| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 184/2020/00334/И |
| Дугаар | 184/ШШ2020/02318 |
| Огноо | 2020-07-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 184/ШШ2020/02318
2020 07 22 184/ШШ2020/02318
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 7/1 хаягт байрлах Б ХХК /РД:1111/
Хариуцагч: Л.Б /РД:2222/,
Хариуцагч: Э.Э /РД:3333/
“Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 69 635 322.87 төгрөг, зээлийн хүү 2 374 165.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16 740 төгрөг, нотариатын зардал 29 000 төгрөг нийт 72 055 228.76 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Б, Э.Э нар нь “Б ” ХХК-иас 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 103300686399 дугаартай зээлийн гэрээ, 103300686399 дугаартай барьцааны гэрээ байгуулж, 71 500 000 төгрөгийг жилийн 22.8 хувь /сарын 1.9 хувь/ хувийн хүүтэй 48 сарын хугацаатай зээлсэн. Л.Б, Э.Э нар нь гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлээс 1 864 677.13 төгрөг, үндсэн хүү 7 689 691.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30 824.15 төгрөг, нийт 9 585 192.44 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч Л.Б, Э.Э нар нь зээл, зээлийн хүүг гэрээний дагуу төлөх үүргээ биелүүлэхгүй хугацаа хэтрүүлсэнээр 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээл 69 635 322.87 төгрөг, үндсэн зээлийн хүү 2 374 165.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16 740 төгрөг, нийт 72 026 228.76 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Иймд Л.Б, Э.Э нараас үндсэн зээл 69 635 322.87 төгрөг, үндсэн зээлийн хүү 2 374 165.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16 740 төгрөг, нотариатын зардал 29 000 төгрөг, нийт 72 055 228.76 төгрөгийг “Б ” ХХК-д олгож өгнө үү. Үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө буюу Л.Бын өмчлөлийн хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Буянт Ухаа /17120/, 412а байр, 03 тоот 80.7 м.кв талбайтай орон сууцны зориулалттай Ү-2206056957 дугаартай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.Б шүүхэд гаргасан тайлбартаа: би “Б ” ХХК-иас Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 412 байр 3 тоотын 80.7 м.кв 3 өрөө орон сууцыг барьцаалж 71 500 000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Зээл авснаас хойш хүүгээ төлж яваад барилгын гүйцэтгэлийн ажил зогсож санхүүжилтийн асуудал хүндэрсний улмаас зээлийн хүү алдангид ороод байгаа. Би Б наас авсан зээлээ төлж барагдуулна. Банкны эдийн засагчтай тохиролцож хүү алдангаа яаралтай төлж барагдуулан зээлийг хэвийн болгоно. Миний байдлыг харгалзан үзэж асуудлыг шийдэх хугацаа олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй бөгөөд бидний зүгээс гэрээг цуцлагдаагүй гэж үзэж байгаа. Хариуцагч нар гэрээнд заасны дагуу зээлийн эргэн төлөлтөө хуваарийн дагуу төлөөгүй гэдэг нь үнэн. Хариуцагч нар зээл авахдаа хувьдаа барилга барина гэж зээл авсан байдаг. Гэтэл Коронавирустэй холбоотойгоор барилга барих ажиллагаа зогссон. Мөн Засгийн газраас банкны зээлийн хүүг зогсоох, царцаах талаар яригдаж байсан учраас зээлийн хүүгээ төлөөгүй орхисон юм байна лээ. Саяхнаас барилгын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа учраас хуримтлагдсан зээлийн хүүг төлөөд гэрээний дагуу зээлийг цааш үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа болно. Хариуцагч нар шүүх хуралдаанаас өмнө баримтуудаа авчирч өгнө гэж хэлсэн боловч утас холбогдохгүй болчихсон. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь баримтгүй ч гэсэн короновирустэй холбоотойгоор зээлийг төлж чадаагүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Б ” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 69 635 322.87 төгрөг, зээлийн хүү 2 374 165.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16 740 төгрөг, нотариатын зардал 29 000 төгрөг нийт 72 055 228.76 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
Хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
2019 оны 05 сарын 17-ны өдөр нэг талаас нэхэмжлэгч Б /зээлдүүлэгч/, нөгөө талаас хариуцагч /зээлдэгч/ Л.Б, Э.Э нар 71 500 000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 22.80 хүүтэй, орон сууцны зээлийн гэрээ /хх-10-11/ байгуулсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд ... нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасныг зөрчөөгүй байна. Гэрээний талууд 2019 оны 05 сарын 17-ны өдөр барьцааны гэрээ байгуулж /хх-13-14/ Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 16 хороо, Буянт ухаа 412 байр, 3 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2206056957, гэрчилгээний Г-000709366 дугаар бүхий 80.7 мкв талбайтай орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүцэтгэлийг хангуулахаар тохиролцож, барьцааны зүйлийг үл хөдлөх эд хөрөнгийн газарт /хх-27/ бүртгүүлжээ.
Зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 71 500 000 төгрөгийг зээлдэгч буюу хариуцагч Л.Б руу шилжүүлсэн /хх-16/, зохигчид энэ тухай маргаагүй байна. Хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн /хх-12/ дагуу зээлээ төлөөгүй тул нэхэмжлэгч банк зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг мэдэгдэж, нэмэлт хугацаа өгсөн боловч /хх-32-34/ үр дүн гараагүй тул зээлийн гэрээний 6.2.1-д /хх-11/ заасныг үндэслэн 2019 оны 11 сарын 14-ний өдөр нэг талын санаачлагаар зээлийн гэрээг /хх-34/ цуцалсан байна.
Хариуцагч тал зээл авснаа хүлээн зөвшөөрдөг боловч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “зээл авсан нь үнэн ... зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, ... гэрээг цуцлагдаагүй гэж үзэж байгаа ... Коронавирустэй холбоотойгоор барилга барих ажиллагаа зогссон. ... Засгийн газраас банкны зээлийн хүүг зогсоох, царцаах талаар яригдаж байсан учраас зээлийн хүүгээ төлөөгүй ...” гэж тайлбарлажээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд барилга барьж буй эсэх, коронавирустэй холбоотой Засгийн газар, банкны шийдвэр гарсан эсэх зэрэг баримтыг гаргаж өгөөгүй нь хариуцагчийг хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзнэ.
Нэхэмжлэгч банк нэг талын санаачлагаар зээлийн гэрээг цуцалсанаар гэрээг дуусгавар болгох хүсэл зоригоо илэрхийлсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасантай нийцэж байна. Хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдэж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээг цуцлах гэж ойлгоно. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон 2019 оны 05 сарын 17-ны өдрөөс зээлийн гэрээг цуцалсан 2019 оны 11 сарын 14-ний өдөр хүртэлх зээлийн гэрээний хэрэгжилт хэвээр үлдэж, үүнээс хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрх, төлөх үүрэг дуусгавар болно. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаар /хх-1/ хариуцагч нар нь үндсэн зээл 1 864 677.13 төгрөг, хүү 7 689 691.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30 824.15 төгрөг нийт 9 585 192.44 төгрөг төлсөн байна.
Иймд хариуцагч Л.Б, Э.Э нараас үндсэн зээл 63 440 339.25 төгрөг, хүү 2 286 110.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 726.38 төгрөг, нотариатын зардал 29 000 төгрөг нийт 65 760 175.94 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б ” ХХК-д олгож, үлдэх 6 295 052.82 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 518 081 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 65 760 175.94 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 486 750 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Л.Б, Э.Э нараас үндсэн зээл 63 440 339.25 төгрөг, хүү 2 286 110.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 726.38 төгрөг, нотариатын зардал 29 000 төгрөг нийт 65 760 175.94 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б ” ХХК-д олгож, үлдэх 6 295 052.82 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Л.Бын өмчлөлийн барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 16 хороо, Буянт ухаа 412 байр, 3 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2206056957, гэрчилгээний Г-000709366 дугаар бүхий 80.7 мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдсан үнээс зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 518 081 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 65 760 175.94 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 486 750 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгч “Б ” ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР