| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2026/0205/З |
| Дугаар | 221/МА2026/0304 |
| Огноо | 2026-05-06 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
2026 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2026/0304
Э.Г-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх хуралдаан даргалагч шүүгч М.Цэцэгмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү
Илтгэсэн шүүгч Б.Адъяасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г
Нэхэмжлэгч: Э.Г
Хариуцагч: Төрийн албаны зөвлөл
Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн албаны зөвлөлийн Авлигатай тэмцэх газрын удирдах, гүйцэтгэх албан тушаалыг төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалтад оруулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаар тогтоолоор баталсан Төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалтад Авлигатай тэмцэх газрын удирдах, гүйцэтгэх албан тушаалыг оруулж батлахыг, Э.Г-ын Авлигатай тэмцэх газарт мөрдөгч, ахлах мөрдөгч, ахлах комиссарын албан тушаалд 2014-2022 онуудад ажилласныг төрийн захиргааны албан тушаалд ажилласнаар дүйцүүлэн тооцуулах хүсэлтийг шийдвэрлээгүй Төрийн албаны зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Э.Г-ын Авлигатай тэмцэх газарт 2014-2022 онуудад мөрдөгч, ахлах мөрдөгч, ахлах комиссарын албан тушаалд ажилласныг төрийн захиргааны албан тушаалын ангилал зэрэглэлд ажилласнаар адилтган тооцохыг Төрийн албаны зөвлөлд даалгуулах
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул
Хэргийн индекс: 128/2026/0205/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Г-аас Төрийн албаны зөвлөлд холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн Авлигатай тэмцэх газрын удирдах, гүйцэтгэх албан тушаалыг төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалтад оруулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаар тогтоолоор баталсан Төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалтад Авлигатай тэмцэх газрын удирдах, гүйцэтгэх албан тушаалыг оруулж батлахыг, Э.Г-ын Авлигатай тэмцэх газарт мөрдөгч, ахлах мөрдөгч, ахлах комиссарын албан тушаалд 2014-2022 онуудад ажилласныг төрийн захиргааны албан тушаалд ажилласнаар дүйцүүлэн тооцуулах хүсэлтийг шийдвэрлээгүй Төрийн албаны зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Э.Г-ын Авлигатай тэмцэх газарт 2014-2022 онуудад мөрдөгч, ахлах мөрдөгч, ахлах комиссарын албан тушаалд ажилласныг төрийн захиргааны албан тушаалын ангилал зэрэглэлд ажилласнаар адилтган тооцохыг Төрийн албаны зөвлөлд даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2026/0302 дугаар шийдвэрээр: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Төрийн албаны зөвлөлийн Авлигатай тэмцэх газрын удирдах, гүйцэтгэх албан тушаалыг төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалтад оруулахыг хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаар тогтоолоор баталсан Төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалтад Авлигатай тэмцэх газрын удирдах, гүйцэтгэх албан тушаалыг оруулж батлахыг, Э.Г-ын Авлигатай тэмцэх газарт мөрдөгч, ахлах мөрдөгч, ахлах комиссарын албан тушаалд 2014-2022 онуудад ажилласныг төрийн захиргааны албан тушаалд ажилласнаар дүйцүүлэн тооцуулах хүсэлтийг шийдвэрлээгүй Төрийн албаны зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Э.Г-ын Авлигатай тэмцэх газарт 2014-2022 онуудад мөрдөгч, ахлах мөрдөгч, ахлах комиссарын албан тушаалд ажилласныг төрийн захиргааны албан тушаалын ангилал зэрэглэлд ажилласнаар адилтган тооцох эсэх асуудлыг хууль журамд заасны дагуу шийдвэрлэхийг Төрийн албаны зөвлөлд даалгаж шийдвэрлэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
“Засгийн газрын хуралдаанаар албан тушаалын жагсаалтыг хэлэлцсэн тэмдэглэл байхад танилцуулга дээрх агуулгыг үндэслэсэн байна.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ХЭГ/162 дугаар албан бичгээр Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны 03 дугаар тэмдэглэлд "Төрийн тусгай зарим албан тушаал тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалтын төслийн тухай" хэлэлцэж "Төрийн тусгай зарим албан тушаал тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалтын төслийг хэлэлцээд Төрийн албаны зөвлөлд хүргүүлэхээр тогтов" гэжээ. Энэ нь танилцуулгыг хэлэлцээгүй зөвхөн жагсаалтыг хэлэлцсэн бөгөөд төрийн тусгай бүх албан тушаалын жагсаалтыг биш зармыг адилтгах жагсаалтыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлэхээр шийдвэрлэсэн.
Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт "Төрийн тусгай албан тушаалыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалтыг Засгийн газрын саналыг үндэслэн төрийн албаны төв байгууллага батална" гэж заасан нь Засгийн газраас ирүүлж байгаа жагсаалтын саналыг үндэслэн шийдвэрлэхээр зохицуулсан байна. Гэтэл Захиргааны хэргийн Анхан шатны шүүхээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ХЭГ/162 дугаар албан бичгээр ирүүлсэн "Танилцуулга"-ыг үндэслэл болгосон нь Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт нийцэхгүй байна.
Танилцуулга дээрх үг, өгүүлбэрийг буруу тайлбарласан. Танилцуулга хэсгээс үндэслэл болгосон "Төрийн албаны зөвлөлийн дарга Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог төрийн тусгай чиг үүргийн байгууллагуудын төрийн өндөр болон түүнтэй адилтгах бусад албан тушаалыг адилтгах зөвлөмж өгсний дагуу Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газраас санал авч тусгасан болно" гэсэн хэсэг нь Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай" тогтоолд тусгагдсан төрийн өндөр албан тушаалын төрийн тусгай албан тушаал, түүнтэй адилтгах төрийн өндрийн төрийн тусгай албан тушаалыг тодорхойлж байна. Энэ нь Авлигатай тэмцэх газрын гүйцэтгэх албан тушаалд хамааралгүй агуулгыг хамааруулж шүүх буруу дүгнэсэн гэж үзэхээр байна.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 10- өдрийн ХЭГ/162 дугаар албан бичгийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлтэй хамт ирүүлсэн "Төрийн захиргааны албан тушаалын ангилалтай адилтгах төрийн тусгай зарим албан тушаалын жагсаалт"-ын оршил хэсгийн бичвэрийг буруу тайлбарласан. Төрийн захиргааны албан тушаалын ангилалтай адилтгах төрийн тусгай зарим албан тушаалын жагсаалтын оршил хэсэгт бичсэн нь Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын төрийн өндөр болон түүнтэй адилтгах бусад албан тушаалыг гэдэг нь Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай" тогтоолд тусгагдсан төрийн өндөр албан тушаалын төрийн тусгай албан тушаал, түүнтэй адилтгах төрийн өндрийн төрийн тусгай албан тушаалыг хэлж байгаа. Түүнээс биш Авлигатай тэмцэх газрын удирдах, гүйцэтгэх албан тушаалыг адилтгах ямар агуулгагүй болно. Энэхүү жагсаалтад ороогүй төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг бусад байгууллагыг ердийн Засгийн газрын агентлагийн албан тушаалтай адилтган авч үзнэ гэж өгүүлбэрийг тайлбарлаж ойлгох бөгөөд энд Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог Авлигатай тэмцэх газрын удирдах гүйцэтгэх албан тушаалыг адилтгах агуулгагүй болно.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ХЭГ/162 дугаар албан бичгээр ирүүлсэн зарим төрийн тусгай байгууллагыг төрийн захиргааны албан тушаалд адилтгах жагсаалтын саналд тусгагдаагүй байгууллагуудыг Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаар тогтоолоор баталсан жагсаалтад нэмж тусгах талаар Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01/2112 дугаар албан бичгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн. Авлигатай тэмцэх газрын албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалд адилтгах талаар Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг ирүүлэхийг хүссэн албан бичгийг тухай үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлж байсан. Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 02/200 дугаар албан бичгээр иргэн Ч.Өнөрбаярын Авлигатай тэмцэх газарт ажилласан хугацааг Засгийн газрын саналыг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 26 дугаар тогтоолд тусгаж шийдвэрлэх боломжтой тул Авлигатай тэмцэх газрын төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтгах эсэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, саналаа Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн хамт ирүүлэхийг хүссэн албан бичгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад хүргүүлж байсан.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ХЭГ/2431 дүгээр албан бичгээр Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 41 дүгээр хуралдааны тэмдэглэлээр Төрийн аудитын байгууллага, Гадаадын иргэн харьяатын байгууллагын, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ХЭГ/569 дүгээр албан бичгээр Засгийн газрын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 09 дүгээр тэмдэглэлээр Гаалийн байгууллагын төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалд адилтган авч үзэх саналыг ирүүлж байсан.
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалтад Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт "Зохицуулах харилцаа нь бусад захиргааны байгууллагын чиг үүрэгт давхар хамаарч байгаа бол тухайн захиргааны байгууллагаас албан ёсоор санал авна" гэж заасны дагуу саналыг авч Төрийн аудитын байгууллага, Гадаадын иргэн харьяатын байгууллага, Гаалийн байгууллагын төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалд адилтгах асуудлыг шийдвэрлэж байгааг судлан үзээгүй, хэргийн материалд авагдсан баримт бичгийг судлан үзээгүй байна.
Хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхэд Засгийн газрын саналыг үндэслэн гэж заасны дагуу өмнө нь шийдвэрлэж байсантай адил Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг шаардаж Захиргааны ерөнхий хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэдэг гэдгийг үндэслэл болгоогүй байна.
Засгийн газрын хуралдаанд асуудал оруулахыг эрхийг тооцож үзээгүй тухайд, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.5 дахь заалтад "Хэлэлцэх асуудлыг Засгийн газрын гишүүн эрх хэмжээний дотор санаачлах эрхтэй. Бусад байгууллага, албан тушаалтан, иргэд хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын тухай саналаа Засгийн газрын холбогдох гишүүнээр уламжлан тавьж болно" Энэ нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг Засгийн газрын гишүүн санаачилж оруулахаар хуульчилсан. Төрийн албаны зөвлөл засгийн газрын хуралдаанд санал хүргүүлсэн ч Засгийн газрын гишүүн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг санаачлахгүй л бол Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэгдэхгүй юм. Төрийн албаны зөвлөлөөс 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01/2112 дугаар, 2025 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 02/200 дугаар албан бичгээр Авлигатай тэмцэх газрын төрийн тусгай албан тушаалыг терийн захиргааны албан тушаалд адилтгах саналыг хүргүүлж байсан.
Иймд Засгийн газрын хуралдаанд асуудал санаачилж оруулах эрх нь Терийн албаны зөвлөлд байхгүй тул Засгийн газрын саналыг авах боломжгүй нөхцөл байдал үүсэж байна.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх ёстой ч биелүүлэх боломжгүй нөхцөл байдалтай байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн шийдвэр нь Авлигатай тэмцэх газрын удирдах гүйцэтгэх албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалд адилтган авч үзэх жагсаалтад оруулахгүй байгаа нь эс үйлдэхүй гэж үзсэн нь Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газрын саналыг үндэслэн Төрийн албаны зөвлөл шийдвэрлэх гол агуулгыг зөрчсөн гэж үзэж байна. Засгийн газрын хуралдаанд Засгийн газрын гишүүн асуудал санаачилж оруулах эрхтэй байхад Төрийн албаны зөвлөлд даалгаснаар Засгийн газрын саналыг авах эрх зүйн үндэслэл байхгүй байна. Авлигатай тэмцэх газрын удирдах, гүйцэтгэх албан тушаалын чиг үүрэг, үйл ажиллагааны хэмжээ нь төрийн болон албаны нууцад хамаарах бөгөөд түүнийг төрийн захиргааны зохих ангилалд адилтгах талаар санал гаргах боломж Төрийн албаны зөвлөлд байдаггүй.
Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2026/0302 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн "... Төрийн албаны зөвлөлийн Авлигатай тэмцэх газрын удирдах, гүйцэтгэх албан тушаалыг төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалтад оруулахыг хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ..." гэсэн хэсэг нь нотлох баримттай нийцэхгүй байна. Иргэн Э.Г-аас 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гаргасан өргөдөлд "Иймд Э.Г миний Авлигатай тэмцэх газрын ахлах мөрдөгч-ахлах комиссараар ажилласан хугацааг төрийн захиргааны төрийн жинхэнэ алба хаагчийн албан тушаалын ангилал, зэрэглэлд дүйцүүлэн тооцож өгнө үү" гэж бичсэн. Авлигатай тэмцэх газрын удирдах, гүйцэтгэх албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалд адилтгах талаар ямар үг, агуулга байхгүй байхад шүүхээс Төрийн албаны зөвлөлд гаргаагүй асуудлаар эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоосонд бодит байдалтай нийцэхгүй байна. Иймд дээр Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2026/0302 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдуулан нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
3. Анхан шатны шүүхээс “Төрийн албаны зөвлөлийн даргад хүргүүлсэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн тэмдэглэлийг үзэхэд “...Улын Их Хурлаас удирдлага нь томилогддог төрийн тусгай чиг үүргийн байгууллагуудын төийн өндөр болон түүнтэй адилтгах бусад албан тушаалыг адилтгах зөвлөмж өгсний дагуу Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газраас санал авч тусгасан болно..., ...Төрийн захиргааны алыан тушаалын ангилалтай адилтгах төрийн тусгай, зарим тусгай албан тушаалын жагсаалтаар Төрийн захиргааны албан тушаалын ангилал болох Тэргүүн түшмэл, Эрхэлсэн түшмэл, Ахлах түшмэл, Дэс түшмэл, туслах түшмэлийн ангилалд адилтгах төрийн тусгай зарим албан тушаалын жагсаалтыг хэлэлцэж, энэхүү жагсаалтад ороогүй төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын төрийн өндөр болон түүнтэй адилтгах бусад албан тушаалыг Улсын Их Хурлын удирдлага нь томилогддог ердийн байгууллагуудын албан тушаалтай, бусад байгууллагыг ердийн Засгийн газрын агентлагийн албан тушаалтай тус тус адилтган үзнэ...” гэснийг Төрийн албаны зөвлөл харгалзан үзэхгүйгээр нэхэмжлэгчийн өргөдлийг хууль журамд заасны дагуу шийдвэрлээгүй нь буруу байна...” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
4. Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Төрийн тусгай албан тушаалыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалтыг Засгийн газрын саналыг үндэслэн төрийн албаны төв байгууллага батална” гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөл нь гагцхүү Засгийн газраас ирүүлсэн саналыг үндэслэн төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалтыг батлахаар зохицуулсан.
5. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар хуралдааны тэмдэглэлд үндэслэн Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаар тогтоолоор “Төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалт”-ыг баталжээ.
6. Тус жагсаалтаар нэхэмжлэгчийн маргаж буй Авлигатай тэмцэх газрын удирдах, гүйцэтгэх албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэхээр зохицуулаагүй.
7.Харин Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01/2112 дугаар албан бичгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт “Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Гаалийн ерөнхий газрын төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтгах эсэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, танилцуулж саналаа ... ирүүлэх” талаар дурдсан байна.
8. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ХЭГ/2431 дугаар албан бичгээр “Төрийн аудитын байгууллага, Гадаадын иргэн, харьяатын байгууллагын төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалтын төслийг хэлэлцсэн тухай” Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 41 дүгээр тэмдэглэл, мөн тус газрын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ХЭГ/569 дугаар албан бичгээр “Гаалийн байгууллагын төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд авч үзэх албан тушаалын жагсаалтын төслийг хэлэлцсэн тухай” Засгийн газрын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 09 дүгээр тэмдэглэлийг тус тус Төрийн албаны зөвлөлд ирүүлсэн байна.
9. Энэ тохиолдолд Төрийн албаны зөвлөлөөс Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хандан Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Гаалийн ерөнхий газрын төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтгах эсэх асуудлаар саналаа ирүүлэхийг хүссэн албан бичиг явуулсан боловч зөвхөн Авлигатай тэмцэх газрын төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтгах эсэх саналыг Төрийн албаны зөвлөлд ирүүлээгүй байна.
10. Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ХЭГ/162 дугаар албан бичгээр хүргүүлсэн Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тэмдэглэлийн хавсралт “Төрийн захиргааны албан тушаалын ангилалтай адилтгах төрийн тусгай зарим албан тушаалын жагсаалт”-д “Энэхүү жагсаалтад ороогүй төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын төрийн өндөр болон түүнтэй адилтгах бусад албан тушаалыг Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог ердийн байгууллагуудын албан тушаалтай, бусад байгууллагыг ердийн Засгийн газрын агентлагийн албан тушаалтай тус тус адилтган авч үзнэ” гэжээ.
11. Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын төрийн өндөр болон түүнтэй адилтгах бусад албан тушаал гэдэгт Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 19 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл”-д тусгагдсан албан тушаалыг ойлгох бөгөөд уг жагсаалтад Авлигатай тэмцэх газрын удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хамаарахгүй байна.
12. Үүнээс үзэхэд, Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасны дагуу Төрийн албаны зөвлөл нь гагцхүү Засгийн газраас ирүүлсэн саналыг үндэслэн “Төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалт”-ыг батлахаар зохицуулсан бөгөөд Засгийн газраас Авлигатай тэмцэх газрын удирдах, гүйцэтгэх төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх саналыг ирүүлээгүй тохиолдолд тус жагсаалтад Авлигатай тэмцэх газрын удирдах, гүйцэтгэх албан тушаалыг оруулах эрх хэмжээ Төрийн албаны зөвлөлд олгогдоогүй.
13. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс Төрийн албаны зөвлөлд хандан гаргасан 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “миний Авлигатай тэмцэх газрын ахлах мөрдөгч-ахлах коммисараар ажилласан хугацааг төрийн захиргааны төрийн жинхэнэ алба хаагчийн албан тушаалын ангилал, зэрэглэлд дүйцүүлэн тооцож өгнө үү” гэх өргөдөлд дурдсан асуудлыг дээр дурдсан хуулийн зохицуулалтын дагуу Төрийн албаны зөвлөл шийдвэрлэх боломжгүйн дээр Төрийн албаны зөвлөлөөс Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хандан Авлигатай тэмцэх газрын төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтгах эсэх асуудлаар саналаа ирүүлэхийг хүссэн албан бичиг явуулсан энэ тохиолдолд Төрийн албаны зөвлөл эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээргүй байна.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 302 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Э.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН