| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2020/01682/И |
| Дугаар | 2403 |
| Огноо | 2020-07-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2403
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Мандал сум,**** тоотод оршин суух, Ц.Гийн /РД: 0000/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, **** тоотод оршин суух, Д.О-т /РД: 0000/ холбогдох
8.200.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Г,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Даваасүрэн,
Хариуцагч Д.О,
Хариуцагчийн өмгөөлөгч С.Отгонгэрэл,
Гэрч Ө.Б*******, М.Ундарга,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2013 оны 11 дүгээр сард Д.О Дорнод аймагт ирж “Г*******” зочид буудалд байрласан ба миний хувьд Д.Оийг Дорнодод ирэх хүртэл нь таньдаггүй байсан. Тэрээр “В*******” компанийг танилцуулж ярьж өгсөн.
Энэ компани эко төсөл хэрэгжүүлдэг компани байсан бөгөөд миний утсанд гаднаас дуудлага, мессеж ирэх бүрт 1 цент хуримтлагдан үүнийгээ сар болгоод аль нэг арилжааны банкны долларын дансаар шилжүүлж авч болно гэсэн. Би утсаараа маш их ажил хийдэг байсан болохоор их зүгээр юм байна гэж үзсэн. Энэ бол сүлжээ биш худалдааны компани гэж би ойлгож байгаа.
Би тухайн үед Д.От “надад энэ компани ямар ч хамаагүй, би танд итгээд хөрөнгө оруулалт хийе” гэдгээ хэлсэн. Надад итгэл төрүүлсэн зүйл нь хэрэв энэ компани үйл ажиллагаа нь доголдож, үр өгөөжөө өгөхгүй бол миний мөнгийг надад буцааж өгнө гэсэн нь байсан.
Би Д.От хамгийн анх 1.200 долларыг 2013 оны 11 дүгээр сард, дараа нь 2.500 долларыг 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр, мөн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 419 доллар шилжүүлсэн ба нийт 4.119 ам доллар болж байгаа.
Би 4.119 ам доллараа 2.000 төгрөгөөр бодсон ба банкны хүн таны шилжүүлсэн мөнгө 8.200.000 төгрөг болж байна гэсэн.
Би тухайн үед 600 ам доллараар 6-7 удаа Д.Оийн данс руу мөнгө шилжүүлсэн гэж бодож байсан.
Би Д.Отэй зээлийн гэрээ байгуулаагүй. Зээл гэдгийг ойлгож байгаа. Энэ хүний дансанд шилжүүлсэн мөнгөө л авах гэж байгаа болохоос энэ хүн миний мөнгийг В******* компани руу шилжүүлсэн нь хамаагүй.
Би энэ хүнд мөнгө өгөхдөө би танд энэ мөнгийг зээлж байгаа юм шиг өгнө, та ашиг гаргаж өгөөрэй гэж хэлсэн учраас би уг мөнгийг Д.От зээлсэн гэж боддог.
Тийм ч учраас зээл гэж нэхэмжилсэн бөгөөд Д.Оээс зээл 8.200.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.О шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би Ц.Гээс 2013 онд 8.200.000 төгрөгийг зээлээгүй, бичгээр зээлийн гэрээ байгуулаагүй, 6 жилийн хугацаатай мөнгө зээлнэ гэж байхгүй. Миний Худалдаа хөгжлийн банкинд 6-7 удаа ам доллар хувааж хийсэн гэдэг нь ч худал.
Би 2013 оны 09 дүгээр сард “В*******” компанийн талаар мэдсэн ба Ө.Б******* та хүрээд ирээч, таниас мэдээлэл авъя, бүх зардлыг нь даана гэсэн. Би урилгынх нь дагуу очсон боловч зардлыг маань даагаагүй.
Би анх компаниас авсан тэр мэдээллээ л өгсөн. Ухаалаг гар утастай бол дуудлага болон мессеж бүрээсээ реклам үзсэнийхээ төлөө цент хуримтлуулан үүнийгээ ам долларын дансаар авах боломжтой байсан. Сэргээгдэх эрчим хүчтэй холбоотой төсөл хэрэгжүүлж байсан ба энэ компанид 39 доллараар бүртгэл хийлгээд 100, 600, 1600 долларын гэсэн 3 төрлийн багцаас өөрөө сонгож орох боломжтой байсан.
Ц.Г өөрөө 600 долларыг сонгож орсон ба тухайн компанийг судлаагүй гэдэг бол огт худал зүйл бөгөөд итгэл үнэмшил төрсөн болоод л мөнгөө шилжүүлсэн байх ёстой. Түүнээс ямарч хамааралгүй нэг хүнд хүн шууд мөнгөө шилжүүлэхгүй шүү дээ. Мөн компани үр өгөөжөө Ц.Гт өгөхгүй бол тухайн мөнгийг би өгнө гэж хэлсэн гэж тайлбарлалаа.
Би Дорнодод 2013 оны 12 дугаар сард очсон. Над руу 600 доллараар 6-7 удаа мөнгө шилжүүлсэн гэж байна. Хуулгатай танилцсан байх. Хэзээ мөнгө орж ирсэн гэдгийг харж болно.
Бид хоёрын хооронд ямар ч хариуцлага хүлээх амлалт байгаагүй, яригдаа ч үгүй. Анхнаасаа сүлжээ компани гэдгийг мэдэж байсан. Тэр мөнгийг хэн рүү шилжүүлсэн гэдгээ мэдэж байгаа бол бас тэр мөнгө хаашаа шилжсэн гэдгийг мэдэж байх ёстой. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч Д.От холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч Д.Оийн Худалдаа хөгжлийн банк дахь ам долларын дансанд 2013 оны 11 сард 1.200 доллар, 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 2.500 ам доллар, 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 419 ам доллар, нийт 4.119 ам доллар шилжүүлсэн. 1 ам долларыг 2.000 төгрөгөөр тооцон 8.200.000 төгрөгийг зээл хэмээн нэхэмжилж байна гэж,
хариуцагч Д.О нь зээлийн гэрээ бодитоор байгуулж 8.200.000 төгрөгийг аваагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.
Шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх явцад нэхэмжлэгч Ц.Г нь 2013 оны 12 дугаар сард хариуцагч Д.О нь Дорнод аймагт хүрэлцэн ирж “В*******” олон улсын худалдааны компанийн талаар танилцуулсан ба уг компанид элссэнээр үр өгөөж өгнө гэсэн тул 4.119 ам доллараар хөрөнгө оруулалт хийсэн. Ашиг өгөхгүй бол зээл болгон нэхэмжилнэ гэж Д.От өгсөн тул уг мөнгөө зээл гэж үзэн зээлийн гэрээний үүрэг шаардаж байна гэж тайлбарлалаа.
Ө.Б******* шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:
“Д.О эгчийг сүмийн хүн гэдгээр нь мэддэг байсан. Ц.Г бид хоёр бол найзууд. 2013 оны 12 сард Ц.Г бид хоёр Малайзын сүлжээний DXH гэж улаан мөөгний орцтой бүтээгдэхүүн борлуулдаг үйл ажиллагааг өрөө түрээслээд явуулж байсан.
Ц.Г бид хоёр ярилцаж байгаад Д.О эгчийг дуудан “В*******” компанийн талаар яриулж өөрсдөө санаачилгаараа уг сүлжээний компанид элссэн. Ц.Гийг яг хэдэн төгрөгөөр уг компанид элсэж орсныг мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар 639 ам доллараар 3 хүн орж байсан бөгөөд тухайн үеийн 1.000.000 гаран төгрөг болж байсан.
Өмнөх шүүх хурал болсны дараа Ц.Г над руу яриад “уучлаарай, найз нь чамаас уучлалт гуйх юм боллоо” гэсэн. Яасан бэ гэхэд чамайг шүүх дээр дуудах байх. Би Д.О эгчээс “В*******” компанийн мөнгөө нэхсэн. Зээл гэж бичихгүй бол мөнгө гардаггүй гэхээр нь зээл гээд бичээд өгсөн шүү гэж надад хэлсэн.
Та нарт таалагдахгүй бол өргөдлөө бичээд компани руу явуулаарай гэж байсан ба бид мөнгөө буцааж авах биш санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд ажиллаж байсан....гэжээ.
М.Ундарга шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:
“... “В*******” компанийн үйл ажиллагаа 2013 оны 8 сараас эхэлсэн санагдаж байна. Би орчуулга хийж байсан. Хүмүүс Худалдаа хөгжлийн банкинд долларын данс нээлгэж мөнгөө шилжүүлж байсан. Сүүлийн 2 жил үйл ажиллагааг нь сонирхоогүй. Монголоос бусад газар үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн ба уг нь их амжилттай хэрэгжиж байсан төсөл.
Гар утсандаа аппликейшн татаж суулган реклам үзсэний төлөө дуудлага, мессеж бүрт цент орж ирэн хуримтлуулж байгаад дансаараа авдаг байсан. Мөн төрөл бүрийн цахилгаан барааг маш хямд үнээр захиалан авч байсан. Интернет худалдаа хийдэг байсан.
Уг сүлжээ компанийн Монгол дахь удирдлагуудаас болоод ажиллахаа больсон....гэжээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”,
282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно” гэж заажээ.
Нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч Д.Оийн Худалдаа хөгжлийн банк дахь ******* тоот дансанд 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 2.500 ам доллар, 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 416 ам доллар “орлого” гэсэн агуулгаар шилжүүлснийг нь хариуцагч Д.О ******* ******* тоот дансанд мөн өдөр шилжүүлсэн нь Д.Оийн Худалдаа хөгжлийн банк дахь дансны хуулгаар тогтоогдож байна.
Тэрээр хариуцагч Д.От 2013 оны 11 сард 1.200 ам доллар шилжүүлсэн гэх боловч энэ нь баримтаар нотлогдоогүй болно.
/ХХ-ийн 15, 33 дугаар хуудасны ар тал, 71 дүгээр тал/
Талууд анхнаасаа зээлийн гэрээний харилцаанд орж байгаа бол Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох ба зээлийн гэрээний үүрэг зээлдэгчид шилжсэн эсэх нь гэрээний хэлбэрээс шалтгаалахгүй, харин гэрээний зүйл зээлдэгчийн өмчлөлд шилжсэн эсэхээс хамаардаг.
Зээлдэгч нь зээлийн гэрээний зүйл болох мөнгийг зээлдүүлэгчээс шилжүүлэн аваагүй тохиолдолд эд хөрөнгийг эргүүлэн төлөх үүрэг үүсэхгүй бөгөөд үүрэг нь Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 8 дугаар зүйлийн 8.1-т зааснаар үүсдэг.
Дээр дурьдсан баримтуудаас дүгнэж үзэхэд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд нэхэмжлэгч Ц.Г нь сүлжээний бизнесийн үйл ажиллагаатай холбоотойгоор хариуцагч Д.От шилжүүлсэн мөнгөө зээл хэмээн нэхэмжилж байгаа болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч Д.Оээс зээлийн гэрээний үүрэг шаардаж байгаа ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил бөгөөд 419 ам долларыг хариуцагч Д.От шилжүүлсэн гэх 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөр буюу мөнгө шилжүүлсэн сүүлчийн өдрөөр хугацааг тоолоход нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болжээ.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.От холбогдох 8.200.000 төгрөг гаргуулах тухай Ц.Гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.От холбогдох 8.200.000 төгрөг гаргуулах тухай Ц.Гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.160 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН