Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/197

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                       

           Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэрэндулам,

Шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Гт холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн,

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Н.Г нь согтуугаар 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ... бааз дээр Ц.Гтай маргалдаж, улмаар түүний хэвлий хээгт ир үзүүртэй зүйлээр хатгаж хэвлийн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан, мөн дээрх газарт тус цаг хугацаанд Н.Тын гуя хэсэгт ир үзүүртэй зүйлээр хатгаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Н.Г нь согтуугаар 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ... бааз дээр Ц.Гтай маргалдаж, улмаар түүний хэвлий хээгт ир үзүүртэй зүйлээр хатгаж хэвлийн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан, мөн дээрх газарт тус цаг хугацаанд Н.Тын гуя хэсэгт ир үзүүртэй зүйлээр хатгаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

          Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ц.Гы “...Би 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ... бааз дээр...оройны 19 цаг өнгөрч байхад би гэрээс гараад манай ...-ийн хүмүүс гадаа талбай дээр бүжиглэж байхаар нь талбай руу явж байгаад Гтай муудсан юм шиг байгаа юм. Маргааш нь буюу 09 дүгээр сарын 17-ны өдөр би Нэгдсэн эмнэлэг дээр боолтоо хийлгээд явж байхдаа Ттай тааралдсан чинь Г хутгатай байж байгаад муудалцаж хутгалуулсан гэж надад хэлсэн. ...Надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 10-рт/,

            -Хохирогч Н.Тын “...Н.Г шугам сүлжээ албаны засварчин Г нь Гыг заамдсан байхаар нь салгах гэсэн чинь баруун хөлний өвдөгний дээд хэсэгт зүсүүлэх шиг болсон. Тэгэхээр нь би шууд С.Б-тэй хамт эмнэлгийн яаралтай тусламжийн 103 дээр очиж үзүүлж оёдол тавиулсан. ...Надад гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49 ху/, гэрч Б.Б-ын “...би архинаас ууж байгаад нэлээд согтсон байсан. 19 билүү 20 цагийн үед гэрээс гараад 00 орох гэж явж байсан чинь гэрийн гадаа шугам сүлжээний хэсгийн Г ах хөдөлмөр аюулгүй ажиллагааны инженер Г 2 гадаа муудаад зогсож байх шиг байсан. Би тухайн үед хажуугаар нь өнгөрөөд явсан...” гэсэн мэдүүлэг /хх 14-рт/,

            -Гэрч Х.Н-ийн “...бүжгийн талбайгаас хойш гадаа ширээний хажууд 2-оос 3 хүмүүс муудаад байх шиг байхаар нь очсон чинь хөдөлмөр аюулгүй ажиллагааны инженер Г, Гтай муудаад зодолдож байхаар нь би Г инженерийг “Болиоч ээ яах гэж муудаад байгаа юм бэ?” гэж хэлээд салгачхаад өөрийн хэсгийн гэр лүү яваад өгсөн. Тэгээд гэрт байж байсан чинь хөгжим зогсоогоод хүмүүс бужигналдаад эхэлсэн. Тэгээд гэрээс гараад очтол Г Гыг хутгалсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 16-рт/,

            -Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн ... дугаартай “...Ц.Гы биед хэвлийн шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 18-рт/,

            -Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн ... дугаартай “Н.Тын биед баруун гуяны шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн аль нэгээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Учирсан гэмтлийн цаг хугацааг тогтоох боломжгүй...” гэсэн дүгнэлт /хх 52-рт/,

            -Иргэний нэхэмжлэгч Д.Д-ын “...Н.Г нь 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Эрүүл мэндийн даатгалаар нийт 188,000 төгрөгийн хөнгөлөлт тусламж, үйлчилгээ авсан байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хариуцсан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу холбогдогчоор төлбөрийг бүрэн барагдуулж авна...” гэсэн мэдүүлэг /хх 59-рт/,

            -Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-6-рт/ зэрэг хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар тооцуулсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Н.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

           Дээрх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.

 

           Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Н.Г нь хохирогч Ц.Г, Т нарын биед санаатайгаар халдан довтолж, тэдний эрүүл мэнд хөнгөн хохирлыг тус тус учруулсан үйл баримт тогтоогдсон байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэх бөгөөд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, зөв байна.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

           Шүүгдэгч Н.Гын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд тэрээр хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байх эрх чөлөөнд халдаж, хохирогч нарт хөнгөн гэмтэл учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзнэ.

          

           Иймд шүүгдэгч Н.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Г, Н.Т эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь нэхэмжилсэн зүйлгүй, хохирогч Н.Гд эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээний үзүүлсний улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 188.000 төгрөгийг шүүгдэгч нь төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

           Шүүгдэгч Н.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

         Шүүгдэгч Н.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Н.Гт танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

         

            Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Н.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзлээ.

           

           Иймд шүүгдэгч Н.Гыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй дурдав.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Н.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гт оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь уг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

           4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ОДБАЯР