Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
Хэргийн индекс | 101/2018/04502/И |
Дугаар | 1591 |
Огноо | 2020-05-07 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 1591
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *** тоотод оршин суух, Б.О-ийн /РД: 0000/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг,**** тоотод байрлах, “ЭБТЭ” ХХК /РД: 0000/,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, **** тоотод оршин суух, Х.Ж /РД: 0000/ нарт холбогдох
37.656.982 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Даваажав,
Хариуцагч “ЭБТЭ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Алтанчимэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Хулан оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Б.О нь 2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр “ЭБТЭ” ХХК-ийн захирал Х.Жтай Герман улсаас гал тогооны тавилга захиалгаар оруулж ирүүлэх зорилгоор харилцан тохиролцон гал тогооны тавилга нийлүүлэх гэрээ байгуулж 16.000 евро бэлнээр өгсөн.
“ЭБТЭ” ХХК-ийн захирал Х.Ж гэрээ байгуулахаас өмнө 2 сар гаруй хугацаанд Германы тавилгын компанийн талаарх сурталчилгаа болон мэдээллээр хангах ажлыг маш сайн хийж тавилгыг мэргэжлийн түвшинд олон хувилбараар хийж өгдөг болохыг удаа дараа сурталчлан таниулсан нь итгэл үнэмшил төрөх шалтгаан болсон.
Гал тогооны тавилга нийлүүлэх үедээ дахин 1 санал тавьж тус тавилгуудад тохирох цахилгаан хэрэгслүүдийг авчирч өгч болно гэсэн ба таны тавилгад тохирохыг сонгож, 10 хувиас дээш хувийн хямдралтай үнээр өгнө, цахилгаан хэрэгслүүдээ тавилга ачуулах газарт бөөнөөр төвлөрүүлж хамтад ачна, иймд цахилгаан хэрэгслүүдэд тусад нь тээврийн зардал төлөхгүй гэсэн.
Дээрх саналуудыг тавихад миний бие итгэж 12 ширхэг цахилгаан хэрэгсэл, 1 ширхэг унтлагын ор нэмж захиалахаар болж 15.000 евро нэмж бэлнээр хүлээлгэн өгсөн ба уг бараануудыг нэмж захиалахдаа бичгээр гэрээ байгуулаагүй.
2013 оны 6 дугаар сард 13.236 еврогийн үнэ бүхий гал тогооны тавилгыг хүлээн авсан бөгөөд энэ үед Х.Ж бүх ачаа чинь ирсэн, тээврийн хөлс алга гээд 5.000.000 төгрөгийг надаас нэмж авсан. Гал тогооны иж бүрдэл тавилга бөгөөд 3,5 метр үргэлжлэх 2 хэсэг тавилга байсан.
2013 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс хойш “ЭБТЭ” ХХК-ийн захирал Х.Ж утсаа салган алга болсон ба гэрт нь очиход байраа зарсан байсан. 2013 оны 8 дугаар сард Х.Ж над руу залгаад мотоцикльтой явж байгаад аваарт ороод тархиндаа гэмтэл авсан гэсэн бөгөөд эхнэр нь гэх н.Болор гэж хүнтэй ярихад манай хүн тань руу өөрөө ярина гэсэн гээд мөн алга болсон.
Х.Ж-д залилуулсан талаараа Баянгол дүүргийн цагдаад хандсан ба 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 2014260005303 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсан.
Гэтэл 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Дүүргийн 2 дугаар прокурорын газрын хяналтын прокурор Э.О******* тогтоол гарган хэргийг хэрэгсэхгүй болгосон байсан ба уг тогтоолд гомдол гаргаагүй.
Ингээд Х.Ж болон “ЭБТЭ” ХХК-д холбогдуулан 17.764 евро, тээврийн хөлсөнд төлсөн 5.000.000 төгрөг, нийт 37.656.982 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.
“Л*******” ХХК-иас 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдөр 3 хайрцаг ачаа авсан бөгөөд уг ачаанд Bosh фирмийн 995 еврогийн үнэтэй хөргөгч, мөн фирмийн 508 еврогийн үнэтэй дарсны хөргөгч, мөн уг фирмийн 468 еврогийн аяга угаагч байсан. Нийт 1.971 евро буюу 3.623.446 төгрөгийн үнэ бүхийг бараагаа хүлээн авсан тул нэхэмжлэлийн шаардлагаа 3.623.446 төгрөгөөр бууруулж байна.
Иймд хариуцагч Х.Ж болон “ЭБТЭ” ХХК-иас 15.793 евро болон 5.000.000 төгрөг, нийт 34.033.536 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Х.Жгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл шүүхэд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Б.Огийн нэхэмжлэлтэй “ЭБТЭ” ХХК, Х.Ж нарт холбогдуулан гаргасан Х.Жгаас гал тогооны тавилга, цахилгаан бараа нийлүүлэх гэрээний дагуу төлөгдсөн 37.656.982 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн хувийг гардаж аваад хариуцагч Х.Жгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна.
Миний төлөөлүүлэгч Х.Ж ”ЭБТЭ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2012-2013 онд ажиллаж байсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан.
Нэгэнт энэ компанид ажиллахаа больсон учир энэхүү шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
Хариуцагч “ЭБТЭ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ч.Батнасан нь 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “ЭБТЭ” ХХК-ийг үүсгэн байгуулж, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэрээр 30 хувийн хувьцаа эзэмших эрхийг Х.Жд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн бөгөөд тэрээр гүйцэтгэх захирлаар ажиллаж, Компанийн тухай хуульд заасны дагуу үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байсан ба компани нь өөрийн гэсэн данстай, нягтлан бодогчтой байсан.
Гэвч Х.Ж нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа их хэмжээний хохирол учруулсан асуудлаас болоод иргэний хэргийн шүүх болон шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаар ажиллагаа хийгдсэн, мөн тоёото тундра маркийн ******* УНӨ улсын дугаартай автомашинаа шаардаж, Сүхбаатар дүүргиййн цагдаагийн хэлтэст гомдол гаргаж шалгуулж байсан.
Энэхүү нөхцөл байдлаас шалтгаалан түүнийг компанийн захирлаар ажиллуулах боломжгүй болсон ба 2014 онд бид хамтран ажиллах боломжгүй болж, иргэн Б.Отэй байгуулсан гэрээний нөхцөл байдал илт өөрчлөгдсөн.
Х.Ж нь компанийн нэрийн өмнөөс учир дутагдалтай гэрээ байгуулж, компанид мөнгө орж ирээгүйгээс Б.Огийн захиалсан барааг хүлээлгэн өгөх буюу гэрээ хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүсч, улмаар Б.О нь 2014 оноос шүүх цагдаагийн байгууллагад хандсан.
Ч.Батнасан энэхүү гэрээний хугацаанд Монгол улсад байхгүй байсан тул энэ гэрээнд оролцоогүй ба 2014 онд нэхэмжлэгч гал тогооны тавилгыг бүрэн хүлээж авсан, харин уг тавилгад зориулагдсан цахилгаан барааг хүлээж аваагүй гээд 37.656.952 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.
“ЭБТЭ” ХХК болон Х.Ж нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан байх боловч хэнээс нь хэдэн төгрөг шаардаж байгаа нь тодорхойгүй байгаагаас гадна нэхэмжлэлд хавсаргасан гэрээг үзвэл гэрээний үнийг 18,402 евро гэж тусгасан байх ба 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн валютын ханш 1.852.22 төгрөгөөр тооцвол нийт 34,084,552 төгрөгөөр гэрээний үнийн дүнг тодорхойлсон байна. Энэхүү гэрээ нь валютаар бараа үйлчилгээний үнийг илэрхийлж, бодит байдалд ч хэрэгжих боломжгүй болсон байдаг.
Нэхэмжлэгч Б.О нь тус компанид гэрээний үнэ гэж 16.000 евро бэлэн мөнгөний орлогын баримт үйлдэн өгсөн гэж тайлбарлаж байна. Манай компанийн 2014 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс өмнөх санхүүгийн баримтууд байхгүй тул хэлэх зүйлгүй.
Тус компанийн 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн тээврийн захиалгын 9 хайрцаг барааг “Л*******” ХХК компанийнхаа эзэмшлийн агуулахын зориулалтаар ашиглаж байсан чингэлэгт хадгалж байсан гэсэн ба чингэлэгт 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хулгай орж хадгалагдаж байсан 9 хайрцаг барааны 6 нь алга болсон гэсэн байна.
Үлдсэн 3 хайрцаг ачааг Б.Огийн хүсэлтээр 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдөр түүнд хүлээлгэн өгсөн гэсэн ба Б.О ч авсанаа хүлээн зөвшөөрч тайлбарлалаа.
Хариуцагч “ЭБТЭ” ХХК нь Б.Огийн нэхэмжлэлийг хариуцахгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Х.Ж болон “ЭБТЭ” ХХК-д холбогдуулан гал тогооны тавилга, цахилгаан бараа нийлүүлэх гэрээний дагуу төлөгдсөн 17.764 евро /1838,38 төгрөг 2013.04.09-ний өдрийн ханш/ тээврийн хөлсөнд төлсөн 5.000.000 төгрөг, нийт 37.656.982 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Б.О хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдөр олон улсын тээвэр зуучийн “Л*******” ХХК-иас “ЭБТЭ” ХХК-ийн тээвэрлүүлэн авчруулсан барааны үлдэгдэл 3 хайрцаг ачааг буюу Bosh фирмийн 995 еврогийн үнэтэй хөргөгч, 508 еврогийн үнэ бүхий дарсны хөргөгч, 468 еврогийн үнэ бүхий аяга угаагч, нийт 1.971 евро буюу 3.623.446 төгрөгийн барааг хүлээн авсан хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа 3.623.446 төгрөгөөр бууруулан 34.033.536 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилсэн болно.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 220-221 дүгээр тал/
Нэхэмжлэгч буюу захиалагч Б.О нь хариуцагч буюу нийлүүлэгч “ЭБТЭ” ХХК-тай 2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр “Ално-Импульс-ын гал тогооны тавилга нийлүүлэх гэрээ” байгуулсан ба нийлүүлэгч нь гал тогооны тавилга болон гэр ахуйн цахилгаан барааг нийлүүлэн, угсрах, засвар үйлчилгээ хийх, ажилуулах үүргийг, захиалагч нь гэрээ байгуулан урьдчилгаа төлбөрт 16.000 евро, угсралтын ажил дуусан хүлээлгэж өгөхөд 2.402 евро, нийт 18.402 еврог төлөхөөр тохирсон ба барааг нийлүүлж дуусах өдрийг төлбөр шилжүүлснээс хойш 2-3 сарын дотор хэмээн тохиролцжээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1-т заасан худалдааны зуучлалын гэрээ байгуулагдсан гэж үзэхээр ба дээрх гэрээнд тэд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зурж, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 5-12 дугаар тал/
Дээрх гэрээг байгуулсаны дараагаар 2013 оны 3 сард нэхэмжлэгч Б.О тус компанийн захирал Х.Жтай тохиролцон 12 ширхэг цахилгаан хэрэгсэл, 1 ширхэг унтлагын ор мөн захиалан нийлүүлэхээр 15.000 еврог бэлнээр түүнд өгсөн гэжээ.
Нэхэмжлэгч Б.О нь “Ално-Импульс-ын гал тогооны тавилга нийлүүлэх гэрээ”-ний дагуу “ЭБТЭ” ХХК-иас 2013 оны 6 дугаар сард 13.236 еврогийн гал тогооны тавилгыг хүлээн авсан нь түүний тайлбараар тогтоогдсон ба тэрээр үлдэх 17.764 еврогийн тавилгыг нийлүүлээгүй хэмээн марган нэхэмжлэл гаргасан болно.
Б.О нь “ЭБТЭ” ХХК-ийн захирал Х.Жд залилуулсан гэх гомдлыг цагдаагийн байгууллагад гарган 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2014260005303 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Н.А******* мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгох санал бичгээр гарган прокурорын хяналтанд хүргүүлжээ.
Дүүргийн 2 дугаар прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.О******* хэргийг хянаад Х.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Бусдыг залилан мэхлэх” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй хэмээн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1-т заасны дагуу 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 205 тоот тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд тогтоолд хэн аль нь гомдол гаргаагүй хүчин төгөлдөр болсон байна.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 27-28 дугаар тал/
Х.Ж нь 2012 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд “ЭБТЭ” ХХК-ийн гүйцэтгэх захирал буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байсан ба 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс Ч.Батнасан нь тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогджээ.
Дээрхээс үзэхэд Х.Ж нь “ЭБТЭ” ХХК-ийг төлөөлөн нэхэмжлэгч Б.Отэй гэрээ байгуулах эрхтэй этгээд мөн байжээ.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 53-103 дугаар тал/
Олон улсын тээвэр зуучийн “Л*******” ХХК нь 2013 оны 1-6 сар хүртэл хугацаанд 5 удаа хариуцагч “Эл Би Ти Эм” ХХК-ийн ачааг гадаадын улс орноос тээвэрлэн ирүүлсэн бөгөөд тус компани 3 удаагийн тээврийн хөлсний төлбөр 7.587 евро төлөөгүйгээс 6.765 еврогийн тээврийн хөлсний төлбөрийн үлдэгдэлтэй 2 ачааны дагалдах бичиг баримтаас үзэхэд уг ачаанууд Б.Од хамааралтай болох нь “Л*******” ХХК-ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтсийн захирал Б.Адилзаяагийн 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн гэрчийн мэдүүлэг болон мөн компанийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 0521/20 тоот тодорхойлолтоор тогтоогдож байна.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 179-11, 194-196 дугаар тал/
Мөн олон улсын тээвэр зуучийн “Л*******” ХХК нь 2013 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөс хойш тээврийн хөлсний үлдэгдэл төлбөрөө төлөхийг “Эл Би Ти Эм” ХХК-д мэдэгдэж байсан ба “ЭБТЭ” ХХК-ийн 2013.06.13-ны өдрийн тээврийн захиалгын 9 ширхэг, 411 кг, 7117,80 еврогийн үнэ бүхий ачааг “Л*******” ХХК Материал импексийн гаалийн хяналтын талбайн гадна байх өөрийн эзэмшлийн ******* дугаар бүхий чингэлэгт хадгалж байсан ба уг чингэлэгт 2013 оны 9 сарын 17-ны өдөр хулгай орж чингэлэгт хадгалагдаж байсан эд зүйлс алга болж үлдэх 3 ачааг нь Б.Од хүлээлгэн өгсөн нь нэхэмжлэгчийн тайлбар, мөн Б.Адилзаяагийн гэрчийн мэдүүлэг болон “Л*******” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 0521/20 тоот тодорхойлолтоор тус тус тогтоогдсоныг дурьдлаа.
Дээр дурьдсан баримтууд, талуудын тайлбар болон нэхэмжлэгч Б.О нь хариуцагч “ЭБТЭ” ХХК-иас 2013 оны 6 дугаар сард 13.236 еврогийн гал тогооны тавилга, 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдөр 1.971 еврогийн цахилгаан бараанууд тус тус хүлээн авсан зэргээс дүгнэж үзэхэд хариуцагч “ЭБТЭ” ХХК-д нэхэмжлэгч Б.О нь 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 16.000 евро төлсөн нь тогтоогдсоноос гадна мөн үүгээр хариуцагч талын Б.О 15.000 евро төлсөн нь эргэлзээтэй гэх тайлбар үгүйсгэгдэж байна.
Хариуцагч “ЭБТЭ” ХХК нь 5 удаагийн тээврийн хөлсөнд “Ланд Бридж” ХХК-д 25.834 евро төлөх үүрэгтэй байснаас 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 11.029 евро, 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 4.440 евро, 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 2.778 евро тус тус төлсөн зэргээс болон зохигчийн тайлбараас дүгнэхэд Б.Огийн 2013 оны 3 дугаар сард хариуцагч “ЭБТЭ” ХХК-д тээврийн хөлсөнд 5.000.000 төгрөг төлсөн гэх тайлбар үндэслэлтэй.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 223-228, 236-237 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч “ЭБТЭ” ХХК нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хамааралгүй гэж маргаж байх боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй бөгөөд энэ нь нотлогдоогүй болно.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.5-д “Гэрээний үнэ, нийлүүлэх бараа, үйлчилгээний төлбөрийн дүнг гэрээний тусгай нөхцөлд тусгана. Гэрээний үнэ нь бараа, үйлчилгээний нийт үнэ, тэдгээрт төлөх татвар, төлбөрийг багтаасан байна” гэж заасан бөгөөд дээрхээс үзэхэд захиалагч тээврийн хөлсийг төлөх үүрэггүй байжээ.
Хариуцагч “ЭБТЭ” ХХК-ийн төлөөлөгч нь тус компанийн 2014 оны 11 дүгээр сараас өмнөх үеийн санхүүгийн баримтууд байхгүй хэмээн тайлбарласан ба тус байгууллагын тухайн үеийн санхүүгийн баримтууд компанид хадгалагдаж үлдээгүй нь мөн “Ланд брид” ХХК-ийн эзэмшлийн агуулахад хадгалагдаж байсан эд зүйлсийг хулгайлсан нь “ЭБТЭ” ХХК-ийг Б.Отэй байгуулсан гэрээний үүргээс биелэлтээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Хариуцагч “ЭБТЭ” ХХК болон нэхэмжлэгч Б.О нарын байгуулсан гэрээний тусгай нөхцлийн 3-т зааснаар төлбөр шилжүүлсэнээс хойш 2-3 сарын дотор нийлүүлэгч “ЭБТЭ” ХХК барааг нийлүүлэх үүрэгтэй байсан ба 16.000 еврог тус компанид 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээлгэж өгснөөс хойш 3 сарын дотор “ЭБТЭ” ХХК бараа нийлүүлэх үүргээ биелүүлээгүй бөгөөд аливаа хуулийн этгээд гэрээ байгуулж буй тохиолдолд үүнээс үүдэн гарах үр дагавар болон хариуцлагыг хүлээх учиртай.
Талуудын хооронд байгуулсан “Ално-Импульс-ын гал тогооны тавилга нийлүүлэх гэрээний үүрэгтэй холбоотой хариуцагч “ЭБТЭ” ХХК-ийн гүйцэтгэх үүрэг:
16.000 евро+15.000 евро=31.000 евро
31.000 евро-13.236 евро-995 евро-508 евро-468 евро=15.793 евро /2013.04.09-ний өдрийн еврогийн ханш 1838,38 төгрөг/
15.793 евро*1838,8 төгрөг+5.000.000 төгрөг=34.033.536 төгрөг байна.
Нэхэмжлэгч Б.О нь “ЭБТЭ” ХХК-тай гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний үүргийн биелэлтийг тухайн цаг үед уг компанийн захирлаар ажиллаж байсан иргэнээс нэхэмжлэх үндэслэлгүй тул хариуцагч Х.Жд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Иймд Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-т заасныг баримтлан хариуцагч “ЭБТЭ” ХХК-иас 34.033.536 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Од олгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Х.Жд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
“Ланд Бридж” ХХК 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн0521/20 тоот тодорхойлолтдоо “... “ЭБТЭ” ХХК-ийн төлөгдөөгүй тээврийн хөлсний үлдэгдэл болох 7587 еврогийн төлбөрийн барьцаанд хадгалагдаж байсан 7117,8 еврогийн үнэтэй 9 хайрцаг бараанаас 6 нь алга болсон учраас манай компанийн хувь нийлүүлэгчдээс өгсөн шийдвэрээр 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 7587 еврог найдваргүй авлагаар бүртгэсэн ба уг авлагатай холбоотой “ЭБТЭ” ХХК болон Х.Ж нарт гомдол гаргахгүй” гэжээ.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 196 дугаар тал/
Нэхэмжлэгч Б.О нь бараа нийлүүлэх гэрээний үүрэгт хариуцагч “ЭБТЭ” ХХК болон Х.Ж нарт холбогдуулан 37.656.982 төгрөг нэхэмжлэн гарган уг нэхэмжлэлд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 17254 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн ба тэрээр нэхэмжлэлдээ нийт 31.000 евро төлснөөс 13.236 еврогийн бараа хүлээн авсан, 17.764 еврогийн бараа хүлээн аваагүй тул уг мөнгийг тээврийн хөлсөнд төлсөн 5.000.000 төгрөгийг хамт нэхэмжлэнэ хэмээн тусгасан тул нэхэмжлэлийн үнэ зөрүүтэй гэж үзэхгүй болно.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 29 дүгээр тал
Б.Отгонсүрэн нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг заагаагүй тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.
Олон улсын тээвэр зуучийн “Л*******” ХХК 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 0521/20 тоот тодорхойлолтоор 2013 оны 1-6 сар хүртэл “ЭБТЭ” ХХК-ийн 5 удаагийн тээврийг зохион байгуулсантай холбоотой дэлгэрэнгүй лавлагаа ирүүлсэн тул лавлагаанд хавсаргасан хэргийн 1 дүгээр хавтасны 197-219 талд авагдсан баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурьдлаа.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хөөн хэлэлцэх хугацаа 3 жил бөгөөд талууд 2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ байгуулан, нэхэмжлэгч Б.О 2013 оны 6 дугаар сард барааны эхний хэсгийг хүлээн авч мөн гэрээтэй холбоотой гомдлыг цагдаагийн байгууллагад гарган Дүүргийн 2 дугаар прокурорын газрын хяналтын прокурорын 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 205 тоот тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож байсан зэргээс үзэхэд нэхэмжлэгч Б.Огийн гэрээний үүрэгтэй холбоотой зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж үзлээ.
Гадаад валютын үүргийг монгол төгрөгөөр гүйцэтгэх бол үүрэг гүйцэтгэх үеийн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцох ба тухайн үеийн гэдэг нь нэхэмжлэл гаргах үеийг ойлгох ч нэхэмжлэгч 1 еврогийн ханшийг төлбөр шилжүүлэх үеийн буюу 2013 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн ханш 1838,38 төгрөгөөр тодорхойлжээ.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 242 дугаар тал/
Хариуцагч “ЭБТЭ” ХХК нь өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй.
Хариуцагч Х.Ж-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл шүүх хуралдааны товыг хуралдаан болохоос 14 хоногийн өмнө мэдсэн атлаа тодорхой шалтгаангүйгээр ирээгүй тул зохигчийн хүсэлтээр хариуцагч Х.Жгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэлийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-т заасныг баримтлан хариуцагч “ЭБТЭ” ХХК-иас 34.033.536 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Од олгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Х.Жд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Огийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 347.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ЭБТЭ” ХХК-иас 328.118 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Од олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН