоод зорчигч Д.С дэлгүүрээс юм авъя гэсэн, Айраг орж, дэлгүүр орчхоод Айргийн пост өнгөрөөд жаахан үүрэглээд байсан, унтах гээд цаад талын пост ороод унтъя даа гэж бодож яваад үүрэглээд аваар хийсэн...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Д.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шөнийн 00 цаг өнгөрч байхад Айраг сумын мөнгө хураадаг постоор гарч яваад хэдэн километр явж байгаад осол болсныг мэдээгүй, би унтаад явж байсан болохоор мэдэхгүй байна, нэг мэдсэн чинь машинтай мөргөлдөөд зогссон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 ху/,

Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “...Д.С-ийн биед баруун 4, 5, 8 дугаар хавирганы хугарал, элэгний эдийн цус хуралт, баруун хөмсөг, баруун хацарт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо...Учирсан баруун 4, 5, 8 дугаар хавирганы хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...Учирсан элэгний эдийн цус хуралт, баруун хөмсөг, баруун хацарт зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хэрэг  болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 99-100 ху/,

Мөрдөгчийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн магадалгаа /хх-ийн 153-154 ху/,

            Техникийн эвдрэлийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 423 дугаартай “...нийт дүн 12,375,000...” гэсэн дүгнэлт /хх-ийн 116 ху/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт автотээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан тохиолдолд энэ гэмт хэргийн үндсэн шинж хангагдахаар, энэ гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдэх, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдэх, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болон эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан бол хүндрүүлэх шинж хангагдахаар хуульчилжээ.

 

Шүүгдэгчийн үйлдэл нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а  “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” 11 дүгээр зүйлийн 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмж хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Н.Л уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүгдэгч Н.Л нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч В.Т-ийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол төлбөрийг шүүгдэгч Н.Л нь бүрэн төлж барагдуулсан, хохирогч В.Т нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаар хавтаст хэргийн 152 дугаар хуудаст бичгээр хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Н.Л-г хохирогч В.Т-т төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч Д.С-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь энэ хэрэгт ямар нэгэн бичгийн нотлох баримт өгөөгүй, хохирогч нь хавтаст хэргийн 166 дугаар хуудаст гомдол саналгүй талаараа бичгээр хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Н.Л-г хохирогч Д.С-д хохирол төлбөргүй гэж үзлээ.

Иргэний нэхэмжлэгч “Э” ББСБ-аас нэхэмжилсэн 23.189.784 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч нь тус нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Учир нь: Иргэний нэхэмжлэгч “Э” ББСБ нь 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ЗГ-23/04/06/1 дугаартай Лизингийн зээлийн болон барьцааны гэрээг, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ФГ-23/04/06/1 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /Фидуцийн/ гэрээг тус тус Г.М, Н.Л нартай байгуулж, ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалан 23.200.000 төгрөгийг 30 сарын хугацаатайгаар авсан, уг гэрээний хугацаа 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дуусахаар байна.

Гэвч дээрх гэрээний үүргийг хугацаанаас нь өмнө шаардаж байгаа үйлдэл нь Иргэний эрх зүйн маргаан байх бөгөөд эрүүгийн хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудал биш байна.

 

Мөн тус зээлийн үлдэгдэл төлбөрийг урьдчилан Н.Л-ээс нэхэмжилж байгаа нь хамтран зээлдэгч Г.М-ыг гэрээний үүргээс үндэслэлгүйгээр чөлөөлөх эрх зүйн үр дагаврыг бий болгох бөгөөд тус гэрээний хугацаа дуусаагүй, түүнийг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн үлдэгдэл төлбөрийг зээлдэгч Н.Л-ээс гаргуулах үндэслэл тогтоогдохгүй.

 

 Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ ялимгүй зөрчсөн байх бөгөөд зээлдүүлэгч байгууллагаас гэрээний үүргээ биелүүлэх талаар албан ёсоор мэдэгдсэн гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй байна.

 

Тиймээс иргэний нэхэмжлэгч “Э” ББСБ-аас нэхэмжилсэн 23.189.784 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч нь тус нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн болно.

 

  1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Н.Л нь жолоодох эрхгүйгээр Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах төмөр замын 64 дүгээр зөрлөгийн орчим улсын чанартай авто зам дээр 2023 оны 06 дугаар сарын 04-ний шөнийн 01 цагийн орчим ... Улсын дугаартай хар саарал өнгийн Тоёота приус 41 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а болон 11 дүгээр зүйлийн 11.3-т заасныг тус тус зөрчсөний улмаас ... улсын дугаартай Volvo FH13 маркийн В.Т-ийн жолоодон явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас ... улсын дугаартай хар саарал өнгийн Тоёота приус 41 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.С-ийн эрүүл мэндэд баруун 4, 5, 8 дугаар хавирганы хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ялын саналыг гаргаж байна. Тэнсэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн хор уршийг арилгах талаар арга хэмжээ авч, тухай гэмт хэргийн улмаас үүссэн Иргэний нэхэмжлэгч “Э” ББСБ-д учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулах үүргийг шүүгдэгчид хүлээлгэх саналтай байна гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж өгөөч ээ...” гэсэн саналыг тус тус гаргаж оролцсон болно.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Н.Л-ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт болон хохирогч нар, шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Н.Л-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 06 сарын хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 06 сарын хугацаагаар тэнсэж, Н.Л нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Шүүгдэгч нь Дорноговь аймаг, ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Улаанбаатар хот, ... тоотод оршин сууж байгаа гэх тул түүнд оногдуулсан ялын биелэлтэнд хяналт тавих үүргийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Н.Л-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. Мөн шүүгдэгч Н.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан зарим хохирлоо нөхөн төлсөн, үлдэгдлийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан нөхцөлийг бүрэн хангаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 06 сарын хугацаагаар хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолох нь зүйтэй.

 

  Бусад асуудлаар:

          Шүүгдэгч Н.Л нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний иргэний бичиг баримт хэрэгт хавсаргаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Н.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Н.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 06 сарын хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 06 сарын хугацаагаар хассугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н.Л-д тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Н.Л-д сануулсугай.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Н.Л-д оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Н.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар иргэний нэхэмжлэгч “Э ББСБ”-аас нэхэмжилсэн 23,189,784 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч нь тус нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Б.ОДБАЯР