Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 146/ШТ2017/00009

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхнасан

Улсын яллагч Д.Алимаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Хишигсүрэн /Үнэмлэхний дугаар-131831/

Шүүгдэгч Ч.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цатгалан  овогтой Чимиджагдагийн Жид холбогдох эрүүгийн 201615010165 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 19..... оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, эрэгтэй, 49 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн ..... сумын 2 дугаар баг “Бүрэгтий” гэх газар оршин суух гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Ц овогтой Ч-н Ж /РД:ЙБ68030417/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Ч.Ж нь 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн .... сумын 5 дугаар баг Горхийн 11-01 тоотод оршин суух Д.Бийн гэрт буюу орон байранд нэвтрэн орж зөөврийн компьютер, мөнгөн ээмэг, үсний дааруулга, үхрийн мах, сүү зэргийг хулгайлан авч хохирогч Ч.А-д 2 228 000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Ж  мэдүүлэхдээ:

Би 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Д.Бийн гэрт нь орж зөөврийн компьютер, мөнгөн ээмэг, үсний дааруулга, үхрийн мах, сүү зэргийг хулгайлсан. Би учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Би нөүтбүүкийг  нь Ганзориг гэдэг хүнд зарсан. Миний хулгайлсан зүйлийг цагдаа бүгдийг нь эзэнд нь буцааж өгсөн байна лээ. Би сэтгэл санааны болон бусад хохиролд 250 000 төгрөг өгсөн гэв.

Хохирогч Ч.А-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн ..... сумын 5 дугаар баг Горхийн 11-01 тоотод оршин өөрийн гэрээсээ эд зүйлүүд хулгайд алдсан. Манай гэрээс урт салаа унжуурагтай мөнгөн ээмэг 1 хос, хаан хатан сүйхтэй мөнгөн ээмэг 1 хос, цагаан шигтгээтэй үсний даруулга 1 ширхэг, нөөтбүүк 1 ширхэг, 2 кг үхрийн мар, 2 литр сүү зэрэг эд зүйлүүд хулгайд алдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/

Хохирогч Ч.А-ын мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн:

“...Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хулгайд алдагдсан эд зүйл болох хохирлын 250 000 төгрөг бэлнээр авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/

Гэрч Б.П-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2016 оны 07 дугаар сард Ч.Ж гэх хүнээс таван салаа унжуурагтай ээмэг, хаан хатан сүйхтэй ээмэг, үсний даруулга 20 000 төгрөг худалдаж авч байсан. Миний охины юм байгаа юм авчих мөнгөний хэрэг гараад гээд гуйгаад байсан юм. Тэгэхээр нь авсан. Хулгайн эд зүйл бол өгнө. 20 000 төгрөгийг нэхэмжлэхгүй. Гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/

Гэрч Д.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Танина. Манай багийн суурин хүн амын бүртгэлд бүртгэлтэй хүн байгаа юм. Ж нь ганцаараа. Зан байдал нь төлөв томоотой хүн байсан. 2006 онд эхнэрээсээ салаад одоог болтол тэнүүлчин амьдралаар амьдарч байгаа хүн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/

Гэрч Б.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би 2016 оны 08 дугаар сард байх сар өдрийг нь сайн санахгүй байна. ..... сумын доод өргөн чөлөөнд гудамжинд эхнэртэйгээ автомашинтай явж байсан чинь “Овгор жамба” буюу Ж гар өргөөд зогсож байсан. Тэгэхээр нь буугаад уулзсан чинь нэг хар өнгийн нөүтбүүк барьчихсан чи энийг худалдаад аваач ах нь хөдөө явах гээд мөнгөний хэрэг гараад явж байна гэсэн. Тэгэхээр нь би хулгайн эд зүйл биш биз дээ гэсэн чинь ах нь юу гэж хулгай хийхвээ дээ манай охины оюутан байх үедээ хэрэглэж байсан нөүтбүүк 400 000 төгрөгөөр худалдаад авчих гээд байсан. Надад одоо тийм мөнгө байхгүй авахгүй гээд явах гэсэн чинь тэгүүл одоо 50 000 төгрөг өгчих дараа тэгж байгаад үлдэгдэл мөнгийг нь өгчих гээд гуйгаад байхаар нь эхнэрээсээ асуусан чинь тэг тэг гэхээр нь авсан юм. Удалгүй над руу Цэвэлээ гээд манай хамаатангийн эгч яриад Болд-Эрдэнэ гэдэг айлд хулгай ороод хүүхдийнхэн нөүтбүүк алга болсон тэгсэн манай сумын “овгор жамба” Ж авчихсан юм шиг байна лээ. Сая чамтай гудамжинд таарсан гэсэн чамд нөүтбүүк зарсан бол чи Болд-Эрдэнийн эхнэр дээр очоод уулзаадах гэсэн. Болд-Эрдэнэ гэх айлын эхнэртэй уулзаад “Овгор-Жамба” Жоос авсан нөүтбүүк үзүүлсэн чинь манай нөүтбүүк мөн байна гэсэн. Би хаана хэнээс хэн гэдэг хүнээс хэдэн төгрөгөөр авсан талаар бүгдийг нь Болд-Эрдэнийн эхнэрт хэлсэн. Намайг Улаанбаатар луу явчихсан байх хойгуур Болд-Эрдэнийн эхнэр манай эхнэрт баярласан шүү гээд 50 000 төгрөг өгсөн байсан. Та 2 “Овгор жамба” Жоос мөнгө буцааж авч чадахгүй эгч нь хохиролгүй болгож өгнө гээд өгсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/

Хохирогчоор тогтоосон тогтоол /хх-ийн 14 дүгээр хуудас/

Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тогтоол /хх-ийн 18 дугаар хуудас/

Өвөрхангай аймгийн ..... сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 33 дугаар хуудас/

Шүүгдэгч Ч.Жийн ЦЕГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүгдэгч Ч.Ж нь 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн .... сумын 5 дугаар баг Горхийн 11-01 тоотод оршин суух Д.Бийн гэрт буюу орон байранд нэвтрэн орж зөөврийн компьютер, мөнгөн ээмэг, үсний дааруулга, үхрийн мах, сүү зэргийг хулгайлан авч хохирогч Ч.А-д 2 228 000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Хохирогч Ч.А-ын мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар хуудас/, гэрч Б.П-, Д.Д- нарын мэдүүлэг /хх-ийн 19, 20 дугаар хуудас/ болон шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Ж нь гэм буруутай, Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Ч.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар:

Хохирогч Ч.А- нь “...Надад гомдол санал байхгүй. Хохирол барагдуулсан нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй байна. 

Шүүхээс шүүгдэгч Ч.Жид ял оногдуулахдаа хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй байна гэж үзэв.

Шүүгдэгч Ч.Ж нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж байна.

Шүүгдэгч Ч.Ж нь 3 хоног цагдан хоригдсон ба түүний цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Ц овогтой Ч-н Жийг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Ч.Жийг эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Ч.Жид оногдуулсан 2 жил 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Ч.Ж нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар Ч.Жийн цагдан хоригдсон 3 хоногийг түүний ял эдлэсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Ч.Жид оногдуулсан 2 жил 10 хоногийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын харъяа ..... сум дахь Сум дундын Цагдаагийн тасагт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ч.Жид авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                          Б.САРАНТУЯА