| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 167/2023/0181/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/185 |
| Огноо | 2023-11-03 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Ариунтөр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/185
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул,
Улсын яллагч Б.Ариунтөр,
Шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Мд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн байцаалт: Монгол Улсын иргэн, ...
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ц.М нь 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Г ХХК-ний өмчлөлийн зүйл болох 206 ширхэг панеран модон хэв, 170 ширхэг модон хэвийн түгжээ зэргийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түр хугацаанд хэрэглээд эргүүлж өгнө гэж хэлж өөртөө шилжүүлэн авч бусдад 7,705,500 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.М нь 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Г ХХК-ний өмчлөлийн зүйл болох 206 ширхэг панеран модон хэв, 170 ширхэг модон хэвийн түгжээ зэргийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түр хугацаанд хэрэглээд эргүүлж өгнө гэж хэлж өөртөө шилжүүлэн авч бусдад 7.705.500 төгрөгийн хохирол учруулж залилсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн иргэний нэхэмжлэгч Б.Г-ийн өгсөн “...2022 оны 03 дугаар сараас Г ХХК-д барилгын инженерээр ажиллаж байна...”, “...Манай компанид ажилладаг байсан М гэгч нь 2022 оны 09 сарын 08-ны өдөр манай төслийн менежер Б.Б, талбайн инженер Ж, захиргааны ажилтан З нартай харилцан тохиролцож компанийн ашиглаж байсан пум буюу 60см*120см хэмжээтэй хар панеран модон хэв 197 ширхэг, 50см*120см хэмжээтэй хар панеран модон хэв 9 ширхэг, пин буюу модон хэвийн төмөр түгжээ 170 ширхгийг 3 хоногийн хугацаанд ашиглаад өгье гэж хэлсэн юм. Тэгээд уг бэлдцүүдийг авч явснаасаа хойш 3 хоногийн дараа өгөхгүй байсан бөгөөд асууж тодруулахад удахгүй аваачиж өгнө гэж удаа дараа хариулж байсан юм. 2022 оны 11 сарын 01-ний өдөр төслийн менежер Б.Б нь М-ий эхнэр А-ийн хамт компанийн ашиглаж байсан пум буюу 60см*120см хэмжээтэй хар панеран модон хэв 197 ширхэг, 50см*120см хэмжээтэй хар панеран модон хэв 9 ширхэг, пин буюу модон хэвийн төмөр түгжээ 170 ширхгийг авахаар 3-н замын уулзварт байдаг кемпэд очиход пум, пим зэрэг нь бүрэн биш, зарим нь эвдэрч гэмтсэн байдалтай байсан. Түүнээс хойш бүрэн бүтэн байсан цөөн тооны пум, пин зэргийг хүлээлгэн өгсөн бөгөөд үлдсэн эвдрэл гэмтэлтэй пум, пим зэргийг байгууллагад одоог болтол хүлээлгэж өгөөгүй. Улмаар манай компанид 15,427,400 төгрөгийн хохирол учраад байгаа юм. Ц.М нь уг барилгын материал, бэлдцийг авч явснаасаа хойш 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр пум буюу 60см*120см хэмжээтэй хар панеран модон хэв 197 ширхэг, 50см*120см хэмжээтэй хар панеран модон хэв 9 ширхэг, пин буюу модон хэвийн төмөр түгжээ 170 ширхгийг хүлээж авсан бөгөөд 20 хоног ажиллаад 2022 оны 09 сарын 28-ны өдрөөс хойш ахиж ажилдаа ирээгүй. Харин ажилласан хоногийн цалингаа одоог болтол аваагүй байгаа бөгөөд манай компанийн зүгээс авсан бараа материалаа хүлээлгэж өгсөн тохиолдолд цалинг олгоход бэлэн байгаа...Барилгын талбай дээрээ өдөр тутамдаа ашиглаж байсан...Элэгдэл хорогдлын хувьд дараа дахин ашиглах бүрэн боломжтой гэсэн материалуудаа өгсөн байсан...” гэх мэдүүлэг /хх 24-25 ху/, гэрч С.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Ц.М, З.А нарыг танина. З.А нь манай аавын төрсөн дүүгийн хүүхэд, харин Ц.М нь харин манай үеэл дүү З.А-тай 2022 оноос хойш хамтран амьдарч байгаа хүн юм. Би 2022 оны 04 дүгээр сарын 20-ны орчимд үеэл дүү З.А-ийн хамтран амьдрагч болох Ц.М нь над руу яриад “хүүхдийн хонхны баяр болох гээд байдаг, цалин буугаагүй байна, ирэх 7 хоног хүртэл 1,000,000 төгрөг зээлээч” гэхээр нь тухайн үедээ шилжүүлсэн. Тэрнээс хойш 7 хоног өнгөрсөн боловч надаас авсан 1,000,000 төгрөгөө өгөөгүй. Тэгээд би ч тухайн үедээ Ц.М-ээс мөнгөө нэхээгүй бөгөөд боломжтой болохоороо өгөх байлгүй гэж бодсон боловч өгөөгүй. Тэрнээс хойш би мөнгөө нэхсэн чинь би мөнгийг чинь буцааж өгөх боломжгүй байна, та барилга барьж байгаа юм чинь танд хэрэгтэй юу байна гэхээр нь надад пун хэрэгтэй байна гэж хэлсэн чинь би тэрийг зохицуулъя гээд 2022 оны 06 дугаар сард Ц.М нь над руу утсаар холбогдоод инженерүүдтэйгээ сууж байна 500,000 төгрөг шилжүүлээч гэхээр нь бас л шилжүүлсэн. Би Дорноговь аймгийн Иххэт суманд цагаан дэлийн жоншны уурхайд жонш ялгах бункер хийж өгнө гээд 15,000,000 төгрөг авчихаад ажил хийж гүйцэтгэх хугацаа тулчихаад байхаар нь Ц.М-тэй холбогдож мөнгөө нэхсэн боловч хариу өгөхгүй байж байгаад 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр надад Г ХХК-аас хэдэн ширхэг пун авахаар болчихлоо машин явуулаад ирээд авчих гэхээр нь өөрийн төрсөн ах Өнөрмөнхийг явуулж 200 ширхэг пун дангаар нь авсан. Тэгээд би Ц.М-ээс авсан пунуудаа Иххэт сум руу явуулаад барилгын цутгалтын ажил хийхээр байж байтал Ц.М холбогдоод “2 хоног хэрэглээд өгөх хэрэгтэй байна” гэж хэлэхээр нь би дөнгөж ажлаа эхэлж байна, эсвэл чи надаас авсан мөнгөө өгөөдөх, би хүнээс хуучин пунууд 10,000, 15,000 төгрөгөөр худалдаад авчихна гэж хэлсэн чинь утсаа тасалсан...” гэх мэдүүлэг /хх 32-33 ху/, гэрч З.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би М, М нарыг сайн танина. М нь манай гэр бүлийн хүн, харин М нь манай ээжийн төрсөн ахынх нь хүүхэд буюу манай үеэл ах байгаа юм. Б.Б, Ж, З нарыг манай нөхөр М-тэй хамт ажилладаг байсан хүмүүс гэдгээр нь мэднэ... Манай нөхөр Ц.М нь 2021 оны 04 сард шиг санаж байна. Г ХХК-д ХАБЭА-р ажилладаг байсан юм. Тэгээд 2022 оны 09 дүгээр сард ажлаасаа гараад өөр компанид ХАБЭА ажилд орсон...2022 оны 09 дүгээр сард Ц.М нь ажил руу хамт явах уу гэхээр нь би хамт яваад нефтийн үйлдвэр рүү очсон юм. Тэгтэл манай үеэл болох М-ийн төрсөн ах нь болох Ө нь ачааны ... гэсэн жижигхэн цагаан автомашинтай ирээд манай нөхрөөс модон хэвүүд авч өгч байсан. Би тухайн үед яг хажууд нь байсан боловч яг юу гэж хэлж өгсөн талаар нь мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх 27 ху/, Хас үнэлгээ ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №1260 дугаартай дүгнэлт /хх 36-39 ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 50 ху/ шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.М-ийн өгсөн “...Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрөө 2, 3 сарын дотор төлнө. Прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж дүгнэлээ.
Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг мэдсээр байж бусдыг үгээр болон үйлдлээр төөрөгдөлд оруулах, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг анхнаасаа буцаан хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох санаа зорилго, сэдэлтийг агуулсан байдаг бөгөөд гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгынхоо шинжээр бусад төрлийн гэмт хэрэг болон иргэний эрх зүйн маргаанаас ялгагддаг.
Өөрөөр хэлбэл бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн болгож, ашиг олох, шунахайн сэдэлт зорилгоор бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа ялгагдана.
Түүнчлэн залилах гэмт хэргийн арга болох хууран мэхлэлт нь идэвхтэй болон идэвхгүй хэлбэрээр явагддаг. Идэвхтэй хууран мэхлэлт нь өмчлөгч болон бусад эзэмшигчийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх замаар эд зүйлс, өмч хөрөнгө өмчлөгчид гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдэл төрүүлэх аргаар үйлдэгддэг.
Иймд хяналтын прокуророос шүүгдэгч Ц.М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Ц.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.М нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч Ц.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол төлбөрийн талаар: Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г ХХК-д 7.705.500 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд 1.087.500 төгрөгийг хэвийг буцаан өгсөн, үлдэгдэл 6.618.000 төгрөгийн хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болох нь хавтаст хэргийн 89 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгчийг хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Ц.Мд танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байх тул мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Ц.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, саналыг гаргасан бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал улсын яллагчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Ц.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, оногдуулсан торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-д оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.М-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497.1, 510 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.М-ээс 6.618.000 төгрөгийг гаргуулж, хохирогч “Г” ХХК-д олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл хохирогч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР