Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/193

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                        

         Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ,

         Улсын яллагч хяналтын прокурор Ц.Цэрэндулам,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч З.А,

         Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Бөд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

         Шүүгдэгчийн байцаалт: Монгол Улсын иргэн, ...

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ц.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн ... тоот Н.Сын хашаанд байх цоожтой амбаарын цоожийг хөшиж онгойлгон хууль бусаар нэвтэрч улмаар гар дрилл хулгайлан авч нийт 105,600 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар авч хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч Ц.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн ... Н.Сын хашаанд байх цоожтой амбаарын цоожийг хөшиж онгойлгон хууль бусаар нэвтэрч улмаар гар дрилл хулгайлан авч нийт 105.600 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар авч хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн үйл баримт тогтоогдлоо.

 

           Тус үйл баримт нь  бусдын тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

        

            Тухайн гэмт хэргийг шүүгдэгч Ц.Б нь үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Ц.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ 3, 4 хоног уудаг юм. Архи уухаараа өөрийгөө удирдах чадваргүй болдог. Би айлаар орох үндэслэл байхгүй. Манай хүүхдэд гар болон цахилгаан дрилл байдаг. Манай хүү цахилгаанчин. Камерын бичлэгт би согтуу явж байсан нь гарсан байсан. Намайг мөн үү гэж асууж байсан би согтуу явж байсан харагдсан. Надад айлаар орж хулгай хийх үндэслэл байхгүй. Надад тийм углааш байхгүй, яагаад манайд очсон юм мэдэхгүй. Цагдаа ирснийг ч мэдээгүй. Тухайн үед хөндлөнгийн ямар ч хүн байхгүй. Отай уусан. Би айлын амбаарт ороогүй. Би бор дарснаас салчихвал болно. Тэгвэл би гэмт хэрэгт холбогдохгүй, муу зуршлаа хаях хэрэгтэй байгаа юм:..” гэсэн мэдүүлэг,

            -хохирогч З.О-ны “...Би 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 19 цагийн орчим манай төрсөн ах Н.Ш ... дугаараас миний ... дугаарт залгаж танай амбаарын чинь хаалганы нугасыг эвдээд хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр С Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 ху/,

            -Гэрч Н.Ш-ын “...2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 8 цагийн орчим эхнэр Жийн хамт дүү З.Оы гэрт ирээд өдөр 15 цагийн орчмын үед эхнэр Жийн хамт дүү А-ийнд хувцас угаачихаад буцаад 21 цагийн орчим ирэхэд амбаарынх нь хаалгыг эвдчихсэн байхаар нь дүү О-нд утсаар холбогдон амбаарт хулгай орсон талаар цагдаагийн байгууллагад хандъя гээд утсаа тасалсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 ху/,

            -Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6 ху/,

            -Мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 12 ху/,

            -Шүүгдэгч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр мэдүүлсэн: “...би архи согтууруулах ундаа хэрэглэхээрээ согтуу байх үеийнхээ үйл хөдлөлийг санадаггүй нэг ууж эхлэхээрээ 3 дээс хоног тасралтгүй уудаг...Санаж байгаа зүйл гэвэл би хаанаас авснаа нь үл мэдэгдэх улаан өнгийн хайрцагтай, баттерэйгаар ажилладаг гар дрилл барьчихсан явж байсан...тухайн үед гэр бүлийн талбайн урд зогсоол дээр үл таних хүнд 20.000 төгрөгөөр зарсан...дрилл зарсан мөнгөөрөө архи авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 ху/,

            -Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 17-18-ху/,

            -Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ТХҮ-023/7179 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21 ху/,

            -Эд зүйл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25-27 ху/,

            -Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-40 ху/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж дүгнэлээ.

        

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

        

            Монгол Улсын Үндсэн хуульд “...төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална...” гэж заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан.

        

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох зорилго сэдэлтэйгээр өмчлөгч, эзэмшигчид хүч хэрэглэхгүйгээр, мэдэгдэхгүйгээр, хууль бусаар, нууц далд аргаар авч өөрийн эзэмшилд авч хүсэл зоригоо гүйцэлдүүлэх, захиран зарцуулах эрх олж авахыг ойлгоно.

Хүний тусгайлан хамгаалсан байр, агуулахын халдашгүй байдалд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээ, нугасыг эвдэх, цоож цуургыг сугалах байдлаар орж эд зүйл хулгайлсан тохиолдолд хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.

 

Шүүгдэгч Ц.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд шүүгдэгч Ц.Б нь уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Бийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн .... тоотод Н.Сын хашаанд байх цоожтой амбаарын цоожийг хөшиж онгойлгон хууль бусаар нэвтэрч улмаар гар дрилл хулгайлан авч нийт 105.600 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Хэдийгээр шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг үйлдэхдээ согтуу байсан, юу ч санахгүй байна, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруутай эсэхээ ойлгохгүй байна гэж тайлбарлаж байгаа ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг санахгүй, мэдэхгүй гэсэн үүднээс эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Аийн зүгээс “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.6-д заасан нотолбол зохих байдлууд хангалттай бүрэн дүүрэн тогтоогоогүй учраас нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэх агуулга бүхий хүсэлтийг гаргасан бөгөөд шүүх уг хүсэлтийг хүлээн авах боломжгүй бөгөөд хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон Дорноговь аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээр болсон үйл явдлыг санахгүй байгаа ч хэрэгт цугларсан буюу хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, ул мөр шинжлэн харьцуулан судалсан шинжээчийн дүгнэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл, зэргийг баримтуудыг харьцуулан шинжлэн судлаад дүгнэхэд шүүгдэгч Ц.Б нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тухайн чиглэлд зорчиж байсан, улмаар түүний өмсөж явсан Nike гэх бичиглэлтэй углааш нь камерын бичлэгт тод харагдаж байх бөгөөд мөрдөгч нь түүнийг гэрээс нь очиж авахдаа тус углаашийг эд мөрийн баримтаар хурааж авсан, тус углаашны хээ буюу ул мөр хэргийн газраас илэрсэн зэргээр хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд нь харилцан бие биеэ нотолсон байх бөгөөд эдгээр нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгийг давхар нотолж байна.

 

Тийм учраас хэрэгт шүүгдэгч Ц.Бийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн ... тоот Н.Сын хашаанд байх цоожтой амбаарын цоожийг хөшиж онгойлгон хууль бусаар нэвтэрч улмаар гар дрилл хулгайлан авч нийт 105.600 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн үйл баримтыг хангалттай нотлон тогтоосон байх тул өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Мөн хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр /хх-ийн 16 ху/, яллагдагчаар /хх-ийн 50 ху/ өгсөн мэдүүлгүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж мэдүүлэг авсан гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул тус мэдүүлгүүдийг нотлох баримтаар тооцуулахгүй байх өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болохыг,

-шүүгдэгч нь “...мөрдөгч С.С нь намайг надаас өөр хүн байхгүй гэж дарамталж, тулгаж мэдүүлэг авсан...”, “...би ийм гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэж байна...” гэж тайлбарладаг ч өөрийнхөө өгсөн мэдүүлгүүдээ уншиж танилцаад гарын зурсан гэж байгаа тул түүнээс мэдүүлэг авахдаа түүнийг дарамталсан, хэрэг тулгасан, тулгаж мэдүүлэг авсан гэх нөхцөл байдал өөрийнх нь мэдүүлгээр няцаагдаж байгаа бөгөөд шүүгчийн захирамжаар дээрх нотлох баримтуудыг нотлох баримтаар тооцуулахгүй байх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч 105.600 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол бүрэн төлөгдсөн болох нь хавтаст хэргийн 56-57 дүгээр хуудсанд авагдсан баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан Хулгайлах гэмт хэргийг бусдын тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Ц.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсоныг, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгоно гэснийг баримтлан шийдвэрлэлээ.

 

            Иймд үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн насны байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршиг болон улсын яллагч, өмгөөлөгчийн санал, дүгнэлт зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй байх бөгөөд оногдуулсан 1 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.   

 

            Шүүгдэгч нь 2023 оны 11 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ЦХШЗ/504 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хорьсон бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЗ/517 дугаартай захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсан байх тул шүүгдэгчийн цагдан хоригдсон 4 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох үндэслэлтэй.

 

   Бусад асуудлаар:

 

   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Nike гэсэн шар өнгийн бичиглэлтэй, наалддаг зангуутай цэнхэр өнгийн резинэн углааш 1 хосыг шүүгдэгч нь авахаас татгалзсан тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдав.

 

   Шүүгдэгч Ц.Б-д холбогдох уг хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлснийг шүүгдэгч нь гэм буруу дээрээ маргаж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар ердийн журмаар хянан шийдвэрлэхээр болсон болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т Хулгайлах гэмт хэргийг бусдын тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т  заасныг заасныг баримтлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

            3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бөд оногдуулсан 1 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийн цагдан хоригдсон 4 хоногийг эдлэх ялд оруулах тооцсугай.

   5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Nike гэсэн шар өнгийн бичиглэлтэй, наалддаг зангуутай цэнхэр өнгийн резинэн углааш 1 хосыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

   8. Энэ хэрэгт хураагдсан битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

   9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл хохирогч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

   10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ОДБАЯР