Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 118

 

                               

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гантогтох,

улсын яллагч  Э.Уянга,

шүүгдэгчийн өмгөөлөгч  Ш.Пүрэвсүрэн ҮД:10-43,

шүүгдэгч Э.Болдбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Говьсүмбэр аймгийн Чойр суманд 1987 оны 03 дугаар сарын 30-ний өдөр төрсөн, 30  настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, “Бум” констракшн ХХК-д туслах ажилтай, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн   хамт  Баянзүрх дүүргийн 14 дугаар хороо, Консулын 3-р гудамжны  93 тоотод оршин суух хаягтай, боловч одоогоор авга ах Бадамжавынд  Баянзүрх дүүргийн  5-р хороо, Моносын  3-р гудамжны  41 тоотод  оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 142 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 1 жилийн хорих ялыг  оногдуулж  таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Боржигон овогт Энхбаатарын Болдбаатарт /РД:ЕЙ87033011/,

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар сэжигтнийг  яллагдагчаар татах тогтоол  үйлдэж ирүүлсэн Боржигон овогт  Энхбаатарын Болдбаатарт холбогдох эрүүгийн 2017 2501 0209 дугаартай, 105/2017/0111 /Э индекстэй хэргийг 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Э.Болдбаатар нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 16 цагийн орчимд Баянзүрх  дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг халдвартын эцсийн буудал орчимд явж байсан иргэн Н.Ононгийн халааснаас нь “Samsung galaxy note-2“ загварын гар утсыг хулгайлан авч бусдад 250.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Болдбаатар мэдүүлэхдээ:  2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 16 цагийн орчимд Баянзүрх  дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг Халдвартын эцсийн буудал дээо үл таних 20 орчим насны туранхай өндөр залуугийн өмдний зүүн талын халааснаас зүүн гараараа хүрэн өнгийн гар утас хулгайлан авсан юм. Тэгээд би эргээд “Нарантуул” зах руу  явж байтал энгийн хувцастай цагдаад баригдаж Гэмт хэрэгтэй тэмцэх газарт хүргэгдэн  ирсэн. Миний хулгайлсан гар утас “Samsung galaxy note-2“  загварын хүрэн өнгийн, хуучивтар гар утас байсан. Би хулгайлсан гар утсаа УБХЦГ-ын 4-р хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Ган-Өсөхөд хүлээлгэн өгч хохиролыг барагдуулсан. Би мөнгө олж бент, спирт маарал авах зорилгоор хулгайн гэмт хэрэг үйлдсэн юм гэв.

           Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

1.Мөрдөн байцаалтанд  хохирогч Н.Ононгийн:.. 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 13 цагийн  үед  БЗД-ийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах халдвартын эцсийн буудал дээр автобус хүлээгээд зогсож байгаад өмдний зүүн халааснаасаа гар утсаа хулгайд алдсан. Би тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй гэртээ хариад байж байтал 17 цагийн үед манай ээжийн дүүгийн хүүхэд Т.Цэнгэлмаа 99107142 дугаараас ээж рүү залгаад Н.Ононгийн утас олдсон гэнээ одоо Сансарт байдаг Гэмт хэрэгтэй тэнцэх газарт ир гэж байна гэж хэлэхээр нь 18 цагт Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэнцэх газарт ирсэн. Би гар утсаа хулгайд алдахаасаа өмнө өмднийхөө зүүн талын халаасандаа авч явж байсан. Миний хулгайд алдсан гар утас “Samsung galaxy note-2“  загварын хүрэн өнгийн, хуучивтар гар утас байсан өөр содон тэмдэггүй. Миний хулгайд алдсан гар утсыг үнэлгээний комиссоос үнэлсэн 250.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Би хулгайд алдсан гар утсаа 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авсан. Миний хулгайд алдсан гар утас мөн байна. Би хулгайд гар утсаа өнгөөр нь таньж байна…гэх мэдүүлэг /хх-н 10-11-р тал/

2. Мөрдөн байцаалтанд гэрч Б.Ган-Өсөхийн:..Би Улаанбаатар хотын Цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх нэгжийн Дөрөвдүгээр хэлтсийн эрүүгийн төлөөлөгч ажилтай. Би Н.Онон, Э.Болдбаатар нарыг танихгүй. Н.Онон нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр цагдаагийн байгууллагад гар утсаа алдлаа гэж өргөдөл гаргасан хүн байгаа юм. Э.Болдбаатар нь Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст бүртгэлтэй байдаг хүн байгаа юм. Би 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 16 цагийн үед  Баянзүрх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах Халдвартын эцсийн автобусны буудал орчимд ажлаа хийгээд явж байхад бор царайтай, дунд зэргийн нуруутай, шар куртиктэй залуу автобусны буудал дээр хар богино куртиктэй залуугийн халааснаас дөрвөлжин хар юм аваад явахаар нь очоод барьтал манай халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн сэжигтэний бүртгэлд байдаг “Коора” хочтой Энхбаатарын Болдбаатар байхаар нь уулзаж ярилцахад өөрөө хүрэн өнгийн “Samsung galaxy note-2“  загварын гар утас хулгайлсанаа ярьж гаргаж ирсэн юм. Түүнийг хураан авч хохирогчийг олж тогтоон Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх нэгжийн халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст авчирч хэрэг бүртгэгч, цагдаагийн дэслэгч Б.Жадамбад хүлээлгэн өгсөн.   гэх мэдүүлэг  /хх-н 13-р тал/

3. Мөрдөн байцаалтанд гэрч Б.Мөнхзаяагийн:..Би Э.Болдбаатар гэх хүнийг танина.Э.Болдбаатар нь манай нөхөр байсан юм. 2008-2015 он хүртэл хамтран амьдарч байсан. 2015 оны 07 дугаар сард бид 2 салсан. Тэр өдрөөс хойш гэртээ ирээгүй одоог хүртэл холбоо бариагүй. Өмнө халаасны хулгайн гэмт хэрэг үйлдээд шалгагдаж байсан. Хэд хоногийн өмнө “Наран туул” олон улсын худалдааны төвд явж байгаад тааралдсан тэр өдрөөс хойш таараагүй. Би Э.Болдбаатарыг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгааг мэдээгүй. Би Э.Болдбаатарын байгаа газрыг мэдэхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 12-р тал/

4. Мөрдөн байцаалтанд гэрч М.Бадамжавын:..Би Э.Болбаатарыг танина. Манай аавын дүүгийн хүүхэд. Би гэртээ байж байтал Э.Болдбаатар 88804951 дугаараас залгаад ахаа би 805-ийн энд байдаг Халаасны хулгайн  гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгагдаж байгаа та энд хүрээд ирээч гэхээр би цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэдгийг мэдсэн. Э.Болдбаатар нь миний мэдэхээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй. Манай дүү Э.Болдбаатар зан байдлын хувьд төлөв томоотой, дуу цөөтөй, даруухан хүний үгэнд оромтхой, хий гэсэн юмыг цаг тухайд нь хийчихдэг сайн дүү байгаа юм. Надтай 2005 оноос хойш өнөөг хүртэл барилга дээр хамт ажиллаж байх хугацаандаа элдэв янзын ааш араншин гаргаж байгаагүй. Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монос 3-41 тоотод манайд амьдарч байгаа. гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/

-Эд зүйлийн үнэлгээ /хх-н 9-р тал/

           -Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-н 7-р тал/

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 8-р тал/ зэрэг  нотлох баримтуудыг шинжлэн  судлав.

 Хэрэгт цугларсан  бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд  Э.Болдбаатар 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр автобусны  буудал  дээрээс  иргэн  Н.Ононгийн гар утсыг хулгайлан авч яваад цагдаагийн  ажилтнуудад баригдсанаар хэрэг илэрсэн  байна.

   Иймд  Э.Болдбаатар нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 16 цагийн орчимд Баянзүрх  дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг Халдвартын эцсийн буудал орчимд явж байсан иргэн Н.Ононгийн халааснаас нь “Samsung galaxy note-2“ загварын гар утсыг хулгайлан авч бусдад 250.000  төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэргээс шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримт зэргээр хангалттай тогтоогдож байх  ба  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн  145 дугаар зүйлийн  145.1-т заасан  гэмт хэргийн  бүрэлдэхүүнтэй тул гэм буруутайд тооцож Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар хариуцлага хүлээлгэн ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Шүүгдэгч Э.Болдбаатар нь Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 142 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 1 жилийн хорих ялыг  оногдуулж таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан нь түүний шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдов. / хх-н 28, 33-р тал/

Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д тэнсэж хянан харгалзсан хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүйд тооцохоор хуульчилсан байна.

            Шүүгдэгч  Э.Болдбаатар  нь Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 142 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 1 жилийн хорих ялыг  оногдуулж  таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан  ба  Э.Болдбаатар нь шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй  тул  ялгүй  болсон байна.

Шүүгдэгч Э.Болдбаатар нь хохирогчийн  гар утсыг  хүлээлгэн өгсөн байх тул  бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-н 8-р тал/

           Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Боржигон овогт Энхбаатарын Болдбаатарыг бусдын эд хөрөнгийг хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар Энхбаатарын Болдбаатарыг 1 /нэг/ сарын  хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар  Э.Болдбаатарт оногдуулсан 1 /нэг/ сарын  баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Э.Болдбаатарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн  цагдан хорьж, баривчлах  ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч,түүний  өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Болдбаатарт цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ