| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 167/2023/0178/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/188 |
| Огноо | 2023-11-16 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Б.Дашням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул,
Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Дашням,
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг,
Шүүгдэгч И.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч И.Б-д холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн байцаалт: Монгол Улсын иргэн, ...
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч И.Б нь 2023 оны 06 дугаар сарын 05-наас 06-ны шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Залуус хорооллын гадна, Б.Б-ын өмчлөлийн АЙ фоне 6 маркийн гар утас, мөнгөн гинжийг илээр, цохиж, өвдөглөн хүч хэрэглэн довтлон авч 470,000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч И.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2023 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдрийг шилжих шөнө таньдаг ахтайгаа уулзаад явж байсан. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь үнэн. Тэр үедээ л энэ хэргийн үйлдсэн байна. Яг юу болсон талаар сайн санадаггүй. Утсаараа яриулаач гэж хэлээд л авсан, эхлээд утсаа авна гэж байснаа, дараа нь мөнгөн гинж, соёо гэж нэхсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ахин ийм алдаа гаргаж архи уухгүй. Сайншандын нутаг дэвсгэр зорчих хүсэлтэй байна. Аймгийн баяр наадамд оролцох, малын түүхий эдээ борлуулах ажилтай байдаг... ” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тэр хүн миний утсыг аваад нэг хүнтэй хэсэг хугацаанд ярьсан. Ярихдаа тухайн хүнээсээ “Цүнх гаргаад өгчих. Цүнхээ авъя” гээд байх шиг байсан. Тэгээд ярьж дуусахаар нь би очоод “Утсаа авъя” гээд хэлсэн чинь намайг гараараа цохиж аваад “Чиний ажил надад ямар хамаатай юм. Хүний нутгийн пизда нар Дорноговь ийм байдаггүй юм аа” гээд намайг дагуулаад замын ар тал руу чирээд явсан. Тэр хүн надаас нэлээн биерхүү өндөр залуу байсан. Тэгээд намайг модны хажууд аваачаад миний гэдэс рүү цохиж унагаагаад өвдгөөрөө миний өрц, аймхай, гэдэс хэсэгт байн байн цохиод намайг хариу үйлдэл үзүүлэх боломжгүй болгоод байсан. Тэгснээ гэнэт миний баруун хөлийн шагай руу өшиглөөд гэмтээчихсэн. Бас толгой руу нэлээн хэд цохиод байсан болохоор би манаралттай болчихсон байсан. Тэгснээ зүүн хөлийн хуруунууд руу дэвсчихсэн... Тэгснээ сүүл рүүгээ “Мөнгө өг” гэж дарамтлаад элдэв янзаар хэлээд миний гэдэс рүү өвдөглөөд байсан... Тэгээд намайг зодож дуусаад миний гар утсыг аваад нөгөө утсаар ярьж байсан эмэгтэйтэйгээ яриад “Би одоо ганцаараа байрны чинь гадаа очлоо шүү” гээд алхаад яваад өгсөн. Миний гар утсанд ... гэсэн дугаар байсан...Тухайн үед миний халаасанд хоолны 50.000 төгрөг, хүзүүнд мөнгөн гинж байсан боловч тэр залуу зодож байхад алга болчихсон байсан. Яг тэр залуу авсан эсэхийг нь бол мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-22-рт/,
Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин мэдүүлсэн:
Тухайн үед И.Б нь миний өмдний халааснаас гараа хийж халаасанд байсан 50.000 төгрөгийг авсан эсэхийг би санахгүй байна. Тэр үед би түүнд цохиулаад газар унаад, манарсан байсан. Тухайн үед баруун гараараа миний өмдний халаасыг тэмтрээд байсныг санаж байна. Тэгэхдээ л миний халааснаас хоолны 50.000 төгрөгийг авсан байх гэж бодож байна, мөн миний хүзүүнд байсан мөнгөн соёотой, мөнгөн гинжийг авсан байх гэж бодож байна...Б.Б гэх залуу боогоод чирж байхад тасраад хаягдсан байх эсхүл тэр хүнд тайлж авсан байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх 23-рт/,
Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин мэдүүлсэн: “...Б-нд ямар нэгэн гомдол санал байхгүй, надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 73-74-рт/,
Гэрч А.Г-ийн“...Миний утас руу 2023 оны 06 дугаар сарын 06-ны шөнийн 02 цагийн орчимд танил Б гэх хүн миний мэдэхгүй ... дугаарын утаснаас холбогдоод “Цүнхээ авъя. Цүнх гаргаад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд манай гэрт ирээд цүнхээ аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27-рт/,
Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ... дугаартай шинжээчийн “...Б.Б-ын биед баруун нүдний доод зовхи, хүзүүний цус хуралт, нурууны зулгаралт, баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь ... Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 6-рт /,
Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ТХҮ-923/6986 дугаартай шинжээчийн “...нийт үнэ...470.000” гэсэн дүгнэлт /хх-ийн 11-14-рт/,
Хохирогч Б.Б-ын ... дугаарын холболтын лавлагаа /хх-ийн 38-рт/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 65-рт/,
Гар утасны баталгааны хуудас /хх 36-рт/
Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх 02-рт/
Хохирогч Б.Б-ын хүсэлт /хх-ийн 82-рт/,
Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 67-рт/,
Мал, тэжээвэр амьтад, хашаа худгын тооллогын баримт/хх-ийн 68-69-рт/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч И.Б нь 2023 оны 06 дугаар сарын 05-наас 06-ны шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Залуус хорооллын гадна, Б.Б-ын өмчлөлийн АЙ фоне 6 маркийн гар утас, мөнгөн гинжийг илээр, цохиж, өвдөглөн хүч хэрэглэн довтлон авч 470,000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд ирүүлсэн.
Шүүх хэрэгт цугларсан яллах, өмгөөлөгч талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлыг дүгнэн шалгаж, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн нөхцөл байдал дараах байдлаар тогтоогдож байна. Үүнд:
Прокуророос шүүгдэгч И.Б-ыг хохирогч Б.Б-ын өмчлөлийн АЙ фоне 6 маркийн гар утас, мөнгөн гинжийг илээр, цохиж, өвдөглөн хүч хэрэглэн довтлон авч 470,000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Гэвч хохирогч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед миний халаасанд хоолны 50.000 төгрөг, хүзүүнд мөнгөн гинж байсан боловч тэр залуу зодож байхад алга болчихсон байсан. Яг тэр залуу авсан эсэхийг нь бол мэдэхгүй байна гэж, дахин мэдүүлсэн мэдүүлэгтээ: “...Тэгэхдээ л миний халааснаас хоолны 50.000 төгрөгийг авсан байх гэж бодож байна, мөн миний хүзүүнд байсан мөнгөн соёотой, мөнгөн гинжийг авсан байх гэж бодож байна...Б.Б гэх залуу боогоод чирж байхад тасраад хаягдсан байх эсхүл тэр хүн тайлж авсан байх гэж бодож байна...” гэж тус тус мэдүүлсэн бөгөөд тухайн мөнгөн гинжийг шүүгдэгч И.Б-ыг авсан талаар шууд заан мэдүүлээгүй, таамаглал дэвшүүлж, өөрийн бодлоо илэрхийлж мэдүүлсэн байх бөгөөд хэрэгт авагдсан өөр бусад нотлох баримтаар хохирогч Б.Б-ын хүзүүнд байсан мөнгөн гинжийг шүүгдэгч И.Б нь илээр, хууль бусаар, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтлон авсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Тийм учраас шүүгдэгч И.Б нь 2023 оны 06 дугаар сарын 05-наас 06-ны шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Залуус хорооллын гадна, Б.Б-ын өмчлөлийн АЙ фоне 6 маркийн гар утас авч хохирогчид 90,000 /ерэн мянган/[1] төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэх нь зүйтэй байна.
Хэргийн зүйлчлэлийн тухайд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно...” гэж хуульчилсан бөгөөд шүүх хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн Дорноговь аймгийн Прокурорын газраас И.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ирүүлснийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Учир нь:
Шүүхээс шүүгдэгч И.Б нь 2023 оны 06 дугаар сарын 05-наас 06-ны шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Залуус хорооллын гадна, Б.Б-ын өмчлөлийн АЙ фоне 6 маркийн гар утас авч хохирогчид 90,000 /ерэн мянган/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд хохирогч Б.Б-ын эзэмшлийн гар утсыг авахдаа илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан байна гэж дүгнэлээ.
Монгол Улсын Үндсэн хуульд “...төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална...” гэж заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх” гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авсан, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа буюу хохирогчоос зугтан холдох нөхцөл бүрдэнгүүт зайлсхийсэн шинжтэй үйлдэл хийсний хамааруулдаг бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн” гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг хууль бусаар анх авахдаа саад болж байгаа аливаа этгээд (өмчлөгч буюу эзэмшигч, итгэмжлэгдэн хариуцсан болон хамгаалах үүрэг бүхий этгээд гэх мэт) рүү амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон аливаа идэвхтэй үйлдлийг ойлгодог бөгөөд хоорондоо дээр дурдсан гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, хийсэн үйлдлээрээ ялгагдан зүйлчлэгдэнэ.
Шүүгдэгч И.Б нь 2023 оны 06 дугаар сарын 05-наас 06-ны шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Залуус хорооллын гадна явахдаа хохирогч Б.Б-ын өмчлөлийн АЙ фоне 6 маркийн гар утсыг утсаар ярих зорилгоор авч утсаар ярьсан бөгөөд улмаар хохирогчийн гар утсыг хэрэглэж дууссан атлаа түүнд буцааж өгөлгүйгээр тэр даруйдаа явсан үйл баримт тогтоогдсон байх бөгөөд Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар гар утсыг авч хохирогчид буцааж өгөлгүй явах үйлдэл хийснээрээ уг гэмт хэрэг нь төгссөн байна.
Харин гэмт хэрэг төгссөний дараа хохирогчтой маргалдаж, түүний бие махбодид баруун нүдний доод зовхи, хүзүүний цус хуралт, нурууны зулгаралт, баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтлүүдийг учруулсан байгаа ч энэ нь Хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан өөр төрлийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл бөгөөд хохирогчид гэмтлийн зэрэг тогтоогдоогүй нь бусдын эд хөрөнгийг Дээрэмдэх зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэж үзэх боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэх” гэмт хэргийн хувьд анхнаасаа бусдын эд хөрөнгийг авах зорилго, сэдэлттэйгээр хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн идэвхтэй үйлдэл байх бөгөөд халдлага үйлдэгчийн довтолгооны үр дагаварт хохирогчийн амь бие, эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулахуйц, эсвэл учруулсан аюултай үйлдэл хийсэн байхыг шаарддаг болно.
Харин шүүгдэгч И.Б нь хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр Дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн буюу хохирогчийн Ай Фоне 6 маркийн гар утсыг анхнаасаа илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авч, утсаар ярьж дууссаныхаа дараа тэр даруйдаа явах үйлдлийг хийсэн байх бөгөөд гэмт хэрэг төгссөний дараа хоорондоо харилцан маргалдаж, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт
Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ТХҮ-923/6986 дугаартай шинжээчийн “...нийт үнэ...90.000” гэсэн дүгнэлт /хх-ийн 11-14-рт/,
Гар утасны баталгааны хуудас/хх 36-рт/
Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх 2-рт/ зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч И.Б нь өөрийн гэсэн мал хөрөнгөтэй, орлоготой болох нь Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогын баримт /хх-ийн 68-69-рт/-аар тогтоогдож байх бөгөөд түүнд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авах шаардлага байгаагүй болох нь харагдаж байна.
Ингэснээр дээр дурдсан нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч И.Б нь 2023 оны 06 дугаар сарын 05-наас 06-ны шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Залуус хорооллын гадна, Б.Б-ын өмчлөлийн АЙ фоне 6 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирогчид 90,000 /ерэн мянган/ төгрөгийн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан прокурорын газраас түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч И.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч Дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна гэж үзэж үнэлсэн бөгөөд уг нотлох баримтуудыг хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаар тооцуулахгүй байх санал талуудаас гаргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг нь “ ...И.Б-д холбогдох хэрэг нь “Залилах” гэмт хэрэг тул хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү...” гэсэн агуулга бүхий хүсэлтийг гаргасан бөгөөд шүүхээс уг хүсэлт нь үндэслэлгүй тул хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болно. Учир нь:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь өөр хоорондоо гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, үйлдэл болон бусад байдлаар ялгагдан зүйлчлэгддэг бөгөөд шүүх хэргийн нөхцөл байдалд дүн шинжилгээг нягт нямбай хийж үзсэний үндсэн дээр бусад гэмт хэргээс ялган зүйлчилдэг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинж нь “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан байхыг шаарддаг бөгөөд шүүгдэгч И.Б-ы үйлдсэн гэмт хэрэгт бусдыг хуурах, зохиомол байдлыг зориуд бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах болон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан гэх нөхцөл байдал огт тогтоогдоогүй бөгөөд өмгөөлөгчийн гаргасан хүсэлт нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байх тул уг хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч 90,000 /ерэн мянган/ төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид гар утсыг биет байдлаар авч өгсөн/хх 36-рт/, хохиролд 3.500.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хохирогчийн хүсэлт/хх 82-рт/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч И.Б нь уг хэргийг согтуугаар үйлдсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд шүүгдэгч И.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял, шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй бөгөөд хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч И.Б-ы хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдал, прокурорын дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч И.Б-ыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, уг ялын хязгаарыг Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дэвсгэрээс яаралтай эмнэлгийн тусламж авахаас бусад хэлбэрээр зорчихгүй байхаар тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Мөн шүүгдэгч И.Б нь өмнө нь Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 2023/ШЦТ/117 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ДШМ/24 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн бөгөөд уг тогтох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно...” гэж заасан бөгөөд шүүх өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгээгүй нь уг тогтоолуудыг тусад нь эдлүүлнэ гэсэн ойлголт бөгөөд үүнийг заавал шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дурдах шаардлагагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч И.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч И.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан Дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б-д 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б-д оногдуулсан Зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дэвсгэрээс яаралтай эмнэлгийн тусламж авахаас бусад хэлбэрээр зорчихгүй байхаар тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч И.Бд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавих үүргийг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл хохирогч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгааг гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР
[1] Хас үнэлгээ ХХК-ний үнэлгээ хх 12-рт