Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 1706

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

    Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, -***, ХХБ-ны /РД: 0000/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянгол дүүрэг, **** тоотод оршин суух, Зын Од /РД: 0000/ холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 63.826.141,57 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандах,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнлхам,

     Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Билэгт нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХХБны гүйцэтгэх захирлын орлогч С.Оргодол шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           З.О нь 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр тус банктай ЗГ/ВСС180924015-1 тоот зээлийн гэрээ, ЗБ/ВСС180924015-1-1 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг тус тус байгуулан 50.000.000 төгрөгийг хялбар зээлийн зориулалтаар жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн.

Мөн тэрээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож нөхөр Т.Аийн хамт өмчилдөг эрхийн улсын бүртгэлийн Y-2204039375 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 1*** тоотын 85 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг барьцаалсан.

Зээлдэгч З.О зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж ирсэн бөгөөд зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид сануулж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломж олгосон ч гэрээний үүргийг биелүүлэхгүй байгаа тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, зээлийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2-т заасан үндэслэлээр зээлийн гэрээг банкны зүгээс нэг талын санаачлагаар цуцлах үндэслэлтэй.

Зээлдэгч З.О 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс хойш төлбөр төлөөгүй ба 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 50.000.000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 10.420.022,39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 482.669,56 төгрөг, нотариатын зардал 11.000 төгрөг, нийт 60.913.691,95 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан.

Иймд З.Отай байгуулсан зээлийг гэрээг цуцалж, түүнээс  зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 60,913,691.95 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасны дагуу нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн нэг дэх шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлсэн.

2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд хуримтлагдсан хүү 2,912,449.62 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Зээлдэгч нь 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш төлбөр төлөөгүй бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 34,268,647.64 төгрөгийн үндсэн зээлийн зөрчилтэй байгаа ба дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна.

Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл 50,000,000.00 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 13,148,789.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 666,352.05 төгрөг, нотариатын зардал 11,000.00 төгрөг.

Хариуцагч З.Огаас зээл, зээлийн үндсэн хүүгийн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал нийт 63,826,141.57 төгрөгийг гаргуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч З.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнлхам шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            З.О нь Ар гүнт дэх хүүхдийн сувилалд гал тогооны болон цахилгаан тоног төхөөрөмж авах зориулалтаар ХХБнаас 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 50.000.000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн ба зээлийн гэрээний дагуу эргэн төлөлтөнд 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 5.952.580,34 төгрөгийг төлсөн.

            Үүнээс хойш Ар гүнтэд сувиллын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас олгох хугацаа удааширсаны улмаас үйл ажиллагаа нь доголдож, санхүүгийн хүндрэлд орсон тул зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь төлж чадаагүй.

            Энэ нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2-т заасан форс мажор буюу гэнэтийн давагдашгүй хүчин зүйл гэдэгт хамаарах бөгөөд гэнэтийн буюу давадашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ гэж заасан.

            Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл гэдэгт талуудын хүсэл зоригоос үл хамаарсан, урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдлын улмаас гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрэхийг ойлгох ба үүнд төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр нэгэн адил хамаарна.

            Зээлдэгчийн хувьд зээлийн төлбөрийг хугацаандаа төлж чадаагүй нь төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр удааширч гарснаас  шалтгаалсан тул гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

            Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөр дуусгавар болох ба шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг гэрээ цуцалсан өдөр гэж үзэх ба нэхэмжлэгч нь 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

            Гэрээг  цуцлах гэдэгт цуцлах хүртэл хугацааны гэрээний харилцаа хэвээр үлдэж цуцалснаас хойшхи үүргийн харилцаа дуусгавар болохыг ойлгодог. Иймээс үүргийн зөрчил гаргасан өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр буюу 2 дугаар сарын 5-ны өдөр хүртэлхи зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

            Гэтэл нэхэмжлэгч ХХБ нь үүргийн зөрчил эхэлсэн өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс шүүх хурал болтол зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоолж нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХХБ нь хариуцагч З.Од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 60.913.691,95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

/2020 оны  2 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар үндсэн зээл 50.000.000 төгрөг, зээлийн хүү 10.420.022,39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 482.669,56 төгрөг, нотариатын төлбөр 11.000 төгрөг, нийт 60.913.691,95 төгрөг/

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээл 50.000.000 төгрөг, зээлийн хүү 13.148.789,52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 666.352,05 төгрөг, нотариатын төлбөр 11.000 төгрөг, нийт 63.826.141,57 төгрөг/

            Зээлдэгч З.О нь ХХБтай 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ЗГ/ВСС180924015-1 тоот зээлийн болон барьцааны гэрээг тус тус  байгуулж хялбар зээл зориулалтаар 50.000.000 төгрөгийг, зээлийн хүүг жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрээнүүд, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Уг зээлийн барьцаанд зээлдэгч З.О нь нөхөр  Т.Аийн хамтаар өмчилдөг Баянзүрх дүүрэг, *** тоотын 85 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204039375 дугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууцыг барьцаалсан нь хэрэгт авагдсан 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн барьцааны гэрээ, зохигчдын шүүхэд өгсөн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдов.

Талууд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, мөн өдөр нь улсын бүртгэлд бүртгүүлснээр уг барьцааны гэрээ хүчин төгөлдөр болжээ.

ХХ-ийн 9-17 дугаар тал/

            Иймд ХХБ болон хариуцагч З.О нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдан тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүсжээ.

            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй“,

мөн хуулийн  452 дугаар зүйлийн 452.1-т “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно“, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй“ гэж заажээ.

Зээлдүүлэгч ХХБны зээлдэгч З.Отай байгуулсан дээр дурьдсан барьцаат зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй байна.

Зээлдэгч З.О нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны зээлийн хүүнд 1.580,34 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 984.721,02 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 278.98 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2.005.200,48 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 799,52 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 1.020.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 1.938.104,59 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1.895,41 төгрөг, нийт 5.952.580,34 төгрөг төлсөн байна.

Үүнээс хойш зээлдэгч З.О зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч нь зээлдэгчээс зээлийн гэрээний үүрэг шаардан 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь зээлийн дансны хуулга болон зээлийн тооцоололд тусгагдсан ба талууд энэ талаар маргаагүй.

Зээлдэгч тал 2019 оны 11 дүгээр сарын 6, 28-ны өдрүүдэд зээл төлөхтэй холбоотой тайлбарыг зээлдүүлэгчид өгч байсан бөгөөд зээлдүүлэгч нь 2019 оны 9 дүгээр сарын 9, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрүүдэд зээлийн төлбөрийг төлөх мэдэгдлүүдийг зээлдэгч З.Од өгч байжээ.

/ХХ-ийн 18-21 дүгээр тал/

 Зээлдэгч З.О 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд зээлийн хүүнд 5.952.580,34 төгрөг төлсөн ба үндсэн зээлийн төлбөрөөс төлөөгүй талаар талууд маргаагүй бөгөөд зээлдэгч нь 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн гэрээний дагуу зээлсэн мөнгөө буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч ХХБ зээлээ буцаан шаардсан нь үндэслэлтэй.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ”, 242.2-т “Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ”,

Мөн талуудын хооронд байгуулсан 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн барьцааны гэрээний 6.2.1-т “банкнаас авсан зээлийн үндсэн өр, хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлийг төлүүлэхтэй холбогдон гарсан бусад зардлыг бүрэн төлөгдөж дуусах буюу барьцаагаар хангагдах шаардлага бүрэн биелэглэх хүртэл хугацаанд гэрээний 3.1-д заасан барьцаалсан барьцааны зүйлийн чанар, үнэлгээг бууруулахгүй байх, түүнчлэн зээл, түүний хүүг хугацаандаа төлөөгүй тохиолдолд банкны шаардлагын дагуу барьцааны зүйлийг гэрээнд заасны дагуу худалдан борлуулж барьцаагаар хангагдах шаардлагыг барагдуулах” гэж тус тус заасны дагуу зээлдүүлэгч ХХБ нь зээлдэгч, барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгч З.Огаас зээлийг шаардах эрхтэй байна.             

            Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 10 дугаар зүйлд гэрээ дуусгавар болох, гэрээ цуцлахтай холбоотой заалтыг тусгасан ба зээлдэгч нь 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул банк гэрээний 10.2-т заасны дагуу зээлийн гэрээг дангаар цуцласан нь үндэслэлтэй.          

            Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасны дагуу банк гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хугацааны хүүг нэхэмжлэх эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй ба хариуцагч З.О нь гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний үүргээ биелүүлж чадаагүй гэх боловч энэ нь нотлогдоогүй, энэ талаарх баримтаа ирүүлээгүй болно.

Талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр дуусах ба гэрээгээр тохиролцсон нэмэгдүүлсэн хүүг мөн өдрөөс хойш тооцох ёстой бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө тооцсон нэмэгдүүлсэн хүү 666.352,05 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасч тооцох үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасны дагуу нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгчийн хүлээх хариуцлага учраас гэрээний хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй. 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч З.Огаас үндсэн зээл 50.000.000 төгрөг, зээлийн хүү 13.148.789,52 төгрөг, нотариатын зардал 11.000 төгрөг, нийт 63.159.790 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХБинд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 666.352,05 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч З.О зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 61 дүгээр байр, 7 тоотын 85 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204039375 дугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурьдах нь зүйтэй.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч З.Огаас 63.159.790 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХБинд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 666.352,05 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч З.О нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, **** тоотын 85 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204039375 дугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ХХБны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 664.469 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Огаас 543.948 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХБинд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.САРАНГҮН