Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2022/00232

 

Т.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/00365 дугаар шийдвэр,   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 908 дугаар магадлалтай,

Т.Дгийн нэхэмжлэлтэй,

“И” ХХК-д холбогдох,

300,000 ам.доллар гаргуулах буюу 200,950,000 төгрөгийн үнийн дүн бүхий Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 3 дугаар нэгдсэн эмнэлгийн зүүн урд байрлах 119 дүгээр байрны 11 ширхэг авто зогсоол, Мобикомын 9911-9192, 9911-4041, 9929-6262, 9906-2626 дугааруудыг тооцож, үлдэх төлбөрийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Д, түүний өмгөөлөгч П.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч Ц.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.Д нь хариуцагч “И” ХХК-д холбогдуулан 300,000 ам.доллар гаргуулах, уг үнийн дүнгийн 200,950,000 төгрөгт нь Баянгол дүүргийн 10-р хороолол, 3 дугаар нэгдсэн эмнэлгийн зүүн урд талд байрлах 119-р байранд байршилтай 11 ширхэг автозогсоол, Мобикомын 9911-9192, 9911-4041, 9929-6262, 9906-2626 дугааруудыг тооцож, үлдэх хэсгийг мөнгөн хэлбэрээр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/00365 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.9 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “И” ХХК-иас 300,000 ам.доллар гаргуулан нэхэмжлэгч Т.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 200,950,000 төгрөгийн үнэ бүхий “И” ХХК-ийн өмчлөлийн гэх 11 ширхэг авто зогсоолын өмчлөх эрх, тус компанийн эзэмшлийн гэх 9911-9192, 9911-4041, 9906-2626, 9929-6262 дугаарын эзэмших эрхийг нэхэмжлэлийн үнийн дүнд тооцон шилжүүлж, зөрүү төлбөрийг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.   

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 908 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/00365 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “И” ХХК-иас 502,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Дд олгож” гэж, 2 дахь заалтын “2,028,450” гэснийг “2,668,950 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгч Т.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.28-ны өдрийн 102/ШШ2020/00365 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулан хариуцагч И” ХХК-иас 502,200,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.22-ны өдрийн 908 дугаартай магадлалд гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 218.1 дэх заалтыг хэрэглэхдээ буруу тайлбарлаж буюу үүрэг үүсэх үеийн ханшийг 2013.12.10-ны өдрийн ханшаар буюу 1674 төгрөгөөр тооцож 502,200,000 төгрөгийг “И” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хэт илт хохироосон хууль бус шийдвэр болсон. Давж заалдах шатны шүүх үүрэг үүсэх үеийг 2013.12.10-ны өдөр гэж үзсэн нь ойлгомжгүй, энэ талаар хэрхэн үнэлсэн нь магадлалд тусгагдаагүй байгаа нь шүүх нэг талыг барьж тодорхой үндэслэлгүйгээр хариуцагчаас гаргуулах төлбөрийн хэмжээг бууруулсан нь ИХШХШТХуулийн 167 дугаар зүйлийн 167.2 дахь хэсэгт “Магадлалд анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн агуулга, давж заалдах гомдлын үндэслэл, гаргаж байгаа магадлалын үндэслэлийг тус тус тусгана” гэж заасныг зөрчсөн байна. Анхан шатны шүүх гаргасан нэхэмжлэлд холбогдох хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн өдрөөс хариуцагчид үүрэг үүсэж байгаа тул ам.долларын ханшийг 2020.01.28-ны өдрийн ханшаар тооцох нь зүйтэй байсан. Эрхээ хамгаалуулахаар шүүхэд анх 2011.03.15-ны өдөр хандаад 2020.01.28-ны өдөр шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 9 жилийн турш удааширсанд Т.Д миний бие буруугүй бөгөөд энэ хугацаанд төгрөгийн ам.доллартой харьцах ханшийн уналтаас болоод өнөөгийн ханш /2020.05.21-ний өдрийн ханшаар буюу 1$=2799 төгрөгөөр тооцож, 179,421.2 доллар гаргуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчид хохиролтой байна. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.22-ны өдрийн 908 дугаартай магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн төлөөлөгч С.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэн Т.Дгийн нэхэмжлэлтэй И ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч И ХХК-ийн төлөөлөгч С.Б миний бие тус хэргийг хянан шийдвэрлэсэн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.28-ны өдрийн 102/ШШ2020/00365 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.22-ны өдрийн 908 дугаартай магадлалыг тус тус бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна.

5.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд: Нэхэмжлэгч Т.Д 2019.10.18-ны өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, нэмэгдүүлэх тухай хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтдээ ...Т.Д болон И ХХК-ийн хооронд байгуулсан Хэлцэл-д гэрээний үүргийн биелэлт буюу гүйцэтгэсэн ажлын хөлсийг мөнгөөр төлөхөөс гадна эд хөрөнгөөр төлөхөөр тохиролцсон байх тул С.Бын хууль ёсны өвлөгч болох Б.Баттөр, Т.Загдсүрэн, П.Сүхбаатар нарын хувьцааг нь эзэмшдэг И ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй БГД-ийн 5-р хороо, 10-р хороолол, 119-р байрны тус бүр нь 15,000,000.0 төгрөгийн үнэлгээтэй 11 ширхэг автозогсоол нийт 176,000,000, эзэмшилд нь бүртгэлтэй тус бүр нь 12,000,000 төгрөгийн, Мобикомын 2 ширхэг /9911-9192, 9911-4041/ дугаарууд нийт 24,000,000 төгрөг, 650,000 төгрөгийн үнэлгээтэй Мобикомын /9906-2626/ дугаар, 300,000 төгрөгийн үнэлгээтэй Мобикомын /9929-6262/ дугаар дээрх зүйлсийн эзэмших эрхийг Т.Д миний нэр дээр шилжүүлж 300,000 ам. долларын үнийн дүн бүхий гэрээний үүргийн гүйцэтгэлийн 200,950,000 төгрөгт ногдох хэсгийг хангуулахаар өөрчилж байна гэжээ. Үүнийг давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэгч 2019.12.16-ны өдөр 300,000 ам.доллар гаргуулах шаардлагаас 200,950,000 төгрөгт ногдох хэсгийг Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 3 дугаар нэгдсэн эмнэлгийн зүүн урд байрлах 119 дүгээр байрны 11 ширхэг авто зогсоол, Мобикомын 9911-9192, 9911-4041, 9929-6262, 99062626 дугааруудын эзэмших эрхийг шилжүүлэх, үлдэх хэсгийг мөнгөн хэлбэрээр гаргуулна гэж тодруулсан байхад шүүх тусдаа бие даасан шаардлага гэж үзсэн нь буруу гэж зөв дүгнэсэн хэдий ч ...Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь 300,000 ам.долларын хэмжээнд нэхэмжлэлийг хангуулна гэж тайлбарласан... гэжээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс тодруулж, энэ талаар тайлбар хүсэлт авсан нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох эрхтэй боловч уг шаардлага нь шүүхэд сонголт хийх боломжтой байдлаар тодорхойлогдох, эсхүл шүүх тус шаардлагад нь уялдуулж хэргийг шийдвэрлэх боломжтой байж болохгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой байх ёстой. Гэтэл давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад анхан шатны шүүх рүү буцаалгүйгээр шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчээс тодруулж, шүүх хуралдааны явцад тайлбар, авч хэргийг хянан шийдвэрлэсэн нь ИХШХШТХуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

5.2. Хариуцагчийн татгалзлыг нотлох баримтуудыг үнэлээгүй тухайд: Барилгын ажил гүйцэтгэгч Иншинпин ХХК-ийг олж өгснөөр тус компани маш хямд үнээр угсралтын ажлыг гүйцэтгэж, ашиг олсон гэж нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн ч уг тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн болох нь Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2012.02.19-ний өдрийн 774 тоот шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Уг нотлох баримтыг үнэлээгүй. /1хх 161-163/

Хариуцагчийн зүгээс уг барилгын явцад гүйцэтгэсэн туслан гүйцэтгэгч болон бусад ажил гүйцэтгэн ажилласан мэргэжлийн байгууллагуудын бүхий л баримтуудаа хавтас хэрэгт гаргаж өгсөн. Үүнд: Барилгын газрыг Ц.Баатар, Т.Суурь нараас шилжүүлж авсан /1хх 30-31, 36-37/, Зураг төслийг Идеал групп ХХК гэрээний дагуу зохиосон, Барилга угсралтын ажлыг Иншипин ХХК гэрээний үндсэн дээр гүйцэтгэсэн /1хх 108-113/, захиалагчийн хяналтыг Тулга протект ХХК, Бетон зуурмагийг Ремикон ХХК, Барилгын дотор цахилгааны материал тоног төхөөрөмжийг Тепломонтаж ХХК, Вакум цонхыг Фурун ХХК, Цахилгаан шатыг Сигма-Монголиа ХХК-иас тус тус гэрээний үндсэн дээр худалдан авч гүйцэтгэсэн. Хариуцагч талаас барилга байгууламжийг улсын комисст хүлээлгэн өгөхөд бүрдүүлсэн баримт бичгүүдийг хавтас хэрэгт 2012.01.23-ны өдөр хүсэлтийн хамт гаргаж өгсөн уг баримтуудад Т.Дгийн гарын үсэг нэг ч баримтад зурагдаагүй атал шүүх уг нотлох баримтыг үнэлээгүй, ямар нэгэн байдлаар дүгнэлт өгөөгүй. /1хх-144/ Барилгын явцад зарим иргэн зарын дагуу өөрөө ирж захиалгын гэрээ байгуулж гэрээний үүргээ өөрсдөө хүлээж ажилласан. Энэ бүхэнд Т.Дгийн оролцоо огт байгаагүй энэ нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний талууд болон гэрээний агуулгаас харагдана. /1хх 98-99, 108-113/ Дээрх гэрээнүүд, бичиг баримтад Т.Дгийн ямар ч оролцоо байгаагүй бөгөөд энэ бүгдийг өөртэйгөө холбож тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй юм. Уг барилгын ажил гүйцэтгэхтэй холбоотой бүх баримт бичиг дотор Т.Д ийм ийм зүйл хийсэн, ийм ийм оролцоотойгоор ажилласан гэх байдлаар нотолсон зүйл нэг ч байхгүй. Тэрээр тус компанийн үйл ажиллагаа, дотоод ажил хэргийн талаарх өөрийн олж мэдсэн зүйлсээ ашиглан нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаад гомдолтой байна. Уг хэлцлийн дагуу үүрэг гүйцэтгэсэн эсэх нь мэдэгдэхгүй, нотлогдохгүй, юу ч хийгээгүй, оролцоогүй хүнд дааж давшгүй их хэмжээний мөнгийг ажлын хөлс гээд өгөх нь үнэхээр шударга бус байна. Мөн анхан шатны шүүхийн шатанд хариуцагч талаас зохигчдын маргааны үндэслэл болоод буй 2008.05.13-ны өдрийн хэлцлийг шинжээч томилуулж Т.Д уг хэлцлээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн эсэхийг тогтоолгож, энэ талаар хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий үнэлгээчнийг томилуулах хүсэлтийг гаргасан боловч хүлээн аваагүйгээс одоог хүртэл энэ маргаан үргэлжилсээр байна. Уг хэргийг 2011 онд давж заалдах шатны шүүхээс буцаасан магадлалын үндэслэлд “...нэхэмжлэгчийн тайлбарлаж буй үндэслэлд дүгнэлт өгөх”,нэхэмжлэгч гэрээгээр ямар үүрэг хүлээсэн болохыг тодорхойлох, “нэхэмжлэгчийн үндэслэлд тайлбар өгч мэтгэлцэх”, “гэрээнд ажлын хөлс 300,000 ам.доллар гэж заасан нь хамтран ажиллах гэрээний тохиролцоо мөн эсэх, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлох шаардлагатай гэсэн үндэслэлээр буцаасан байдаг. Дээр дурдсан асуудлууд одоог хүртэл тодорхой бус, тодорхойлоход хүндрэлтэй, эргэлзээтэй байдал байсаар байтал шүүх хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалж шийдвэр гаргах ёстой ч дээрх маргаан бүхий хэлцлийн талаар тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...өөрийн хувийн цаас, тэрэг, бензин шатахуун, гар утасны зардлуудыг өөрөөсөө гаргасан гэсэн хэдий ч энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч нь хэний ямар хөрөнгөөр, ямар ажил гүйцэтгэсэн, уг ажлаа хэрхэн яаж гүйцэтгэсэн, уг ажлын үр дүн нь юу байсан, түүнийгээ хэрхэн хэзээ хүлээлгэн өгсөн, нэхэмжлэлд дурдсан шигээ өдөр шөнөгүй барилгын талбай дээр ажиллаж байсан бол түүнийгээ ядаж уг талбай дээр ажиллаж байсан ажил гүйцэтгэгч нараар гэрчлүүлэх ёстой байтал энэ талаар нэг ч баримт хэрэгт авагдаагүй. Дээрх барилгын зураг төсөл болон дулаан, ус, цахилгааны зэрэг бүхий л зөвшөөрлийг тус компани өөрөө хариуцан хийлгэж, үнэ хөлсийг төлсөн мөн барилгыг ашиглалтанд оруулах хүртэлх хөрөнгө оруулалтаа өөрийн хөрөнгөөр, захиалагч нарын хөрөнгөөр, бусдаас авсан зээлийн хөрөнгийн эх үүсвэрээр тус барилгыг барьж ашиглалтанд оруулсан байтал эдгээр нотлох баримтуудыг үнэлээгүй, нотлох баримтанд ямар нэгэн дүгнэлт өгөөгүй учраас шүүх ИХШХШТХ-ийн 40.1-д заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйд гомдолтой байна.

5.3. Талуудын хоорондын эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон тухайд: Талуудын хооронд 2008.05.13-ны өдөр Т.Д болон И ХХК-ийн захирал С.Б нар хэлцэл байгуулсан бөгөөд тус хэлцлээр гэрээний талууд Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг, 3-р нэгдсэн эмнэлгийн зүүн урд баригдаж буй И ХХК-ийн үйлчилгээтэй 48 айлын орон сууцны барилгыг хамтран барьж, борлуулалт бүрэн дууссаны дараа Төмөрхүү овогтой Дд ажлын хөлсөнд 300,000 ам.долларыг өгөх буюу түүнтэй тэнцэх м.кв талбайг тухайн өдрийн ханшийн зөрүүг харгалзахгүйгээр, үл маргах журмаар өгөх, мөн Т.Дд ажиллах хугацааны цалин, бензин, гар утасны төлбөр, хоолны зардлуудыг И ХХК бүрэн хариуцахаар тохиролцож бичгийн хэлцэл байгуулсан” байдаг. /1хх-10/ Уг хэлцлийг анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.9 дэх хэсэгт заасны дагуу Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан хэмээн дүгнэсэн. Гэтэл хамтран ажиллах гэрээний гол шинж бол хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хоёр буюу түүнээс дээш этгээд хамтран ажиллах тохиролцоо хийж, харилцан үүрэг хүлээх хэлбэрээр хамтран ажиллах гэрээ байгуулагддаг. Дээр дурдсан хэлцлийн гол нөхцөл тодорхойгүй атал хамтран ажиллах гэрээ гэж дүгнэх боломжгүй юм. Энэ талаар давж заалдах шатны шүүхээс ...шүүх зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь буруу. Хэлцэлд барилгын ажлыг гүйцэтгэснээр ажлын хөлс төлөх, цалин, бензин, гар утасны төлбөр, хоолны зардлуудыг хариуцагч тал нэхэмжлэгч талд өгөхөөр тохиролцсон тохиролцоо мөн гэрээ хэрэгжсэн нөхцөл байдлаас үзэхэд талуудын тохиролцоо Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний шинжийг илүү агуулсан байна хэмээн дүгнэсэн нь мөн л буруу. Учир нь Хөлсөөр ажиллах гэрээний хувьд нэг тал нь /ажиллагч/ тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, нөгөө тал нь /ажиллуулагч/ тохирсон хөлсийг төлөх үүрэгтэй. Талуудын хоорондын хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүсээгүй, талууд ажиллагч, ажиллуулагч гэсэн харилцаатай биш хэрвээ хөлсөөр ажиллах гэрээ үүссэн бол талууд наанадаж нийгмийн даатгалын тайлан тэнцэлдээ тусгаж, нийгмийн даатгалын шимтгэл төлөх ёстой байсан. Гэтэл хоёр шатны шүүхээс талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж хуулийг буруу тайлбарлаж, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс тус хэлцлийг хүчин төгөлдөр бус хэмээн маргадаг. Маргаан бүхий хэлцэлд талууд хэн аль нь И ХХК-ийн тамгыг дарсан. Мөн Т.Д нь тус компанид ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ, контракт, хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллаж байгаагүй ч тус компанийн захирал хэмээн гарын үсэг зурсан байдаг. Эдгээр нь Иргэний хууль, Компанийн тухай хуулийн заалтуудад нийцсэн эсэх талаар шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Мөн Компанийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д заасан сонирхлын зөрчилтэй этгээдүүд хоорондоо хэлцэл хийсэн гэж үзэж байна. Энэ тохиолдлын үр дагавар нь мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасны дагуу шүүх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох ёстой. Тиймээс уг хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-ийн дагуу хууль зөрчсөн хэлцэл учраас хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

5.4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй тухайд: Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг, 3-р нэгдсэн эмнэлгийн зүүн урд баригдаж буй И ХХК-ийн үйлчилгээтэй 43 айлын орон сууцны барилгыг хамтарч бариагүй, борлуулаагүй, барилгад хөрөнгө оруулаагүй. Энэ талаар С.Б асан амьд сэрүүн байхдаа өөрийн биеэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Т.Д нь уг барилгыг хамтарч бариагүй, хамтарч борлуулаагүй, хамтарч хөрөнгө оруулалт хийгээгүй, нэхэмжлэгчийн зүгээс ямар нэгэн үйлчилгээ үзүүлээгүй гэж компанийн үйл ажиллагаанд нэхэмжлэгчийн оролцоо огт байгаагүй талаар хангалттай тайлбар гаргасан байдаг. Түүнчлэн талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл, захиалагч, гүйцэтгэгчийн үүрэг тодорхойгүй, нэхэмжлэгч Т.Д нэхэмжлэлд дурдсан ажлын үр дүн баримтаар нотлогдохгүй мөн нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байгаа зэргийг шүүх анхаарч үзээгүй. Наанадаж л 48 айлын орон сууцны барилга угсралтын ажил гүйцэтгэх явцад барилга барих газрын зөвшөөрөл, кадастрын зураг, газар худалдан авсан гэрээ байгуулах, дүүргийн засаг даргын зөвшөөрөл, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын улаан шугам татах зөвшөөрөл, экспертизээр батлагдсан барилгын зураг төсөл, барилгын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх зэрэг төрийн байгууллага, албан тушаалтнуудаас авах баримт бичгүүд маш их үйлдэгдсэн боловч нэхэмжлэгч Т.Дгийн гарын үсэг эдгээр баримт бичгүүдэд нэг ч байдаггүй. Тус компанийн зөвлөх гэж байгаа хэдий ч барилгын инженер гэсэн диплом, үнэмлэхээ нотлох баримтаар гаргаж өгөөгүй талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдаж байгаагүй. Тус компани дээр нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй. Барилга угсралтын ажилд хэрхэн яаж оролцсон талаараа хангалттай нотолсон гэж үзэхэд эргэлзээтэй байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэдийгээр гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу талууд гэрээгээ хэрхэн юу гэж нэрлэхээс үл хамаараад гэрээний үндсэн гол шинжийг агуулсан байх ёстой. Гэвч дээрх хэлцэлд хэн, хэзээнээс хэдий хүртэл, хэрхэн, яаж, ямар ажил хийж гүйцэтгэх, ямар эрх, үүрэг, хариуцлага хүлээж оролцох талаар гэрээний гол нөхцөл тодорхойгүй хэлцэл байгуулсан. Тиймээс гэрээг дүгнэх, гэрээнээс үүдэлтэй шаардах эрх үүсэх эсэх нь эргэлзээтэй байна.

Мөн өндөр дүнтэй хэлцэл атал гэрч нарын Т.Д санал болгосон... гэсэн ганцхан өгүүлбэрийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь учир дутагдалтай. Шүүх ИХШХШТХуулийн 40.1-д заасан Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэснийг зөрчиж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Бодит байдал дээр бол нэхэмжлэгч хэдэн хувь хүн, компанид тус барилгын талбайг худалдаж авах санал болгосноор ийм их хэмжээний мөнгө нэхэмжилж авч болж байгаа нь өөрөө шударга бус юм. Нэхэмжлэгчийн дээрх үйлдэл нь Иргэний хуульд заасан зуучлалын гэрээний шинжийг агуулж байгаа болохоос ажил гүйцэтгэсэн, хөлсөөр ажилласан, хамтран ажилласан гэж үзэхэд хангалтгүй юм. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. гэж заасан байдаг. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.28-ны өдрийн 102/ШШ2020/00365 дугаартай шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2020.04.22-ны өдрийн 908 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, УДШ-ээс дээр дурдсан үндэслэлүүдэд үнэлэлт, дүгнэлт өгч уг хэргийг хуулийн хүрээнд үнэн зөвөөр шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгч Т.Д нь хариуцагч “И” ХХК-д холбогдуулан 300,000 ам.доллар гаргуулах, уг үнийн дүнгийн 200,950,000 төгрөгт нь Баянгол дүүргийн 10-р хороолол, 3 дугаар нэгдсэн эмнэлгийн зүүн урд талд байрлах 119-р байранд байршилтай 11 ширхэг автозогсоол, Мобикомын 9911-9192, 9911-4041, 9929-6262, 9906-2626 дугааруудыг тооцож, үлдэх хэсгийг мөнгөн хэлбэрээр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарган, үндэслэлийг ...зөвлөхийн ажил хийж, барилга барихад шаардлагатай бүхий л ажлыг хийж гүйцэтгэсэн, тухайлбал хөрөнгө оруулагч олох, шаардлагатай цахилгаан, холбоо, интернет, ус сувгийн техникийн нөхцөл зөвшөөрөл авах, зах зээлийн үнээс хямдаар барилгын ажлыг гүйцэтгэх байгууллагыг олох зэрэг хэлцлээр тохиролцсон ажлыг гүйцэтгэсэн” гэж маргажээ. 

8. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.9-д заасныг баримтлан хариуцагчаас 300,000 ам.доллар гаргуулж нэхэмжлэгчид олгон, бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагчаас 502,200,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг оруулсан байна.

9. Нэхэмжлэгчийн “...давж заалдах шатны шүүх ...ханшийг 1,674 төгрөгөөр тооцсон нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хэт хохироосон, хууль бус шийдвэр болсон, ...магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн, хариуцагчийн “...шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хариуцагчийн татгалзлыг нотлох баримтуудыг үнэлээгүй, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй... гэсэн агуулгаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах”-аар гаргасан хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

10. Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасантай нийцсэн байна.  

11. Талуудын хооронд 2008.05.13-ны өдөр байгуулагдсан “Хэлцэл” гэх баримтаас үзэхэд зохигч Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг 3 дугаар нэгдсэн эмнэлгийн зүүн урд баригдаж буй “И” ХХК-ийн үйлчилгээтэй, 48 айлын орон сууцны барилгыг хамтран барьж, борлуулалт бүрэн дууссаны дараа Т.Дд ажлын хөлсөнд 300,000 ам.долларыг өгөх буюу түүнтэй тэнцэх м.кв талбайг тухайн өдрийн ханшийн зөрүү харгалзахгүйгээр үл маргалдах журмаар өгнө. Мөн Т.Дд ажиллах хугацааны цалин, бензин, гар утасны төлбөр, хоолны зардлуудыг “И” ХХК бүрэн хариуцахаар тохиролцжээ. /1хх-10/ Энэ тохиролцоо нь хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулсан, гэрээ хүчин төгөлдөр тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.

12. Хэрэгт нотлох баримтаар авагдсан, “Нахиа импекс” ХХК, “Нийслэл өргөө” ХК, “Ин ши Пин” ХХК-ийн гаргасан тодорхойлолт, гэрч Ц.Баатархүү, С.Оюунцэцэг, О.Билгүүн, Ц.Алтанцоож нарын мэдүүлэг, Орон сууц бариулах гэрээ, “И” ХХК болон “Ин шин Пин” ХХК-ийн хооронд 2008.06.29-ний өдөр байгуулсан “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”, 2008.11.08-ны өдөр байгуулсан “Барилга угсралтын төслийн нэмэлт гэрээ” болон бусад баримтаар “Ин шин Пин” ХХК нь “И” ХХК-ийн 48 айлын орон сууц, үйлчилгээний зориулалттай 10 давхар барилгыг захиалагчийн бүрдүүлсэн зураг төсөл, техникийн нөхцөл, нийлүүлсэн хөрөнгө материалаар барьж дуусган, улмаар 2011.05.23-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актаар орон сууцны барилгыг байнгын ашиглалтад оруулсан, уг барилгыг барихад нэхэмжлэгч Т.Д хөрөнгө оруулагч, ажил гүйцэтгэгч нарыг олж, хэлцлээр тохирсон ажлыг гүйцэтгэсэн үйл баримтууд тогтоогджээ. /1хх-ийн 97-100, 103-107, 134-139/

13. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Т.Д хэлцлээр тохиролцсон хөрөнгө оруулах үүргээ биелүүлээгүй, түүний олж ирсэн гэх захиалагч нарын оруулсан хөрөнгөөр барилгын ажлыг бүхэлд нь гүйцэтгэх боломжгүй, тэдгээр захиалагч нар нь Т.Дтэй бус, “И” ХХК-тай гэрээ байгуулж, түүний оролцоогүйгээр эрх зүйн харилцаа үүсгэсэн” гэсэн тайлбар гарган маргах боловч татгалзлын үндэслэлийг үгүйсгэж чадаагүй, нэхэмжлэгчийн гаргасан баримтыг няцааж мэтгэлцээгүй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтад тулгуурласан байна.

14. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч Т.Д нь хэлцлээр тохиролцсон ажлыг хийж гүйцэтгэсэн тул ажлын хөлсийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.  

15. Харин, анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдэл зөв боловч маргаанд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн, түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагыг 2 өөр шаардлага гэж буруу тодорхойлж, мөн гэрээний үүрэгт 300,000 ам.доллар гаргуулахдаа үүрэг үүсэх үеийн ханшаар, үндэсний мөнгөн тэмдэгтээр тооцоогүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулж, нэхэмжлэл гаргах өдрийн буюу 2013.12.10-ны өдрийн ханш /1 ам.доллар 1,674 төгрөг/-аар тооцож хариуцагчаас 502,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасантай нийцжээ.

16. Дээрх байдлаар давж заалдах шатны шүүх маргаанд хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, зохигчийн хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул магадлалыг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 908 дугаар магадлалыг хэвээр үлдээж, зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.27-ны өдрийн 102/ШЗ2020/08452 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2020.05.27-ны өдөр төлсөн 2,668,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЦОЛМОН

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

П.ЗОЛЗАЯА

Б.МӨНХТУЯА

Х.ЭРДЭНЭСУВД