Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/00252

 

2022           03            10                                          001/ХТ2022/00252

 

 

 

И Ргийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2020/02035 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2053 дугаар магадлалтай,

 

И Ргийн нэхэмжлэлтэй

Т.Эд холбогдох

 

Хувьдаа ашигласан гэх 552,510,873 төгрөг болон “Ф ХББСБ” ХХК-ийн 10,47 хувийн хувьцааг гаргуулах, “Ф ХББСБ” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг шинээр томилсон болохыг тогтоолгох, компанийн тамга тэмдгийг хүлээлгэн өгөхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн гэх 23,987,336 төгрөг гаргуулах, “Ф ХББСБ” ХХК-ийн 2016.11.28-ны өдрийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Номуундарь, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнгөнцацрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2020/02035 дугаар шийдвэрээр Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 86 дугаар зүйлийн 86.1, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүилийн 492.1.1-д зааснаар хариуцагч Т.Эд холбогдох 552.510.873 төгрөг болон Ф ХББСБ ХХК-ийн 10.47 хувийн хувьцааг гаргуулах, Ф ХББСБ ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг шинээр томилсон болохыг тогтоолгох, компанийн тамга тэмдгийг хүлээлгэн өгөхийг даалгуулахыг хүссэн Япон улсын иргэн И Ргийн үндсэн нэхэмжлэлийг болон зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн гэх 23.987.336 төгрөг гаргуулах, 2016.11.28-ны өдрийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүссэн Т.Эы сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 3.720.200 төгрөг, хариуцагчаас төлсөн 600.500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн илүү төлсөн 322.614 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсээс гаргуулж Т.Эд олгож шийдвэрлэжээ.

 

2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2053 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2020/02035 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 86 дугаар зүйлийн 86.1, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Т.Эд холбогдуулан гаргасан 552 510 873 төгрөг болон “Ф ХББСБ” ХХК-ийн 10.47 хувийн хувьцааг гаргуулах, “Ф ХББСБ” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг шинээр томилсон болохыг тогтоолгох, компанийн тамга тэмдгийг хүлээлгэн өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэгч И Ргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан “Ф ХББСБ” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч Т.Эы сөрөг нэхэмжлэлээс 23 987 336 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж 2 дахь заалтыг нэмж, 2 дахь заалтыг 3 дахь заалт болгон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 720 200 төгрөгийн 3 060 904 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 670 700 төгрөгийн 348 086 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас /2609 0061 67 тоот данс, 2603 0303 49 тоот данс/ нэхэмжлэгчээс илүү төлсөн 659 296 төгрөгийг нэхэмжлэгчид, хариуцагчаас илүү төлсөн 322 614 төгрөгийг хариуцагчид, нэхэмжлэгчээс 70 200 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгосугай гэж, 3, 4 дэх заалтыг 4, 5 дахь заалт болгон өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 3 720 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 659 296 төгрөг болон хариуцагчаас төлсөн 277 870 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Номуундарь хяналтын гомдолдоо: Шийдвэрийг шийдвэрлэсэн магадлалыг шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж дор дурдсан үндэслэл бүхий гомдлыг хяналтын журмаар гаргаж байна.

Нэг. Бий болсон бодит байдлын талаар: Япон Улсын иргэн И Р нь “Ф ХББСБ” ХХК-ийг 2009 онд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд байгуулж, компанийн дүрэмд заасан санхүүгийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж, энэ хугацаанд компанид хуульд заасан журмын дагуу зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж, бүртгэгдэж байсан ба өнөөдрийн байдлаар, улсын бүртгэлд бүртгэгдсэнээр тус компанийг үүсгэн байгуулсан Япон Улсын иргэн И Р нь компанийн нийт хувьцааны 89.53 хувийн, Монгол Улсын иргэн Т.Э нь тус компанийн нийт хувьцааны 10.47 хувийн хувьцаа эзэмшигч байна. Тус компанийн хувьцаа эзэмшигч нарын хооронд 2016 оноос эхлэн компанийн үйл ажиллагааны хэвийн байдал алдагдаж, компанийн удирдлага, өмч хөрөнгийн захиран зарцуулалттай холбогдсон асуудал гарсны улмаас үл ойлголцол үүсч улмаар хувьцаа эзэмшигч И Ргийн хувьд компанийн үүсгэн байгуулагч, хууль ёсны шийдвэр гаргах эрх бүхий этгээдийн хувьд бий болсон асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх, хууль ёсны эрх ашиг сонирхлоо хамгаалуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, учирсан хохирлоо төлүүлэх зэрэг бодит шаардлага бий болсон юм. “Ф ХББСБ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч И Р нь, өөрийн үүсгэн байгуулсан, хувийнхаа 1 тэрбум гаруй төгрөгөөр хэмжигдэх их хэмжээний хөрөнгө оруулалт хийж дүрмийн санг нь бүрдүүлсэн, үйл ажиллагаа нь тогтворжсон компанийн хэвийн үйл ажиллагааг хадгалан цаашид үргэлжлүүлэн явуулах зорилготой байдаг тул компанийнхаа үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалттай холбоогүй зөвхөн гүйцэтгэх захирлаар итгэн ажиллуулж, эд хөрөнгөө хариуцуулж байсан Т.Эд холбогдуулан түүнийг хувь хүнийхээ хувьд, компанийн гүйцэтгэх удирдлагын үүргийг хэрэгжүүлж байхдаа хууль бус бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан бусдын эд хөрөнгийг хамгаалахад хайнга хандах, албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завших зэрэг гэмт хэргийн шинжтэй эрүүгийн журмаар шалгагдах магадлалтай үйлдлүүдийг удаа дараа хийж, бусдын өөрт нь итгэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, эд хөрөнгөнд онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж байгаа хэдий ч түүний дээрх үйлдлүүдийг эрүүгийн журмаар шалгуулахаас түдгэлзэж, асуудлыг хэлэлцээний аргаар, эсвэл шүүхэд иргэний журмаар шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Гэтэл Т.Э нь, И Ргийн санал, шаардлагыг хүлээн аваагүйгээр үл барам гүйцэтгэх захирлын ажлыг хүлээлгэн өгөхийн оронд элдвээр маргаж, компанийн тогтвортой ажиллагааг зориуд алдагдуулан компанийн үйл ажиллагаа явуулж байсан түрээсийн байраас нууцаар гарч, компанийн зохион байгуулалтын болон санхүүгийн холбогдолтой бүх баримт бичиг, тамга, тэмдэг зэргийг авсан байдлаа ашиглаж, компанийн нэрээр, компанийн хөрөнгөөр хувийнхаа үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулсаар байсан юм. Бүхэлд нь авч үзвэл, Т.Эы дээрх үйлдлийг, өмч хөрөнгийн өмчлөгч, ззэмшигч эггээд нь тодорхой шалтгааны улмаас өмч хөрөнгөө түүнд цаашид итгэн хариуцуулахаас татгалзсаар атал Монгол Улсад хууль дүрэм үйлчилдэггүй мэт дураар аашилж, компанийн хөрөнгө оруулагч, гадаад улсын иргэнийг өөрийнх нь байгуулсан компанийн үйл ажиллагаанд огт оролцуулалгүй, өмч хөрөнгөө өмчлөх, захиран зарцуулах эрхэнд нь ноцтойгоор халдаж, харин ч өмчлөгчид онц их хэмжээний хохирол учруулж, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн зарчимд харшилсан үйлдэл гэж үзэх ёстой. Иймээс И Р нь дээр дурдсан нөхцөл байдлыг тал бүрээс нь судлан үзсэний үндсэн дээр хэдийгээр нөхцөл байдал ийм байгаа ч асуудлыг аль болох эвийн журмаар харилцан ойлголцож шийдвэрлэхийг хичээж, компанийнхаа үйл ажиллагааг цаашид хэвийн үргэлжлүүлэх зорилгын үүднээс цагдаагийн байгууллагад эрүүгийн журмаар гомдол гаргалгүйгээр иргэний хэргийн шүүхэд хандан Т.Эы хууль бусаар хувьдаа авсан мөнгийг иргэний журмаар гаргуулах, компанийн хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломж бүрдүүлэхэд чиглэгдсэн нэхэмжлэлийн шаардлагууд гаргасан билээ. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээ нь, Санхүүгийн зохицуулах хорооноос бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэвэл зохих Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч хоорондын маргаантай холбоогүй /тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хувьцаа эзэмшигч нар биш компани тул/ зөвхөн Т.Эы хувь хүнийхээ хувьд бусдын өмч хөрөнгийг завшсан, үрэгдүүлсэн, хууль бус авирласан, компанийн гүйцэтгэх удирдлагын эрх эдэлж, үүрэг хүлээх эрх зүйн чадамж дуусгавар болсонтой холбоотой иргэний болон компанийн тухай хууль тогтоомжийн зохицуулалтанд хамаарах шүүхэд иргэний журмаар хянан шийдвэрлэгдэх асуудлууд юм. Харин дээр дурдсан хуульд заасан санхүүгийн зохицуулах хорооны бүрэн эрхэд хамаарах асуудлаар компанийн санхүүгийн тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох эсэх зэрэг асуудлуудыг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчийнхаа хувьд энэхүү хэрэг маргааны эцсийн шийдвэртэй уялдуулан зохих эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх хууль зүйн хангалттай боломжтой тул судалж байгаа болохыг зориуд тэмдэглэх нь зүйтэй гэж үзэж байна. Үнэндээ Япон Улсын иргэн И Ргийн хувьд бий болсон нөхцөл байдалд өөрийн хувийн эрх ашгийнхаа үүднээс асуудалд хандсан бол, хэдийгээр өөрийнх нь эсрэг түүнийг элдвээр харамч нарийнаар нь дуудаад муулах гэж оролдоод байгаа хүмүүсийн эрх ашгийг бодоогүй бол Санхүүгийн Зохицуулах Хороонд хандаад тусгай зөвшөөрлөөсөө татгалзаад оруулсан хөрөнгөө буруутай этгээдүүдээс шүүх, цагдаа зэрэг байгууллагуудад хандан гаргуулж шийдвэрлүүлээд Монгол Улсад оруулсан хөрөнгөө аваад Монгол Улсаас гараад явах боломж байгаа хэдий ч асуудалд хүлээцтэй хандсаар өнөөдрийг хүртэл даруй 2 жилийн хугацаа өнгөрч байгааг шүүхийн анхааралд толилуулах нь зүйд нийцнэ гэж үзэж байна. Бүхэлд нь авч үзвэл, Япон Улсын иргэн И Р нь, шүүхэд хандахдаа энэхүү хэрэг маргааны бодит нөхцөл байдлын талаар, компанийг үүсгэн байгуулсан талаар, дүрмийн санг бүхэлд нь бүрдүүлсэн талаар, гадаадын хөрөнгө оруулагч хүний хувьд Монгол Улсын санхүүгийн зах зээлийн харилцаанд оролцож, Монгол Улсын тодорхой тооны иргэдийг ажлын байраар хангаж байгаа талаар, компанийн эд хөрөнгийн өмчлөгч атлаа компанийн үйл ажиллагааг удирдуулахын тулд компанийн хувьцааны зарим хэсгийг зээл хэлбэрээр олгон эзэмшигч болгож, итгэл үзүүлсэн хүндээ мэхлүүлж байгаа талаар, компанидаа орох ч эрхгүй байгаа талаар, компанийн хувьцааг зээлийн гэрээг үндэслэн эзэмшиж, олон жилийн хугацаанд компанийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрх эдэлж байгаа хүний үйл ажиллагааг шалгасан хөндлөнгийн мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тэрхүү хүн нь компанийн буюу нэхэмжлэгчийн хөрөнгийг завшиж, үрэн таран хийж байгаа талаар, өөрөө бодитойгоор их хэмжээний хохирол хүлээж байгаа талаараа дэлгэрэнгүй тайлбарлаж, Монгол Улсын шүүхэд хандан хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахыг хүссэн болно.

Хоёр. Нэхэмжлэгчийн шаардлагын болон шүүхийн шийдвэр, магадлалын талаар: Нэхэмжлэгч нь, дээр зориуд давтан дурдаж, шүүхийн анхааралд толилуулсанчлан Т.Э нь компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж, бүх үйл ажиллагааг хариуцаж, тамга тэмдгийг эзэмшиж, баримт бичгийг хадгалж байсан ба компанийн ТУЗ-ийн хуралд оролцохыг удаа дараа мэдэгдсээр атал оролцолгүйгээр зориуд хойшлуулах, тасалдуулах арга саам хийж, нэхэмжлэгч талаас нотлох баримт бичиг, нэхэмжлэл зэргийг өөрийн болон компанийн нэрийн өмнөөс бүрдүүлэх боломжгүй болгосон тул компанийн үйл ажиллагаанд хууль ёсоор оролцох, шийдвэр гаргах эрхээ тогтоолгох бодит шаардлагын үүднээс анхан шатны шүүхэд боломжтой гэж үзсэн хувилбараар нэхэмжлэлийн шаардлагуудаа тодорхойлж гаргасан юм. Тиймээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг хяналтын журмаар гаргасан гомдолд давтан танилцуулах шаардлагагүй гэж үзэж байна. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч болон хариуцагч талуудаас санхүү, төлбөр тооцоотой холбоотой нэмэлт баримтуудыг шүүхэд удаа дараалан гаргасан, холбогдох банкнаас төлбөрийн баримтуудыг гаргуулан авсан, эдгээр баримтуудыг хэргийн материалд хавсаргасан, талууд танилцсаны үндсэн дээр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагуудтай холбогдуулан нэмэлт нотлох баримт сэлтийг хавсаргасан ба анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс эдгээр нотлох баримтуудыг зөв үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шаардлагуудтай холбоотой хэрэгт авагдсан баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь бүрэн гүйцэт үнэлээгүй тул дор дурдсан үндэслэлүүдийг толилуулж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагын үүднээс анхаарлаа хандуулахыг хяналтын шатны шүүхээс хүсч байна. Үүнд:

а/ “Ф ХББСБ” ХХК-ийн хувьцааны 10.47 хувийг гаргуулах шаардлагын талаар: Нэхэмжлэгч тал, энэхүү шаардлагатай холбогдуулан хийсэн анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн үнэлэлт дүгнэлт нь, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний заалтуудын хэрэглэгдэх хүрээ, зээлдэгчийн гэрээний дагуу хүлээх хариу үүргийн талаар журамласан хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь алдаатай шийдвэр гаргах үндэслэл болсон гэж үзэж байна. Шийдвэр, магадлалын заалтыг агуулгаар нь авч үзвэл, зээлдэгч Т.Э нь, зээлдүүлэгч И Ргээс 2009 онд жилийн 1 хувийн буюу Монгол Улсын энэ салбарт тогтсон жишгээс 20 дахин бага хэмжээний хүү буюу хариу үүрэгтэй зээл авсан боловч 2014 онд төлж дуусгах ёстой хугацаандаа огт төлбөр хийгээгүй тул үндсэн зээлийг зөвхөн гэрээнд заасан хугацааны хүүтэй хамт буюу зээлсэн 107.5 сая төгрөг, зээлийн хүү буюу хариу үүрэгт 8.5 сая төгрөг, нийт 117.5 сая төлж, компанийн 10.47 хувийн хувьцаа эзэмшигч хэвээр үлдэхээр болжээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын агуулгаа эхлээд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах буюу зээл, зээлийн хүү гаргуулахаар тодорхойлогдсон ба хариуцагч энэхүү шаардлагыг хүлээн авахаас татгалзсан төдийгүй зээлийг бүрэн төлсөн гэж маргасан тул хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад өөрчилж, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, хуульд зааснаар үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үүргээ гүйцэтгээгүй тул гэрээнээс татгалзаж, зээлсэн мөнгөтэй дүйцэх зээлээр шилжүүлсэн хувьцаагаа буцаан гаргуулахаар өөрчилж тодорхойлсон болно. Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар, зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцааж өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь, бодит нөхцөл байдал дээрээ “Ф ХББСБ” ХХК-ийн хувьцааны 10.47 хувийг 107.5 сая төгрөгөөр тохиролцож үнэлэн хариуцагчид шилжүүлсэн хэлцлийг зохицуулсан гэрээ юм. Иймээс хариуцагч талаас зээлийн гэрээнд зориуд оруулсан гэрээний 4 дүгээр зүйлийг хүчин төгөлдөр хэлцэлд тооцож, шилжүүлэн авсан хувьцааг буцаан гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

б/ Т. Т.Эы хувьдаа ашигласан төлбөрийг гаргуулах талаар: “Ф ХББСБ” ХХК-ийн 2009-2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд “Акпар аудит” ХХК-иас хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланд компанийн санхүүгийн үйл ажиллагаатай холбогдсон нөхцөл байдлыг анхан шатны санхүүгийн бүх баримт, гэрээ, орлого зарлага, бэлэн мөнгөний үлдэгдэл зэрэг материалд тулгуурлан хийж, нэг бүрчлэн шалгасны эцэст тодорхой зөрчил дутагдлыг илрүүлэн тогтоож, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт гаргасан байна. Энэхүү аудитын тайланд туссанаар, тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.Э нь, Монгол Улсын Компанийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Хөдөлмөрийн тухай хуулиудын холбогдох зүйл заалтуудыг ноцтойгоор зөрчиж, компанийн үйл ажиллагаанд зориулагдаагүй, онц их хэмжээний буюу 552,510,873 төгрөгийг эрх мэдлээ ашиглан хувьдаа ямар ч зөвшөөрөлгүй, гэрээгүй, тохиролцоогүй, хэлцэлгүйгээр авсан байна, энэ нь дээрх мөнгийг тэрээр хувийнхаа хэрэгцээнд хууль бусаар ашигласан байна гэж үзнэ гэсэн хоёргүй нэгэн утгатай дүгнэлт гарчээ. Тус “Акпар аудит” ХХК нь, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг, хөндлөнгийн хараат бус байгууллага бөгөөд тус компанийн 89.53 хувийн хувьцаа эзэмшигчтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр ажилласан болно. Гэтэл, энэхүү шаардлагатай холбогдуулан шүүхүүд удаа дараа хууль зүйн үндэслэлгүй, хэн нэг талын эрх ашгийг хамгаалсан, илт хууль бус дүгнэлт хийж, шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Анхан болон давж заалдах шатны шүүхүүдэх, хэрэгт авагдсан нотлох баримт бичиг, нөхцөл байдалд хийсэн үнэлэлт дүгнэлтээс үзвэл, аудитын шалгалтаар тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.Эд шууд холбогдох 552.5 сая төгрөгийн зөрчил дутагдал илэрч тогтоогдсон байна. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар хариуцагч Т.Э нь, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй боловч үгүйсгэж чадаагүй, татгалзлаа нотлоогүй гэж үзнэ. Гэтэл хуульд заавал дагаж мөрдөхөөр журамласан дээрх заалт байсаар байтал, анхан болон давж заалдах шатны шүүхүүд, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй төдийгүй хариуцагчийн хөрөнгө мөнгө завшсан, хууль бус үйлдлийг шууд хамааралгүй элдэв шалтгааныг хариуцагчийн өмнөөс гарган нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Энэхүү төлбөр гаргуулах нэхэмжлэлийн үндэслэлд заасан санхүүгийн, мэргэжлийн, хөндлөнгийн байгууллагын албан ёсны дүгнэлт байгаа түүний дүгнэлт буруу буюу алдаатай болсон эсэх талаар эрх бүхий байгууллага, этгээдийн ямар ч дүгнэлт, шийдвэр байхгүй, хариуцагч өөрийн буруугүй талаар үндэслэл бүхий нотолгоо гаргаж чадаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг энэхүү шаардлагыг бүхэлд нь хангаж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрээр хариуцагч Т.Эаас 552.5 сая төгрөгийг гаргуулж өгнө үү. Иймд шийдвэрийг шийдвэрлэсэн магадлалыг тус тус хүчингүй болгож, 552,510,873 төгрөг гаргуулах, “Ф ХББСБ” ХХК-ийн 10.47 хувийн хувьцааг гаргуулах, компанийн тамга тэмдгийг хүлээлгэн өгөхийг даалгуулах зэрэг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч Т.Э хяналтын гомдолдоо: ...Уг шийдвэр, магадлалд миний зүгээс гаргасан сөрөг нэхэмжлэлийн гомдлыг хангахгүй шийдвэрлэсэн нь хууль бус байх тул дараах гомдлыг гаргаж байна. Улсын дээд шүүхээс уг хэрэг маргааныг анхан шатны шүүх рүү буцаахдаа зээлийн гэрээг хэдийгээр Япон улсын шүүхээр шийдвэрлэх боловч талууд Монгол улсын шийдвэрлүүлэх гэж байгаа тохиолдолд баримтыг нь бүрэн үнэлээгүйгээр шийдвэрлэсэн байна гэж шийдвэрлэсэн. Учир нь миний бие И Р-тэй байгуулсан гэрээний төлбөрийг бүрэн барагдуулсан бөгөөд илүү шилжүүлсэн 23,987,336 төгрөгийн баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гаргаж өгсөн байсан. Энэ нь И Р-гийн дансанд орсон. Дансны хуулга болоод миний өөрийн мөнгө төлж байсан баримтуудаар бүрэн тогтоогдож байхад миний сөрөг нэхэмжлэлийн гомдлыг хэрэгсэхгүй болгож хангахгүйгээр шийдвэрлэсэн байх тул миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, “сөрөг нэхэмжлэлийг хангаж өгөх”-ийг хүссэн хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж үзэв.

 

6. Нэхэмжлэгч Япон улсын иргэн И Р нь хариуцагч Т.Эд холбогдуулан хувьдаа ашигласан компанийн хөрөнгө 552,510,873 төгрөгийг гаргуулах, хувьцааны үнийг төлөөгүй тул “Ф ХББСБ” ХХК-ийн 10,47 хувийн хувьцааг буцаан гаргуулах, “Ф ХББСБ” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг шинээр томилсон болохыг тогтоолгох, компанийн тамга тэмдгийг хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах  нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн гэх 23,987,336 төгрөгийг гаргуулах, “Ф ХББСБ” ХХК-ийн 2016.11.28-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

 

7. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримт, маргааны зүйлийг тодруулж бүрэн дүгнэж чадаагүй, эрх зүйн дүгнэлт, хууль хэрэглээний асуудлаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв. Тухайлбал:

 

7.1. Үндсэн нэхэмжлэлээс ““Ф ХББСБ” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг шинээр томилсон болохыг тогтоолгох, компанийн тамга тэмдгийг хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлээс ““Ф ХББСБ” ХХК-ийн 2016.11.28-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн талаар хоёр шатны шүүх Компанийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэсэн нь зөв хэдий ч компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрхэн томилох, чөлөөлөхийг компанийн дүрэмд хэрхэн зохицуулсан, энэ нь хувьцаа эзэмшигчийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхэд аль алинд байгаа эсэх, “Ф ХББСБ” ХХК-ийн 89,53 хувийн хувьцаа эзэмшигч Япон улсын иргэн И Р нь 2016.11.25-ны өдрийн хувь эзэмшигчдийн хурлын товыг хариуцагчид хэрхэн мэдэгдсэн, ямар баримтаар нэхэмжлэгч энэ үндэслэлээ нотолж байгаа, нэхэмжлэгч нь ТУЗ-ийн гишүүдийн бүрэн эрхийг ямар баримтаар нотолж байгааг тодруулж, зохигчийг мэтгэлцүүлэх шаардлагатай байжээ.

 

Өөрөөр хэлбэл, ийнхүү тодорхой болгосноор хувьцаа эзэмшигчийн хурлыг дахин зарлах эсэх, хувьцааны 89,53 хувийн эзэмшигч болох нэхэмжлэгч эрхээ хэрэгжүүлэх эсэх нь тодорхой болж, энэ талаарх маргаан дуусгавар болох эсэх үр дагавар бий болно. Үндсэн нэхэмжлэлээс ““Ф ХББСБ” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг шинээр томилсон болохыг тогтоолгох” нь нэхэмжлэлийн шаардлага бус үндэслэл нь эсэхийг шүүх зайлшгүй дүгнэх шаардлагатай ба давж заалдах шатны шүүх залруулсан боловч нэхэмжлэлийн шаардлага гэж үзэж шийдвэрээ гаргасан нь зөрчилтэй болжээ.

 

7.2. Түүнчлэн, “Ф ХББСБ” ХХК-ийн 10,47 хувийн хувьцааг буцаан гаргуулах нэхэмжлэлийн үндэслэл нь 2009.12.28-ны өдрийн зээлийн гэрээ гэх баримт байх ба уг гэрээ нь зээлийн гэрээ эсвэл хувьцаа худалдах-худалдан авах гэрээ эсэх, гэрээ хүчин төгөлдөр эсэх, гэрээний 4-д заасан “...Т.Э нь зээлийн төлбөрийг хүүгийн хамт буцааж төлөөгүй бол хувьцааг шилжүүлнэ” гэх тохиролцоо нь болзол заасан эсвэл хувьцааг барьцаалсан агуулгатай аль нь болохыг тодруулж, хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай.

 

Хариуцагч Т.Э нь 2013 онд 108,000,000 төгрөгийг нь төлсөн гэсэн тайлбар гаргасан байх боловч 2018.04.04-ний өдөр ...зээл 109,397,569 төгрөгийг ногдол ашгаас 2014.04.17-ны өдөр гэхэд төлнө гэсэн баримтад /хх-132/ гарын үсэг зурсан байх тул энэ талаар шүүх тодруулах нь зүйтэй ба хувьцааны үнийг төлсөн эсэх талаар хийвэл зохих дүгнэлтийг хийж, хариуцагч 10,47 хувийн хувьцаа эзэмшигч мөн эсэхийг эцэслэн шийдвэрлэх ёстой байжээ.

 

Давж заалдах шатны шүүх Санхүүгийн зохицуулах хорооны 2018.12.26-ны өдрийн 382 дугаар тогтоолоор батлагдсан Үнэт цаас барьцаалах тухай журмын 2.1-т Барьцаалагч нь барьцаалуулагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр барьцааны мэдэгдлийг хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдлийг бүртгэх цахим мэдээллийн санд бүртгүүлж, баталгаажуулсны үндсэн дээр Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллагад үнэт цаасаа тусгаарлуулна гэж заасан, уг журамд заасны дагуу үнэт цаас барьцаалсан дээрх гэрээг цахим мэдээллийн санд бүртгүүлж, баталгаажуулсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж үзэхдээ талуудын хооронд байгуулагдсан гэрээ уг журмыг гарахаас өмнө буюу 2009 онд байгуулагдсан байгааг анхаараагүй байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг “зээлийн гэрээний үүргийг хувьцаагаар хангуулах тухай шаардлага” гэж үзсэн нь оновчтой эсэх нь эргэлзээтэй, энэ шаардлагыг нэхэмжлэгчээс тодруулах нь зүйтэй байна.

7.3. Хариуцагч нь 2010.12.23-ны өдөр 63,200,000 төгрөгийг, 2012.01.10-ны өдөр 254,496,748 төгрөгийг, 2011.03.26-ны өдөр 170,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлж авсан бол буцааж хэрхэн төлсөн, ямар баримтаар тогтоогдож байгаа талаар шүүх дүгнэлт хийгээгүй, маргаантай хэвээр үлдсэн.

 

7.4. Үндсэн нэхэмжлэлээс “хувьдаа авсан компанийн мөнгөн хөрөнгө 552,510,873 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийн тухайд нэхэмжлэгч нь “Акпар аудит” ХХК-ийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг /хх-111/, кассын зарлагын ордер буюу 347,500,000 төгрөгийг /132-133/ Т.Эд хүлээлгэн өгсөн баримтыг шүүхэд гаргаж өгсөн, эдгээр баримтыг шүүх яагаад нотлоогүй гэж үзсэн үндэслэл тодорхой бус, хариуцагчийн гаргаж өгсөн “Бодит бүртгэл аудит” ХХК, “Интераудит” ХХК-ийн дүгнэлтийг “Акпар аудит” ХХК-ийн дүгнэлттэй харьцуулж хэрхэн үнэлсэн нь тодорхой бус байна.

 

8. Хэрэгт байгаа баримтаас үзвэл, зохигч талууд идэвхтэй байж, маргааны зүйлийн талаар бүрэн мэтгэлцээгүй, үүнд шүүхийг буруутгах боломжгүй боловч эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд шүүх тухайн маргааны үйл баримтын талаар эрх зүйн үүднээс бүрэн дүгнэлт хийхийн тулд зохигчид мэтгэлцээгүй боловч тухайн хэрэгт ач холбогдолтой эрх зүйн асуудлаар талуудыг мэтгэлцүүлэх шаардлагатайг анхаарах нь зүйтэй юм. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл байх шаардлагад нийцсэн байх ёстой тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2020/02035 дугаар шийдвэр,  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2053 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.10.23-ны өдөр төлсөн 3,060,904 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.10.26-ны өдөр төлсөн 277,870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

 

                                ШҮҮГЧИД                                                  Г.БАНЗРАГЧ

 

                                                                                                   П.ЗОЛЗАЯА

 

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД