| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 167/2023/0189/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/190 |
| Огноо | 2023-11-20 |
| Зүйл хэсэг | 22.5.1., |
| Улсын яллагч | С.Батмөнх-Очир |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул,
Улсын яллагчаар аймгийн орлогч прокурор С.Батмөнх-Очир,
Орчуулагч Э.Гансүх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин,
Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ш.В.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.В.Д-д холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ш.В.Д нь Дорноговь аймгийн ... гэх газарт орших 2617.58 гектар бүхий ашигт малтмал ашиглах ... дугаарын тусгай зөвшөөрлийн талбайд нүүрс олборлох үйл ажиллагаа явуулсан нэр бүхий БНХАУ-н 11 иргэний визний ангилал зөрчиж хөдөлмөр эрхэлсэн зөрчлийг дарагдуулах буюу бусдад давуу байдал бий болгох зорилгоор 2023 оны 09 дүгээр 30-ны өдөр хяналт шалгалтаар ирсэн Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч М.У, Тагнуулын ерөнхий газрын Дорноговь аймаг дахь хэлтсийн ажилтан Г.Б нарын гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ш.В.Д нь Дорноговь аймгийн ... гэх газарт орших 2617.58 гектар бүхий ашигт малтмал ашиглах ... дугаарын тусгай зөвшөөрлийн талбайд нүүрс олборлох үйл ажиллагаа явуулсан нэр бүхий БНХАУ-н 11 иргэний визний ангилал зөрчиж хөдөлмөр эрхэлсэн зөрчлийг дарагдуулах буюу бусдад давуу байдал бий болгох зорилгоор 2023 оны 09 дүгээр 30-ны өдөр хяналт шалгалтаар ирсэн Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч М.У, Тагнуулын ерөнхий газрын Дорноговь аймаг дахь хэлтсийн ажилтан Г.Б нарын гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч М.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...ЦЕГ-н Экологийн цагдаагийн албанаас жил бүр зохион байгуулдаг "Бодис-2023" нэгдсэн арга хэмжээ явагддаг, уг нэгдсэн арга хэмжээний хүрээнд Цагдаагийн газрын даргын баталсан удирдамж төлөвлөгөөний дагуу аймгийн хэмжээнд уул уурхай чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалт хийж гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх зорилготой юм, энэ хүрээнд 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Т" ХХК-ийн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл бүхий талбайд гэнэтийн хяналтын шалгалт хийхэд уурхайн талбайд үйл ажиллагаа явуулж буй экскаваторын операторууд нь БНХАУ-н иргэд байсан бөгөөд бичиг баримт нь биедээ байгаагүй, тухайн БНХАУ-н иргэдийн бичиг баримтыг асууж тодруулахад кемп дээр байгаа гэсний дагуу кемп дээр нь очиход тухайн кемпийн дарга гэх Ш.В.Д-н өрөөнд уулзаж өөрсдийгөө танилцуулж хяналт шалгалт хийх зорилго, үндэслэлийг тайлбарлаж уурхайн талбайд ажиллаж байгаа БНХАУ-н иргэдийн бичиг баримт буюу гадаад паспортыг шалгана, гаргах өгөхийг шаардсан. тэгэхэд ажилчдынхаа гадаад паспортыг гаргаж ирсэн. паспортыг үзэхэд К2 ангиллын буюу жуулчны визний ангилалтай байсан тул хөдөлмөр эрхэлж болохгүй, ямар шалтгаанаар хөдөлмөр эрхэлж байгааг нь асуусан тухайн өрөөнд би болон асуудал хариуцсан эрүүгийн мөрдөгч, цагдаагийн хошууч А.У, аймгийн Тагнуулын хэлтсийн ажилтан Г.Б, мөн Ш.В.Д орчуулагчийн хамт байсан, энэ үед А.У утсаар ярихаар гарсан, араас нь мөн Ш.В.Д-н орчуулагч Н гарсан. өрөөнд Тагнуулын хэлтсийн ажилтан Г.Б, Ш.В.Д бид 3 үлдсэн, тэгсэн Ш.В.Д ширээнийхээ доороос 2 дугтуйдаа зүйл гаргаж ирээд Г.Б бид 2-т нэг нэгээр нь май гээд өгсөн бид 2 мөнгө байж болзошгүй гээд аваагүй, тэгсэн ширээнийхээ доошоо хийсэн, тэр үед гаднаас орчуулагч Н гэх эмэгтэй нь орж ирсэн. Ш.В.Д орчуулагчаараа дамжуулан "Мөнгө өгсөн ямар нэгэн зорилго байгаагүй" гэж хэлсэн, Г.Б дугтуйтай мөнгийг гаргаж ирэхийг шаардаж гаргаад задлахад дотор нь мөнгө байсан, дугтуй тус бурд 500,000 төгрөг байсан бөгөөд гаднаас эрүүгийн мөрдөгч А.У орж ирэхэд хэлж хахууль өгөхийг завдлаа гэж үзэн хойшлуулшгүй ажиллагаа явуулж мөнгийг хураан авсан. Ш.В.Д бид нарыг уурхайн талбай дээр нь очоод БНХАУ-н иргэдийн ажиллаж байгаа байдлыг нь бэхжүүлснийг мэдэж байсан, уурхай дээр станцаар холбогддог юм байна лээ, тэгээд бид нар очоод уурхайн талбайд ажиллаж байгаа БНХАУ-н иргэдийн гадаад паспортыг шаардахад өрөө өрөөнөөс авчруулсан, ингээд гадаад паспортуудыг үзээд К2 буюу жуулчны виз байна, хөдөлмөр эрхэлж болохгүй гэдгийг хэлсний дараа Г.Б бид 2-т дугтуйтай мөнгийг гаргаж өгсөн бид 2 аваагүй ээ. Ш.В.Д нь мөнгийг гаргаж ирээд өгөхийг завдсан шалтгаан нь тухайн БНХАУ-н иргэдийн визний зөрчлийг илрүүлсэн болохоор үүнийг аргалуулах гэж буюу Г.Б бид 2-н хяналт шалгалт хийх албан үүрэг, албан тушаалын байдалтай холбогдуулан өгөх гээд байгаа юм байна гэж шууд ойлгосон, тийм учраас бид 2 тухайн мөнгийг аваагүй юмаа...” гэх мэдүүлэг / 4 дүгээр хх 23-24-рт/,
-Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Г.Б-ын “...Тагнуулын ерөнхий газрын Дорноговь аймаг дахь хэлтсийн ажилтан/.......Уурхайн дарга гэж танилцуулсан Ш.В.Д гэх хүн шалгалтын хэсгийг хүлээн авч уулзаад бидний шаардсан бичиг баримтыг бэлдүүлэхээр орчуулагч гэх эмэгтэйг өрөөнөөс гаргасан, гэтэл Ш.В.Д гэх хүн ширээн доороосоо 2 ширхэг дугтуйтай зүйл авч бид 2-т нэг нэгээр өгөх гэхэд нь авахгүй гэж дохио зангаагаар хэлэхэд бид 2-н хажууд тавиад суудалдаа суусан, Тэгээд дугтуйтай зүйлийг бид нар авахгүй гээд өгсөн" гэх мэдүүлэг/ 5 дугаар хх-ийн 134 ху/, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч П.Г-ын “...Дорноговь аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 36-1/2771 дугаартай албан бичгээр “Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дэвсгэрт нүүрс олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-н хөрөнгө оруулалттай “С” ХХК-д нэр бүхий БНХАУ-н иргэд визний ангилал зөрчиж, хөдөлмөр эрхэлсэн" гэх мэдээллийг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан.Гадаад иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 192 дугаартай тогтоолоор батлагдсан "Монгол Улсын виз олгох" журмын 2 дугаар зүйлийн 2.9.2-д “К2” ангиллын визийг жуулчлах зорилгоор ирэх гадаадын иргэнд олгодог юм, цагдаагийн газраас ирүүлсэн мэдээлэлд дурдсан 12 иргэнээс 11 иргэн нь “К2” ангиллын виз буюу 30 хоногийн хугацаатай жуулчлах зорилготой виз олгогдсон байхад Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дэвсгэрт байрлах “Т” ХХК-ийн талбайд гүйцэтгэгчээр ажиллаж буй "П" ХХК, "С" ХХК-иуд нь зөвшөөрөлгүйгээр дээрх БНХАУ-н иргэдийг ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулж байгааг тогтоосон, өөрөөр хэлбэл тухайн иргэд нь экскаваторын оператор, аж ахуйн нярав гэх мэт ажлыг гүйцэтгэж байсан, мөн дээрх 11 иргэнээс мэдүүлэг авсан бөгөөд өөрсдөө энэ тухайгаа хүлээж мэдүүлэг өгсөн тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулж Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар 100 нэгж буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэх ногдуулсныг төлж барагдуулсан, мөн тухайн БНХАУ-н 11 иргэнийг Монгол Улсын нутаг дэвсгэрээс албадан гаргах тухай улсын байцаагчийн 12/004-12 дугаартай дүгнэлтийг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр үйлдэж Гадаадын иргэн, харьяатын газрын Зөрчил шалган шийдвэрлэх газар луу хүргүүлсэн, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзвэл тушаал гарч тухайн иргэдийг Монгол Улсын нутаг дэвсгэрээс албадан гаргах юм. “Т” ХХК нь Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дэвсгэрт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй юм байна лээ, уг компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд “С” ХХК нь гэрээгээр олборлолтын үйл ажиллагааг явуулдаг бөгөөд “С” ХХК нь уг үйл ажиллагааг явуулахдаа мөн “П” ХХК, “С” ХХК-иудыг туслан гүйцэтгэгчээр ажиллуулахаар гэрээ байгуулсан юм байна лээ, ингээд дээрх БНХАУ-н 11 иргэний 10 нь “П" ХХК, "С" ХХК-ийн ажилчид байсан, Ш.В.Д нь СЗ ангиллын визтэй геологи, уул уурхай, газрын тос, эрчим хүчний салбарт ажиллах ангилалтай байсан. "С" ХХК-ийн ажилтан гэх анкеттай байсан." гэх мэдүүлэг / 4 дүгээр хх-ийн 39-41 ху/, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Н.-н “...-Т” ХХК-ийн Дорноговь аймгийн салбарын захирал/ “Т” ХХК нь 2016 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 5 хувьцаа эзэмшигчтэй, миний бие зөвхөн Дорноговь аймгийн салбарыг хариуцсан захирлаар ажиллаж байгаа бөгөөд тус компани нь Дорноговь аймгийн Мандах сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах "Довцог худаг" гэх газарт орших 2617.58 гектар бүхий талбайд ашигт малтмал ашиглах ... дугаарын тусгай зөвшөөрлийн хүрээнд нүүрс олборлох үйл ажиллагааг 2022 оны 10 дугаар сараас одоог хүртэл явуулж байна. “С” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай манай тусгай зөвшөөрөл бүхий талбайн 2-р амны хөрс хуулалт, нүүрс олборлолтын үйл ажиллагааг явуулахаар буюу туслан гүйцэтгэгчээр ажиллахаар 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулж 2023 оны 04 дүгээр сард үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Ш.В.Д нь уурхайг ерөнхийдөө хариуцаж буй “С” ХХК-ийн ерөнхий инженерээр ажилладаг, уурхай дээрх үйл ажиллагаанд өдөр тутмын хяналтыг тавьж ажилладаг. “С” ХХК нь “П” ХХК, “С” ХХК-иудыг туслан гүйцэтгэгчээрээ ажиллуулдаг юм байна лээ, манай компанитай гэрээ байгуулсан юм уу ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй, “С” ХХК нь тухайн 2 хуулийн этгээдийг уурхайн талбайд уйл ажиллагаа явуулахдаа туслан гүйцэтгэгчээр ажиллуулдаг юм байна лээ. 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр сошиал мэдээллийн сайтуудаар Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дэвсгэрт нүүрс олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Т” компанийн туслан гүйцэтгэгчээр ажилладаг хятад компанийн ажилчид төрийн тусгай албан хаагчдад хахууль өгөхийг завдсан гэх асуудал нийтлэгдсэн, ингээд компани руу залгаж тодруултал үнэн байсан, би гайхаад тухайн хятад ажилчдыг төрийн тусгай 2-3 албан хаагчид ирсэн байхад өөдөөс нь мөнгө бариад зогсож байдаг тийм мэдрэмжгүй, бүдүүлэг, хууль журам зөрчсөн асуудал байж болохгүй ш дээ гэдэг зүйлийг хэлсэн, мөн орчуулагч руу залгаад чи одоо тэнэг юм уу гэтэл би 00 орсон байхад ийм зүйл болсон байна лээ гэж хэлсэн тэгсэн Ш.В.Д гэх БНХАУ-н иргэн нь “манай еэвэнгийн сар баяр болж байсан болохоор тэгсэн юм” гэдэг тайлбарыг хэлж байсан, үүндээ маш их гэмшиж байгаа, өөрийнхөө бурууг хүлээнэ гэсэн...” гэх мэдүүлэг /4 дүгээр хх 167-169-рт/,
-Хойшлуулшгүй ажиллагааны явцад хураан авсан 2 дугтуй бүхий 1.000.000 төгрөг,
-“П “ ХХК, “С” ХХК, “Т” ХХК, “С” ХХК-ийн хувийн хэрэг /4 дүгээр хх 171-рт, 5-р хх 27-рт/,
-БНХАУ-ийн нэр бүхий 11 иргэний визний ангилал зөрчиж хөдөлмөр эрхэлсэн асуудал зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан талаарх зөрчлийн материал,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /5 дугаар хх 28-рт/,
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.В.Ды өгсөн “...Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын сонсгосон ял албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заагдсан Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийтийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг хор уршиг учруулдгаараа нийгмийн аюул ихтэй гэмт хэргүүд байдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэргийн хувьд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ш.В.Д нь Дорноговь аймгийн ... гэх газарт орших 2617.58 гектар бүхий ашигт малтмал ашиглах ... дугаарын тусгай зөвшөөрлийн талбайд нүүрс олборлох үйл ажиллагаа явуулсан нэр бүхий БНХАУ-н 11 иргэний визний ангилал зөрчиж хөдөлмөр эрхэлсэн зөрчлийг дарагдуулах буюу өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор 2023 оны 09 дүгээр 30-ны өдөр хяналт шалгалтаар ирсэн Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч М.У, Тагнуулын ерөнхий газрын Дорноговь аймаг дахь хэлтсийн ажилтан Г.Б нарын гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан тус бүрт нь 500.000 төгрөгийн дугтуйлсан нийт 1.000.000 төгрөгийг өгсөн үйлдлээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд прокуророос шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ш.В.Д-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Ш.В.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан Хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ш.В.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ш.В.Д-д танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байх тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ш.В.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ш.В.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уурхайд удирдах албан тушаал эрхлэхийг 2 жилийн хугацаагаар хасаж 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, саналыг гаргасан бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ш.В.Д-д оногдуулан нэмэгдэл ялыг “уурхайд удирдах албан тушаал эрхлэх эрх”-ийг хасах саналыг гаргасан бөгөөд шүүх үүнийг “Монгол улсад уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдэд удирдах албан тушаал эрхлэхийг хасах” гэж зөвтгөн найруулж нэмэгдэл ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал улсын яллагч, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ш.В.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол улсад уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдэд удирдах албан тушаал эрхлэхийг 2 жилийн хугацаагаар хасаж 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Мөн Монгол улсад уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдэд удирдах албан тушаал эрхлэхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, уг ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Бусад асуудлаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1.000.000 төгрөгийг улсын орлогод оруулж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.В.Д нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ш.В.Д-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан Хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.В.Д-г Монгол улсад уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдэд удирдах албан тушаал эрхлэхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.В.Д-д оногдуулсан 5.000.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Монгол улсын Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан Монгол улсад уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдэд удирдах албан тушаал эрхлэхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, уг ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1.000.000 төгрөгийг улсын орлогод оруулсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.В.Д нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл хохирогч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР