| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2020/01001/И |
| Дугаар | 2275 |
| Огноо | 2020-06-22 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 2275
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *** тоотод оршин суух, Итгэлийн Бийн /РД: 0000/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *** тоот, “ИМБ” ХХК-д /РД: 0000/ холбогдох
22.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүн-Ирвэд,
Хариуцагч “ИМБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цогтбаатар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүн-Ирвэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
И.Б нь 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “ИМБ” ХХК-тай ХНБ-2019-011 дугаартай “Машин механзим түрээслэх, түрээслүүлэх тухай” гэрээг байгуулсан.
Энэхүү гэрээгээр түрээслүүлэгч И.Б нь Liebherr r944 загварын, r944 /2,8 м3/-ийн хүчин чадалтай, 97-71 УН улсын дугаартай экскаваторыг түрээслүүлж түрээслэгч “ИМБ” ХХК нь 1 сарын түрээсийн төлбөрт 28.000.000 төгрөгийг сар бүрийн 10-ны өдрийн дотор төлөхөөр тохирсон.
Түрээсийн гэрээ ёсоор түрээслүүлэгч И.Б нь биет байдлын болон эрхийн доголдолгүй машин механизмыг түрээслүүлэн ашиглуулсан бөгөөд өөрийн зүгээс гэрээнд заасан үүргээ ёсчлон биелүүлж байсан.
Гэрээний хугацаа 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 5 сарын хугацаатай бөгөөд уг хугацааны түрээсийн төлбөрт нийт 140.000.000 төгрөгийг түрээслэгч “ИМБ” ХХК-иас авахаас 116.000.000 төгрөгийг авсан.
Авто замын ажил нь улирлын чанартай ажил бөгөөд хүйтний улиралд хийх боломжгүй. Техник л юм чинь тодорхой хэмжээний засвар шаардана гэж 2 тал тооцоолоод 1, 2 хоногийн түрээсийг тооцохгүй өдрийн 1.000.000 төгрөгөөр сарын 28.000.000 төгрөгөөр түрээсийн төлбөрөө тооцсон.
Түрээслэгч талаас экскаваторын оператор н.Шинэбаярын шүд өвдөөд 2019 оны 9 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд аймаг явсан бөгөөд уг 2 өдрийн түрээсийн төлбөрийг хасч 22.000.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан.
Наадмаар амарсан гэж тайлбарлаж байх ба түрээслэгч “ИМБ” ХХК-ийнхан өөрсдөө амарсан ба өөрсдөө ажиллуулаагүй. Ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй гэсэн Иргэний хуулийн заалт байгаа.
2019 оны 9 дүгээр сарын 25, 26, 29, 30-ны өдрүүдэд засвартай байсан гэж байх ба техникийг ашиглах явцад засвар шаардана. Үүнийг үгүйсгэхгүй.
Хариуцагч “ИМБ” ХХК-иас машин механизм түрээслэх гэрээний үлдэгдэл төлбөр 22.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч “ИМБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цогтбаатар шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
И.Б нь 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр манай “ИМБ” ХХК-тай машин механизм түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээ байгуулан Liebherr r944 загварын, 97-71 УН улсын дугаартай экскаваторыг уг өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 5 сарын хугацаатай, сарын 28.000.000 төгрөгөөр түрээслэхээр тохирсон.
Талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн ба 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан гэрээний 2.4-т ажлын талбайд гүйцэтгэсэн үр дүнг харгалзан үзнэ гэж заасан.
Өөрөөр хэлбэл 5 сарын хугацаанд 153 хоног ажиллахаас 127 хоног ажилласан ба түрээслүүлэгч талын буюу нэхэмжлэгч талын буруутай үйл ажиллагааны улмаас 26 хоног ажиллаагүй.
Түрээслүүлэгч И.Б нь Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1-т зааснаар ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй байсан ба түрээслүүлэгчийн буруутай үйлдэл буюу тоног төхөөрөмжийн эвдрэл, түүнийг ажиллуулах жолоочийн амралт зэргээс шалтгаалаад 26 хоног ажиллаагүй.
Гэрээний 5.2-т тоног төхөөрөмжийн доголдлоос болж түүний ашиглалт буурсан хэмжээгээр түрээслэгчид төлөх төлбөрийг бууруулах эрхтэй гэж заасан. Түрээслэгч тал наадмаар 11 хоног амарсан ба 2 хоног бороотой байсан. 8 сард цаг агаарын саатлын улмаас бүтэн 4 өдөр, 3 хагас өдөр ажиллаагүй. 9 сарын 3-ны өдөр амарсан ба 12, 13-ны өдөр ажлаа тасалсан, 25, 26, 29, 30-ны өдрүүдэд засвар хийж байна гээд ажиллаагүй, 10 сарын 1-ний өдөр мөн сул зогсолттой байсан.
Хэрэгт 97-71 УН улсын дугаартай экскаваторын жолооч н.Шинэбаярын гарын үсэг бүхий тооцооны хүснэгт байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаас 19,466,709 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И.Б нь хариуцагч “ИМБ” ХХК-д холбогдуулан машин механизм түрээслэх, түрээслүүлэх гэрээний үлдэгдэл төлбөрт 22.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч И.Б нь хариуцагч “ИМБ” ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр машин механизм түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулсан ба уг гэрээгээр түрээслүүлэгч И.Б Liebherr r944 загварын, r944 /2,8 м3/-ийн хүчин чадалтай, 97-71 УН улсын дугаартай экскаваторыг Өмнөд буйрын 21 дүгээр талбайгаас Тосон Уул Баянхошуу чиглэлийн авто замтай холбогдох 58.5 км авто замын барилгын ажлын талбайд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 5 сарын хугацаагаар түрээслэгч “ИМБ” ХХК-д түрээсээр ашиглуулахаар,
түрээслэгч “ИМБ” ХХК сарын түрээсийн төлбөрт 28.000.000 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохирчээ.
Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн машин механизм түрээслэх, түрээслүүлэх гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн болно.
/ХХ-ийн 4-6 дугаар тал/
Хариуцагч “ИМБ” ХХК 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр түрээсийн техникийг авч явсан ба 2019.05.16-2019.06.15, 2019.06.16-2019.07.15, 2019.07.16-2019.08.15, 2019.08.16-2019.09.15, 2019.09.16-2019.10.15-ны өдрийг хүртэл 140.000.000 төгрөг төлөх байсан хэмээн нэхэмжлэгч буюу түрээслүүлэгч И.Б тайлбарлаж байна.
Хариуцагч буюу түрээслэгч “ИМБ” ХХК түрээсийн төлбөрт 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 15.000.000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 13.000.000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 10.000.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 12.000.000 төгрөг буюу 1.200.000 төгрөг, 10.800.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 10.000.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 18.000.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр 10.000.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 28.000.000 төгрөг, нийт 116.000.000 төгрөгийг төлсөн нь нэхэмжлэгч И.Бийн Хаан банк дахь 5011397270 тоот дансны хуулгаар тогтоогдлоо.
/ХХ-ийн 69-77 дугаар тал/
Хариуцагч “ИМБ” ХХК нь нэхэмжлэгч И.Бийн гэрээний дагуу түрээслэсэн 97-71 УН улсын дугаартай экскаватор 153 хоног ажиллахаас 127 хоног ажилласан ба 26 хоног ажиллаагүй хэмээн марган цагийн бүртгэл болон тухайн сарын ажиллаагүй сул зогсолттой өдрийн тооцоо, машин механизмын замын хуудсыг баримтаар ирүүлжээ.
Хариуцагч “ИМБ” ХХК-ийн ирүүлсэн цагийн бүртгэл, машин механизмын замын хуудас, тухайн сарын сул зогсолттой өдрийг тооцсон тооцоо нь өөр хоорондоо зөрүүтэй байна.
Тухайлбал: Хэргийн 42 дугаар талд авагдсан баримтад 97-71 УН дугаартай экскаватор 8 сард сул зогсолт 0 өдөр, цаг агаарын саатлын улмаас бүтэн 4 өдөр, 3 хагас өдөр ажиллаагүй гэж тэмдэглэсэн байхад 43, 89 дүгээр тал дахь машин механизмын замын хуудсанд 8 сарын 7, 28-ны өдрүүдэд ажиллаагүйгээр тэмдэглэгдсэн байна.
Хэргийн 39 дүгээр тал дахь 9 сард ажилласан байдлыг тооцсон тооцооны баримтад 97-71 УН дугаартай экскаватор 6 хоног бүтэн, хагас өдрөөр 1 хоног сул зогссон гэж тооцсон боловч 38 дугаар тал дахь 9 сарын цагийн бүртгэлд 9 сарын 3-ны өдөр амарсан, 12, 13, 24, 25, 26, 29, 30-ны өдрүүдэд тасалсан гэж, 40, 41 дүгээр тал дахь машин механизмын замын хуудсанд 12, 13-нд аймаг орсон, 24-ний үдээс хойш, 25, 26, 29, 30-ны өдрүүдэд засвартай байсан гэж сул зогссон өдөр болон шалтгааныг зөрүүтэй, өөр өөрөөр тэмдэглэгдсэн байна.
/ХХ-ийн 36-52, 78-89 дүгээр тал
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотолж буй үндэслэлээ, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ тус тус баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч “ИМБ” ХХК нь нэхэмжлэгч талыг 26 хоног ажиллаагүй гэх боловч энэ нь баримтаар тогтоогдсонгүй.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1-т “Түрээсийн хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг түрээслүүлнэ”,
4.8-д “Ажлын талбайд ажиллах жолооч нь тухайн машин механизмыг ашиглах мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагатай, санаачлагатай, эрх бүхий байгууллагаас олгосон үнэмлэхтэй байх шаардлагыг түрээслүүлэгч хариуцах үүрэгтэй” гэж заасан үүргээ нэхэмжлэгч И.Б биелүүлээгүй, өөрөөр хэлбэл тоног төхөөрөмжийн доголдлоос үүдэн, мөн жолооч нь чөлөө авах эсхүл хэтрүүлэн амрах нөхцөл байдлын улмаас ажиллаагүй гэх боловч энэ нь баримтаар тогтоогдоогүй.
Мөн бусад жолооч нар ажилласан гэж байгаа нь, замын хуудсанд тухайн жолооч гарын үсэг зурсан нь түрээслүүлэгч талын 97-71 УН улсын дугаартай экскаваторын жолооч н.Шинэбаярыг ажиллаагүй гэж үзэх үндэслэл болохгүй.
Мөн гэрээний 5.7-д “Түрээслүүлэгч нь түрээсийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тохиолдолд гэрээг нэг талын санаачилгаар цуцлах бөгөөд гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг олгохоос татгалзах эрхтэй” гэж заасны дагуу хариуцагч “ИМБ” ХХК шаардлага гаргах эрхтэй байсан ба хожим түрээсийн төлбөрийн үлдэгдлийг нэхэмжлэхэд түрээслүүлэгч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан гэх тайлбар нь түрээслэгчийг түрээсийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Хариуцагч “ИМБ” ХХК нь нэхэмжлэгч И.Бтай түрээсийн гэрээ байгуулан уг гэрээний дагуу машин механизм түрээслэсэн ба талуудын хооронд байгуулсан гэрээ хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл тул тухайн гэрээнээс үүдэн гарах үр дагавар болон хариуцлагыг хэн аль нь хүлээх учиртай.
Хариуцагч “ИМБ” ХХК нь түрээсийн гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч И.Б нь гэрээний дагуу түрээсийн төлбөрөө шаардсан нь үндэслэлтэй.
Нэхэмжлэгч буюу түрээслүүлэгч И.Бийн 97-71 УН улсын дугаартай экскаватор нь түрээсийн гэрээний хугацаанд 2019 оны 9 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд экскаваторын оператор н.Шинэбаярын эрүүл мэндийн байдлаас шалтгаалан, 2019 оны 9 дүгээр сарын 25, 26, 29, 30-ны өдрүүдэд тоног төхөөрөмжид засвар хийсэн үндэслэлээр тус тус ажиллаагүй талаараа тайлбарлаж байна.
Хариуцагч “ИМБ” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн гэрээний дагуу гүйцэтгэх үүрэг:
/Гэрээний 5 сарын хугацааны нийт төлбөр 140.000.000 төгрөг,
140.000.000 төгрөг-116.000.000 төгрөг=24.000.000 төгрөг
24.000.000 төгрөг-2.000.000 төгрөг=22.000.000 төгрөг /2019.09 сар 12, 13-ны өдөр ажиллаагүй төлбөрөө нэхэмжлэгч тал хассан/
22.000.000 төгрөг-4.000.000 төгрөг=18.000.000 төгрөг /2019.09 сар 25, 26, 29.30-ны өдрүүдэд засвар хийсэн/
Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасныг баримтлан хариуцагч “ИМБ” ХХК-иас 18.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.000.000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасныг баримтлан хариуцагч “ИМБ” ХХК-иас 18.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.000.000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч И.Бийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 267.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ИМБ” ХХК-иас 247.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.Бт олгосугай.
3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор хариуцагч “ИМБ” ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсэн тус шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 7966 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН