Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/186

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

         Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ,

         Улсын яллагч Ц.Цэрэндулам,

         Шүүгдэгч Б.И нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Иод холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн байцаалт: Монгол Улсын иргэн, ...

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.И нь 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... хүнсний дэлгүүрт үйлчлүүлж байхдаа тус дэлгүүрээс үйлчилгээ авч байсан Г.О-ийн өмчлөлийн Самсунг А8 про загварын гар утсыг шунахай сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 420,000 /дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Б.И нь 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... хүнсний дэлгүүрт үйлчлүүлж байхдаа тус дэлгүүрээс үйлчилгээ авч байсан Г.О-ийн өмчлөлийн Самсунг А8 про загварын гар утсыг шунахай сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 420,000 /дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

          Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Г.О-ийн “...Би 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд явж байгаад ... нэртэй дэлгүүрээс эд зүйл худалдаж аваад гарах үедээ дэлгүүрийн лангуун дээр өөрийн Самсунг А8 маркийн саарал өнгийн улаан гэртэй гар утсаа тавьсан. Тэгээд худалдаж авсан эд зүйлсээ торонд хийгээд мөнгө шилжүүлэх гэсэн чинь лангуун дээр байсан гар утас алга болсон байсан. Би энэ утсаа 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Зүүнбаянгийн дэлгүүрээс 450,000 төгрөгөөр худалдаж авч байсан... гэсэн мэдүүлэг /хх 7 ху/, гэрч С-ийн “...2023 оны 04 дүгээр сард байхаа яг тодорхой санахгүй байна. Замын-Үүдээс Сайншанд сум руу ирж байхад И нь надад 1 ширхэг гар утас өгөөд намайг ... гэх дэлгүүр дээр хүргээд өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд би ... гэх дэлгүүрт авчирч өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53 ху/, Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ИХҮ-923/6135 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 11-13 ху/, Юнител ХК-ийн 2023 оны 04дүгээр сарын 24-ний өдрийн 05-01/3208 дугаартай ... регистрийн дугаартай иргэний нэр дээр бүртгэлтэй үүрэн телефоны дугаарын жагсаалтууд /хх-ийн 28 ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 35 ху/ шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.И-ын өгсөн “...Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрөө төлсөн, Прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж дүгнэлээ.

           

            Монгол Улсын Үндсэн хуульд “...төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална...” гэж заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох зорилго сэдэлтэйгээр өмчлөгч, эзэмшигчид хүч хэрэглэхгүйгээр, мэдэгдэхгүйгээр, хууль бусаар, нууц далд аргаар авч өөрийн эзэмшилд авч хүсэл зоригоо гүйцэлдүүлэх, захиран зарцуулах эрх олж авахыг ойлгоно.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Б.И нь 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... хүнсний дэлгүүрт үйлчлүүлж байхдаа тус дэлгүүрээс үйлчилгээ авч байсан Г.О-ийн өмчлөлийн Самсунг А8 про загварын гар утсыг шунахай сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 420,000 /дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хулгайлах...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.      

            Шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч 420.000 /дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол бүрэн төлөгдсөн болох нь хавтаст хэргийн 59 дүгээр хуудсанд авагдсан хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

  1. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.И нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнцэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах сургалтад хамрагдах, мөн хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.И-д танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          

            Иймд шүүгдэгч Б.И Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах сургалтад хамрагдах, мөн хуулийн 2.5-т заасан оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй дурдав.

         

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        

           1. Шүүгдэгч Б.И Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И-д ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд хяналт тавих үүргийг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-т зааснаар шүүгдэгч Б.И-д тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

         4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.И-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

         6. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл хохирогч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.ОДБАЯР