| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2020/00757/И |
| Дугаар | 2123 |
| Огноо | 2020-06-10 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, *** тоотод оршин суух, Алтангэрэлийн Б-гийн /РД: 0000/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *** тоот, “БЛ” ХХК-д /РД: 0000/ холбогдох
1.710.000 төгрөг гаргуулах тухай иргэний хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Б-,
Хариуцагч “БЛ” ХХК-ийн захирал У.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
А.Б- миний бие 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр зочид буудал түрээслүүлнэ гэсэн зарыг тэмдэглэн авч 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “БЛ” ХХК-ийн захирал У.Атэй очиж уулзан зочид буудлыг нь түрээслэхээр болсон.
3 давхар барилгын 8 өрөөг нь буудлын зориулалтаар ашиглаж байсан ба сарын 3.500.000 төгрөгөөр түрээслэхээр тохирч барьцаа 3.500.000 төгрөгийг өгч 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр буудлаа хүлээн авсан. 3 давхар барилгыг бүхэлд нь түрээслээгүй ба зочид буудлаас гадна караоке паб ажиллаж байсан.
Түрээсийн гэрээ бичгээр байгуулья гэсэн боловч одоохондоо завгүй байна, явцын дунд байгуулна гэсэн боловч байгуулаагүй. Уг зочид буудлыг би 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ажиллуулсан.
Түрээслэж байх хугацаандаа түрээсийн төлбөр болон хэрэглээний зардлыг тухай бүрт нь төлж байсан. Миний хувьд 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр буудлыг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн.
Барьцаа 3.500.000 төгрөгөө авья гэхэд энэ сарын хэрэглээний төлбөрийн тооцоог хийчихээд өгнө гэж “БЛ” ХХК-ийн захирал У.А хэлсэн боловч тухайн үед мөнгийг маань өгөөгүй. 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр надад 1.790.000 төгрөгийг шилжүүлсэн ба үлдэх 1.710.000 төгрөгийг өгөөгүй.
2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн байцаагч “БЛ” ХХК-ийг Зөрчлийн тухай тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасныг зөрчсөн, камержуулалт муу гээд 1.000.000 төгрөгөөр торгосон ба уг мөнгийг надаас авсан байсан.
710.000 төгрөг нь 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны хэрэглээний мөнгө. Цахилгаан 273.000 төгрөг, халуун, хүйтэн ус 340.000 төгрөг, халаалт 307.000 төгрөг, нийт 920.000 төгрөг болж байгаа ба үүнээс 100.000 төгрөг хасагдана.
Энэ 100.000 төгрөг бол караокений хэрэглээний төлбөр ба үлдэх 820.000 төгрөгийг буудал болон паб хоёр хувааж төлөх ёстой.
Гарсан хэрэглээний төлбөрөөс 100.000 төгрөгийг хасах бөгөөд энэ нь караокений төлбөр болох ба үлдэх төлбөрийг нь би паб ажиллуулдаг хүнтэй тэнцүү хувааж төлдөг байсан.
У.А нь 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хэрэглээний төлбөрийг буудал, паб хоёрт хуваасан, 710.000 төгрөгийг барьцаа төлбөрөөс чинь суутгалаа гэсэн.
Цахилгаан, халуун, хүйтэн ус, дулааны төлбөр 820.000 төгрөг гарсан ба би 410.000 төгрөг төлөх байтал надаас илүү тооцон 710.000 төгрөг авсан.
Одоо надад 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хэрэглээний төлбөр төлнө гэсэн л бодол байна.
Би 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр У.Аийн дүү паб түрээслэдэг н.Энхүүш гэж залууд 326.000 төгрөг өгсөн. н.Энхүүш надаас 12 сарын цахилгааны төлбөр авахгүй гэж хэлээд уг мөнгийг авсан.
Мөн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр н.Энхүүшд 360.000 төгрөг өгсөн. Бүтэн нэрийг нь мэдэхгүй, У.Аийн дүү нь гэдэг байсан ба бэлэн өгсөн учраас баримт байхгүй.
Би “БЛ” ХХК-ийн захирал У.Аийн дүүд бэлнээр мөнгө өгч байсан. Мөн түрээсийн гэрээг бичгээр байгуулан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй бол энэ хүн надаас ямар нэгэн байдлаар мөнгө суутгах үндэслэлгүй юм билээ. Иймд “БЛ” ХХК-иас барьцаа төлбөрийн үлдэх хэсэг 1.710.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч “БЛ” ХХК-ийн захирал У.А шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“БЛ” ХХК нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрладаг өөрийн өмчлөлийн “Лотус” дэн буудлыг иргэн А.Б-д 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл сарын 3.500.000 төгрөгөөр түрээслэсэн.
Түрээсийн хугацаанд хэрэглээний зардлыг ресторан пабтай тэнцүү хувааж төлөхөөр тохирсон. А.Б- үйл ажиллагааны явцын дунд надад мэдэгдэлгүй буудалд 4-8 биеэ үнэлэгч авчирч цагдаагийн эргүүлд баригдан 1.000.000 төгрөгөөр торгуулсан.
А.Б- 2019 оны 11 дүгээр сар хүртэл хэрэглээний төлбөрийг ямар ч асуудалгүй төлж байсан.
Манай 2019 оны 11 дүгээр сарын цахилгааны төлбөр 301.000 төгрөг, 12 сарынх 307.500 төгрөг, 2020 оны 1 сарынх 273.000 төгрөг гарсан ба А.Б- 2019 оны 11 дүгээр сарын хэрэглээний зардлаас цахилгааны төлбөрийг нь төлөөгүй.
Эдгээр цахилгааны төлбөрийг паб, буудал хоёр тэнцүү хувааж төлнө. А.Б- 2019 оны 11 сарын цахилгааны төлбөрт 150.000 төгрөг, 2019 оны 12 сарын цахилгааны төлбөрт 153.000 төгрөг, 2020 оны 1 сарын цахилгааны төлбөрт 135.000 төгрөг, нийт 438.000 төгрөгийг төлөх ёстой.
2019 оны 12 дугаар сарын ус, дулааны төлбөр 303.582 төгрөгийн тал хувь 152.000 төгрөгөөс 50.000 төгрөгийг хасах ба А.Б- 2019 оны 12 дугаар сард ус, дулааны төлбөрт 102.000 төгрөг төлөх ёстой.
2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал төлбөр 638.858 төгрөгийн тал хувь 320.000 төгрөгөөс 50.000 төгрөгийг хасах ба А.Б- 270.000 төгрөгийг төлнө. 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр буудлыг хүлээлгэж өгсөн тул уг сарын төлбөр 15 хоногоор тооцогдоно.
Төлбөр төлсөн баримт хэрэгт хавсаргасан. А.Б-гийн дээрх хугацааны төлбөр 810.000 төгрөг болж байгаа хэдий ч би 710.000 төгрөгийг хассан. Энэ хэмжээний зүйл түрээслэгч нарт байдаг л асуудал гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Б- нь хариуцагч “БЛ” ХХК-д холбогдуулан 1.710.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч А.Б- нь хариуцагч “БЛ” ХХК-ийн захирал У.Атэй харилцан тохирч тус компанийн 3 давхар барилгын тодорхой хэсгийг буюу 8 өрөө бүхий зочид буудлыг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаагаар, сарын 3.500.000 төгрөгөөр түрээслэхээр тохирч, барьцаа 3.500.000 төгрөгийг “БЛ” ХХК-ийн захирал У.Аэд хүлээлгэн өгсөн талаар хэн аль нь тайлбарлаж байна.
/ХХ-ийн 5-47 дугаар тал/
Талууд түрээсийн гэрээг бичгээр байгууллаагүй бөгөөд нэхэмжлэгч А.Б- нь Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, “БЛ” ХХК-ийн “Лотус” зочид буудлыг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаагаар түрээслэсэн талаар болон түрээсийн хугацаанд түрээслэгч нь ашиглалтын зардлыг төлөхөөр тохирсон тухайд талууд маргаагүй.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ”,
318.5-д “... Түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ”,
289 дүгээр зүйлийн 289.1.2-т “Эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх” гэж тус тус заажээ.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх ба ингэж бүртгүүлээгүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан хэдий ч нэхэмжлэгч А.Б- нь “БЛ” ХХК-ийн 3 давхар барилгыг бүхэлд нь бус тодорхой хэсгийг буюу 8 өрөө бүхий буудлыг нь түрээслэсэн тул түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй, хүчин төгөлдөр бус гэх нэхэмжлэгч А.Б-гийн тайлбарыг үндэслэн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох боломжгүй.
Нэхэмжлэгч А.Б- нь түрээсийн гэрээ бичгээр байгуулаагүй, “БЛ” ХХК-ийн захирал У.Аийн дүүд 2019 оны 11 дүгээр сард 326.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сард 360.000 төгрөг төлсөн тул төлбөр суутгасан нь үндэслэлгүй, 2019 оны 12 дугаар сарын 15-наас 2020 оны 1 дүгээр сарын 15-ныг өдрийг хүртэл хэрэглэсэн төлбөрөө төлөх тооцоотой гэж тайлбарлаж байна.
Хариуцагч “БЛ” ХХК-ийн захирал У.А түрээслэгч А.Б-г 2019 оны 11 дүгээр сарын цахилгааны төлбөр 150.000 төгрөг,
-2019 оны 12 сарын цахилгааны төлбөр 153.000 төгрөг,
-2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны цахилгааны төлбөр 135.000 төгрөг,
-2019 оны 12 дугаар сарын ус, дулааны төлбөр 102.000 төгрөг,
-2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны ус, дулааны төлбөр 270.000 төгрөг, нийт 710.000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж тайлбарласныг нэхэмжлэгч А.Б- эсэргүүцээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй ... бол” хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заажээ.
/ХХ-ийн 55, 56, 95-98 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч А.Б- “БЛ” ХХК-ийн захирал У.Аийн дүүд 2019 оны 11 дүгээр сард 326.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сард 360.000 төгрөг тус тус хүлээлгэн өгсөн гэх боловч энэ талаархи баримтаа ирүүлээгүй, энэ нь нотлогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хэсгийн байцаагч нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1249394 дугаар бүхий шийтгэлийн хуудсаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах “БЛ” ХХК-ийн “Лотус” дэн буудлыг мэдээллийн самбар шинэчлээгүй, байгууллага дээрээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулаагүй, камерийн бичлэгийн хадгалах хугацааг уртасгаагүй, галын хор, галын тусгай хэрэгсэл байршуулаагүй буюу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй хэмээн уг “Лотус” буудлыг түрээслэн ажиллаж байсан А.Б-д 1.000.000 төгрөгийн шийтгэл ногдуулжээ.
/ХХ-ийн 72, 82-94 дүгээр тал/
Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1-д “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан ба “БЛ” ХХК нь мэдээллийн самбараа шинэчлээгүй, байгууллага дээрээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулаагүй, мөн галын хэрэгсэл байршуулаагүй, байгууллагынхаа камерын бичлэгийн хадгалах хугацааг нэмэгдүүлээгүйд уг буудлыг тодорхой хугацаагаар түрээслэж байсан иргэн А.Б-г буруутгах боломжгүй.
Дээрхээс дүгнэж үзэхэд “БЛ” ХХК-ийн захирал У.А нь нэхэмжлэгч А.Б-гийн барьцаа төлбөрөөс 1.000.000 төгрөгийн торгуулийг суутган авсан нь үндэслэлгүй.
Түрээслэгч А.Б- нь “Лотус” дэн буудлыг тодорхой хугацаанд түрээслэн үйл ажиллагаа явуулахдаа уг хугацааны ашиглалтын зардлыг төлөх үүргээ биелүүлээгүй байна.
А.Б- нь 2019 оны 11, 12 сар, 2020 оны 1 сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны цахилгааны төлбөр, 2019 оны 12 сар, 2020 оны 1 сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны ус, дулааны төлбөр, нийт 710.000 төгрөгийг төлөх үүрэгтэй тул түрээслэгч “БЛ” ХХК нь түүний барьцаа төлбөрөөс уг мөнгийг суутгасан нь үндэслэлтэй болно.
Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасныг баримтлан хариуцагч “БЛ” ХХК-иас 1.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Б-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 710.000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасныг баримтлан хариуцагч “БЛ” ХХК-иас 1.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Б-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 710.000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч А.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42.310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “БЛ” ХХК-иас 28.550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Б-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН