Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2274

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС               

     Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

    Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, **** тоотод оршин суух, Б-гийн Бгийн /РД: 0000/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, **** тоотод оршин суух, Г.Бод /РД: ОЮ68030514/ холбогдох

6.737.770 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжин,

Хариуцагч Г.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Хулан оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б. Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б. Б нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Г.Бтой зээлийн гэрээ байгуулж 3.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлүүлсэн.  Мөн уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцааны гэрээ байгуулсан ба Г.Б өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, **** тоот хаягт байрлах, 24 м.кв гэр бүлийн хэрэгцээний газраа барьцаалж бүртгэлд бүртгүүлсэн.

Хариуцагч Г.Б зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, хүүгээ төлөөгүй бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 358.153 төгрөг,2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 130.000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 180.000 төгрөг, нийт 668.153 төгрөгийг л төлсөн.

Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн гэрээний хугацаа 110 хоногийн хэтрэлттэй байгаа бөгөөд Г.Б нь өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй ба үндсэн зээл 3.000.000 төгрөг, зээлийн хүү 2.160.000 төгрөг, нийт 5.160.000 төгрөгөөс өмнө төлсөн 668.153 төгрөгийг хасч тооцоход 4.491.847 төгрөг болж байгаа.

Уг 4.491.847 төгрөг, үүн дээр зээлийн гэрээний 2.7-д заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцоход /22.459,2 төгрөг*110 хоног/ 2.470.515 төгрөг болж байгаа бөгөөд алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул хуульд нийцүүлэхэд 2.245.923,5 төгрөг болж байна.

Иймд хариуцагч Г.Боос 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт нийт 6.737.770,5 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Б миний бие 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Б. Бтэй зээлийн гэрээ байгуулан 3.000.000 төгрөгийг зээлэн Баянзүрх дүүрэг, *** тоот хаягт байрлах, 24 м.кв талбайтай хувийн сууц болон мөн хаягт байршилтай 663 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газраа барьцаалсан.

Би 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 358.153 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 130.000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 180.000 төгрөг, нийт 668.153 төгрөг төлсөн. Би одоо 3.500.000 төгрөг төлөөд дуусгах хүсэлтэй байна гэв.

            Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                                                      

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б. Б нь хариуцагч Г.Бод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6.737.770,5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Зээлдэгч буюу хариуцагч Г.Б нь нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Б. Бтэй 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг тус тус  байгуулж 3.000.000 төгрөгийг, сарын 6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр харилцан тохирсон нь дээрхи гэрээ болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Зээлийн гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

Уг зээлийн барьцаанд зээлдэгч Г.Б өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, *** тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18649313459763 дугаартай, 663 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон мөн хаягт байрлах 24 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204068679 дугаарт бүртгэлтэй, хувийн сууцыг барьцаалсан нь хэрэгт авагдсан 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн барьцааны гэрээ, зохигчдын шүүхэд өгсөн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдов.

            Талууд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээр уг барьцааны гэрээ хүчин төгөлдөр болжээ.

/ХХ-ийн 4-8 дугаар тал/

Зээлдэгч Г.Б нь 3.000.000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк дахь өөрийн 461012523 тоот дансаараа шилжүүлэн авсан нь зээлийн гэрээ болон хариуцагчийн тайлбараар тогтоогдлоо.

/ХХ-ийн 4 дүгээр хуудасны ар тал/

Зээлийн гэрээний үндсэн шинж нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр тодорхойлогдох бөгөөд хариуцагч Г.Б 3.000.000 төгрөгийг хүлээн авсан талаараа маргаагүй болно.

Зээлдэгч Г.Б нь зээлийн гэрээний үүрэгт 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 358.153 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 130.000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 180.000 төгрөг, нийт 668.153 төгрөг төлсөн нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

Зээлдэгч буюу хариуцагч Г.Б зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч Б. Бтэй байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлсэн мөнгөө буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч Б. Б түүнээс зээлээ буцаан шаардсан нь үндэслэлтэй.

   Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”,

 талуудын хооронд байгуулсан гэрээний 2.7-д “Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ” гэж тус тус заасны дагуу алданги нэхэмжилсэн нь үндэслэлтэй.

2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагч Г.Бын гүйцэтгэх ёстой үүрэг:

    -3.000.000 төгрөг /Үндсэн зээл/

    -2.160.000 төгрөг /гэрээний хугацааны зээлийн хүү/

  -5.160.000 төгрөг-358.153 төгрөг-130.000 төгрөг-180.000 төгрөг=4.491.847 төгрөг

-2.245.923,5 төгрөг /Алданги, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй/

  -4.491.847 төгрөг+2.245.923=6.737.770 төгрөг байна.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Г.Боос 6.737.770 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б. Бд  олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч Б. Б нь хариуцагч Г.Бод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6.737.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр гаргахад 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн ба 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 11 цагт товлосон шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б. Б хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй хэдий ч түүний мэтгэлцэх эрхийг хангах үүднээс уг өдрийн шүүх хуралдааныг 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 11 цаг хүртэл хойшлуулсан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжин энэ өдрийн шүүх хуралдаанд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах хүсэлтэй хэмээн тайлбарласан хэдий ч нэхэмжлэлийн шаардлагаа хуульд заасны дагуу нэмэгдүүлээгүй тул уг тайлбарыг үндэслэн шүүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэх боломжгүйг дурьдлаа.

/ХХ-ийн 1, 1 дүгээр хуудасны ар тал, 9-10, 18 дугаар тал/

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон     

            ТОГТООХ нь:                                                                                            

            1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Г.Боос 6.737.700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б. Бд олгосугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б. Бгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 122.800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Боос 122.754 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б. Бд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.САРАНГҮН