Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2017/0460

 

2017 оны 06 сарын 12 өдөр Дугаар 128/ШШ2017/0460 Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э.Э

Хариуцагч: Б

Нэхэмжлэлийн шаардлага: Буянт-Ухаа Боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/41 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалаа нөхөн төлүүлэх, ажилгүй байсан хугацаан бүх цалин хөлсийг гаргуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.О, хариуцагч Б Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ....Мэргэжлийн хяналтын ерөнхий байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/07 тоот тушаалаар Бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай тушаал гарч тус албанд шинэ хэлтэc байгуулж, бүтэц орон тоог нэмсэн. ГэтэлБ.О нь уг тушаалыг гуйвуулж бүтэц орон тоо хассан хэмжээн намайг ажлаас халсан нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх заалтын зөрчиж байна. Миний бие Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандахад мэргэжлийн дагуу ажилд нь авах гэсэн албан бичиг өгсөн. ГэтэлБ.О нь мэргэжилтнээр ажилд авна гэж утсаар ярьсныг би зөвшөөрөөгүй. Учир нь Төрийн албаны тухай хуульд мэргэжлийн бус гэж ажлаас халдаг, эсхүл албан тушаал бууруулдаг заалт гэж байдаггүй.

Миний бие жирэмсэн 6 сартай бөгөөд жирэмсэн эмэгтэй 0-3 хүртэлрх насны хүүхэдтэй эмэгтэйг ажлаас халахыг хориглосон заалт Хөдөлмөрийн тухай хуульд байдаг. ГэтэлБ.О нь жирэмсэн миний ажиллах эрхийг ноцтой зөрчиж байна.

Иймд та бүхэн миний өргөдлийг хүлээн авч тус албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчБ.Оийн гаргасан 2017 оны 02 дугаар сарын 23-ний өдрийн Б/41 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалаа нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны бүх цалин хөлсийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..2015 онд стандарт шалгалтын улсын байцаагч болсон гээд тушаал гарсан ба уг тушаалын дагуу хоёр жил ажиллаа хийгээд явж байхад 2017 онд Б/41 тушаалаар ажлаас чөлөөлсөн. 2015 оны нэршил солигдсон тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн. Манай байгууллага дээр бүтэц орон тоог нэмж шинэ хэлтэс байгуулсан. Албан хаагч нарыг хасаагүй, 54 орон тоотой байхад 61 орон тоотой болгосон. Гэтэл бүтэц орон тоо нэмсэн байхад бүтэц орон хассан гэдэг үндэслэлээр намайг халсан. Хариуцагч талаас мэргэжлийн бус гэдэг тайлбарыг хэлдэг. Гэтэл анх ажилд авч улсын байцаагчийн тангараг өргүүлсэн. Төрийн албаны тухай хууль дээр мэргэжлийн бус гэдэг үндэслэлээр ажлаас халах ямар ч хуулийн зохицуулалт байхгүй. Мөн намайг жирэмсэн байхад ажлаас халж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байх. Ерөнхий газрын дарга бүтэц орон тоог нэмсэн байхад надад бүтэц орон тоо цөөрсөн гэж хэлж, ерөнхий газрын даргын тушаалыг худлаа гуйвуулж байгаа юм гэжээ.

Хариуцагч ББ.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

...Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Буянт-Ухаа Боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай А/07 дугаар тушаалын дагуу 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Э.Эд ажлаас чөлөөлөгдөх тухай мэдэгдэл хүргүүлж албаны даргын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Б/41 тоот тушаалаар Э.Эыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Албаны даргын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/49 дугаар тушаалаар Э.Эыг тус албанд шинээр байгуулагдсан Хяналт шинжилгээ, хамтын ажиллагааны хэлтэст урд авч байсан цалин бууруулахгүйгээр /ТЗ-6-4/ зэрэглэлийн 645556 төгрөгөөр цалин тогтоож, ахлах мэргэжилтнээр томилсон тухай дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн Д.*******, Хяналт шинжилгээ, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ч.******* нар удаа дараа утсаар мэдэгдсэн боловч ажилдаа ирээгүй. Өнөөдрийг хүртэл ажил тасалсан.

Мэргэжлийн Хяналтын ерөнхий газрын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Хяналтын шинжилгээ, дотоод аудитын шалгалтын дүнгээр мэргэжлийн бус гэж дүгнэсэн Э.Э нь эрх зүйч мэргэжилтэй гэжээ.

Хариуцагч ББ.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би төрийн албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч хүн учраас дээд байгууллагын хууль ёсны шийдвэр даалгаврыг биелүүлэх үүрэгтэй. Дээд байгууллагаас өгсөн бүтцийн дагуу нэхэмжлэгчийн ажлаас нь халсан. Тухайн үед тушаал гаргаж байх үед нэхэмжлэгчийг жирэмсэн гэж мэдээгүй. Тушаал гарсны дараа жирэмсэн гэдгээ нэхэмжлэгч хэлсэн, энэ талаар баримтыг надад өгөөгүй. Энэ талаар ерөнхий газарт хэлж мэдэгдсэн ба нэхэмжлэгчийн жирэмсэн талаар ерөнхий газарт хэлэхэд жирэмсэн хүнийг ямар нэгэн ажил албан тушаалаар хангах шаардлагатай, ингэхдээ мэргэжлийн дагуу албан тушаалд томилох шаардлагатай гэж хэлсэн. Үүний дараагаар манай байгууллагад дээр шинээр хэлтэс байгуулагдсан ба уг хэлтэст ажиллаж байгаа мэргэжилтэн нь төрийн захиргааны 5-аар цалин авдаг.

Гэтэл Э.Эыг мэргэжилтнээр ажиллуулах гэхээр цалингийн хэмжээ буурах гээд байсан учраас уг хэлтэст ахлах мэргэжилтны орон тоо нэг байсан учраас ахлах мэргэжилтнээр, цалингийн хэмжээг бууруулахгүйгээр тушаал гаргасан. Мөн нэхэмжлэгчийг жирэмсэн гэдгийг мэдсэн лист авах шаардлагатай учраас 4 дүгээр сард цалингийн таслах нийгмийн даатгалын төлж байсан. 5 дугаар сард шинээр томилогдсон ажил хийх гэж хэлэхэд нэхэмжлэгч нөхөртэйгөө хамт ирж бид нарын дунд маргаан үүссэн. Нэхэмжлэгч мэргэжилтний ажил хийхгүй би өмнө нь хийж байсан ажил албан тушаалдаа томилуулмаар байна гэж хэлсэн. Үүний дагуу би хүнсний чиглэлээр суралцсан ямар нэгэн диплом байна уу байвал уг албан тушаалд томилж болно. Хамгийн гол нь эрх зүйч мэргэжилтэй холбохоор уг албан тушаалд томилж болохгүй байна гэж хэлсэн. Тиймээс нэхэмжлэгчийг ажил албан тушаал нь ямар нэгэн үндэслэлгүй халсан зүйл байхгүй. нэхэмжлэгчийг ямар нэгэн байдлаар хохироосон зүйл байхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Буянт-Ухаа Боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/41 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалаа нөхөн төлүүлэх, ажилгүй байсан хугацааны бүх цалин хөлсийг гаргуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Э.Эыг Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Ажилд томилох тухай дугаар 01/63 тоот тушаалаар Стандарт, чанарын хяналтын улсын байцаагчийн албан тушаалд томилсон байх ба Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 69 тоот тушаал болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 114 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын /нэршил/ өөрчлөгдөж Тусгай хяналтын улсын байцаагч болсон байна.

Улмаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 234 дүгээр тушаалын 1 дэх заалтаар Э.Эын Тусгай хяналтын улсын байцаагчийн эрхийг цуцалж, 2 дахь заалтаар Стандарт, чанарын хяналтын улсын байцаагчийн эрх олгож, уг тушаалын 2 дугаар хавсралтаар албаны болон хувийн дугаар олгосон байна.

Хэрэгт цугларсан баримтууд болон хариуцагчийн тайлбар[1]-аас үзэхэд Э.Эд Стандарт, чанарын хяналтын улсын байцаагчийн эрх олгосон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 234 дүгээр тушаалын дагуу Б Э.Эыг Стандарт, чанарын хяналтын улсын байцаагчаар томилсон тушаалыг гаргаагүй болох нь нотлогдож байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий даргын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай дугаар А/07 тоот тушаалаас үзэхэд Стандарт, чанарын улсын байцаагч гэсэн нэршил бүхий албан тушаал нь Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч, Эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Цацрагийн хяналтын улсын байцаагч зэрэг тусгай мэргэжил, мэргэшил шаардсан албан тушаалуудад хуваагдсан байна.

Э.Эын ажиллаж байсан Стандарт, чанарын хяналтын улсын байцаагчийн болон Тусгай хяналтын улсын байцаагчийн ажлын байрны тодорхойлолтод[2] заасан чиг үүрэг, ажлын байрны зорилго, зорилтоос үзэхэд мэргэжлийн хяналтын холбогдох салбарын мэргэжил, мэргэшлийг эзэмшсэн хүн уг албан тушаалд тавигдах шаардлагыг хангах юм .

Гэтэл бодит байдалд нэхэмжлэгч нь эрх зүйч мэргэжилтэй байх ба мэргэжлийн хяналтын тодорхой салбарын мэргэжил эзэмшээгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлагань хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн гэж заасан байна.

Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №******* тоот албан бичигт ...Стандарт, чанар-ын хяналтын улсын байцаагч нэршлийн дор мэргэжлийн бус ажилтнуудыг томилон ажиллуулах явдал орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагад гарах болсонтой холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас энэхүү асуудлыг цэгцлэх шаардлагатай тулгарсан ... Мэргэжлийн бус хүнээр нарийн мэргэжил шаардсан ажил гүйцэтгүүлэхгүй байх үүднээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Стандарт, чанар-ын хяналтын улсын байцаагч нэршлийн дор ажиллах хяналтын чиглэлүүдийг байгууллагын бүтцийн 2017 оны тушаалаар баталсан... гэж тайлбарласнаас үзэхэд нэхэмжлэгч нь Стандарт, чанарын хяналтын холбогдох улсын байцаагчийн албан тушаалд тавигдах шаардлагыг хангахгүй байна.

Дээрх үйл баримтууд болон хуулийн зохицуулалтаас үзэхэд мэргэжлийн хяналтын тодорхой салбарын мэргэжил эзэмшээгүй иргэн хилийн мэргэжлийн хяналтын албаны тусгайлсан салбарын хяналтын улсын байцаагчаар ажиллах нь төрийн албан тушаалд тавигдах шаардлагыг хангахгүй ба Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасантай нийцэхгүй гэж шүүх дүгнэлээ.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан зохицуулалтаас үзэхэд Захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ба нэхэмжлэгч нь мэргэжлийн хяналтын тодорхой салбарын мэргэжил эзэмшээгүй тул хяналтын тусгайлсан салбарын албан тушаалд ажиллах хууль ёсны ашиг сонирхол нэхэмжлэгчид үүсээгүй байна.

Иймд нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан /Стандарт, чанарын хяналтын улсын байцаагч эсхүл Тусгай хяналтын улсын байцаагч/-ийн албан тушаалд шүүхээс эгүүлэн тогтоох хууль зүйн боломжгүй байх тулнэхэмжлэгчийн Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн дугаар Б/41 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хангаж шийдвэрлэсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалтын дагуу Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Э.Эыг ажилд томилох тухай дугаар Б/49 тоот тушаалаар нэхэмжлэгчийг 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Хяналт, шинжилгээ хамтын ажиллагааны хэлтэст ахлах мэргэжилтнээр томилсон байна.

Хэдийгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д жирэмсэн эмэгтэйг ажлаас халахыг хориглосон боловч маргаан бүхий энэ тохиолдолд хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг зөрчсөн гэж шүүхээс дүгнэх боломжгүй байна.

Учир нь нэхэмжлэгч эрх зүйч мэргэжилтэй тул мэргэжлийн хяналтын тусгай салбарын хяналтын улсын байцаагчийн албан тушаалд ажиллах нь хууль болон бодит байдалд нийцэхгүй ба Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан зохицуулалтын шаардлагыг хангах үүднээс хариуцагч нь нэхэмжлэгчийгХяналт, шинжилгээ хамтын ажиллагааны хэлтэст ахлах мэргэжилтнээр томилсон байна.

Тодруулбал нэхэмжлэгчийг ажлаас халсан гэж үзэхээргүй байх ба харин хууль болон бодит нөхцөл байдалд нийцүүлэн зохих албан тушаалаар буюу ажлын байраар хангасан байна.

Харин хариуцагч нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Э.Эыг ажлаас чөлөөлөх тухай дугаар Б/41 тоот тушаалыг гаргасан атлаа нэг сар гаруй хугацааны дараа 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Э.Эыг ажилд томилох тухай дугаар Б/49 тоот тушаалыг гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх бөгөөд нэхэмжлэгч нь нэг сар гаруй хугацаанд ажилгүй байж, цалин хөлс авахгүй хохирсон гэж үзэхээр байна.

Мөн хариуцагч нь Э.Эыг ажилд томилох тухай дугаар Б/49 тоот тушаалыг хугацаа алдалгүй, Э.Эыг ажлаас чөлөөлөх тухай 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн дугаар Б/41 тоот тушаалтай хамт буюу тухайн үед нь гаргасан бол нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй юм.

Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Э.Эыг ажлаас чөлөөлөх тухай дугаар Б/41 тоот тушаалыг эс зөвшөөрөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад гомдол гаргаснаас шалтгаалж 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Э.Эыг ажилд томилох тухай дугаар Б/49 тоот тушаалд заасан албан тушаалд буюу тухайн ажлын байр дээр ажиллаагүй гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

Шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг дуусталх хугацаагаар зохих хууль, журмын дагуу тооцож олгохыг Бд даалгах нь зүйтэй байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Эын ажиллаж байсан хугацааны цалингийн картын дагуу тооцон үзэхэд нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлсийг үндсэн болон нэмэгдэл цалинг оруулан 645,556 ( зургаан зуун дөчин таван мянга, таван зуун тавин зургаа ) төгрөгөөр тооцож, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарсан буюу хүчинтэй болсон 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг дуусталх нийт 2,223,582 ( хоёр сая хоёр зуун хорин гурван мянга, таван зуун наян хоёр) төгрөгийг нэхэмжлэгчид олгож, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан зохицуулалтын дагуу ажлын байраар хангагдах эрхтэй бөгөөд төрийн байгууллага, албан тушаалтан дээрх хуулийн заалтыг биелүүлэх үүрэгтэй ба Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Э.Эыг ажилд томилох тухай дугаар Б/49 тоот тушаал хүчинтэй үйлчилж байгааг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Э.Эд 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,223,582 (хоёр сая хоёр зуун хорин гурван мянга, таван зуун наян хоёр) төгрөгийг олгож, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Бд даалгасугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчЭ.Эын нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Э.Эыг ажлаас чөлөөлөх тухай дугаар Б/41 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35.100 /гучин таван мянга нэг зуу/- төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТЗОРИГ

 

 

 

 

[1] ХХ-ийн 150 хуудас

[2] ХХ-ийн 79-89 хуудас