| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 126/2026/0001/З |
| Дугаар | 221/МА2026/0302 |
| Огноо | 2026-05-06 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2026/0302
Ч.Х-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч М.Цэцэгмаа
Илтгэсэн шүүгч Б.Адъяасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Ч.Х
Нэхэмжлэгч: Ч.Х
Хариуцагч: Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны даргын 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/33 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ч.Х
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Буяндалай
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 126/2026/0001/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Х-аас Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны даргад холбогдуулан “Ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалтын газрын Хамгаалалтын захиргааны даргын 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/33 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 126/ШШ2026/0004 дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.2.5, 62 дугаар зүйлийн 62.1, 62.1.4-д заасныг тус тус баримтлан Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Ч.Х-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Нэхэмжлэгчийн Ч.Хгийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
“Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 10-т “Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас “Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 301 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшнийг үнэлэх журам”-ын 5.7, 5.11, 6.2-т заасныг зөрчсөн, үнэлгээний хуудсыг үнэлгээний багийн гишүүд гарын үсэг зурж баталгаажуулсан зүйл байдаггүй” гэж тайлбарлаж буй нь үндэслэлтэй боловч” гэж дүгнэсэн атлаа “нэхэмжлэгчээс өөрийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшнийг үнэлэх үнэлгээний хуудастай тусад нь маргаагүй, бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүх тус үнэлгээний хуудсанд дүгнэлт өгч шийдвэрлэх боломжгүй юм” гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Тодруулбал, Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны даргын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/26 дугаар тушаалаар байгуулагдсан албан хаагчдын ажлын гүйцэтгэл, үр дүн мэргэшлийн түвшнийг үнэлэх багийг байгуулсан ч тухайн багаас гарсан үнэлгээ нь баталгаажаагүй, тухайн үнэлгээний багийн гишүүд холбогдох үнэлгээнд гарын үсэг зураагүй хууль зүйн хувьд хүчин төгөлдөр болоогүй байхад анхан шатны шүүх тухайн үнэлгээний хуудсыг маргаан бүхий актын үндэслэл болгосон нь зөв гэж дүгнэжээ.
Түүнчлэн хэдийгээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/688 дугаар тушаалын хавсралтаар тусгай хамгаалалтын захиргааны бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталсан хэдий ч тухайн сайдын тушаалд үндэслэн Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаа өөрийн бүтэц, орон тоог батлаагүй байсан атлаа 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Ч.Хд “Ажлаас чөлөөлөх, сонсох ажиллагаа явуулах тухай” мэдэгдэл хүргүүлсэн нь хууль бус, анхнаасаа Ч.Хг улс төрийн чиг баримжаанд үндэслэж ажлаас халахад чиглэж байсан нь харагдаж байна. Зүй нь сайдын 2025 оны А/688 дугаар тушаалд үндэслэж Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа нь өөрийн бүтэц орон тоог баталсны дараа орон тоо нь цөөрсөн албан хаагчийг чөлөөлөх ажиллагааг явуулах ёстой байсан. Харин Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны бүтэц, орон тоог шинэчлэн батлах шийдвэрийг хариуцагчаас 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гарсан байгаа юм. Энэ нь нэхэмжлэгч Ч.Хг ажлаас халах ажиллагаа хуульд нийцээгүй болохыг нотолж байна.
Түүнчлэн Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны даргын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/26 дугаар тушаалаар байгуулагдсан байгууллагын албан хаагчдын ажлын гүйцэтгэл, үр дүн мэргэшлийн түвшнийг үнэлэх багийг шийдвэр эцэслэн албажиж гараагүй, тухайн багийн үйл ажиллагааны зорилго нь зөвхөн албан хаагчдын ажлын үр дүн мэргэшлийн түвшинд явцын шинжтэй үнэлэлт, дүгнэлт өгөхөд чиглэгдсэн байхад хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа тухайн багийн үнэлгээнд үндэслэсэн нь үндэслэлтэй байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хууль бус байна.
Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 11-т Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшнийг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ.”, 52.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, цалин хөлсийг өөрчлөх, цол, зэрэг дэв олгох, урамшуулах зохих шатны сургалтад хамруулах, албан тушаал бууруулах, хариуцлага хүлээлгэх асуудлыг түүний ажлын гүйцэтгэл, үр дүнг үндэслэн шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэсэн хууль зүйн үндэслэлгүй байна.
Хуулийн дээрх заалт нь бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбоотой ажилтныг чөлөөлөхөд хамаарах мэтээр анхан шатны шүүх тайлбарлан хэрэглэсэн нь хуульд нийцэхгүй байна. Хуулийн дээрх заалтыг задалбал дараах тохиолдолд үнэлгээг хэрэглэхээр заасан байна. Үүнд: Албан тушаал дэвшүүлэх, цалин хөлсийг өөрчлөх, цол, зэрэг дэв олгох, урамшуулах, зохих шатны сургалтад хамруулах, албан тушаал бууруулах, хариуцлага хүлээлгэх.
Гэтэл анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 52.2 дахь заалтыг хэрэглэж, хариуцагчийн маргаан бүхий актыг зөвтгөн шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн шийдвэр болжээ.
Хариуцагчийн зүгээс Ч.Х-д ажлаас халахдаа Төрийн албаны тухай хуулийн 62.1.1-д “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” төрийн албан хаагчийн баталгааг зөрчиж, ажлаас чөлөөлөх захиргааны актыг гаргахдаа ижил албан тушаалд ажиллаж байгаа ажилтнуудад тэгш хандахгүй зөвхөн Ч.Х-г улс төрийн үзэл бодолд тулгуурлаж, хуульд заасан журмын дагуу ажлаас чөлөөлөх ажиллагааг явуулаагүй нь маргаан бүхий акт нь процессын хувьд хуульд нийцээгүй хууль бус акт гарах үндэслэл болсон.
Иймд дээрх нөхцөл байдлыг хянан шалгаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг, эсхүл бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаж, дараах үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ч.Х-аас Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны даргад холбогдуулан “Ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалтын газрын Хамгаалалтын захиргааны даргын 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/33 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.
3. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 126/ШШ2026/0004 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.2.5, 62 дугаар зүйлийн 62.1, 62.1.4-д заасныг тус тус баримтлан Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Ч.Х-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
4. Хэргийн үйл баримтын тухайд,
4.1. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/218 дугаар тушаалын хавсралтаар Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчийн орон тоо 19 байснаас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаад”-ын бүтэц орон тооны дээд хязгаар болон сургалт, мэдээллийн төвийн байршлыг шинэчлэн батлах тухай” А/688 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчийн орон тоог 18 болгон баталснаар тус хэсгийн байгаль хамгаалагчийн орон тоо нэгээр цөөрчээ.
4.2. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 88 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчийн албан тушаалын тодорхойлолтод зааснаар байгаль хамгаалагчийн албан тушаалын ангилал зэрэглэл нь “туслах түшмэл ТЗ-2” буюу төрийн захиргааны албан хаагч байна.
4.3. Хариуцагчаас 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгч Ч.Хд ажлаас чөлөөлөх болсон талаар мэдэгдэл хүргүүлж, 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр сонсох ажиллагаа хийснээр Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалтын газрын Хамгаалалтын захиргааны даргын 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/33 дугаар тушаалаар Хамгаалалтын захиргааны даргын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/26 дугаар тушаалаар байгуулагдсан үнэлгээний багийн дүнг харгалзан 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны Ханх хэсгийн байгаль хамгаалагч Ч.Х-г үүрэгт ажлаас чөлөөлж, нэг удаагийн тэтгэмжийг 4 сарын үндсэн цалингаар тооцон олгохоор шийдвэрлэсэн.
5. Хуулийн зохицуулалтын тухайд,
5.1.Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө”, 46.2.5-д “хуульд заасан бусад үндэслэл”, 62 дугаар зүйлийн 62.1.1-т “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх”, 62.1.3-т “…хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах”, 62.1.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох” гэж тус тус заасан.
5.2. Хэрэгт авагдсан Хамгаалалтын захиргааны даргын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/26 дугаар тушаалаар байгуулагдсан үнэлгээний багийн дүнгээр Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч нарын 2025 оны хагас жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх үнэлгээний хуудаст нэхэмжлэгч Ч.Х нь 71.1 оноо буюу хамгийн бага оноогоор дүгнэгдсэн байх тул түүнийг ажлаас чөлөөлж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
5.3. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчийн орон тоо цөөрч, 2025 оны хагас жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн мэргэшлийн түвшингээр нэхэмжлэгч нь хамгийн бага оноогоор үнэлэгдсэн энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан зохицуулалт үйлчлэх тул нэхэмжлэгч Ч.Х-д эрхэлж байсан албан тушаалын 4 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгосон нь хуульд нийцжээ.
5.4 Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй хэдий ч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаад”-ын бүтэц орон тооны дээд хязгаар болон сургалт, мэдээллийн төвийн байршлыг шинэчлэн батлах тухай” А/688 дугаар тушаалаар Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчийн орон тоо нэгээр цөөрсөн гэх үндэслэлээр Ч.Х-г үүрэгт ажлаас чөлөөлсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн дүгнэлтэд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан зохицуулалтыг хэрэглэсэн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 126/ШШ2026/0004 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.2.5, 62 дугаар зүйлийн 62.1, 62.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчэгч Ч.Х-гаас Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргад холбогдуулан гаргасан “Ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны даргын 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/33 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН