Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 1651

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

   Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ***ны төв байр, ХБны /РД: 0/ нэхэмжлэлтэй

           Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *** тоотод оршин суух, Бишхүүгийн Д /РД: ,,,,,,/,

           Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *** тоотод оршин суух, Наранхүүгийн Н-      /РД: ,,,,,,,,,,,/

Хариуцагч:  Хан-Уул дүүрэг, *** давхар, “НД” ХХК /РД: ........../ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 37.682.444 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэцэг,

Хариуцагч Б.Д,

Хариуцагч Н.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жавзандулам,

Хариуцагч “НД” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхсаруул,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Билэгт нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны тусгай активын газрын захирал Н.Цэгц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Дын Ү, Наранхүүгийн Н- нар нь ХБтай 2014 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр 1500007934 дугаартай зээлийн гэрээ байгуулан 42.000.000 төгрөгийг 120 сарын хугацаатай, жилийн 20.28 хувийн хүүтэй хашаа, байшин, амины орон сууц худалдан авах зориулалтаар зээлсэн.

Зээлдэгч Д.Ү, Н.Н- нар зээлийн гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 50-859 дугаартай баталгаат ипотекийн гэрээгээр Баянзүрх дүүрэг, *** тоот хаягт байршилтай, нэгж талбарын ххххххххххххх дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 358.51 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийнххххххххххх дугаарт бүртгэлтэй газар, мөн хаяг дахь 43  м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, хувийн сууц, мөн хаяг дахь 128 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ххххххххххх дугаарт бүртгэлтэй, хувийн сууцыг тус тус барьцаалсан.

Банкны зээлээр үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсантай холбогдуулан учирч болзошгүй аливаа эрсдэлээс хамгаалах зорилгоор нь банк нь зээлийн гэрээний 3.1 дүгээр зүйлийн 3.1.6-д олгогдсон эрхийнхээ хүрээнд зээлдэгч нарыг эд хөрөнгийн болон амь насны даатгал хийлгэх шаардлага тавьсан бөгөөд гэрээний 3.2.11-д хүлээсэн үүргийн дагуу зээлдэгч Д.Ү нь 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр “НД” ХХК-тай даатгалын баталгааны 1010500084 дугаартай 42.000.000 төгрөгийн гэнэтийн ослын даатгал, 3020500087 дугаартай 60.000.000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн даатгалыг тус тус хийлгэсэн.

Зээлдэгч Д.Ү нь 2014 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймагт зам тээврийн ослын улмаас нас барж даатгалын тохиолдол бий болсон ба зээлийн гэрээний 3.2 дугаар зүйлийн 3.2.11-т заасан зээлдэгчийн хүлээх үүргийн хүрээнд даатгалын нөхөн төлбөрийг банк тэргүүн ээлжинд зээлийн төлбөрт авах эрхтэй байсан.

Гэтэл уг даатгалын нөхөн төлбөр 20.600.000 төгрөгийг Д.Үын аав Б.Д даатгагч “НД” ХХК-иас  хүлээн авч захиран зарцуулсан.

Иймд банк Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн  453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, талуудын хооронд байгуулсан 1500007934 дугаартай зээлийн гэрээг үндэслэн үндсэн зээл 19.250.000 төгрөг, зээлийн хүү 39.095.197 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.001.545 төгрөг, нийт 60.346.742 төгрөгийг хариуцагч Н.Н-оос, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2, 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлийн 535.1 дэх заалтыг үндэслэн 1500007934 дугаартай зээлийн гэрээний 3.1 дүгээр зүйлийн 3.1.6 заалтын хүрээнд зээлийн үндсэн төлбөр 20.650.000 төгрөгийг хариуцагч Б.Доос нэхэмжлэн нэхэмжлэл гаргасан байсан.

Зээлдэгч Д.Үын “НД” ХХК-тай байгуулсан даатгалын баталгааны 1010500084 дугаартай 42.000.000 төгрөгийн гэнэтийн ослын даатгалын гэрээний 3.1, 4.4, 6.1, 6.2-д зааснаар 42.000.000 төгрөг хүртэл нөхөн олговрыг даатгалын компани нь банк болон өв залгамжлагчид олгох ёстой байсан.

Гэтэл “НД” ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 20.650.000 төгрөгийг талийгаач зээлдэгч Д.Үын аав Б.Дт олгож тэрээр уг мөнгийг захиран зарцуулсан байх бөгөөд даатгалын компани үлдэгдэл 21.350.000 төгрөгийн нөхөн олговрыг банк болон өв залгамжлагч нарт одоо болтол олгоогүй байна. 

Зээлдэгч нар 2014 оны 5 дугаар сарын 17-ны өдөр үндсэн зээлэнд 350.361,34 төгрөг, зээлийн хүү 910.099,73 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр үндсэн зээлэнд 349.763,28 төгрөг, зээлийн хүү 694.236,72 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр үндсэн зээл 349.875,38 төгрөг, зээлийн хүү 700.046,78 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үндсэн зээл 1.018.976,28 төгрөг, зээлийн хүү 2.090.729 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр үндсэн зээл 31.023,72 төгрөг, зээлийн хүү 452.12 төгрөг тус төлсөн ба үндсэн зээлэнд нийт 2.100.000 төгрөг, зээлийн хүүнд 4.395.564,35 төгрөг төлсөн.

Зээлийн гэрээ ёсоор зээлийн хүүг зээлдэгч нас барсан 2014 оны 7 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл тооцох ёстой ба 2014 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 910.099,73 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 694.236,72 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 573.672,24 төгрөг, нийт 2.178.008,68 төгрөгийн хүү төлөх ёстой байсан.

2.217.008,68 төгрөгийн илүү төлөлттэй гэсэн үг бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 39.900.000 төгрөгөөс хүүгийн илүү төлөлт 2.217.008,68 төгрөгийг хасахад 37.682.444 төгрөг болж байгаа.

 ХБны зүгээс 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа алдаа гаргасан байх тул үүнийгээ зөвтгөсөн бөгөөд хариуцагч Н.Н-, Б.Д, “НД” ХХК нараас 37.682.444 төгрөгийг гаргуулан ХБинд олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний охин Д.Ү, нөхөр Н.Н-ийн хамт ХБтай 2014 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 42.000.000 төгрөгийг 120 сарын хугацаатай, жилийн 20.28 хувийн хүүтэй хашаа, байшин, амины орон сууц худалдан авах зориулалтаар зээлсэн.

Мөн барьцааны гэрээ байгуулан өөрсдийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, *** тоот хаягт байршилтай, нэгж талбарын ххххххххххххх дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 358.51 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийнххххххххххх дугаарт бүртгэлтэй газар, мөн хаяг дахь 43  м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, хувийн сууц, мөн хаяг дахь 128 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ххххххххххх дугаарт бүртгэлтэй, хувийн сууцыг барьцаалсан.

Охин Д.Ү маань 2014 оны 7 дугаар сарын 11-ний өдөр гэр бүлийнхээ хамт хөдөө явж байгаад зам тээврийн ослоор нас барж, дүү охин Д.Мөнхтуяа болон хүргэн Н.Н- нар хүндээр гэмтсэн.

Тухайн үед би “НД” ХХК-иас гэнэтийн ослын даатгалын нөхөн төлбөрийн тодорхой хэсгийг буюу 20.600.000 төгрөгийг авч дүү Д.Мөнхтуяагийнх нь эмчилгээнд зарцуулсан.

Уг нь бол “НД” ХХК-иас  42.000.000 төгрөгийг бүхэлд нь авах байсан бөгөөд бүгдийг нь авсан тохиолдолд машиныг жолоодож явсан жолоочоос даатгалын компани даатгалын нөхөн төлбөрөө нэхэмжилнэ гэсэн.

Хүүхдүүдийн маань сууж явсан машиныг эхнэрийн маань төрсөн эгчийн хүүхэд Ж.Батбаяр гэж залуу жолоодож явсан бөгөөд Ж.Батбаяр одоо группт байдаг төлбөрийн чадваргүй тул үлдэх төлбөрийг даатгалаас авахгүйгээр, даатгалын компани Ж.Батбаяраас нөхөн төлбөр нэхэмжлэхгүй хэмээн тохирсон.

“НД” ХХК нөхөн төлбөр өгөхгүй байсан бөгөөд би захирал н.Шагдарсүрэнтэй хүртэл уулзаж байж нөхөн төлбөрөө авсан.

Баянзүрх дүүрэг, *** тоот хашаа, байшинд одоо хүн амьдраагүй, хоосон байгаа. Зээлийг барьцаа хөрөнгөөр барагдуулахад татгалзах зүйлгүй гэв.

Хариуцагч Н.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жавзандулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Н.Н-, Д.Ү нар ХБтай 2014 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр 1500007934 тоот зээлийн гэрээ байгуулан 42.000.000 төгрөгийг 120 сарын хугацаатай, жилийн 20.28 хувийн хүүтэй хашаа, байшин, амины орон сууц худалдан авах зориулалтаар зээлсэн.

Зээлийн гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд Баянзүрх дүүрэг, *** тоот хаягт байршилтай, нэгж талбарын ххххххххххххх дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 358.51 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийнххххххххххх дугаарт бүртгэлтэй газар, мөн хаяг дахь 43  м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, хувийн сууц, мөн хаяг дахь 128 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ххххххххххх дугаарт бүртгэлтэй, хувийн сууцыг барьцаалсан.

2014 оны 7 дугаар сарын 11-ний өдөр гэр бүлээрээ хөдөө орон нутагт зорчиж байгаад зам тээврийн ослын улмаас эхнэр Д.Ү нь нас барж, Н.Н- хүндээр гэмтсэн, одоо Хөвсгөл аймагт амьдарч байгаа.

Хариуцагч Н.Н- нь уг ослын улмаас ажил хийх чадваргүй болсон тул зээлийг төлөх боломжгүй гэв.

Хариуцагч “НД” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхсаруул шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ХБны хариуцагч Б.Д, Н.Н-, “НД” ХХК нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 37.682.444 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Манай компани нь иргэн Д.Үтай 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 1010500084 дугаартай гэнэтийн ослын даатгалын гэрээ байгуулсан ба даатгуулагч Д.Ү 2014 оны 7 дугаар сарын 11-ний өдөр зам тээврийн ослын улмаас харамсалтайгаар нас барсан.

Даатгуулагч Д.Үын төрсөн эцэг Б.Д дээрх гэрээний дагуу нөхөн төлбөр гаргуулахаар “НД” ХХКд хандсан тул даатгалын гэрээ болон Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т “Даатгуулагч нас барсны дараа даатгалын тохиолдол үүссэн бол даатгалын нөхөн төлбөрийг түүний хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид олгоно”, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д “Даатгуулагч нас барсан тохиолдолд түүний эрх, үүргийг хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид нь шилжүүлэх” гэж тус тус заасны дагуу даатгагчийн зүгээс хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлж Д.Үын хууль ёсны өв залгамжлагч Б.Дт нөхөн төлбөрийн 20.600.000 төгрөгийг олгосон.

42.000.000 төгрөгийг бүхэлд нь олгоогүйн тухайд гэвэл зам тээврийн осол болох үед Д.Ү нарын сууж явсан авто машиныг Б.Д гуайн хамаатан Ж.Батбаяр гэх залуу жолоодож явсан бөгөөд Ж.Батбаяр төлбөрийн чадваргүй, группт байдаг гэсэн тул бид түүнд холбогдуулан нөхөн төлбөр нэхэмжлэхгүйгээр Д.Үын хууль ёсны өв залгамжлагч Б.Дтой амаар тохирч 20.600.000 төгрөгийг түүнд олгон, үлдэх хэсгийг нь өгөөгүй. Даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр олгогдсон, даатгалын компани бусдаас төлбөр нэхэмжлэхгүй гэсэн үг.

Гэтэл ХБ нөхөн төлбөрийг банкны зээлэнд олгож, банкинд төлөх үүрэгтэй байсан гэж нэхэмжлэл гаргасан байх ба манай компанийн хувьд талийгаач Д.Үтай даатгалын гэрээ байгуулсанаас бус ХБтай даатгалын гэрээ байгуулж зээлийн төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй.

Иймд “НД” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХБ нь хариуцагч Б.Д, Н.Н- нарт холбогдуулан зээлийн гэрээний үрэгт 80.996.742 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

/2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээл 39.900.000  төгрөг, зээлийн хүү 39.095.197 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.001.545 төгрөг, нийт 80.996.742 төгрөг/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ХБ нэхэмжлэлийн шаардлагаа 37.682.444 төгрөг болгон бууруулан хамтран хариуцагчаар “НД” ХХК-ийг татан оролцуулах тухай хүсэлтийг гаргасан байна.

/Үндсэн зээл 39.900.000 төгрөг,

-2.178.008,68 төгрөг /2014.07.11-ний өдөр хүртэл төлөх ёстой зээлийн хүү/

-4.395.564,35 төгрөг /2014.05.17-ноос 2014.11.07 хүртэл төлсөн хугацаанп төлсөн зээлийн хүү/

-4.395.564,35 төгрөг-2.178.008,68 төгрөг=2.217.556 төгрөг /илүү төлсөн зээлийн хүү/

-39.900.000 төгрөг-2.217.556 төгрөг=37.682.444 төгрөг/

Зээлдэгч Д.Ү, хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Н- нар нь ХБтай 2014 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр 1500007934 тоот зээлийн  гэрээ байгуулж хашаа байшин, амины орон сууц худалдан авах зориулалтаар 42.000.000 төгрөгийг жилийн 20.28 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлсэн нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Уг зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.1, 3.3.4-т “Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн энэхүү гэрээний дагуу хүлээсэн үүргийг хамтран гүйцэтгэхийг зөвшөөрч, зээлдэгчтэй адил эрх, эдэлж үүрэг хүлээнэ” гэж тус тус тохирч хамтран үүрэг гүйцэтгэгчээр Н.Н- оролцжээ.

ХБтай байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 1500007934 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдэгч Д.Ү нь 2014 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр 50-859 дугаар бүхий баталгаат ипотекийн гэрээ байгуулан Д.Ү, Н.Н- нар өөрсдийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, *** тоот хаягт байршилтай, нэгж талбарын ххххххххххххх дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 358.51 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийнххххххххххх дугаарт бүртгэлтэй газар, мөн хаяг дахь 43  м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, хувийн сууц, мөн хаяг дахь 128 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ххххххххххх дугаарт бүртгэлтэй, хувийн сууцыг тус тус барьцаалсан нь хэрэгт авагдсан 2014 оны 4 дугаар сарын 8-ны баталгаат ипотекийн гэрээ, зохигчдын шүүхэд өгсөн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдов.

ХБтай байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах, гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах зөвшөөрлийг хамтран өмчлөгч Н.Н- олгон үүнийгээ баталгаажуулжээ.

Талууд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 2014 оны 4 дугаар сарын 8-ны өдрийн баталгаат ипотекийн гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, мөн өдөр нь улсын бүртгэлд бүртгүүлснээр уг барьцааны гэрээ хүчин төгөлдөр болжээ.

            /ХХ-ийн 12-21, 51-92 дугаар тал/

Зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан Баянзүрх дүүрэг, *** тоот хаягт байршилтай, нэгж талбарын ххххххххххххх дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 358.51 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийнххххххххххх дугаарт бүртгэлтэй газар, мөн хаяг дахь 43  м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, хувийн сууц, мөн хаяг дахь 128 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ххххххххххх дугаарт бүртгэлтэй, хувийн сууц Д.Ү, Н.Н- нарын өмчлөлийнх болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 22-24, 51-92 дугаар тал/

            Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж заасан ба зээлдүүлэгч ХБ нь 2014 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэн зээлдэгч Д.Үын нэр дээр зээлийн данс нээн 42.000.000 төгрөгийн зээл олгосон байна.

            Иймд зээлдүүлэгч ХБ болон зээлдэгч Д.Ү, хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Н- нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдан тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүсжээ.

            /ХХ-ийн 32 дугаар тал/

            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй“,

мөн хуулийн  452 дугаар зүйлийн 452.1-т “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно“, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй“ гэж заажээ.

Зээлдэгч Д.Ү 2014 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Дундговь аймагт зам тээврийн ослын улмаас нас барсан бөгөөд зээлдүүлэгч ХБ өв шилжсэн эсэхтэй холбоотой асуудлаар Монголын нотариатчдын танхимаас лавлагаа хүссэн ба тус танхимын 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 641 тоот лавлагаанд “2014.07.11-ний өдөр нас барсан Д.Үын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө өвлөх эрхтэй холбогдуулан түүний хууль ёсны өв залгамжлагчид өв хүлээн авах хүсэлт гаргасан, өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт гаргасан, нотариатчаас өвлөх эрхийн гэрчилгээ олгосон эсэхийг Танхимын өвийн нэгдсэн бүртгэлээс шүүж үзэхэд бүртгэгдсэн мэдээлэл байхгүй байна” гэсэн байна.

/ХХ-ийн 25-29 дүгээр тал/

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар Д.Үын хууль ёсны өвлөгч нь түүний нөхөр буюу хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Н-, төрүүлсэн эцэг Б.Д нар байх бөгөөд тэдгээр нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй нь дээр дурьдсан Монголын нотариатчдын танхимын лавлагаа болон талуудын тайлбараар тогтоогдлоо.

  Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т “.Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ”, 242.2-т “Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ”,

Мөн талуудын хооронд байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.1-т “Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн энэхүү гэрээний дагуу хүлээсэн үүргийг  хамтран гүйцэтгэхийг зөвшөөрч байна”, 3.3.4-т “Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчтэй адил эрх, үүрэгтэй байна” гэж тус тус заасны дагуу зээлдүүлэгч ХБ хамтран зээлдэгч Н.Н-оос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь үндэслэлтэй байна. 

Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 1428 дугаар бүхий захирамжаар Дын Үын /РД: ЦГ83011360/ НД ХХК-тай 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан 1010500084 дугаартай 42.000.000 төгрөгийн үнэлгээтэй гэнэтийн ослын даатгал, 3020500087 дугаартай 60.000.000 төгрөгийн үнэлгээтэй хөрөнгийн даатгалын гэрээ, уг гэрээний дагуу нөхөн төлбөр авахаар хүсэлт гаргагчийн бүрдүүлсэн баримт, нөхөн төлбөр олгосонтой холбоотой баримтуудыг 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн дотор шүүхэд ирүүлэхийг “НД” ХХК-д даалгажээ

/ХХ-ийн 94-95 дугаар тал/

“НД” ХХК 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 4-2/113 тоот албан бичгээр “1010500084, 3020500087 дугаартай даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр авах хүсэлт, түүнтэй холбоотой баримт болон даатгалын гэрээ архиваас олдоогүй тул бидэнд байгаа баримт болох түүний аав Б.Дт мөнгө шилжүүлсэн банкны баримт болон төлбөрийн даалгаврын жагсаалтыг хүргүүлсэн гэжээ.

/ХХ-ийн 118 дугаар тал/

Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 3464 дугаар бүхий захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг баримтлан “НД” ХХК-иас дээр дурьдсан гэрээнүүдийг албадан гаргуулахаар шийдвэрлэн уг ажиллагааг гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан байна.

/ХХ-ийн 126-128 дугаар тал/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар “НД” ХХК-ийн архивт 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 159/1, 159/2 тоот тогтоолыг үндэслэн хөндлөнгийн гэрчүүд болон “НД” ХХК-ийн захирал, гэрээний ажилтан Д.Хаш-Эрдэнэ, архивын ажилтан н.Жүгдэрмаа нарыг оролцуулан ХБны даатгалын гэрээ гэсэн цагаан өнгийн 958 хуудас  архивын нэгжид үзлэг хийн 261, 262 дугаар хуудаснаас Д.Үад холбогдох 1010500084, 3020500087 тоот даатгалын гэрээ эх хувиар нь тус бүр 1 хуудас илэрснийг мөн өдрийн 159/3 тоот тогтоолын дагуу хураан авсан бөгөөд 2014 оны нөхөн төлбөрийн архивын нэгжүүдэд тус тус үзлэг хийхэд Д.Үад холбогдох нөхөн төлбөр авахаар хүсэлт гаргагчийн бүрдүүлсэн баримт, нөхөн төлбөр олгосонтой холбоотой баримтууд илрээгүй гэсэн байна.

/ХХ-ийн 147-156 дугаар тал/

“НД” ХХК-ийн зээлдэгч Д.Үтай байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 1010500084 дугаар бүхий, 42.000.000 төгрөгийн үнэлгээтэй гэнэтийн ослын даатгалын гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т “Даатгуулагч гэнэтийн осол болон гэнэтийн өвчлөлийн улмаас амь насаа алдах, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тохиолдолд даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлбөрийг 100 хувиар олгоно” гэжээ.

/ХХ-ийн 148 дугаар тал/

Зээлдэгч Д.Үын төрүүлсэн эцэг Б.Д нь “НД” ХХК-иас Д.Үын “НД” ХХК-тай 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан 1010500084 дугаар бүхий гэнэтийн ослын даатгалын гэрээний нөхөн төлбөрт 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 2.000.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 14.000.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 4.000.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 600.000 төгрөг, нийт 20.600.000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн 5076199806 тоот дансаараа дамжуулан хүлээн авсан нь “НД” ХХК-ийн 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 4-2/35 тоот лавлагаа болон талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй.

/ХХ-ийн 99-103 дугаар тал/

Б.Д нь даатгагч “НД” ХХК-иас нөхөн төлбөрийг гаргуулахдаа  42.000.000 төгрөгийн үнэлгээнд багтаан нөхөн төлбөр 42.000.000 төгрөгийг 100 хувь бус зарим хэсгийг нь буюу 20.600.000 төгрөгийг авсан бөгөөд даатгагч гэрээний дагуу нөхөн төлбөр олгосноос үүдэн буруутай этгээдээс хохирол нэхэмжлэхтэй холбоотойгоор Б.Д нөхөн төлбөрийн үлдэх хэсгийг даатгагчаас аваагүй талаар Б.Д болон “НД” ХХК нар хэн аль нь тайлбарлаж байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн зээлийн гэрээний 3.1.6-д “Гэрээний хугацаанд зээлийн хөрөнгөөр худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгө болон зээлдэгчийн амь насыг даатгуулахыг зээлдэгчээс шаардах ба даатгалын тохиолдол бий болсон үед даатгалын нөхөн төлбөрийг Хас  банкны төв албаны дансанд шилжүүлж авах бөгөөд энэхүү төлбөрөөс тэргүүн ээлжинд зээлийн төлбөрийг барагдуулах эрхтэй”,

3.2.11-т “Гэрээний хугацаанд барьцаа хөрөнгө болон амь насны даатгал хийлгэж, тухай бүр даатгалын гэрээний хугацааг сунгуулах бөгөөд даатгалын тохиолдол бий болсон үед даатгалын байгууллагаас олгох нөхөн төлбөрийг энэхүү гэрээний 3.1.6-д заасан дансанд шилжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй” гэж зээлдүүлэгч болон зээлдэгчийн даатгалын нөхөн төлбөртэй холбоотой эрх, үүргийг тодорхойлжээ.

Б.Д нь даатгагч “НД” ХХК-иас Д.Үын гэнэтийн ослын даатгалын нөхөн төлбөр 20.600.000 төгрөгийг авсаныгаа охин Д.Мөнхтуяагийн эмчилгээнд зарцуулсан талаараа тайлбарлаж байх бөгөөд дээрхээс үзэхэд зээлдүүлэгч ХБ зээлийн төлбөрийг Б.Доос нэхэмжилсэн нь үндэслэлтэй.

Зээлдүүлэгч ХБ, зээлдэгч Д.Ү, Н.Н- нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй байна.

2014 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг зээлдэгч нар 2014 оны 5 дугаар сарын 17-ны өдөр үндсэн зээлэнд 350.361,34 төгрөг, зээлийн хүү 910.099,73 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр үндсэн зээлэнд 349.763,28 төгрөг, зээлийн хүү 694.236,72 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр үндсэн зээл 349.875,38 төгрөг, зээлийн хүү 700.046,78 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үндсэн зээл 1.018.976,28 төгрөг, зээлийн хүү 2.090.729 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр үндсэн зээл 31.023,72 төгрөг, зээлийн хүү 452.12 төгрөг, үндсэн зээлэнд нийт 2.100.000 төгрөг, зээлийн хүүнд 4.395.564,35 төгрөг төлсөн талаар хэн аль нь маргаагүй.

 /Үндсэн зээл 42.000.000 төгрөг-2.100.000 төгрөг=39.900.000 төгрөг,

2.178.008,68 төгрөг /2014.07.11-ний өдөр хүртэл төлөх ёстой зээлийн хүү/

-4.395.564,35 төгрөг /2014.05.17-ноос 2014.11.07 хүртэл төлсөн хугацаанп төлсөн зээлийн хүү/

-4.395.564,35 төгрөг-2.178.008,68 төгрөг=2.217.556 төгрөг /илүү төлсөн зээлийн хүү/

-39.900.000 төгрөг-2.217.556 төгрөг=37.682.444 төгрөг.

“НД” ХХК болон Д.Ү нарын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 1010500084 дугаартай 42.000.000 төгрөгийн үнэлгээтэй гэнэтийн ослын даатгалын, 3020500087 дугаартай 60.000.000 төгрөгийн үнэлгээтэй хөрөнгийн даатгалын гэрээ тус бүр 1 жилийн хугацаатай байгуулагдан даатгагч “НД” ХХК даатгалын тохиолдол бий болсон тохиолдолд нөхөн төлбөр олгох үүрэг хүлээснээс бус ХБтай байгуулсан зээлийн төлбөрийг төлөх үүрэг хүлээгээгүй байна.

  Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-т зааснаар хариуцагч Н.Н-, Б.Д нараас нийт 37.682.444 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХБинд олгож, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Н.Н-, Б.Д нар зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн биелэлтэд барьцаалсан барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, *** тоот хаягт байршилтай, нэгж талбарын ххххххххххххх дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 358.51 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийнххххххххххх дугаарт бүртгэлтэй газар, мөн хаяг дахь 43  м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, хувийн сууц, мөн хаяг дахь 128 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ххххххххххх дугаарт бүртгэлтэй, хувийн сууцыг тус тус худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч ХБны хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “НД” ХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулсан тул даатгагч байгууллагыг гэрчээр оролцуулах боломжгүй бөгөөд Н.Н-, Б.Д нар нь даатгалын гэрээний үүрэгтэй холбоотой асуудлаар “НД” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон             

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-т зааснаар хариуцагч Н.Н-, Б.Д нараас нийт 37.682.444 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХБинд олгосугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ХБны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 633.134 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Н-, Б.Д нараас нийт 416.562 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХБинд олгосугай.

 3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Н.Н-, Б.Д нар зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн биелэлтэд барьцаалсан барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, *** тоот хаягт байршилтай, нэгж талбарын ххххххххххххх дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 358.51 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийнххххххххххх дугаарт бүртгэлтэй газар, мөн хаяг дахь 43  м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, хувийн сууц, мөн хаяг дахь 128 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ххххххххххх дугаарт бүртгэлтэй, хувийн сууцыг тус тус худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.САРАНГҮН