| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2020/02169/И |
| Дугаар | 2402 |
| Огноо | 2020-07-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2402
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Х-А хотхон, “Х-А” Сууц өмчлөгчдийн холбооны /Гэрчилгээний дугаар 206/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Х-А хотхон, 104 дүгээр байр, 112 тоотод оршин суух, М.Д-д /РД: 0000/ холбогдох
1.222.900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсүлд,
Хариуцагч М.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х-А” Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ц.Өлзийбуян шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсүлд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус сууц өмчлөгчдийн холбоонд харьяалагддаг Баянзүрх дүүрэг, **** тоотын оршин суугч М.Д хуульд заасны дагуу төлөх ёстой орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг төлөхгүй дараахь нөхцөл байдалтай байна.
Үүнд: 2015 оны 9, 10, 11, 12 сар, 2016, 2017, 2018, 2019 он бүтнээрээ, 2020 оны 1, 2, 3 дугаар сарыг дуустал нийт 55 сарын төлбөр 1.222.900 төгрөгийг төлөхгүй өдий хүрлээ.
Хариуцагч М.Дгийн орон сууц 49 м.кв талбайтай бөгөөд 2015 оны 9 сард 18.480 төгрөг, 2016-2020 оны 3 дугаар сарыг дуустал сард 22.680 төгрөг, нийт 1.222.900 төгрөгийг М.Дгээс авч үйл ажиллагаандаа зарцуулах ёстой.
М.Д нь 2015 оны 9 дүгээр сараас хойш өнөөг хүртэл хугацаанд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбоотой зардал төлөөгүй атлаа сууц өмчлөгчдийн холбооны явуулж байгаа бүхий л үйлчилгээг авч байгаа.
Тэрээр удаан хугацаагаар төлбөрөө төлөхгүй байгаа нь оршин суугч иргэдийн болоод сууц өмчлөгчдийн холбооны үйл ажилллагаанд хохиролтой тул М.Дгээс дээрх хугацааны засвар үйлчилгээний зардал 428.930 төгрөг, хог 137.500 төгрөг, цахилгаан шат 220.000 төгрөг, цэвэрлэгээ 140.875 төгрөг, жижүүр 110.125 төгрөг, байр, орц, нийтийн зам талбайн төлбөрт 45.500 төгрөг, баримтны үнэ 9.250 төгрөг, нийт 1.222.900 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр тогтоосон төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол манайд байхгүй, олдохгүй байна. Өмнөх удирдлагын үеийн баримтууд олдохгүй байгаа бөгөөд банкинд төлбөр тогтоосон тогтоолоо өгсөн болохоор төлбөр бодогдоод байгаа. Төлбөр тогтоосон тогтоолыг нотлох баримтаар ирүүлэхтэй холбоотой хугацаа авсан боловч банкнаас авч чадаагүй гэв.
Хариуцагч М.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
М.Д миний бие 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс уг байрандаа амьдарч байна. Манайх 10 давхар орон сууцны 4 дүгээр давхарт байдаг ба байр маань гэрчилгээн дээрээ 49 м.кв талбайтай гэж бичигдсэн боловч 2015 оны 9 сард хэмжүүлэхэд 46 м.кв талбайтай болох нь тогтоогдсон.
Байрны маань талбай 46 м.кв хэмжээтэй ч би 49 м.кв талбайгаар байрны зээл өдийг хүртэл төлж хохирч байна. Би үүнийгээ хэлээд миний эрх ашгийг хамгаалаад яваад өгөөч гэхэд хэн ч намайг тоогоогүй. Үүнээс хойш надаас сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг нэхээгүй.
Би байрныхаа цахилгаан, цэвэр, бохир ус, дулаан гэх мэт ашиглалтын төлбөрийг сар бүр “Сод Эгшиг” ХХК-д төлдөг. Намайг хэл амтай гээд сууц өмчлөгчдийн холбооны төлбөр нэхэхээ байсан.
Би сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө 2015 оны 9 сараас хойш төлөөгүй бөгөөд танай төлбөр ийм боллоо гээд хэн ч надаас нэхээгүй, нэг ч удаа гэрт маань нэхэмжлэх хуудас ирээгүй. Тэгсэн мөртлөө шүүхэд өгч байгаад гайхаж байна.
Холбооны хяналтын зөвлөлд ямар хүмүүс байдгыг би мэдэхгүй, 104 дүгээр байр, 2 орцтой, 160 айлтай бөгөөд 5 жилд айлуудын төлсөн төлбөрийг 22.680 төгрөгөөр тооцоход тэрбум гаран төгрөг болж байх ба тайлангаа ч өгдөггүй. Үйл ажиллагаагаа ч зохих ёсоор явуулдаггүй, цэвэрлэгээ, ариутгал ч хийдэггүй. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х-А“ сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч М.Дд холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 1.222.900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
/Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбоотой зардал сард 2015 оны 9 сард 18.480 төгрөг, үүнээс хойш хугацаанд 22.680 төгрөг,
-2015 оны 9, 10, 11, 12 сар,
-2016 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 сар,
-2017 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 сар,
-2018 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 сар,
-2019 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 сар
-2020 оны 1, 2, 3 сар, нийт 55 сарын төлбөр/
Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчний гудамж, **** дугаар байрны оршин суугчдын хурлын тогтоол, материалыг үндэслэн “Х-А“ сууц өмчлөгчдийн холбоог 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэн гэрчилгээ олгосон байх ба холбооны төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолын дагуу Ц.Өлзийбуян тус холбооны гүйцэтгэх захирлаар ажиллах болсон байна.
/ХХ-ийн 5 дугаар тал/
Хариуцагч М.Д Баянзүрх дүүрэг, ***** тоотын 49 м.кв талбайтай орон сууцанд 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс хойш амьдарч байгаа бөгөөд тэрээр орон сууцны талбай бодитоор 46 м.кв байхад 49 м.кв талбайгаар байрны зээлийг төлж байгаа, сууц өмчлөгчдийн холбоо хийх ёстой ажлаа хийдэггүй, тайлангаа өгдөггүй, хариуцлагагүй тул 2015 оны 9 дүгээр сараас төлбөр төлөөгүй хэмээн тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж заажээ.
“Х-А “ сууц өмчлөгчдийн холбоо 2015 оны 9-12, 2016-2019, 2020 оны 1-3 саруудын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд буюу засвар үйлчилгээний зардал 428.930 төгрөг, хог 137.500 төгрөг, цахилгаан шат 220.000 төгрөг, цэвэрлэгээ 140.875 төгрөг, жижүүр 110.125 төгрөг, байр, орц, нийтийн зам талбайн төлбөрт 45.500 төгрөг, баримтны үнэ 9.250 төгрөг, нийт 1.222.900 төгрөг нэхэмжилж байх боловч дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбоотой сууц өмчлөгчөөс сар бүр төлөх төлбөрийг тогтоосон баримтыг ирүүлээгүй, энэ нь баримтаар нотлогдоогүй болно.
Сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй бөгөөд холбоо үйл ажиллагаагаа хуульд заасны дагуу явуулдаггүй гэх асуудлаар өргөдөл, гомдлоо харьяалах газарт нь хандаж шийдвэрлүүлж байгаагүй атлаа хожим буюу дундын өмчлөлийн зүйлийн ашиглалттай холбоотой зардлаа нэхэмжлэхэд дээрхи асуудлаар маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд энэ нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардлаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Хэрэг авагдсан баримт болон талуудын тайлбараас үзэхэд орон сууц өмчлөгч иргэн М.Д нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1-д заасан эрхүүдээ буюу тухайлбал дундын өмчлөлийн зүйлсийг зориулалтын дагуу ашиглах гэх зэргээр эрхээ хэрэгжүүлж байгаа бөгөөд тухайн иргэн эрхээ эдэлж буй тохиолдолд үүргээ мөн ухамсарлан биелүүлэх учиртай.
Хариуцагч М.Д нь “Х-А” сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар холбогдох албан тушаалтан, байгууллагад хандаж байгаагүй нь түүний тайлбараар тогтоогдсон ба тэрээр уг асуудлаараа холбогдох газарт нь хандаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд холбооны үйл ажиллагааны талаар оршин суугчдын цахим орчин дахь харилцсан бичвэрийг нотлох баримтаар үнэлээгүйг дурьдлаа.
/ХХ-ийн 19-44 дүгээр тал/
Хариуцагч М.Д нь 2015 оны 9 дүгээр сараас өмнөх хугацаанд сууц өмчлөгчдийн холбоонд төлөх төлбөрөө зохих ёсоор нь төлж байсан нь талуудын тайлбараар тогтоогдсоныг дурьдлаа.
Нэхэмжлэгч “Х-А” сууц өмчлөгчдийн холбоо түүнийг 2015 оны 9 сард 18.480 төгрөг, үүнээс хойш хугацаанд 22.680 төгрөгийг сар бүр төлөх ёстой хэмээн нэхэмжилж байх боловч уг төлбөрийг хэрхэн тогтоосон талаарх баримтаа ирүүлээгүй тул үүнээс өмнө хугацаанд буюу 2015 оны 8 дугаар сард төлж байсан төлбөрийн хэмжээгээр М.Дгээс гаргуулах төлбөрийг тооцох үндэслэлтэй.
2015 оны 8 дугаар сард М.Д нь засвар үйлчилгээ 1.246,67 төгрөг, цахилгаан шат 4.000 төгрөг, цэвэрлэгээ 3.500 төгрөг, хог 2.500 төгрөг, баримтын үнэд 150 төгрөг, нийт 11.396,67 төгрөгийг төлж байсан нь төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдлоо.
/ХХ-ийн 55-56 дугаар тал/
Иймд хариуцагч М.Дгээс 2015 оны 9, 10, 11, 12 сар, 2016 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 сар, 2017 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 сар, 2018 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 сар, 2019 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 сар, 2020 оны 1, 2, 3 сар, нийт 55 сарын /55*11.396,67 төгрөг/ төлбөр 626.817 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х-А“ сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 596.083 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар хариуцагч М.Дгээс 626.817 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х-А“ сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 596.083 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33.899,60 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Дгээс 19.454 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х-А“ сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН