Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/187

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                               

         Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул,

         Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Дашням,

         Хохирогч Л.С,

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,

         Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-т холбогдох эрүүгийн......  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

         Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ...

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.О нь 2023 оны 09 дүгээр сарын 06-ны орой 23 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Зургаанбаатарын тоглоомын талбай дээр Л.С-г гар утсыг нь эвдэллээ гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь хатуу зүйлээр цохиж эрүүл мэндэд нь  баруун нүдний хараагүйдэл, хүүхэн харааны өргөсөл, эвэрлэгийн цооролт, салстын цус харвалт, хамрын нурууны шарх гэмтлүүд бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

         Шүүгдэгч Б.О нь 2023 оны 09 дүгээр сарын 06-ны орой 23 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Зургаанбаатарын тоглоомын талбай дээр Л.С-г гар утсыг нь эвдэллээ гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь хатуу зүйлээр цохиж эрүүл мэндэд нь  баруун нүдний хараагүйдэл, хүүхэн харааны өргөсөл, эвэрлэгийн цооролт, салстын цус харвалт, хамрын нурууны шарх гэмтлүүд бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

Уг гэмт хэргийг шүүгдэгч Б.О үйлдсэн гэм буруутай болох нь:     

 

            -Шүүгдэгч Б.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...6 баатрын орой дээр хэдэн дүү нартайгаа нэг шил архи хувааж уусан. Тэгсэн цагдаа нар ирээд буу овоо дээр архи уулаа гэсэн. Хохирогч өмнө нь надтай түцэнд муудалцаж боож унагасан байсан. Тэгээд би энэ намайг боож унагасан бацаан байна гээд хэлсэн чинь “чи муу юу гээд байгаа юм” гээд миний өөдөөс улаан тоосго авч чулуудсан. Тэгээд тонгойсон чинь толгой дээгүүр өнгөрсөн. Дараа нь цагаан тоосго чулуудахад миний цээжинд оносон. Тэгэхээр нь би хүүдээ тоглоомын талбай дээр нэг залуу ээжийг нь зодоод байна гээд гэсэн чинь чат руугаа ороод ямар хүн юм харуулдаа гэхээр нь залгаж харуулсан. Тэгсэн миний утсыг газарт авч савсан. Яагаад хүний утас савж байгаа юм гээд хажууд байсан блокны хэлтэрхийг авч чулуудсан. Тэгсэн энийг оносон юм байна лээ. Тэгсэн хамраас нь цус гараад хажуугаар гэр рүүгээ гүйсэн. Тэр үед нь хамрыг нь цохисон юм байхдаа гэж бодсон. Хэд хоногийн дараа цагдаагаас танд гомдол мэдүүлэг ирсэн гэсэн...” гэсэн мэдүүлэг,

           -Хохирогч Л.С-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 6 баатрын овоо дээр өдөр болгон  сагс тоглодог. Энэ эгч овоо дээр архи уугаад сууж байсан нь үнэн. Тэгээд манай гэрийнхнийг хэл амаар доромжилж байсан учраас би яв зайл гэсэн. Би утсыг нь шидээгүй, бичлэг хийсэн учраас гарыг нь түлхсэн, архи уусан учраас утсаа алдсан юм болов уу? гэж бодож байна. Хамт явж байсан нэг ах нь намайг араас тэвэрч байгаа боож унагасан. Тэгээд намайг эргэж харахад том тоосгон чулуу орж ирээд нүд рүү цохисон. Би яах аа гэр рүү гүйж очиж цагдаа дуудаж, хамт цагдаа дээр очсон. Эмнэлэгт эмчлүүлэх гэж оролдсон боловч нүдний асуудал нэлээд хүнд байна. Хагалгаанд л орохгүй бол болохгүй гэж 14 хоног эмнэлгээр явсан. Тэгээд хот явж нарийн мэргэжлийн эмчид үзүүлсэн. Хоёр хагалгаанд орчихоод ирсэн. 7 хоног болгон эмчид очиж үзүүлэхгүй бол болохгүй гэсэн. Өмнө нь надтай муудаж байсан гэсэн би тэрийг сайн санахгүй байна. Тухайн өдөр өөрөө л намайг дуудаж хэл амаар доромжлоод байсан. Би эхэлж өөдөөс нь дайраагүй...” гэсэн мэдүүлэг,

            -Хохирогч Л.С-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Тухайн эмэгтэй сагсан бөмбөгийн талбай дээр орж ирээд хэл амаар доромжлоод байхаар нь би жижиг чулуу аваад шидэх үед цээжний зүүн хэсэгт цохисон. Тэр үед тухайн эмэгтэй тоосгоор миний хамар, нүд хэсэгт цохиж гэмтээсэн. ...Б.О гэх эмэгтэй миний хамар, нүд хэсэгт цохиж гэмтээсэн ба өөр надад ямар нэгэн гэмтэл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 ху/,,

-Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 02/393 дугаартай шинжээчийн “...Л.С-н биед баруун нүдний хараагүйдэл, хүүхэн харааны өргөсөл, эвэрлэгийн цооролт, салстын цус харвалт, хамрын нурууны шарх гэмтлүүд тогтогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37 ху/, 

           -Хас үнэлгээ ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн шинжээчийн 1517 дугаартай “нийт үнэ...80.000...” гэсэн дүгнэлт /хх-ийн 57-61 ху/,

            - Яллагдагч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...С нь миний гар утсыг миний гараас булааж аваад газар хаясан ба би газраас гар утсаа авахдаа нөгөө гартаа жижиг блокны хагархайг аваад С луу өөрийгөө хамгаалах гээд шидэхэд С-ын нүүрний хэсэгт нь оноод хажуугаар гарахдаа хамраас нь цус гарсан байдалтай гэр рүү гүйгээд явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 75 ху/,

            --Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 65-69  ху,

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 ху/,

            -Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 82-110 ху/,

            -Хохирлын баримт /хх-ийн 114 дүгээр ху/ зэрэг хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

          Шүүгдэгч Б.О-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 

            Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасны дагуу шүүгдэгч Б.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

            Хохирлын тухайд:

 

           Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Б.О нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан эдийн болон эдийн бус хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

 

Хохирогч Л.С нь хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний зардалд нийт 6.995.840 төгрөгийг гаргуулахаар нотлох баримтыг гаргаж өгсөн бөгөөд шүүх тус нотлох баримтуудыг хянаад:

 

А. 32.400 төгрөгийн эмийн баримт /хх-ийн 114-рт/, 200.000 төгрөгийн /шийтгэлийн хуудасны торгуулийн төлбөр/, нийт 232.400 төгрөгийг 2 ширхэг баримт нь энэ хэрэгт хамааралгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Б. Л.С “Болрын мэс засал” 300.000 төгрөгийн баримт нь тамга, тэмдэг дарагдаагүй, хаанаас авсан болох нь мэдэгдэхгүй, тодорхойгүй байх тул,

Мөн хагалгааны зардалд 6.046.000 төгрөгийн баримтаар нэхэмжилсэн бөгөөд уг баримтад тус төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр бүрэн төлөгдсөн хохирогчоос төлбөр төлөгдөөгүй гэж бичигдсэн ч хохирогч нь “манай ах төлбөрийг төлсөн” гэж тайлбарласан тул уг хохирлыг өөрсдөө төлсөн, хохирогчоос шууд гарсан хохирол гэж дүгнэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэж байх бөгөөд энэ нь нотлох баримтаар шууд тогтоогдохгүй байна.

 

Иймд нийт 6.346.000 төгрөгийн баримтууд нь хэрэгт нотлох баримтын шаардлага хангахгүй, хохирогчоос гарсан зардал гэдэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул уг зардлуудыг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

В. Харин нотлох баримтаар тогтоогдож буй нийт 417.440 төгрөгийг шүүгдэгч Б.О-ээс гаргуулж хохирогч Л.С-т олгох нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Б.О уг хэргийг согтуугаар үйлдсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд шүүгдэгч Б.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид ял, шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй бөгөөд тус гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн болох нь шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 02/403 дугаартай “...Б.О-ийн биед цээжний цус хуралт гэмтэл тогтоогдсон...” гэх дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

 

           Иймд түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдал, прокурорын дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгч Б.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Б.О нь өмнө нь Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/109 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, уг торгох ялаас 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялыг эдлээгүй үлдсэн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно...” гэж заасан.

 

            Тиймээс Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/109 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас эдлээгүй үлдсэн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1.800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.800.000 төгрөгийн торгох ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 2.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.400.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.От сануулах нь зүйтэй байна.

 

           Бусад асуудлаар:

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Л.С нь цаашид гарах эмчилгээний зардлаа болон хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ийг 1.800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/109 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900.000 төгрөгийн торгох ялаас эдлээгүй үлдсэн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1.800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.800.000 төгрөгийн торгох ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 2.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.400.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 2.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.400.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.От сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Л.С-аас хохиролд 6.995.840 төгрөгийг нэхэмжилснээс 232.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 6.346.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, 417.440 төгрөгийг шүүгдэгч Б.О-ээс гаргуулж хохирогч Л.С-т олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Л.С нь цаашид гарах эмчилгээний зардлаа болон хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ОДБАЯР