Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/200

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

 Нарийн бичгийн дарга  Э.Намуунзул

 Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ

 Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2023 оны 11 сарын 27-ны өдөр хүлээн авч 2023 оны 11 сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,Б.Б

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Иххэт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Я.Хын толгой тус газар нь зэвсгийн чанартай зүйл буюу заазуураар цохиж эрүүл мэндэд нь “...Дагзны шарх...” бүхий хөнгөн хохирлыг санаатайгаар учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Я.Хын мэдүүлэг/хх-ийн 18/, гэрч М.М /хх-ийн 16/,  Х.Баяржаргал/хх-ийн 18/, Б.Бын /хх-ийн 14/  нарын мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-22/, Иххэт сумын яаралтай тусламжийн хуудас/хх-ийн 28/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгасан шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

“Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заажээ. Шинжээч эмчийн ... дугаартай дүгнэлтээр хохирогч Я.Хын биед учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж тогтоосон ба энэ нь  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Б.Бгийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзнэ.

            Иймд шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Я.Х хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирлын талаар баримт ирүүлээгүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын  талаар:

Шүүгдэгч Б.Бд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөр нь шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч Б.Бд танилцуулсан байх ба шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Прокуророос санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Бусад асуудлаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг нь 12.5 см, бариул хэсэг нь 11.5 см, нийт урт нь 23 см бүхий цэнхэр өнгийн хуванцар бариул хэсгийн нэг талын үзүүр нь хугарч унасан төмөр заазуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд  төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн  6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг нь 12.5 см, бариул хэсэг нь 11.5 см, нийт урт нь 23 см бүхий цэнхэр өнгийн хуванцар бариул хэсгийн нэг талын үзүүр нь хугарч унасан төмөр заазуур 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй,цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гарсан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.АДЪЯАСҮРЭН