| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2023/0115/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/108 |
| Огноо | 2023-10-10 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Мөнхдөл |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/108
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Б.Мөнхдөл,
Шүүгдэгч Э.Т,
Нарийн бичгийн дарга Б.Хулан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овгийн Э-ийн Т-т холбогдох 2328000000164 тоот эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: ...
Шүүгдэгч Э.Т нь 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газарт жолоочоор ажиллаж байхдаа тус газарт Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн ажилтай хохирогч Ц.Тэ-ын итгэмжлэх хариуцуулж өгсөн зөөврийн компьютер, цэнэглэгч, мауз зэрэг эд хөрөнгийг завшиж захиран зарцуулсны улмаас бусдад 1,376,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Э.Т-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би ХАБ-ын сургалтад сууж байсан учир ажлын хүнээсээ нөүтбүүкийг нь гуйж авсан. Нөүтбүүкийг нь өгч чадахгүй явсаар байгаад ажлаас гараад “...” ХХК-д борлуулагчаар ажилд орсон. Хайрганы үйлдвэрт хөдөө 5 хоног ажилласан. Тэр хооронд над руу холбогдоод зөндөө удаасан учир цагдаад өгсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөүтбүүкийг нь буцааж авч ирж өгсөн гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Тэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Э.Т-ыг ажилд ороод мэдэх болсон тэрнээс төрөл садангийн ямар нэгэн холбоо байхгүй. Тэгтэл Э.Т нь 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр миний хувийн хэрэгцээнд ашиглаж байсан (Дель Кор Ай-7) наймдугаар үеийн нөүтбүүк болон нөүтбүүкний цүнх, цэнэглэгч, мауз зэргийг аваад одоо хүртэл өгөөгүй хоёр сар болж байна. Уг нөүтбүүкийг би 2022 оны 01 дүгээр сард хүнээс 2,100,000 төгрөгөөр худалдаж авч байсан ямар ч сэв зураас байхгүй шинэвтэр нөүтбүүк байсан. Анх Т нөүтбүүк авахдаа 7 хоног хэрэглээд өгье гэж хэлээд /гуйж/ авсан. Тэрний дараа дахин 7 хоног хэрэглээд өгье гэж хэлж байсан. Тэр хугацаандаа ажлаасаа халагдчихсан. Тэрнээс хойш сураггүй байгаа. Утсаар залгахаар миний утсыг нэг ч авахгүй байна. Мессеж биччихээр хариу бичихгүй байна. Иймд миний нөүтбүүкийг эргүүлж авч өгнө үү. Эсвэл эвдсэн, устгасан, зарж худалдсан бол Т-аас шинийг авахуулах хүсэлтэй тул Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Би Т-аас өөрийнхөө /Дель Кор Ай-7/ загвар үзүүлэлттэй наймдугаар үеийн нөүтбүүк болон нөүтбүүкний цүнх, цэнэглэгч, мауз зэргийг авах хүсэлтэй байна, өөр нэмж ярих зүйл байхгүй. Би өөрийнхөө /Дель Кор Ай-7/ наймдугаар үеийн нөүтбүүк болон нөүтбүүкний цүнх, цэнэглэгч, мауз зэргийг 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Таас хүлээн авсан, тухайн үед надад хэлэхдээ барьцаанд тавьсан бололтой юм ярьж байсан сайн ойлгоогүй. Миний зөөврийн компьютер, цэнэглэгч, мауз зэрэг эд хөрөнгө хэвийн ажиллагаатай, мөн хохирлын үнэлгээ хийгдэхэд 19,800 төгрөг зарцуулагдсан бөгөөд түүнийг бас Таас авсан, миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надад ямар нэгэн санал хүсэлт болоон цаашид шалгуулах зүйл огт байхгүй, ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул шүүх хуралд оролцохгүй. Уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” /хавтаст хэргийн 11-12, 15 дахь тал/
“Дамно” ХХК-ийн хөрөнгө, даатгалын үнэлгээний 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ӨЦ-23-85 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Dell core I 7 загварын зөөврийн компьютер 1,376,000 төгрөг” /хавтаст хэргийн 24-27 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Э.Т-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Э.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Э.Т нь 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газарт жолоочоор ажиллаж байхдаа тус газарт Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн ажилтай хохирогч Ц.Тэ-ын итгэмжлэх хариуцуулж өгсөн зөөврийн компьютер, цэнэглэгч, мауз зэрэг эд хөрөнгийг завшиж захиран зарцуулсны улмаас бусдад 1,376,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Тэ-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12, 15 дахь тал/, “Дамно” ХХК-ийн хөрөнгө, даатгалын үнэлгээний 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ӨЦ-23-85 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 24-27 дахь тал/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөрөнгө завших” гэмт хэрэг нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж өөрийн өмчийн адил захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл хууль зүйн ойлголтоор “Завших” гэдэгт өмчлөгчийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бүрэн бүтэн байдлаас ямар нэгэн хэсгийг тасдаж бусдад өгөх, эсхүл өөртөө авч завшсан идэвхтэй үйлдлийг ойлгоно.
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаас үзвэл Ц.Тэ нь өөрийнхөө зөөврийн компьютер, цэнэглэгч, мауз зэргийг Э.Т-т 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр итгэмжлэн хариуцуулан хүлээлгэж өгсөн боловч Э.Т өөрийн хэрэгцээндээ захиран зарцуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэв.
Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж шунахай сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг завшиж хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Тэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Би өөрийнхөө /Дель Кор Ай-7/ наймдугаар үеийн нөүтбүүк болон нөүтбүүкний цүнх, цэнэглэгч, мауз зэргийг 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Таас хүлээн авсан... Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” /хавтаст хэргийн 15 дахь тал/ гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул шүүгдэгч Э.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай дүгнэлтийг, шүүгдэгчийн хувьд улсын яллагчаас санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүгдэгч Э.Т нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Э.Т-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тт 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-т шүүхээс оногдуулсан 3,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч Э.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Ц.Тэ-д зөөврийн компьютер, цэнэглэгч, мауз зэргийг биет байдлаар буцаан төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Прокурорын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2328000000164 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол, мөн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 92 дугаартай яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гэж бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан бөгөөд энэ талаарх оролцогчдын тайлбар, улсын яллагчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр болгон зөвтгөж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овгийн Э-ийн Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-т 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-т шүүхээс оногдуулсан 3,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Э.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Ц.Тэ-д зөөврийн компьютер, цэнэглэгч, мауз зэргийг биет байдлаар буцаан төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ