Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 115

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ц.Золзаяа,

улсын яллагч  Б.Эрдэнэбаатар,

шүүгдэгчийн өмгөөлөгч  Н.Саранчимэг /ҮД:01-87/,

шүүгдэгч Л.Вантөмөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод  1987 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр  02-10 насны  3  хүүхдийн  хамт  Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цолмонгийн 7-р гудамжны  12 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 349 дүгээртэй шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 мөн хуулийн 223.1 дэхь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар  хасч 1 жил 1 сарын  хорих ялаар  шийтгэгдэж 2010 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдаж  байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Боржин овогт Лувсандагвын Вантөмөрт /РД:УП88072335/,

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар сэжигтнийг  яллагдагчаар татах тогтоол  үйлдэж ирүүлсэн Боржин овогт  Лувсандагвын Вантөмөрт холбогдох эрүүгийн 2017 2501 0096 дугаартай, 105/2017/0096 /Э индекстэй хэргийг 2017 оны 02 дугаар сарын 02-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Вантөмөр нь 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 15 цагийн орчимд Баянзүрх  дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Е” март худалдааны төв дотор иргэн Г.Маралын халааснаас “IPHONE-6” загварын гар утсыг хулгайлан авч бусдад 800,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Вантөмөр мэдүүлэхдээ:  Би ХАА-н яамны автобусны  буудал дээрхи ТҮЦ-нээс   Сансарын клонк орохоор   ах Далаймэргэний хамт явж  байгаад  “Е” март худалдааны төв рүү  хоол идэхээр орж  хоол идчихээд  бие  засаад гарч  явж байгаад  үл таних эмэгтэй “IPHONE-6” загварын гар утас харагдахаар  нь би  өөрийн мэдэлгүй авчихсан юм.  Тэгээд  цаашаа явж байгаад  халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн төлөөлөгч таарсан  юм. Би иргэн  Маралаас хулгайлсан гар утсаа 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өгч хохиролыг нь барагдуулсан. Би хулгайн гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна  гэв.

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

1.Мөрдөн байцаалтанд  хохирогч Г.Маралын:... 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 15 цаг 30 минутын орчимд би БЗД-ийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байдаг “Е” март худалдааны төв дотор нэг давхарт явж байгаад халааснаасаа “IPHONE-6” загварын гар утсаа хулгайд алдсан тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Би гар утсаа хулгайд алдахаасаа өмнө куртикний зүүн талын халаасандаа авч явж байсан. Миний хулгайд алдсан гар утас “IPHONE-6” загварын цагаан сааарал өнгийн бор өнгийн резинэн гэртэй содон тэмдэггүй гар утас байгаа юм. IMEI 354443067764591 кодтой байгаа. Би хулгайд алдсан гар утсаа эргүүлэн авсан. Миний хулгайд алдсан гар утас мөн байна. Би гар утсандаа хурууны хээгээ уншуулахад шууд таньж нээгдэж байна. Тэгээд бас давхар нууц код байдаг юм. Түүгээрээ нээгдэж байна. Тэгэхээр миний хулгайд алдсан гар утас мөн гэдэг нь батлагдаж байгаа юм. Миний хулгайд алдсан гар утасны 354443067764591 код таарч байгаа юм. Миний хулгайд алдсан гар утсыг үнэлгээний комисс 800.000 төгрөгөөр үнэлсэнийг хүлээн зөвшөөрч байна. Надад одоо нэхэмжлэх зүйл болон санал хүсэлт байхгүй.гэх мэдүүлэг /хх-н 17-р тал/

2. Мөрдөн байцаалтанд гэрч Б.Эрхэмбилэгийн:..Би Улаанбаатар хотын Цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх нэгжийн Дөрөвдүгээр хэлтсийн эрүүгийн төлөөлөгч ажилтай.  Би Г.Марал, Л.Далаймэргэн, Л.Вантөмөр нарыг танихгүй. Г.Марал нь 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Е” март дотор гар утсаа хулгайд алдсан хүн байгаа юм. Л.Вантөмөр нь манай халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст бүртгэлтэй хүн байгаа юм. Л.Далаймэргэнийг танихгүй тухайн үед Л.Вантөмөртэй хамт явж байсан гэдэг юм. Би 2016 оны 12 дугаар сарын 30-ны 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байдаг “Е” март дотор ороход манай халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст бүртгэлтэй байдаг. Л.Вантөмөр нь явж байхаар нь уулзахад хулгайн гэмт хэрэг үйлдсэн талаараа хэлж хулгайлсан гар утсаа гаргаж ирсэн юм. Түүний хулгайлсан гар утас нь “IPHONE-6” загварын гар утас байсан юм. Тэгэхээр би тэр хулгайлсан гар утсыг хурааж авсан юм. Л.Вантөмөр нь “Нарантуул” олон улсын худалдааны төвөөр явж хулгайн гэмт хэрэг үйлддэг гэж хүнээс сонсож байсан, манайд бүртгэлтэй байдаг болохоор би цээжилсэн байсан юм. гэх мэдүүлэг  /хх-н 21-р тал/

3.Мөрдөн байцаалтанд гэрч Л.Далаймэргэнийн:..Г.Марал гэх хүнийг танихгүй. Л.Вантөмөр нь миний төрсөн дүү байгаа юм. Л.Вантөмөр бид хоёр дэлгүүрээс гарах гээд би урд нь алхаж явж байсан юм. Тэгсэн миний төрсөн дүү ард үлдээд нэг хүнтэй юм яриад зогсоод байхаар нь би хажууд нь яваад очиход цагдаагийн байгууллагын хүнтэй юм яриад зогсож байсан. Тэгээд миний дүү Вантөмөрийн биеэс “IPHONE-6” загварын гар утас гарч ирсэн тэр үед би дүү Вантөмөрийг гар утас хулгайлж авсан юм байна гэдгийг мэдсэн. Л.Вантөмөр урьд хулгайн гэмт хэрэг хийж цагдаагийн байгууллагад торгуулж бүртгэгдсэн юм. Л.Ванттөмөр одоо 02-10 насны 3 хүүхдийн хамт СБД-ийн 20 хороо, Цолмонгийн  7-р гудамжны 12 тоот хашаанд гэрт амьдарч байгаа. Л.Вантөмөр нь гэртэй хүүхэд хардаг юм.гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/

4. Мөрдөн байцаалтанд гэрч Б.Уранцэцэгийн:..Г.Марал гэх хүнийг танихгүй. Л.Далаймэргэн нь миний нөхөр байгаа юм. Бид хоёр ханилаад 10 жил болж байна. Л.Вантөмөр нь манай хадам дүү буюу Далаймэргэний төрсөн дүү байгаа юм. Би 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр танай байгууллага дээр ирж Л.Вантөмөрийг батлан даалтанд авсан юм тэгэхдээ хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг мэдсэн юм. Л.Далаймэргэн хулгай хийдэггүй. Л.Вантөмөрийг хулгай хийдэг талаар мэдэхгүй. Л.Вантөмөр нь элдэв янзын муу харьцаа буюу зуршил байхгүй таталт өгч ухаан алдаж унадаг энэ талаар нь эмнэлэгийн байгууллагад хандаж байгаагүй. Хүнд үзүүлэхээр Л.Вантөмөрийг бөө болох хүн байна түүнийгээ аваагүй учраас ингэж байгаа юм гэж хэлдэг юм. Тэгэхээр нь бид нар эмнэлэгт ханддаггүй юм. Л.Вантөмөр эхнэр Эрхбуян, хүү Төгөлдөр охин Мишээл хүү Анар нарын хамт СБД-ийн 20 хороо, Цолмонгийн 7-р гудамжны 12 тоотод амьдарч байгаа. Л.Вантөмөр  ажилгүй байгаа эхнэр Эрхбуян нь офицеруудийн ордны автобусны буудал дээр ТҮЦ түрээслэн ажиллуулж байгаа. Том хүүхэд нь сургуульд явдаг, 2 бага хүүхэд гэртэй байдаг буюу Л.Вантөмөр хардаг юм.гэх мэдүүлэг /хх-ийн 8-р тал/

5. Мөрдөн байцаалтанд гэрч Б.Эрхбуянгийн:..Г.Марал гэх хүнийг танихгүй. Л.Вантөмөр нь манай нөхөр байгаа юм. Л.Далаймэргэн нь манай нөхрийн төрсөн ах байгаа юм. Л.Вантөмөр бид хоёр 2006 оноос хойш хамт амьдарч байгаа. Дундаасаа 3 хүүхэдтэй болсон. Л.Вантөмөр бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй. 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Л.Вантөмөр над руу залгаад намайг батлан даалтанд  аваач гэж хэлэхээр нь би танай байгууллага  дээр ирж Л.Вантөмөрийг батлан даалтанд авсан юм . Тэгэхдээ хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг мэдсэн юм. Л.Далаймэргэн, Л.Вантөмөр нар урьд нь хулгайн гэмт хэрэг хийж байгаагүй. Сая ч гэсэн Далаймэргэн ах нь Л.Вантөмөрийг хулгайн гэмт хэрэг хийснийг мэдээгүй цагдаа дээр очиж мэдсэн байсан. Л.Вантөмөр нь төлөв даруу, элдэв ааш зан байхгүй, хүнд тусархуу хүн байгаа юм. Л.Вантөмөрийн бие муутай хүн байгаа юм. Юу нь өвдөж байгаа нь мэдэгдэхгүй хэвтчихдэг босож ирж чадахгүй.Хүмүүс Л.Вантөмөрийг бөө болох ёстой хүн байна тэгээд бие нь өвдөж байгаа юм гэж хэлдэг тийм учраас эмнэлэгийн байгууллагад үзүүлдэггүй юм. Л.Вантөмөр болон 02-10 насны 3 хүүхдийн хамт бид нар СБД-ийн 20 хороо, Цолмонгийн 7-р гудамжны 12 тоот хашаанд 6-н ханатай гэрт амьдарч байгаа. Манай нөхөр Л.Вантөмөр нь гэртэй хүүхэд хардаг би офицерүүдийн ордоны автобусны буудал дээр ТҮЦ түрээслэн ажиллуулж байгаа. Том хүү Төгөлдөр 71-р сургуульд сурдаг, 2 бага хүүхдийг манай нөхөр Л.Вантөмөр хардаг юм. гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/

 -Эд зүйлийн үнэлгээ /хх-н 8-р тал/

            -Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-н 7-р тал/

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 6-р тал/ зэрэг  нотлох баримтуудыг  шинжлэн  судлав.

 Хэрэгт цугларсан  бичгийн  нотлох баримтуудаас дүгнэхэд :  Л. Вантөмөр нь “Е” Март худалдааны төв дотор явж байхдаа иргэн Г.Маралын халааснаас “IPHONE-6” загварын гар утсыг хулгайлан авч байгаа  нь тус дэлгүүрийн  камерийн  бичлэгт бичигдсэнийг цагдаагийн ажилтан Л.Вантөмөр болохыг таньж хэрэг илэрсэн байна.

 Иймд Л.Вантөмөр нь 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 15 цагийн орчимд Баянзүрх  дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Е” Март худалдааны төв дотор иргэн Г.Маралын халааснаас “IPHONE-6” загварын гар утсыг хулгайлан авч бусдад 800,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэргээс шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримт зэргээр хангалттай тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Шүүгдэгч Л.Вантөмөр нь Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 349 дүгээртэй шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, мөн хуулийн 223.1 дэхь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  3  жилийн хугацаагаар  хасч, 1 жил 1 сарын   хорих ялаар  шийтгэгдэж 2010 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдаж байсан болох нь түүний шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар, суллагдсан хүмүүст олгодог  хорих ангийн тодорхойлолт болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдов. / хх-н 37-42-р тал/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д ...хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш  таван жилийн дотор  гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүйд тооцохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч  Л.Вантөмөр  урьд нь Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 349 дүгээртэй шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 мөн хуулийн 223.1 дэхь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох  эрхийг  3  жилийн хугацаагаар хасч  1 жил 1 сарын   хорих ялаар  шийтгэгдэж  2010 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсанаас хойш  5 жил өнгөрсөн  энэ хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй байх тул ялгүйд тооцохоор байна.

          Шүүгдэгч Л.Вантөмөр нь хохирогчийн  гар утсыг  хүлээлгэн өгсөн байх тул  бусдад төлөх төлбөргүй гэж үзэв./ хх-н  6-р тал/

            Шүүгдэгч  Л.Вантөмөр  нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн  улмаас учруулсан гэм хорын хохирлыг арилгасан, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 286, 295, 296, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Боржин овогт Лувсандагвын Вантөмөрийг бусдын эд хөрөнгийг хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тооцсугай.

           2. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Лувсандагвын Вантөмөрт холбогдох  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар  Л.Вантөмөрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

           

            4. Л.Вантөмөр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

           

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  88 дугаар зүйлийн  88.1.7-д  зааснаар  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Си-Диг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

           

            6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж   Л.Вантөмөрт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  шүүгдэгч,түүний  өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           

            8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л.Вантөмөрт авсан бусдын батлан даалтанд өгөх  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ч.АЛТАНЦЭЦЭГ