Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2021/0668

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.о би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: С.м

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч П.н, улсын байцаагч Э.э

Гомдлын шаардлага: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч П.н, улсын байцаагч Э.э нарын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 000******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ю.С, хариуцагч Э.э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч С.мшүүхэд ирүүлсэн гомдолдоо: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн газрын Улсын ахлах байцаагч П.н, Улсын байцаагч Э.э нар нь Замын-үүд боомтын Улс хоорондын тээврийн үйл ажиллагаанд шалгалт хийгээд 2021 оны 05 сарын 07-ны өдөр ******* дугаартай зөрчлийн хэрэг нээсэн байна. Импортын бараа бүтээгдэхүүн болох хүнсний ногоо /нарийн ногоо/, жимс жимсгэнийг БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлд 20.000.000-30.000.000 төгрөгөөр тээвэрлэсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дах хэсэгт зааснаар 2021 оны 06 сарын 29-ны өдөр 000******* дугаартай шийтгэлийн хуудсаар ******* УАС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд холбогдуулан жолооч С.т-д зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дах хэсэгт зааснаар хууль бус орлого 20.000.000 төгрөгийг хурааж, 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

            Тус шийтгэл нь хуульд болон бодит байдалд нийцээгүй хийсвэр дүгнэлт өгч шийтгэлийн хуудас бичсэн хууль зүйн үндэслэлгүй байна.

Зөрчлийн хэрэг нээхдээ: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын талаас /Монгол Улсаас авто тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй/ 2021 оны 03 сарын 20-ны өдрөөс тээврийн хөдөлгөөн хаасан ... улс хоорондын ачаа тээвэр гүйцэтгэж буй аж ахуй эрхлэгч, хувь жолооч нар урвуугаар ашиглаж импортын бараа бүтээгдэхүүний ачаа тээврийн үнийн хөөргөдөл үүсэж, үнийн хөөргөдлөөс болж нарийн ногооны хангамж, нийлүүлэлт багасаж, үнэ өсөж хэрэглэгчийг хууль бусаар хохироосон эсэхэд ... гэсэн үндэслэлээр зөрчлийг хэрэг нээсэн байх бөгөөд энэ хэрэг материалд гол нь хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа  явуулсан буюу Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйл нь “Өрсөлдөөний тухай хууль зөрчих” 4 дэх хэсэг Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаалахад чиглэсэн гэжээ. Энэхүү хуулийн заалт нь Аж ахуй нэгжид хамааралтай байна. Мөн “Өрсөлдөөний тухай” хуулийн 12 дугаар зүйлийн Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь үйл ажиллагааг явуулахыг хориглоно. 12.1.10-т Хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироосон худалдааны арга гэжээ.

            Гэтэл жолооч нар нь  Аж ахуй эрхлэгч мөн үү. Мөн Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэг Аж ахуй эрхлэгчид хамааралтай байна.

            Иймд жолооч С.мнь ******* УАС улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэр хийж байсан бөгөөд Замын-Үүд боомтоор 2021 оны 04 сарын 11-ны өдөр орж ирсэн бөгөөд 2 удаагийн шилжүүлгээр буюу иргэн Б*******, С******* нараас 20.000.000 төгрөг шилжин ирсэн байдаг. Энэ нь хувь хүмүүс ачааны /тээврийн/ зардлыг шилжүүлж авсан байх бөгөөд иргэд хооронд ачаа бараа тээвэрлэхээр харилцан тохиролцож хэлцэл хийж, хэлцлийн үндсэн дээр тээврийн хөлсийг тохиролцож дансаар шилжүүлэн авч ажил гүйцэтгэдэг байдаг. Энэ нь Иргэний эрх зүйн иргэд хоорондын харилцаа үүссэн байхад Зөрчлийн хэрэг үүсгэж шийтгэл оногдуулсан нь  хууль бус байна. Мөн шударга өрсөлдөөн хэрэглэгчийн газрын шалгалт 2021 оны 04 сарын 14-нөөс 05 сарын 06-ны хооронд хийгдсэн байдаг тул шалгалтаар илрээгүй билээ.

Мөн тухайн тээврийн хэрэгслээр хэдэн удаа ямар тээвэр хийснийг шалган тогтоогоогүй жолооч нарын дансанд мөнгө шилжсэн байна гэдгээр арга авсан нь хууль бус Эрээн хотоос 1 тн ногоо, нарийн ногоо, жимс жимсгэнийг хэдэн төгрөгөөр тээвэрлэдэг болох үнийн тарифыг нарийвчлан тогтоогоогүй, хэдэн төгрөгөөр ачдаг зах зээлийн судалгаа хийж тээврийн зардлыг хэн өсгөсөн талаар шалган тогтоогоогүй. Мөн тээврийн зардал өссөнөөр Монголын зах зээл Улаанбаатар хотод аль эсвэл аймаг суманд нарийн ногооны хангалт муудаж, үнэ өссөн тухай баримт хэрэгт авагдаагүй шалгаагүй. Мөн үнэ өссөнөөс болж хэрэглэгчийг хууль бусаар хохироосон гэх аудитын дүгнэлт аль эсвэл гомдол санал ирсэн талаар баримт байхгүй.

Жолооч нар нь тээврийн төлбөрийг үндэслэлгүйгээр нэмж тээвэрлэсэн гэдэг нь тогтоогдохгүй байх бөгөөд нэгэнт авто машиныг Хятадын хил рүү оруулахгүй цөөн тооны тээврийн хэрэгсэл явж байсан бөгөөд хүнсний ногоо нь амархан мууддаг тул ногоо болон ачааны эзэд нь өөрсдөө үнээ хэлж бараагаа ачуулж тээврийн хэрэгслийн дугаарыг өгч ачуулдаг тул харилцан тохиролцож үнийг тогтоосон.

            Мөн тээврийг БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хүртэл улс хоорондын тээвэр хийж байгаа зэрэг онцгой нөхцөл шалтгаантай.

Мөн 1 машин нь хэдэн жин, тонн ачаа тээвэрлэсэн тэр ачаа нь зах зээлийн ханшаар тээврийн зардал нь хэдэн төгрөг болсон үүнээс үнэ өсгөж тээвэрлэсэн нь хэдэн төгрөг болох түүний хууль бусаар олсон ашиг нь хэдэн төгрөг болов гэдгийг шалган тогтоогоогүй ачааны зардалд шилжүүлсэн бүх мөнгийг хууль бусаар олсон орлого гэж улсын орлого болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 06 сарын 29-ны өдрийн 09 дугаар “Зөрчил шалган шийдвэрлэх танилцуулга-т ... БНХАУ талаас КОВИД-19 цар тахалтай холбоотойгоор Монгол Улсаас хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн тоонд хязгаар тавьж, өдөрт нэг талдаа 100 тээврийн хэрэгсэл буюу энгийн үетэй харьцуулахад 2-3 дахин бага тээврийн хэрэгсэл нэвтрүүлж байгаа бөгөөд дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

  1. Улаанбаатар хотоос Эрээн хот хүртэл олон улсын тээвэр гүйцэтгэхэд Шаргын-овооноос Замын-Үүд, Замын-Үүдээс хийлийн 0 цэг, Хилийн 0 цэгээс Гаалийн хашаа, Гаалийн хашаанаас Эрээн хот хүртэл гэх 4 шат дамжлагыг дамждаг.
  2. Хилээр нэвтрэх дараалал, тээвэр гүйцэтгэх олон шат дамжлага зэргээс шалтгаалан нэг тээврийг дунджаар 22-23 хоногт гүйцэтгэдэг.
  3. Тээврийн үнийн хөлсний хувьд Шаргын-овоонд 15 хоног тусгаарлалтад байрлах байр, хоолны зардал, Хилийн 0 цэгээс машин хүлээн авч буй жолоочийн хөлс гэх мэт зардлууд нэмэгдэж тээвэр гүйцэтгэхэд нийт 2.900.000 төгрөг зарцуулж байна.
  4. Хятад талын зуучлагч нар өндөр үнэ хэлж автомашин олдог, энгийн үетэй харьцуулахад 3-5 дахин бага нэг жолооч сард нэг удаа тээвэр гүйцэтгэж тээврийн хэрэгсэл олон жолоочийн гар дамжиж буй учир эвдрэл гэмтэл их гардаг бөгөөд засварын зардлыг 100% жолооч хариуцдаг зэрэг шалтгааны улмаас тээврийн үнэ нэмэгдсэн байна гэж Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны танилцуулгадаа 4 үндэслэлээр тээврийн үнэ өссөн талаар тогтоосон дүгнэлт гаргасан.

Иймд жолооч С.мминий бие нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйл нь “Өрсөлдөөний тухай хууль зөрчих” 4 дэх хэсэг 4.7-д заасан зөрчил гаргаагүй, мөн үнэ өсгөх асуудал нь надаас шалтгаалаагүй надад огт хамааралгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1-д зааснаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын 2021 оны 06 сарын 29-ны өдрийн 000******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Иргэн С.Мөгоос Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдуулж гаргасан 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 000******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэл, түүний үндэслэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах хариу тайлбар хүргүүлж байна.

            Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 1/23 дугаартай удирдамжийн дагуу 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 05 дугаар сарын 06-ны өдрүүдэд Хилийн Замын-Үүд боомтын улс хоорондын тээврийн үйл хяналт шалгалт хийж, Хяналт шалгалтаар тогтоогдсон “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын талаас /Монгол Улсаас авто тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй/ 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс тээврийн хөдөлгөөнийг хааж, 04 дүгээр сарын 07-ны өдрөөс БНХАУ-ын талаас Монгол Улсаас өдөрт 20 тээврийн хэрэгсэл, 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 50 тээврийн хэрэгсэл, 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 100 тээврийн хэрэгсэл хүлээн авч байгааг улс хоорондын ачаа тээвэр эрхэлж буй аж ахуй эрхлэгч, хувь жолооч нар урвуугаар ашиглаж, импортын бараа бүтээгдэхүүний ачаа тээврийн үнийн хөөргөдөл үүсгэсэн” гэх зөрчлийн шинжтэй үйлдэлд нэмэлт нотлох баримт бүрдүүлж, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагатай байсан тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

            С овогтой Миг нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-т “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасныг зөрчсөн болох нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон тул хууль бусаар олсон орлого болох 20.000.000 төгрөгийг хурааж, хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан байна.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Гомдол гаргагч С.мнь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтаар түүнээс 20,000,000 төгрөгийг хурааж, торгох шийтгэл оногдуулсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 000******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гарган маргасан бөгөөд хэрэгт авагдсан зөрчлийн хэргийн материалыг үнэлээд дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Улс хоорондын ачаа тээврийн үнийн өсөлттэй холбоотой гомдол, мэдээллийн дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 01/23 тоот “хилийн Замын-Үүд боомтоор улс хоорондын тээвэр гүйцэтгэж буй аж ахуй эрхлэгч, иргэдийг шалгах” удирдамжаар 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 5 дугаар сарын 06-ны өдөр хилийн Замын-Үүд боомтын улс хоорондын тээврийн үйл ажиллагаанд тус газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын ахлах байцаагч, улсын байцаагч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хяналт шалгалт хийж, шалгалтаар “БНХАУ-ын талаас “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс Монгол Улсаас авто тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлээгүй, 4 дүгээр сарын 07-ны өдрөөс өдөрт 50 автомашин, 4 дүгээр сарын 10-ны өдрөөс өдөрт 60-100 тээврийн хэрэгсэл хүлээн авч байгаагаас үүдэн улс хоорондын ачаа тээвэр эрхэлж буй аж ахуй эрхлэгч, жолооч нар импортын бараа бүтээгдэхүүний ачаа тээврийн үнийн хөөргөдөл үүсгэсэн, үүнээс шалтгаалж нарийн ногоо, жимсний нийлүүлэлт багасаж, зохиомол үнийн хөөргөдөл үүссэн” гэх зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлж, 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр ******* дугаартай зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. 

Улмаар хөргүүртэй тээврийн хэрэгслээр нарийн ногоо, жимс жимсгэнийг 20,000,000-30,000,000 төгрөгөөр тээвэрлэсэн гэх 10 автомашины жолооч, аж ахуй эрхлэгчид шийтгэл оногдуулсан, тухайлбал улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 00******* дугаартай шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч С.-гийг Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасан “аж  ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан” зөрчил гаргасан гэж үзэж тээврийн үйлчилгээний орлого 20,000,000 төгрөгийг хууль бусаар олсон хөрөнгө орлого хэмээн хурааж, хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч П.н 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Импортын бараа бүтээгдэхүүн болох хүнсний ногоо /нарийн ногоо/, жимс жимсгэнийг БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлд 20,000,000-30,000,000 төгрөгөөр тээвэрлэсэн УНД, УАС, ДГО, ДГС, УАК, УНН, ******* СББ, ******* СЭҮ, ******* УНИ, ******* ДГА  улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэр гүйцэтгэсэн иргэн, аж ахуй эрхлэгчдэд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээж, УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч С.М-гийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон байна.

Хариуцагч нар иргэн С.-гийг УАС дугаартай тээврийн хэрэгслээр нарийн ногоо, жимс жимсгэнийг 20,000,000 төгрөгөөр тээвэрлэсэн болох нь оролцогч нараас авсан мэдүүлэг, тайлбар, ХААН банкнаас гаргуулан авсан дансны мэдээлэл, удирдамжийн танилцуулга зэрэг баримтаар тогтоогдсон гэж Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4-д Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн: 4.7.хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж заасныг үндэслэн 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлого 20,000,000 төгрөгийг хураах шийтгэл оногдуулсан байна.

Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 12.1.10.хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх. 24 дүгээр зүйлийн 24.1-д Зөрчлийг хянан шалгасан улсын байцаагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана: 24.1.1.зөрчил гаргасан этгээдийн гэм буруу нь нотлогдвол түүнд захиргааны шийтгэл ногдуулах; 27 дугаар зүйлийн 27.2-т Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.,  Зөрчлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1-д Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд дараахь шийтгэл оногдуулна: 1.1.торгох шийтгэл;, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 1.4.оролцогч гэж зөрчилд холбогдогч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг;, 3.1 дүгээр зүйлийн 1-д Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ., 3.5 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно: 1.1.арван найман насанд хүрээгүй холбогдогч, хохирогчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг; 1.2.хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг., 4.15 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ., 3-д Прокурор, эрх бүхий албан тушаалтанд оролцогчоос гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, бусад баримтыг олж авсан эх сурвалжийг заагаагүй бол дангаараа нотлох баримт болохгүй. гэж тус тус заажээ.

Шүүх албан бичгээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас ******* дугаартай зөрчлийн материалыг архивын нэгжээр нь шаардсаны дагуу тус газраас зөрчлийн хэргийн материалыг хуулбарлан ирүүлжээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч П.н, улсын байцаагч Э.э нар тээврийн хэрэгслээр тээвэр гүйцэтгэсэн иргэн, аж ахуй эрхлэгчдэд холбогдуулан зөрчлийн хэрэг нээсэн атлаа иргэн С.М-гийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож улмаар шийтгэл оногдуулсан нь Зөрлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-д заасан холбогдогчид шийтгэл оногдуулах болон хууль ёсны төлөөлөгчийн талаарх хуулийн зохицуулалтай нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүнийг холбогдогч гэх бөгөөд холбогдогч зөрчил үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон тохиолдолд шийтгэл оногдуулахаар байхад УАС дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч С.М-гийг хуульд заасан ямар үндэслэлээр хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь тодорхойгүй, түүнийг холбогдогчоор тогтоогоогүй атлаа холбогдогчоор мэдүүлэгч авч торгох шийтгэл оногдуулсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа ч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар зөрчлийг шалгаж тогтоохдоо ч бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийх ёстой.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар удирдамжийн дагуу хяналт шалгалтаар зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлээд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гаргасан танилцуулгадаа “... БНХАУ талаас КОВИД-19 цар тахалтай холбоотойгоор Монгол Улсаас хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн тоонд хязгаар тавьж, өдөрт нэг талдаа 100 тээврийн хэрэгсэл буюу энгийн үетэй харьцуулахад 2-3 дахин бага тээврийн хэрэгсэл нэвтрүүлж байгаа бөгөөд дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

1. Улаанбаатар хотоос Эрээн хот хүртэл олон улсын тээвэр гүйцэтгэхэд Шаргын овооноос Замын -Үүд, Замын-Үүдээс хилийн 0 цэг, хилийн 0 цэгээс гаалийн хашаа, гаалийн хашаанаас Эрээн хот хүртэл гэх 4 шат дамжлагыг дамждаг.

2. Хилээр нэвтрэх дараалал, тээвэр гүйцэтгэх олон шат дамжлага зэргээс шалтгаалан нэг тээврийг дунджаар 22-23 хоногт гүйцэтгэдэг.

3. Тээврийн үнэ хөлсний хувьд Шаргын овоонд 15 хоног тусгаарлалтад байрлах байр, хоолны зардал, хилийн 0 цэгээс машин хүлээн авч буй жолоочийн хөлс гэх мэт зардлууд нэмэгдэж тээвэр гүйцэтгэхэд нийт 2,900,000 төгрөг зарцуулж байна.

4. Хятад талын зуучлагч нар өндөр үнэ хэлж автомашин олдог, энгийн үетэй харьцуулахад 3-5 дахин бага, нэг жолооч сард нэг удаа тээвэр гүйцэтгэж байгаа, тээврийн хэрэгсэл олон жолоочийн гар дамжиж буй учир эвдрэл гэмтэл их гардаг бөгөөд засварын зардлыг 100 хувь жолооч хариуцдаг зэрэг шалтгааны улмаас тээврийн үнэ нэмэгдсэн байна гэжээ.

Ийнхүү зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар дээрх 4 үндэслэлээр тээврийн үнэ өссөн нөхцөл байдлыг тогтоожээ. Өөрөөр хэлбэл хариуцагч нь улс хоорондын ачаа тээврийн үйлчилгээний үнэ нэмэгдсэн шалтгаан нөхцөлийг буюу бодит нөхцөл байдлыг шалган тогтоох үүргээ хэрэгжүүлсэн атлаа, тогтоогдсон нөхцөл байдлыг зөв дүгнээгүйгээс зөрчлийн хэргийг буруу шийдвэрлэжээ гэж шүүх үзлээ.

С.-гт холбогдуулан зөрчил гэж үзсэн үйлдэл нь аж  ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан гэх боловч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдал нь өөр, тодруулбал Улаанбаатар хотоос Эрээн хот хүртэл олон улсын тээврийн замыг 4 хэсэгт хувааж, тус бүртээ хязгаарлалтын дэглэм үйлчилж, улмаар хилээр нэвтрэх дараалал ихээр үүсч, нэг удаагийн тээврийг 22-23 хоногт гүйцэтгэдэг болсон, тээврийн үнэ өссөн шалтгаанд жолоочийн тусгаарлалтын зардал, 4 хэсэгт солигдож буй жолооч нарын ажлын хөлс өссөн, тээвэрлэлтийн рейс энгийн үетэй харьцуулахад 3-5 дахин багасаж, нэг тээврийн хэрэгсэл, нэг жолооч сард нэг удаа тээвэрт явж байгаа, жолоо дамжуулж байгаагаас тээврийн хэрэгслийн эвдрэл их, автомашины засварын зардал нэмэгдсэн, энэ эрсдэлийг жолооч хариуцдаг зэрэг шалтгаануудын улмаас тээврийн үнэ нэмэгдсэн болохыг тогтоосон байна.

Удирдамжийн дагуу хийсэн шалгалтаар болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар жолооч нарыг үгсэн хуйвалдаж, хясан боогдуулах замаар тээврийн үнийг зохиомлоор өсгөсөн үйлдэл тогтоогоогүй атлаа ийнхүү импортын хүнсний нарийн ногоо, жимсний тээвэрлэлтийн үнэ өссөнийг дан ганц жолооч нарын буюу тухайлбал С.М-гийг өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” гэж үзэж торгох шийтгэл ногдуулан, тээвэрлэлтийн хөлсийг бүхэлд нь хууль бусаар олсон хөрөнгө орлогод тооцон хураасан нь хуульд нийцээгүй, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтыг буруу хэрэглэсэн байна гэж шүүх дүгнэлээ.  

Өөрөөр хэлбэл 800-1000 автомашин улс хоорондын импортын барааны тээвэрлэлт хийж байхад цар тахлын хязгаарлалтын улмаас БНХАУ талаас өдөрт хилээр нэвтрүүлэх ачааны тээврийн хэрэгслийн тоог хязгаарласан нь хэн нэгэнд давуу байдал үүсгэх зорилгогүй, энэ нөхцөл байдал нь жолооч нараас шалтгаалаагүй, өдөрт хилээр нэвтрүүлэх ачааны тээврийн хэрэгслийн тоог хязгаарласанд өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн С.М-гийн үйлдэл” байхгүй атал “өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” зөрчил гэж үзсэн нь, тээврийн үйлчилгээг хууль бус үйл ажиллагаа үзсэн нь, тээврийн үйлчилгээний орлогыг хууль бусаар олсон орлого гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Тээвэрлэгч нь тээвэрлэлтийн тусгай горим шаардагдах нарийн ногоо, жимс жимсгэнэ импортлогчийг хясан боогдуулах замаар тээвэрлэлтийн үйлчилгээний үнийг өсгөсөн буюу өрсөлдөөнийг хязгаарласан аливаа үйл ажиллагаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдоогүй, нөгөө талаас тухайн зөрчилд холбогдсон тээвэрлэлтийн  үйлчилгээ эрхлэгч нь ийнхүү ноёлох үйл ажиллагаа явуулах боломжтой давамгай байдалтай этгээд биш юм.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шалгалт хийх үндэслэл, зөрчлийн хэрэг нээх үндэслэлд дурдсанчлан импортын бараа бүтээгдэхүүний тээврийн үнэ огцом өссөн, энэ нь импортын нарийн ногоо, жимсний нийлүүлэлт багасахад, үнэ өсөхөд нөлөөлсөн байх ч энэ асуудалд улс хоорондын ачаа тээвэр эрхэлж буй аж ахуй эрхлэгч, жолооч нарыг буруутгаж, хариуцлагыг тэдэнд хүлээлгэж буй нь үндэслэлгүй, тэдгээр иргэд нь тодорхой гэрээ, шийдвэрийн дагуу хөнгөлөлт, урамшуулал авах байдлаар тээвэрлэлтийн үнийг өсгөхгүй гэсэн үүрэг хүлээсэн  этгээд биш юм. Тэр тусмаа үнийн өсөлтөөс нь хамаарч тээвэрлэлтийн үйлчилгээг хууль бус үйл ажиллагаа гэж үзэж болохгүй, тээврийн үйлчилгээний орлогыг бүхэлд нь хууль бусаар олсон орлого гэж үзэхгүй. 

Дээрхээс дүгнэвэл иргэний эрх зүйн харилцаанд тээвэрлэлтийн гэрээний дагуу оролцож буй аж ахуй эрхлэгчийг цар тахлын нөхцөл байдалд гадаад улсын тавьж буй хязгаарлалтын горим дэглэмээс хамаарсан эрэлт, тодорхой зардлууд өссөнөөс үүдэлтэй зарим нэр төрлийн барааны тээврийн зардал, тээвэрлэлтийн үйлчилгээний үнэ өсөж тогтоогдсоныг “өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан” зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.

Иймд С.Мгийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, түүнээс 20,000,000 төгрөгийг хурааж, 2,000,000 төгрөгөөр торгосон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 000******* дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтыг баримтлан С.М-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 000******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.   

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан гомдол гаргагч С.т олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   О.О