| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 167/2023/0195/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/196 |
| Огноо | 2023-11-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ариунтөр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/196
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,
Шүүгдэгч Э.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Од холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ...
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Э.О нь 2023 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын .... гэх газарт байх өөрийн гэртээ хохирогч О.Бын “...зүүн гуя тус газар нь зэвсгийн чанартай зүйл буюу хутгаар хатгаж эрүүл мэндэд нь “ зүүн гуяны шарх, цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Э.О нь 2023 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын .... гэх газарт байх өөрийн гэртээ хохирогч О.Бын “...зүүн гуя тус газар нь зэвсгийн чанартай зүйл буюу хутгаар хатгаж эрүүл мэндэд нь “ зүүн гуяны шарх, цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч О.Бын “...Би Дорноговь аймгийн ... гэх газар Э гэх айлын малыг эхнэр Ц-ын хамт 2022 оны 06 дугаар сараас одоог хүртэл маллаж байна. 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр би эхнэр Ц-ын ээжийнх нь төрсөн дүүгийн хүүхэд О-ын гэрт орой 16 цагийн үед очиход тэдний гэрт О-түүний эхнэр О- мөн төр хоёрын найз гээд Агэж нэртэй О-ны хамт бензин авахаар Хэнтэй аймаг Галшар сум явахаар болсон бөгөөд явахаасаа өмнө Дэлгэрэх сумын төв орж надад 0,75 литрийн Хараа нэртэй архи авч өгсөн бөгөөд би тэр архийг аваад буцаад О-ын гэрт ирж А-тай тэр архиа хувааж уусан бөгөөд тэр хэд цааш Хэнтэй аймгийн Галшар сум руу явсан би О-ын гэрт буцаж очоод А-тай хамт тэр архиа хувааж уугаад тэндээ хоноцгоосон. Тэгээд унтаж байтал О-тай О нар шөнө 00 цагийн үед ирсэн тэгээд би өглөө 04 цагийн үед бие засмаар санагдаад шээлээ гээд орилтол О гэрлээ асаагаад ямар ядаргаатай хүн бэ гээд уурлаад байсан. Тэгээд миний уур хүрээд шүүгээнээс хутга аваад О руу шидтэл О-ыг онолгүй цонхны доод хэсэгт оноод газар унахад О босож ирээд миний хөл дээр сууж байгаад миний шидсэн хутгыг аваад миний зүүн гуяны гадна хэсэгт нэг удаа дүрсэн. Тэгтэл О, А нар сэрээд сумын төв явж эмч цагдаа нарыг дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх 4-рт/,
-Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн ... дугаартай “...О.Бын биед зүүн гуяны шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо...2. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 9-рт/,
-Шүүгдэгч Э.Оы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 2023 оны 10 дугаар сарын 17-ны нөхөр О-ын хамт Хэнтий аймгийн Галшар сумын төв орж өөрсдийн мотоциклдоо бензин авчихаад буцаад Дорноговь аймгийн ... гэх газар байх намаржаандаа байх гэртээ иртэл манай нөхрийн ээжийн төрсөн эгчийн хүү болох Б мөн манай найз А нар манай гэрт унтаж байсан тэгээд нөхөр бид хоёр ороо засаад унтаж байтал шөнө 04 цагийн үед тэр Б ах би бие заслаа гэж орилоод байсан тэгээд гэрлээ асаагаад та өөрөө гадаа гараад бие засчих гэж хэлтэл Б над руу салаавч гаргаад байсан. Тэгээд би өөдөөс нь та яагаад над руу салаавч гаргаад байгаа юм бэ гэж хэлтэл Б босож ирээд шүүгээнээс том хутга аваад над руу шидтэл тэр хутга нь миний толгой дээгүүр гарсан тэгээд миний уур хүрээд тэр хутгыг аваад буцаагаад шидтэл тэр хутга Б ахын зүүн ташааны гадна хэсэгт зоогдсон тэгтэл Б ах чанга дуугаар орилтол манай нөхөр сэрээд надад чи чинь яаж байна аа хүн аллаа шүүдээ гэж хэлтэл манай найз А, Б ахын хөлд зоогдсон байсан хутгыг сугалж аваад тэр хутгыг гадаа гаргаад шидчихсэн. Тэгтэл манай нөхөр О босож ирээд хүрэн өнгийн хөнжлийн даавуу тасдаж аваад Б ахын шархыг боотол цус нь тогтохгүй байсан тэгээд манай нөхөр цус н тогтохгүй байна би яваад эхнэрийг нь аваад ирье гэж хэлээд мотоциклоо унаад яваад ирэхдээ Б ахын эхнэр Ж болон сумын цагдаа, эмч нарыг дагуулж ирсэн. Тэгээд эмч нар Б ахыг үзээд цусыг нь тогтоож байгаад 7 оёдол тавьсан...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар тооцуулсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Э.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Э.Огийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд тэрээр хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байх эрх чөлөөнд халдаж, хохирогч О.Бын биед зүүн гуяны шарх, цус хуралт гэмтэл буюу хөнгөн гэмтэл учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Э.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.О нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгч Э.О нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчид 100.000 төгрөг төлсөн, нэмж хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Э.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Э.Од танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Э.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Э.Ог Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг даалгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчид 100.000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-д оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 100.000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР