Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/125

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Б.Мөнхдөл,

Шүүгдэгч: Ч.Э,   

Нарийн бичгийн дарга: А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                   

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Ч-ийн Э-д холбогдох 2328000000165 тоот эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:. . .

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Э нь 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 10 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг . . .  тоотод иргэн Р.Б руу ус буцалгагчтай халуун ус шидсэний улмаас халуун усанд түлэгдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.              

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ч.Эг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Ба нь Бтай хамт ажилладаг. Ажлаасаа бууснаас хойш архидсан. 3 шөнө гэртээ ирээгүй. Маргааш нь Б-ы гэрт очиход архи уугаад байж байсан. Тэр шөнө мөн ирээгүй. А гэх хүн худлаа хэлж авч явдаг байсан. Би очоод та нар алин болгон худлаа хэлж намайг дорд үзэх гэсэн юм гэж хэлсэн. А, Б нь цаад хүүхэнтэй нь хамаарА байсан. А, Б-ы гэрт очиж хононо гэж хэлээд тэр хүүхнийдээ очиж хонодог байсан. Та нар боль гэж хэл, яагаад найз нь байж юм хэлдэггүй юм бэ? гээд бүгдэд нь хэлсэн. Манай хүүхдүүд бүгд мэдэж байгаа. Тийм үйлдэл гаргасан нь миний буруу боловч өмнө А манай нөхөр Батай хамт гадуур явж байна гэж хэлчхээд архи уугаад сууж байсан. Бүгд нийлж Бы гэрт архиддаг. Намайг очиход Б гэрийнхээ баруун хойд талд очиж суусан. Би ус буцалгагч авч шидсэн бөгөөд таглаагүй байсан. Цай хөвөөд байж байсан. Айлгах гээд шидсэн боловч таглаагүй учраас дотор ус нь Б-ыг оносон. Энэ явдлаас хойш би Бтай холбогдох гэж 2 өдөр залгасан боловч утсаа аваагүй. Манай нөхөрт мөнгө өг гэж хэлчхээд хүн хүнд муугаар хэлж ярьсан байсан. Манай нөхөр коллежийн захирал байж 2,000,000 төгрөг өгчих гэж хэлсэн байсан. Би өгөөгүй, дараа нь намайг ажлаар явж байхад мөнгө нэхэхээр нь би явдаг газраар нь явж шийдүүлье гэж хэлсэн. Тэгэхэд намайг цагдаад өглөө гэж хэлсэн. Би ажлаасаа ирээд эмчилгээний зардлыг нь төлье гээд 300,000 төгрөг өгөхөд эхнэртэй хэлэхгүйгээр архи аваад уучихсан, эхнэртэй яаж хэлнэ ээ, яана аа п ... гээд явж байсан. Намайг коллежийн захирал гэсэн утгаар харьцаж байсан учраас би явдаг газраар нь явъя гэсэн байдА байсан гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 08 дугаар сарын 19-ний шөнө Даланзадгад сумын . . .  тоот Д.Эийн хашаанд байх гэрт Э, А, Ба нарын хамт барилгын сангийн ажлын талаар өглөө 10 цагийн үед ярилцаад сууж байтал 10:00-10:30 хооронд Баын эхнэр болох Э нь гаднаас орж ирээд Эийн гэрт байсан ус буцалгагчид буцалж байсан халуун усыг над руу шууд цацчихсан. Намайг түлчихлээ шүү дээ гэж хэлчихээд дан фудболктой байсан тул түүнийгээ мушгичихаад гэрээс гараад өөрийн гэр рүүгээ очсон. Тэнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн байгаагүй. Бүгд эрүүл байсан. Тухайн өдөр Э-тай маргалдаж муудалцаж, уулзсан зүйл огт байхгүй. Урьд өмнө нь ч маргалдаж муудалцаж байсан зүйл огт байхгүй. Ямар шалтгааны улмаас над руу буцалсан ус цацсан болохыг би мэдэхгүй байна, гэнэтийн л юм болсон. Надад хандаж юу ч хэлээгүй, шууд л над руу буцалсан ус цацсан. Түлэгдсэнээс болж ажилдаа явж чадалгүй, ар гэрийн амьдралд маань маш их хохирол учирч байна. Би ажил хийж ар гэрээ тэжээдэг хүн. Биед маань учирсан хохирол болон түүнийгээ эмчлүүлж буй эмчилгээний зардлаа нэхэмжлэх болно.” /хавтаст хэргийн 16-17 дахь тал/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 346 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Р.Б-ы биед цээж, хэвлийн зүүн хэсэгт 1-р зэргийн түлэгдэл бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Р.Б-ы биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Р.Бы биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 25-26 дахь тал/

Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт /хавтаст хэргийн 37-45 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 46 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ч.Э-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

 Гэм буруугийн талаар.     

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ч.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн зүгээс миний хийсэн үйлдэл буруу гэдгийг ойлгосон. Би хүн рүү зориуд харж байгаад шидээгүй, мөн ус буцалгагч халуун устай гэдгийг мэдээгүй шидсэн гэх тайлбарыг тус тус гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Ч.Э нь 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 10 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг . . .  тоотод иргэн Р.Б руу ус буцалгагчтай халуун ус шидсэний улмаас халуун усанд түлэгдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.  

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.Б-ы мэдүүлэг /хавтаст хэргийн 13-17 дахь тал/, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 346 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дахь тал/ шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарна, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.   

Шүүгдэгч Ч.Э-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.Б-ы эрүүл мэндэд цээж, хэвлийн зүүн хэсэгт 1-р зэргийн түлэгдэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 346 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дахь тал/-ээр тогтоогдож байна.     

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Ч.Э, хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.Б-ы эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн хувьд хүн рүү зориуд харж байгаад шидээгүй, мөн ус буцалгагч халуун устай гэдгийг мэдээгүй шидсэн гэх тайлбарыг гаргаж байгаа боловч ус буцалгагчийг авч шидэж буй үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлах, түүний улмаас бусдад хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой атлаа уг үйлдлийг хийж, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй.   

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.            

Шүүгдэгч Ч.Э нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.Б-ы эрүүл мэндэд бүхий хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.Б нь шүүхийн шатанд “...Ч.Э нь миний эмчилгээний зардал мөнгө төлж хохиролгүй болгосон. Одоогоор миний бие эдгэрсэн тул санал, гомдолгүй болсон.” /хавтаст хэргийн 86 дахь тал/ гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.           

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.       

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ч.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай дүгнэлтийг, шүүгдэгчийн хувьд миний авч буй цалингийн хэмжээ болон зээлтэй байдлыг харгалзан торгох ялын хэмжээг багасгаж оногдуулж өгнө үү гэх тайлбарыг тус тус гаргав.   

Шүүгдэгч Ч.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.      

Шүүхээс шүүгдэгч Ч.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гурван төрлийн ялаас торгох ялыг сонгож, улмаар ажил хөдөлмөр эрхэлдэг, тогтсон орлоготой цалин хөлсийг үндэслэн түүнд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.     

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-д шүүхээс оногдуулсан 700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.  

Бусад асуудлаар.

Шүүгдэгч Ч.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.Б-д 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.  

Шүүгдэгч Ч.Э нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Прокурорын 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2328000000165 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол, мөн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 94 дугаартай яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2023 оны 08 дугаар сарын 19-ний шөнө 22 цагийн үед гарсан гэж бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан бөгөөд энэ талаарх оролцогчдын тайлбар, улсын яллагчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 10 цагийн үед гэж зөвтгөж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:      

1. Шүүгдэгч Т овогт Ч-ийн Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-д 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-д шүүхээс оногдуулсан 700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Шүүгдэгч Ч.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.Б-д 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.        

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.   

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ч.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

                                                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ