| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 167/2023/0186/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/189 |
| Огноо | 2023-11-17 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэндулам |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/189
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэрэндулам,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо,
Шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Нд холбогдох эрүүгийн ...... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ...
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Д.Н нь 2023 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01ний өдөр шилжих шөнө Дорноговь аймгийн ... тоотод орших Ө.А-ын гэрээс сүүжин алтан ээмэг 1 хос, алтан бөгж 2 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, гаанс 1 ширхэг, гаансны соруул 1 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос, мөнгөн бөгж 1 ширхэг зэргийг хулгайлан авч нийт 3.305.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар хэргийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Д.Н нь 2023 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01ний өдөр шилжих шөнө Дорноговь аймгийн ... тоотод орших Ө.А-ын гэрээс сүүжин алтан ээмэг 1 хос, алтан бөгж 2 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, гаанс 1 ширхэг, гаансны соруул 1 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос, мөнгөн бөгж 1 ширхэг зэргийг хулгайлан авч нийт 3.305.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн үйл баримт тогтоогдлоо.
Тус үйл баримт нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Д.Н нь гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Д.Н шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Хийсэн үйлдлийг үнэн зөв бичсэн учраас л өгөхгүй гэсэн. Тухайн үед 10 гаруй хоног үргэлжилж архи уусан. Болсон үйл явдлаа сайн санахгүй байгаа. Танктай овоон дээр байснаа санаж байна. Хос алтан ээмэг, алтан бөгж 1 ширхэг, мөнгөн бугуйвч 2 ширхэг, гаанс 1 ширхэг, гаансны соруул 1 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, мөнгөн хос ээмэг 1 ширхэг зэргийг авсан. Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрийг төлнө...” гэсэн мэдүүлэг,
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-4 ху/,
-Хохирогч Ө.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “..Би 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу ажил руугаа явсан. 2023 оны 10 дугаар сарын 01-ний өглөө манай хүү М гэр лүү орж хувцас авах гэж байгаад цоож нь онгорхой байхаар нь гэрийн цоож эвдэрсэн байна гэж над руу утсаар ярьсан. Тэгэхээр нь би хүүхдээ авдар дотор байгаа долоон мөнгөн аяга байна уу үз дээ гэтэл байна гэж хэлсэн, ээмэг, бөгж байна уу үз дээ гэсэн чинь байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Манай гэрээс авдарт байсан сүүжин алтан ээмэг 1 хос, алтан бөгж 2 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, гаанс 1 ширхэг, гаансны соруул 1 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос, мөнгөн бөгж 1 ширхэг тус тус алдагдсан байна... Хоёр алтан бөгж байсан. Манай хадам ээж Т.Э нь хоёр байсан талаар мэдэж байгаа. Тухайн хулгай орсноос хойш би гэрийн эд зүйл бас бүх л газар хайж үзсэн, байхгүй байсан. Би одоо хүлээж аваагүй байгаа нэг ширхэг алтан бөгж болон мөнгөн бугуйвчийн хохирлыг төлүүлж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7, 70 ху/,
Гэрч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 12 цаг 30 минутын орчимд манай төрсөн ах болох Г-ын эхнэр над руу залган манай гэрт хулгай орон, авдарт байсан ээжийн ээмэг, бөгж алга болсон байна, цагдаа дуудсан чинь том хүн хэрэгтэй гэнээ манай гэрт цагдаа очиход хүү М нь байгаа гэж хэлэхээр нь ахын гэрт очсон чинь алтан ээмэг 1 хос, алтан бөгж 2 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг алга болсон гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 ху/,
Гэрч Т.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ө.А нь миний том хүү Г-ын эхнэр. Гэрлээд 17 жил хамт амьдарч байгаа. Би энэ хүүхдийн талаар сайн мэднэ. Миний бэр тэгж худал хэлэх хүн биш, зан төлөв сайтай харилцаа сайн, үнэн зөв ярьж явдаг хүн. Миний бэр Ө.А-д хэдэн жилийн өмнөөс 2 алтан бөгжтэй байсан. Тэрнээс хойш ч гэсэн хоёр алтан бөгж гэрт нь байдаг байсан. Ө.А хоёр алтан бөгжөө авдар дотроо хайрцагт хийчихдэг байсан. Манай бэр хөдөө ажил хийдэг болохоороо хаячихна гээд гэртээ үлдээдэг, бусдаар аймагт байхдаа бол зүүж явдаг. Би 2023 оны 8 дугаар сарын 20-ны хүүгийнхээ гэрт очиход бэр Азжаргал нь хоёр алтан бөгжөө авдар дотроо хийж байхад нь харсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 ху/,
Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн Нохой Хөтлөгч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ц.Б, эрүүгийн цагдаагийн тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч О.А нарын 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн илтгэх хуудаснууд /хх-ийн 12-13 ху/,
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 18 ху/,
Эд мөрийн баримтын баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 19 ху/,
Хөрөнгө даатгалын хохирлын Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 023/7928 дугаартай үнэлгээ /хх-ийн 25-27 ху/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 41-42 ху/,
Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 59 ху/,
Дорноговь аймгийн Сум дундын нэгдүгээр шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 60-65 ху /,
Иргэний нэхэмжлэгч С.-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сайншанд сумын 1 дүгээр баг ... тоот ажлын өрөөндөө сууж байсан. 12 цаг өнгөрч байх үед нэг залуу орж ирсэн. Тэр залуу надаас эхлээд мөнгөн бугуйвч авах уу? Гэж асуухаар нь би авахгүй гэж хэлсэн чинь гараад явсан. Удалгүй буцаж орж ирээд алтан бөгж алтан сүүжин ээмэг гаргаж ирээд авах уу гэж надаас асуусан. Тэгээд би тухайн бөгж, ээмэг хоёрыг грамлаж үзэхэд 4.4 грамм болж байсан. Тухайн ээмэг, бөгж хоёрыг би 500.000 төгрөгөөр авъя гэхэд тэр залуу зөвшөөрсөн....би тухайн эрэгтэйгээс хэнийхээ бөгж болох талаар асуусан чинь надад манай эхнэрийн ээмэг бөгж гэж хэлсэн. Надад сэжигтэй санагдахаар нь би тэр залуугийн зургийг өөрийн гар утсаараа дарж авсан. ...би 500.000 төгрөгөө олж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68 ху/,
Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 71-72 ху/,
Эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 73-74 ху/,
Хохирогч Ө.А-ын Дорноговь аймгийн Цагдаагийн газарт хандан гаргасан өргөдөл /хх-ийн 80-81 ху/,
Шүүгдэгч Д.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр мэдүүлсэн: “...тэгээд би энд таньж мэдэх хүнгүй болоод хонох газар хайж явж байсан. Нэг сэрсэн чинь танихгүй айлд ганцаараа сэрсэн. Тэгээд надад мөнгө байхгүй байсан болохоор тухайн айлаас авч болохоор юм юу байна гэж харсан. Тэгтэл хойморт нь нэг авдар байсан. Тухайн авдрыг онгойлгож үзтэл жижиг хайрцаг дотор шаргал өнгөтэй ээмэг 1 хос, шаргал өнгөтэй бөгж 1 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос, мөнгөн бугуйвч 1 ширхэг, гаанс 1 ширхэг байхаар нь би аваад тэр айлаас гарч явсан. Авсан юмаа мөнгө болгох санаатай ломбард орсон чинь намайг согтуу байсан болохоор надад үйлчлээгүй. Тэгэхээр нь Шинэ зуун худалдааны төвийн доор байрлах алт мөнгөний дархан ороод шаргал өнгийн бөгж 1 ширхэг, ээмэг 1 хосыг зарсан. Бөгжийг нь 500.000 төгрөг, ээмгийг нь 180.000 төгрөгөөр зарсан. Тэгээд нэрийг нь мэдэхгүй нэг буудалд орж өрөө аваад 1 литрийн хэмжээтэй Эдэн архи авч ганцаараа уусан. Мөнгөн бугуйвчийг нь би гартаа зүүж явж байгаад хаана хаяснаа сайн санахгүй байгаа. Алга болгочихсон байсан. ...Ээмэг, бөгж зарсан мөнгө одоо байхгүй, буудал, архи, ус ундаа аваад дууссан. Бас тухайн мөнгөнөөс намын хороонд байх утасны лангуунаас Самсунг А8 маркийн гар утас 300.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Монгол Улсын Үндсэн хуулиар “...төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална...”, “...хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй”, “орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална...” гэж хүний тулгуур эрхийг баталгаажуулсан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн Арван долдугаар бүлэгт тодорхойлсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох зорилго сэдэлтэйгээр өмчлөгч, эзэмшигчид хүч хэрэглэхгүйгээр, мэдэгдэхгүйгээр, хууль бусаар, нууц далд аргаар авч өөрийн эзэмшилд авч захиран зарцуулах эрх олж авахыг хэлнэ.
Хүний орон байрны халдашгүй байдалд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цоож цуургыг сугалах байдлаар орж эд зүйл хулгайлсан тохиолдолд хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.
Шүүгдэгч Д.Н-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд шүүгдэгч Д.Н нь уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон Дорноговь аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.Н-ыг 2023 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-ний өдөр шилжих шөнө Дорноговь аймгийн ... тоотод орших Ө.А-ын гэрээс сүүжин алтан ээмэг 1 хос, алтан бөгж 2 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, гаанс 1 ширхэг, гаансны соруул 1 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос, мөнгөн бөгж 1 ширхэг зэргийг хулгайлан авч нийт 3.305.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Хохирол төлбөрийн тухайд:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ө.А-д 3.305.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд 1.305.000 төгрөгийн эд зүйлийг биет байдлаар буцаан хүлээлгэн өгсөн, үлдэх 1.350.000 төгрөгөөс 100.000 төгрөгийн үнэлгээний хөлс төлсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул уг хохирлыг хэлэлцэхгүй орхиж, үлдсэн 1.250.000 төгрөгийг шүүгдэгч Д.Н-аас гаргуулан хохирогч Ө.Ад, мөн шүүгдэгчээс 500.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч С.О-д тус тус олгох нь зүйтэй байна гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч Д.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Д.Н-д оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Улсын яллагчийн зүгээс “...2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, цагдан хоригдсон 43 хоногийг эдлэх ялд оруулан тооцох...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн Т.Урангоо нь “...2 жилийн хорих ял дээр санал нэг байна...” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгоно гэснийг баримтлан шийдвэрлэлээ.
Иймд үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ойлгуулж ухамсарлуулах болон улсын яллагч, өмгөөлөгчийн санал, дүгнэлт зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Д.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй байх бөгөөд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ЦХШЗ/96 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хоригдсон бөгөөд шүүгдэгчийн шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 43 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох үндэслэлтэй.
Бусад асуудлаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тунгалаг өнгийн кэйстэй, цагаан өнгийн Самсунг А-8 маркийн гар утас, Туре С оролттой цагаан өнгийн цэнэглэгч зэргийг худалдан борлуулж, хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 5 ширхэг, 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 13 ширхгийг улсын орлогод оруулж, Юнителийн сим карт, картын үүр, цагаан асаагуур 1 ширхэг, хайрцаг дээрээс Caster гэсэн бичиглэлтэй 10 ширхэгтэй тамхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Н-ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжилсэн 1.350.000 төгрөгөөс 100.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгчээс 1.250.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ө.А-д, 500.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч С.О-д тус тус олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тунгалаг өнгийн кэйстэй, цагаан өнгийн Самсунг А-8 маркийн гар утас, Туре С оролттой цагаан өнгийн цэнэглэгч зэргийг худалдан борлуулж, хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 5 ширхэг, 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 13 ширхгийг улсын орлогод оруулж, Юнителийн сим карт, картын үүр, цагаан асаагуур 1 ширхэг, хайрцаг дээрээс Caster гэсэн бичиглэлтэй 10 ширхэгтэй тамхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл хохирогч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР