| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 167/2023/0194/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/195 |
| Огноо | 2023-11-28 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Ариунтөр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Буянжаргал /цахимаар/,
Орчуулагч Н.Анирлин,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тамир /цахимаар/,
Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Д.Ж.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Ж.М-д холбогдох эрүүгийн ....дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн байцаалт: Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн, ...
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч БНХАУ-н иргэн Д.Ж.М нь 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Өндөр хутаг” гэх газарт “Нowo” маркийн, ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, мөн ухрах үйлдэл хийхдээ аюулгүй байдлыг хангалгүйгээр жолоодсоны улмаас буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1 /а/-д заасан замын хөдөлгөөний тухай Венын конвецод нийцсэн жолоодох эрхийн үнэмлэхтэй байх, 10.14-т заасан “...бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухарна...” гэсэн заалтуудыг зөрсөн буюу автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас Х.Д-г /мөргөж амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Д.Ж.М нь 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Өндөр хутаг” гэх газарт “Нowo” маркийн, ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, мөн ухрах үйлдэл хийхдээ аюулгүй байдлыг хангалгүйгээр жолоодсоны улмаас буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1 /а/-д заасан замын хөдөлгөөний тухай Венын конвецод нийцсэн жолоодох эрхийн үнэмлэхтэй байх, 10.14-т заасан “...бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухарна...” гэсэн заалтуудыг зөрчсөн буюу автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас Х.Д-г ... мөргөж амь насыг хохироосон үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-гийн “...2023 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 11 цаг өнгөрч байх үед ажлын цайндаа орохоор явж байхад ард хүн чарлах шиг болохоор нь эргэж харсан чинь талийгаач Д-гийн хөл хэсгээр “Howo” маркийн тээврийн хэрэгсэл ухарч гарч байхаар болиулахаар бархиран очих явцад дээгүүр нь 2-3 удаа холхисон. Намайг талийгаач дээр очиход амьсгал хураасан байсан, тэгээд би юу болсон талаар сайн мэдэхгүй байна. “Howo” маркийн тээврийн хэрэгслийг хятад улсын иргэн жолоодож байсан учир би жолоочийнх нь нэрийг мэдэхгүй, харин жолоочийг харвал танина...Д бид хоёр 2012 онд гэрлэлтээ батлуулж байсан. Г 15 настай эрэгтэй, Г 10 настай эмэгтэй гэсэн хоёр хүүхэдтэй...” гэсэн мэдүүлэг /хх 58-рт/,
-Гэрч Ө.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Т ХХК-ын Дорноговь аймгийн Хатанбулаг суманд байх хатуу хучилттай зам дээр 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн өглөө 06 цаг 30 минутад ажилдаа гарч ажилласан. Зам дээр 12-ын хайргаа дэвсээд, цэвэрлэгээг дэвсэгч машин дээр байсан хайргыг цэвэрлээд, дэвсэгч машинтай арагш ухрах үед би тээврийн хэрэгслийн дотор сууж гар утсаа оролдон цайндаа орох цаг болж байгаа байх гэж бодон гар утсаа оролдоод байж байхад, хүмүүс гэнэт “хүүе хаа” гэж хашхирахаар нь “Д” гэж дууддаг Хятад хүн машинаа зогсоохоор нь би машинаас буун хойш хартал машины ард талын дугуйны хажууд хүн дайруулсан байхыг би хараад ойр байсан хүн дээр очсон. Би өөрийн харсан зүйл дээ шокт ороод яг юу болсныг мэдэхгүй байна /цаг санахгүй байна/...Тээврийн хэрэгслийг ухарч байхад, хүмүүс хашхирахаас өмнө тээврийн хэрэгсэл чулуун дээгүүр гарах шиг донсолгоо мэдэгдсэн. Тээврийн хэрэгсэл ухрахдаа ямар нэгэн дуу гаргадаггүй. Би дэвсэгч машины туслахаар ажиллаад 7 хоног болж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 61-62-рт/,
-Гэрч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Т ХХК-д 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 11 цаг 15 минутын орчимд хатуу хучилттай замын дээд хэсэгт ажиллаж байхад Д буюу Д эгч замын баруун тал хэсгээр хойшоо автобусанд суухаар ганцаараа явж байсан. Эмэгтэй хүний хашхирсан эвгүй чимээ гарахаар нь эргэж харсан чинь зам дэвсэгч тээврийн хэрэгслийн баруун талын дугуй ард хэсгийн доогуур орж байх нь харагдсан. Тээврийн хэрэгсэл арагш ухрах үйлдэл хийж Д эгчийн дээгүүр гарсан. Хашхираад тээврийн хэрэгслийг зогсоон Д эгчийг гаргах гээд очиход амнаас цус гарч дугуйны яг гол хэсэгт дарагдсан байсан, туслах гээд очсон боловч тусламж чадаагүй эмнэлэг дуудна гэж ойр байсан хүмүүс хэлсэн ба цочролд ороод хүрч чадаагүй, дарга нар ирсэн би автобусанд суусан...Дэвсэгч машин Д эгчээс урд зүгт 200 метрийн зайд цэвэрлэгээ хийгээд зогсож байсан. Д эгчийн хойшоо явж байхад нь дэвсэгч машин араас нь буюу урд зүгээс ухарч ирэн мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /хх 64-65-рт/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9 ху/,
-Иргэний хариуцагч В-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн -...Д.Ж.М нь Монгол улсад тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэх байхгүй гэхдээ Хятад улсдаа жолооны үнэмлэхтэй. Хово маркийн тээврийн хэрэгсэл зааварчилгаатай дэлгэц хэсэгт зааварчилгаа нь байдаг, Монгол улсад дэвсэгч тээврийн хэрэгслийг жолоодох хүн байдаггүй...Ажилд орсны дараа ажилд өглөө гарах үед хөдөлмөр хамгааллын ажилтан аюулгүй ажиллагааны талаас нь зөвлөгөө өгч гарын үсэг зуруулдаг....” гэсэн мэдүүлэг /хх 81-82-рт/,
-Техникийн №28 эвдрэлийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай дүгнэлт /хх 101-103-рт/,
-Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №02/075 дугаартай “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний” дүгнэлт /хх 131-142-рт/
Шүүгдэгч Д.Ж.Мийн /Dao Jiaming/ мөрдөн шалгах ажиллагаанч явцад яллагдагчаар мэдүүлсэн: “...Би кемпээс 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн өглөө 06 цаг 30 минутад гаран ажлын талбай дээр 07 цагийн орчим хүргүүлж очсон. Би “...” гэсэн улсын дугаартай, дэвсэгч машиныг жолоодон ажлаа 07 цаг 10 минутад ганцаараа эхэлсэн. Замыг гурав хуваадаг, жолоочийн зүүн гар талын замаас эхлэн 1, голыг 2, баруун талыг 3 дугаар зам гэдэг. Зам дэвсэж эхлэх дээ 1 дугаараас эхлэн, 2 дугаар эгнээ буюу голын зам, 3 дугаар эгнээ зам хүртэл дэвсдэг. Дэвсэгч машины өргөний хэмжээгээр замыг 3 хуваасан. Замынхаа 1, дугаар эгнээний битумыг дэвсэж дуусаад, жоохон урагшлан, ухарч замын зүүн талын хөвөөн дээр дэвсэгч машины илүүдэл битумыг асган, битумыг асгаж дуусан дэвсэгч машинтайгаа 3 дугаар эгнээ рүү урагш яван орж, 3 эгнээнд орон арагш ухарсан. Арагш ухарч байхад, машины зүүн талаас хүмүүс гүйж ирэн зогс гэж гараараа дохио өгч байсан. Би ямар ч байсан нэг л юм дайрсан гэдгээ мэдсэн, хүн дайрсан байсныг мэдээгүй. Намайг машины хаалгаа онгойлгож амжаагүй байхад, нэг танихгүй эрэгтэй хүн, машины хаалга онгойлгон шүүрээр миний зүүн гар руу цохисон хэдэн удаа цохисон талаар санахгүй байна, намайг цохисон хүнийг ойр байсан хүмүүс салгасан. Би айгаад машинаас буугаагүй. Сумын цагдаа ирсний дараа би машинаас буусан, цагдаа миний зургийг дарсан. Машин юман дээгүүр гарах шиг болсон-г би мэдэрсэн...Надад Монгол улсад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх 90-91, 122-рт/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 229-рт/ шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ж.М-ийн өгсөн “... Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.
Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Д.Ж.М- нь Монгол Улсад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан бөгөөд хүнд даацын HOWO маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ аюулгүй байдлыг хангаагүйгээс болж хохирогч Х.Дг мөргөж амь насыг хохироосон үйл баримт тогтоогдсон шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн нас барсан нөхцөл байдал хоорондоо шалтгаант холбоотой байна.
Өөрөөр хэлбэл гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг чанд мөрдөн үүрэгтэй бөгөөд түүнийг мэдээгүй нь хариуцлага хүлээлгэхгүй гэсэн ойлголт биш юм.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол...” гэж гэмт хэргийн үндэс шинжийг хуульчилсан ба мөн зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг заасан.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд /2015/ заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг тогтоох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас Замын хөдөлгөөний дүрмийг 2018 онд шинэчлэн баталсан.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг” ойлгоно гэж заасан.
Тиймээс тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлах үүрэгтэй, хэрэв уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүсэж бий болох гэнэтийн осол, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байх үүрэг бүхий этгээд юм.
Шүүхээс тогтоосон дээр дурдсан хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хохирол, хор уршигт хүргэсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, бүрэн төгссөн гэмт хэрэг байна гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Д.Ж.М нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1 /а/-д заасан замын хөдөлгөөний тухай Венын конвецод нийцсэн жолоодох эрхийн үнэмлэхтэй байх, 10.14-т заасан “...бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухарна...” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарч, хохирогч нас барсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Прокуророос шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Д.Ж.М-ийн үйлдлийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний амь насыг хохироосон гэмт хэргийн шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Д.Ж.Мийн дээрх болгоомжгүй үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч, хохирогч Х.Д нь мөргүүлж нас барсан нь хоорондоо шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч Д.Ж.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно...”, 2-т “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг хор уршигт тооцно...” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Д.Ж.М болон түүнийг ажиллуулдаг “Т” ХХК-ны зүгээс хохирол болон хор уршигт зориулан нийт 300.000.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогчийн зүгээс гомдол саналгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн/хх 223-227-рт/ байх тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Мөн уг гэмт хэргийн улмаас хохирогч Х.Д нь нас барж, бага насны хоёр хүүхэд хагас өнчирч үлдсэн бөгөөд тэдний сэтгэл зүй болоод амьдралд нөхөж баршгүй, орлуулшгүй хор уршиг учирсан гэж үзэн цаашид гарах хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Д.Ж.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Д.Ж.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзлээ.
Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Д.Ж.М үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журам, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр, хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй хувийн байдал, мөн хохирол төлбөргүй байдал, улсын яллагч, өмгөөлөгч нарын санал, дүгнэлтүүд зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 06 сарын хугацаагаар хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэлээ.
Шүүгдэгчид шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, мөн дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн компакт дискийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 300,000,000 төгрөгийг төлсөн зэргийг тус тус дурдсугай.
Мөн уг хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүхээс прокурорын сонсгосон, шүүгдэгчийн зөвшөөрсөн ялын хэмжээ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ялын доод хэмжээнээс доогуур байсан тул шүүх тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь хууль ёсны болон шударга ёсны зарчмыг зөрчинө гэж үзэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар хянан хэлэлцэж шийдвэрлэснийг тэмдэглэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Д.Ж.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Автотээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Д.Ж.М тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авч, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тус тус авч, тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Монгол улсын Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Д.Ж.М-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэсэн, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
5. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Д.Ж.М нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг анхааруулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Д.Ж.М-д авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн компакт дискийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 300.000.000 төгрөгийг төлсөн, хохирогч нь цаашид гарах хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР