| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2020/02695/И |
| Дугаар | 2453 |
| Огноо | 2020-07-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2453
2020 07 06 101/ШШ2020/02453
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 101 дүгээр байр, 1 давхар, “А 101” сууц өмчлөгчдийн холбооны /гэрчилгээний дугаар 265/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 101 дүгээр байр, 347 тоотод оршин суух, Төмөрбаатарын Бд /РД: 0000/ холбогдох
1.010.585 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “А 101” сууц өмчлөгчдийн холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Итгэлт-Эрдэнэ,
Хариуцагч Т.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “А 101“ сууц өмчлөгчдийн холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Итгэлт-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус сууц өмчлөгчдийн холбоонд харьяалагддаг Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 101 дүгээр байрны 4 дүгээр давхрын 347 тоотын оршин суугч Т.Б хуулийн дагуу төлөх ёстой орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой 2017 оны 10, 11, 12 дугаар сар, 2018-2019 он, 2020 оны 1, 2, 3 дугаар сарыг дуустал нийт 30 сарын төлбөр 1.010.585 төгрөгийг төлөхгүй өдий хүрлээ.
Хариуцагч Т.Бгийн орон сууц нь 60 м.кв талбайтай бөгөөд сард 33.744,50 төгрөг төлөх ёстой ба тус холбоо дундын эзэмшлийн талбайн засвар үйлчилгээнд 1 м.кв тутамд 150 төгрөг, лифт ашиглалт 8.000 төгрөг, хог тээвэрлэлт 2.000 төгрөг, харуул 6.000 төгрөг, цэвэрлэгээ, үйлчилгээ 5.000 төгрөг, дундын өмчлөлийн цахилгаан, дулаан 3.500 төгрөгийг тус тус Т.Бгээс авч үйл ажиллагаандаа зарцуулах ёстой.
Оршин суугч Т.Б сууц өмчлөгчдийн холбооны явуулж байгаа бүхий л үйлчилгээг бусад өрхийн хугацаандаа төлсөн төлбөрийн үр дүнд авч бусад оршин суугчаа хохироож байна.
Тэрээр удаан хугацаагаар төлбөрөө төлөхгүй байгаа нь оршин суугч иргэдийн болоод сууц өмчлөгчдийн холбооны үйл ажилллагаанд хохиролтой тул Т.Бгээс 2017 оны 10, 11, 12 дугаар сар, 2018-2019 он дуустал, 2020 оны 1, 2, 3 дугаар сарыг дуустал нийт 30 сарын төлбөр 1.010.585 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Т.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Т.Б би 2016 оны 8 дугаар сараас уг байранд амьдарч байна. Манайх 17 давхар орон сууцны 4 дүгээр давхарт байдаг ба байр маань 60 м.кв талбайтай. 2017 оны 10 дугаар сараас сууц өмчлөгчдийн холбоонд төлөх төлбөрөө төлөөгүй.
2017 оны намар сууц өмчлөгчдийн холбооны хурал дээр Оргоо эгч бусад сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 22.000 төгрөг байхад манайх 33.000 төгрөг байна, хийх ёстой ажлаа хийхгүй байна, холбоог татан буулгая, төлбөрөө битгий төл гэсэн. Тэгсэн дараа нь өөрөө сууц өмчлөгчдийн холбооны дарга болсон байсан.
Тэрнээс хойш би төлбөрөө төлөөгүй бөгөөд өмнө нь төлж байсан. Ноднин сууц өмчлөгчдийн холбооны дарга Ж.Төрхүү өртэй айлуудын өрийг 60 хувь хөнгөлье гэж 3 оршин суугчтай ярьсан байсан.
Хөнгөлөх шийдвэр гарахаар төлье гээд хүлээгээд байсан ба шийдвэр гараагүй, манай сууц өмчлөгчдийн холбоо хийх ёстой ажлаа хийдэггүй, хариуцлагагүй. Миний хувьд сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 600.000 төгрөг төлөх саналтай байна гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “А 101“ сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Т.Бд холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 1.010.585 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
/Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбоотой зардал сард 33.744,50 төгрөг
-2017 оны 10 сарынх 31.994,50 төгрөг
-2017 оны 11, 12 сар,
-2018 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 сар,
-2019 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 сар,
-2020 оны 1, 2, 3 сар, нийт 30 сарын төлбөр/
Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Дамдинсүрэнгийн гудамж, 101 дүгээр байрны оршин суугчдын хурлын тогтоол, материалыг үндэслэн “А 101“ сууц өмчлөгчдийн холбоог 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэн гэрчилгээ олгосон байх ба холбооны төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолын дагуу Б.Байгалмаа тус холбооны гүйцэтгэх захирлаар ажиллах болсон байна.
/ХХ-ийн 4, 5 дугаар тал/
“А 101“ сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2 тоот тогтоолоор дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал сард засвар үйлчилгээг тухайн айлын талбайн хэмжээний 1 м.кв тутамд 150 төгрөг, цахилгаан шат 8.000 төгрөг, цэвэрлэгээ 5.000 төгрөг, харуул 6.000 төгрөг, хог 2.000 төгрөг, дундын өмчлөлийн цахилгаан, дулаан 3.500 төгрөг, граш 12.000 төгрөг байхаар тогтоосон байна.
/ХХ-ийн 6 дугаар тал/
Хариуцагч Т.Б Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 17 давхар бүхий 101 дүгээр байрны 4 дүгээр давхрын 347 тоотын 60 м.кв талбайтай орон сууцанд 2016 оны 8 дугаар сараас амьдарч байгаа бөгөөд сууц өмчлөгчдийн холбоо хийх ёстой ажлаа хийдэггүй, хариуцлагагүй тул 2017 оны 10 дугаар сараас төлбөр төлөөгүй хэмээн тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж заажээ.
Хариуцагч Т.Б нь “А 101” сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар холбогдох албан тушаалтан, байгууллагад хандаж байгаагүй нь түүний тайлбараар тогтоогдсон болно.
Сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй бөгөөд холбоо үйл ажиллагаагаа хуульд заасны дагуу явуулдаггүй гэх асуудлаар өргөдөл, гомдлоо харьяалах газарт нь хандаж шийдвэрлүүлж байгаагүй атлаа хожим буюу дундын өмчлөлийн зүйлийн ашиглалттай холбоотой зардлаа нэхэмжлэхэд дээрхи асуудлаар маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд энэ нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардлаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Хэрэг авагдсан баримт болон талуудын тайлбараас үзэхэд орон сууц өмчлөгч иргэн Т.Б нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1-д заасан эрхүүдээ буюу тухайлбал дундын өмчлөлийн зүйлсийг зориулалтын дагуу ашиглах гэх зэргээр эрхээ хэрэгжүүлж байгаа бөгөөд тухайн иргэн эрхээ эдэлж буй тохиолдолд мөн үүргээ ухамсарлан биелүүлэх учиртай.
“А 101“ сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2 тоот тогтоолоор тогтоосны дагуу оршин суугч Т.Бгийн сард төлөх дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг тооцоход:
-60 м.кв*150 төгрөг=9.000 төгрөг /Засвар, үйлчилгээ/
-цахилгаан шат 8.000 төгрөг, цэвэрлэгээ 5.000 төгрөг, харуул 6.000 төгрөг, хог 2.000 төгрөг, дундын өмчлөлийн цахилгаан, дулаан 3.500 төгрөг, нийт 33.500 төгрөг байна.
Тэрээр граш эзэмшиж, ашигладаггүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон тул уг төлбөрийг гаргуулах үндэслэлгүй.
Нэхэмжлэгч “А 101” сууц өмчлөгчдийн холбоо нь 2017 оны 11, 12 сар, 2018-2019 он, 2020 оны 1-3 саруудын 1 сарын төлбөрт 33.744,50 төгрөг нэхэмжилж байх боловч энэ нь баримтаар тогтоогдоогүй тул тус холбооны төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2 тоот төлбөр тогтоох тухай тогтоолыг үндэслэн төлбөрийг тооцох нь зүйтэй гэж үзэв.
Тус сууц өмчлөгчдийн холбоо 2017 оны 10 сарын төлбөрт 31.994,50 төгрөг нэхэмжилсэн ба 2017 оны 11-12, 2018-2019, 2020 оны 1-3 сар, нийт 29 сар* 33.500 төгрөг, бүгд 1.003.494,5 төгрөгийг хариуцагч Т.Б дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд төлөх үүрэгтэй байна.
Иймд хариуцагч Т.Бгээс 2017 оны 10, 11, 12 сар, 2018 оны 1-12 сар, 2019 оны 1-12 сар, 2020 оны 1-3 сарыг дуустал хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 1.003.494,5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А 101“ сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 7.090 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар хариуцагч Т.Бгээс 1.003.494,5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А 101“ сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 7.090,5 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28.805 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Бгээс 28.633 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А 101“ сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН