Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/114

 

   

 

     2023         11         28                                         2023/ШЦТ/114

                 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                               Б.Н,  

Улсын яллагч                                                                        Н.Х

Шүүгдэгч                                                                   Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн  Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Э-д  холбогдох эрүүгийн  2304001770119 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, барилгын засал, дотор интерьер дизайны туслах ажил хувиараа хийдэг, ам бүл 1, ганцаараа Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн ......тоотод оршин суух хаягтай, одоо Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Хөгжил хотхоны ........ тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, А-д овогт Ц-н Э (РД:УХ)

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд тогтоосноор/

Шүүгдэгч Ц.Энь 2023 оны 10 дугаар сарын 30-ны шөнө 03 цагийн орчимд Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” зоогийн газрын гадна авто зогсоолд тавьсан байсан иргэн Н.Н......н өмчлөлийн 11-89 УБТ улсын дугаартай Тоёота Марк Икс Зио загварын тээврийн хэрэгслийн арын салхины шилийг чулуугаар цохин хагалж, гэмтээсний улмаас 360,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:

            - Шүүгдэгч Ц.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр би Багануурт ирээд орой найзуудтайгаа караокед ороод 03 цагийн үед харих гээд гарсан. Тэгээд явж байхад нэг залуу надтай маргалдаад намайг зодох гээд байхаар нь зугтсан. Тэгтэл нөгөө залуу миний араас дагаад байсан ба би нэлээн яваад сүүлдээ бахардаад зогссон. Тухайн үед яах талаараа бодож амжаагүй, тэгээд хүмүүсийн анхаарлыг татах зорилгоор зогсоол дээр байсан машины цонхыг хагалсан. Хохирогчид учирсан 360,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,

            - Хохирогч Н.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

- Гэрч Р.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

- Гэрч Э.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/,

- Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 43-р хуудас/, 

- Гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 99-120-р хуудас/,

-Шүүгдэгч Ц.Э-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 50-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Ц.Э нь 2023 оны 10 дугаар сарын 30-ны шөнө 03 цагийн орчимд Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наран” үйлчилгээний төвийн гадна авто зогсоолд тавьсан байсан иргэн Н.Н-ийн өмчлөлийн 11-89 УБТ улсын дугаартай Тоёота Марк Икс Зио загварын тээврийн хэрэгслийн арын салхины шилийг чулуугаар цохин хагалж, гэмтээсний улмаас 360,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Н.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний эзэмшлийн 11-89 УБТ улсын дугаартай, Тоёота марк икс зио маркийн тээврийн хэрэгслийг манай нөхөр Р.Б унаж яваад 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 30-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд гэрийн ойролцоо зогсоол олдохгүй болохоор нь Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наран” төвийн урд талын зогсоолд байрлуулсан байсан. Ингээд 2023 оны 10 дугаар сарын 30-ны өглөө 06 цаг 50 минутад нөхрийн ажлын газрын Б манай нөхөр рүү 94428484 дугаарын утсаар залгаж “машины чинь хойд шил хагарсан юм шиг харагдаж байна” гэж хэлсэн байсан. Үүний дагуу манай нөхөр машин дээрээ очиход нь арын салхины шилийг хагалсан байсан учраас цагдаагийн байгууллагад хандсан. Тээврийн хэрэгслийн арын шил хагарснаас өөр тээврийн хэрэгсэлд учирсан хохирол байхгүй, алдагдсан эд зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

- Гэрч Р.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би эхнэрийн эзэмшлийн 11-89 УБТ улсын дугаартай Тоёота марк икс зио маркийн тээврийн хэрэгсэлтэй 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 30-нд шилжих шөнө явж байгаад гэртээ ирэхэд байрны гадна зогсоол байгаагүй учир Багануур дүүргийн 1 дүгээр хороо Наран үйлчилгээний төвийн гаднах урд талын зогсоолд 02 цаг 40 минутын орчимд машинаа байрлуулаад гэртээ харьсан. Ингээд өглөө 06 цаг 50 минутын үед ажлын газрын Батцэнгэл /94428484/ утсаар залгаад “машины чинь шил хагарсан юм шиг харагдаад байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь гэрээсээ гарч машинаа тавьсан газарт очиход машины арын салхины шилийг хагалсан байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

- Гэрч Э.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Би 2023 оны 10 дугаар сарын 29-ны өдрөөс 30-нд шилжих шөнө Багануур дүүргийн “М” нэртэй бааранд найз И-тэй сууж байгаад баар хаасны дараа гарсан. ...Би тэр залуутай жаахан маргалдсан асуудал байгаа. Тэр залуу намайг Гэрэл төвийн гадна цээжний хэсэгт нэг цохьчихоод зугтсан. Тэгэхээр нь араас нь явсан. Тэгж явахдаа машины шил хагалсан байна лээ. ...Би тэр залууг тодорхой үйлдэл хийхийг шаардсан, айлгасан, дарамталсан асуудал байхгүй. Тэр залууг газраас юм аваад өөдөөс ирэхээр нь аюулгүй байдлаа хангаж барилцаж авсан. Түүнээс хоорондоо зодолдож, цохилцсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/,

 - Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 403 дугаартай Автомашин, техникийн хохирлын үнэлгээний тайланд: “...Тоёота Марк Икс Зио загварын 11-89 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл багажны хойд шилний хохирлын үнэлгээг нийт 360,000 төгрөгөөр тогтоов” гэжээ /хх-ийн 43-р хуудас/,

 - Гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7-р хуудас/,

- Камерийн бичлэгт үзлэг хийсэн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэлд: “...Бичлэгт зогсоол дээр хар, цагаан өнгийн 2 суудлын тээврийн хэрэгсэл байрлуулсан, түүний цаана явган хүний замаар 2 эрэгтэй өөд өөдөөсөө харсан байдалтай, нэг эрэгтэй нь ухарч алхах ба өөдөөс нь нэг эрэгтэй явж, ухарч яваа эрэгтэй гараараа занган хоорондоо юм ярилцаад байгаа бололтой явж байна. Бичлэгт бичигдсэн 2 эрэгтэйн нэг нь саравчтай бараан өнгийн малгай, хар өнгийн куртиктэй, бараан өнгийн өмд, цайвар өнгийн гуталтай, жижиг үүргэвч үүрсэн байна, нөгөө нь бараан өнгийн ар хэсэгтээ бичигтэй бараан өнгийн куртиктэй, дотуураа цайвар өнгийн цамцтай, бараан өнгийн өмд, гуталтай байна. Камерийн бичлэгт дээрх 2 эрэгтэй алхаж явсаар 03:11:50 секундэд эхэнд явсан саравчтай малгайтай, хар өнгийн куртик, өмд, цайвар өнгийн гуталтай, үүргэвч үүрсэн эрэгтэй тээврийн хэрэгслийн ард ирж байна. Тэр эрэгтэй гараараа занган явсан чиглэл рүүгээ алхаад замын бетон хашлагын орчмоос 03:12:18 секундэд тонгойж юм аваад буцаад нөгөө эрэгтэйн өөдөөс алхав. Ингээд 03:12:26 секундэд  цагаан өнгийн тээврийн хэрэгслийн ард очин арын салхины шилний хэсгийг тохой, гараараа цохиж байгаа бичигдсэн байна. Үргэлжлүүлэн цааш явж зогсож байсан эрэгтэйг 03:12:32 секундэд заамдан авч байна. Хоорондоо бие биенээ зодож, цохиж байгаа зүйл байхгүй байна.” гэжээ /хх-ийн 12–р хуудас/,

            -шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

              Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, зүйлчлэл зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Эд хөрөнгө устгах гэдэгт тухайн зүйлийг биед байдлын хувьд үгүй хийж анхны шинж чанарыг бүрэн алдагдуулсан, зориулалтын дагуу ашиглах, сэргээн засах боломжгүй болгосон санаатай үйлдлийг, эд хөрөнгө гэмтээх гэдэгт тухайн эд зүйл гэмт үйлдлийн улмаас анхны ашиглах байдал нь муудах, чанар үр дүн алдагдсан, түр хугацаагаар зориулалтаар нь ашиглах, хэрэглэх боломжгүй болсон байхыг хэлэх ба гэмтээсэн эд зүйлийг засвар үйлчилгээгээр сэргээн, анхны байдалд нь эргүүлэн оруулж болдог шинжтэй.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч  Ц.Э-лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэв.

Шүүгдэгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, учруулсан хохирол болох 360,000 төгрөгийг удаахгүй төлж барагдуулна” гэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол гэмт хэргийн шинж болохоор заасан.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно” гэж заасан ба нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгийг ойлгоно гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Ц.Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, учирсан хохирлын хэмжээ нь бага хэмжээнээс дээш болох нь тогтоогдсон тул шүүхээс шүүгдэгчийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч нь бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийн арын салхины шилийг гараараа цохиж хагалснаас хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учирсан байх тул Ц.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Шүүгдэгч Ц.Э-ын гэмт үйлдлийн улмаас хохирогч Н.Номинчимэгт 360,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 403 дугаартай үнэлгээ /хх-ийн 43-р хуудас/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Ц.Э нь хохирогч Н.Н-т хохирол төлбөр болох 360,000 төгрөгийг төлж баргуулаагүй байх тул шүүгдэгчээс дээрх төлбөрийг гаргуулж хохирогчид төлүүлэх  саналтай” гэх дүгнэлт,

Хохирогч Н.Н шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Ц.Э-д холбогдох эрүүгийн шүүх хуралд оролцохгүй, хохирол болох 360,000 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна” гэж,

Шүүгдэгч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “..Миний буруутай үйлдлээс  бусдад 360,000 төгрөгийн хохирол учирсан. Би хохирлыг төлж барагдуулна” гэх тайлбарыг тус тус гаргав.

Эд хөрөнгөд учирсан хохирлыг хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээгээр тогтоох ба тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийн хэмжээг тодорхойлохдоо эвдэрч гэмтсэн эд ангийг засаж сэргээхэд шаардагдах эд анги, бусад материалын үнийг оруулан тооцох бөгөөд гэмт хэргийн улмаас гэм хор учруулснаар бусдын эд хөрөнгийн эрх зөрчигдөж байгаа тул уг эрхийг өмнөх байдалд нь сэргээх, эсхүл мөнгөөр нөхөн төлөх аргаар хохирлыг барагдуулна.

Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 403 дугаартай үнэлгээнд автотээврийн хэрэгслийн багажны хаалганы шил солих материалын үнэ, ажлын хөлсний зардлыг 360,000 /гурван зуун жаран мянга/ төгрөгөөр тогтоожээ.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Ц.Э-лаас 360,000 /гурван зуун жаран мянга/-н төгрөг гаргуулж хохирогч Н.Н-т олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.   

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн биелүүлэх үүрэг хүлээлгэх саналтай” гэв.

Шүүгдэгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх зүйлгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна”  гэв.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Иймд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөгчийн тогтоолоор /хх-ийн 13-р хуудас/ Эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн нэг ширхэг Сидиг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч А-д овогт Ц-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А-д овогт Ц-ийн Э-лд 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг Ц.Э-д  мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц.Э-д  тайлбарласугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Э-аас нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 360,000 /гурван зуун жаран мянга/-н төгрөгийг гаргуулж хохирогч Н.Н-т олгосугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
  7.  Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН