Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/121

 

 

2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр                     Дугаар 2023/ШЦТ/121                                       Даланзадгад сум

                                                                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Э.Оюун-Эрдэнэ, шүүгч Б.Володя нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: А.Золзаяа,

Улсын яллагч: Б.Мөнхдөл,

Шүүгдэгч: Д.*******,

Өмгөөлөгч: Д.,

Иргэдийн төлөөлөгч: Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                  

   ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******ын *******д холбогдох 2328000230099 дугаартай нэг хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын Бага овоо 5 дугаар багийн нутаг дэвсгэрт "ЕАИ" ХХК-ний уурхайн кемп дээр иргэн Д.*******той маргалдан тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Д.*******ыг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Тус өдөр ээлж солигдох гээд автобус ирсэн. Хоол хүнсний зүйл мөн ирсэн. Хаалга нь онгойхгүй байхаар *******ыг онгойлгоод өг гэхэд өөрөө онгойлго гэж хэлсэн. Одоо буулгана гэхэд сувай эхнэрээ хараад гэртээ хэвтэж байхгүй гээд уурласан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй. Нэг мэдэхэд ******* намайг орон дээр дараад хэвтэж байсан. Манай эхнэр өмнө хорт хавдраар өвдөж байгаад дахиад хорт хавдартай болсон. Утсаар ярихад хими эмчилгээгээ дийлэхгүй байна, үхмээр байна гэж хэлэхээр нь...би тэр өдөр хямраад архи уусан байсан...1997 онд нэг хөхөө, өндгөвчтэйгээ авахуулснаас болоод хүүхэд төрүүлээгүй юм. Түрүү жил нөгөө хөх нь өвдсөн. Одоо 21 хоноод хими эмчилгээ хийлгэж байгаа, би л  хотруу авч явж эмчилгээг нь хийлгэдэг юм. Өмнө нь ******* манай гэрт очиж байсан юм, тэр үед үр хүүхэдгүй 2 хөгшин л ингээд амьдарч байдаг юм даа гэсэн утгатай зүйл би хэлж байсан юм...

 

Шүүгдэгч Д.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө “Гурван баян транс” ХХК-ны ажилчдын байран дээр ээлж солигдох гээд автобус ирсэн. Тухайн автобусанд шинэ жил тэмдэглэх гээд хүнсний зүйлүүд ирээд автобусны доод ачаа ачих хэсгээс нэг тал нь онгойгоод нөгөө талд байгаа ачаагаа авч болохгүй болохоор нь нөгөө талын хаалгыг нь онгойлгоод хүнсээ авмаар байна гэхэд автобусны жолооч ******* нь маргааш ав онгойлгодог хэсэг нь хөлдсөн байна гэхэд нь шинэ жил болон ХХК-ны хүнс хөлдөнө гээд маргалдаж эхлэхэд ******* нь юм үзээгүй юм чинь өвчтэй эхнэрээ харж байхгүй / өмнө *******од манай эхнэр өвчтэй талаар ярьж байсан / энд юу хийж хэнхэглээд яваад байгаа юм гээд эхнэрийн талаар хэлэнгүүт нь дотор эвгүйтэж дараа нь юу болсон талаар санахгүй байна. Маргааш өглөө /үүрээр гэгээ орсон байсан/ нь миний биеийг уяагаар хүлээд манай инженер залуу / нэрийг сайн санахгүй байна / хажууд байхаар нь асуухад та хүн хутгалсан. Тэгээд бид нар таныг хүлж таны өрөөнд оруулж ирсэн гэж хэлж байсан. Тэр шөнө манай ХХК-ны ажилчид цагдаагийн байгууллагад хандаж ******* сумын Цагдаагийн алба хаагч Зоригтбаатар гээд хүн ирсэн байсан. Намайг цагдаагийн тасагт *******ыг ******* сумын Эрүүл мэндийн төвд авчирч ирсэн. /хх 147-149 дэх тал/

 

Хохирогч Д.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай том баз нь ажилчдын автобусыг жолоодоод ирээч гэж хэлсэн. 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотоос "Гурван баян улаан” ХХК-ийн ажилчдын автобусыг жолоодоод ******* суманд байрлах уурхай руу нь явсан. 2022 оны 12 дугаар сарын 30-ны шөнө 01 цаг өнгөрөөгөөд тус уурхай дээр очсон. Тэгсэн ******* нь согтуу байсан ба уурхайн өөр тосож авсан хүн гал тогоонд оруулж хоол идүүлсэн. Тэгээд намайг тэр гэрт ороод амар гээд нэг гэр зааж өгсөн. Тухайн гэрт ороод амрах гээд ороо засаад хэвтэж байхад ******* нь орж ирээд ачаагаа буулга гэсэн шаардлага тавихад нь наана чинь зөндөө хүмүүс байна наад хүмүүсээрээ буулгуулаад авчих гэхэд ******* нь уурлаад чи авчирсан хүн чи буулгах ёстой гээд маргалдаж эхэлсэн ба би орноосоо босоод ирсэн. Манай баз би очоод ачааг нь буулгаад өгье гээд *******тай гэрээс гарсан. Удалгүй 2-3 минутын дараа ******* нь намайг чи ямар том пизда вэ гээд ороод ирсэн. Тэгэхээр нь би та ямар сонин юм бэ. Өвчтэй зовлонтой эхнэрээ өнөө маргаашгүй болчихоод байж байхад энд архи уугаад агсан тавиад байж байх юм гэхэд ******* гэрээс гараад явсан. Тэгээд бас дахиад буцаад гэрт ороод ирэхээр нь би та одоо яах гээд байгаа юм гээд очих гэтэл оператор нэг залуу дундуур орж ирээд ******* ахыг гараач гээд түлхээд дундуур орж ирээд байж байхад ******* тухайн залуугийн суга доогуур нь орж ирээд миний зүүн гарын доод хэсэгт их хурдан 3 удаа цохих шиг болсон нь 3 удаа хутгалсан байсан. Өмнө нь *******тай хэрүүл маргаан хийж байгаагүй. ...Эхнэрийг нь өвчтэй, зовлонтойг нь хэлсэн болохоор уурлаад тэгсэн байж магадгүй. Сүүлд сонсоход эхнэр нь эмчилгээгээ зогсоогоод 2-3 хоносон байсан. ...Би 5 хүүхэдтэй гээд ярихад яасан гоё юм. Манай эхнэр хөхний хорт хавдартай учраас хүүхэд төрүүлэх боломжгүй байдаг. Ах нь хүүхэдгүй хүн байгаа юм гэж хэлж байсан. Тухайн үед би ******* ахын эхнэрийн талаар / өвчтэй зовлонтой эхнэрээ өнөө маргаашгүй үхэх гэж байхад очоод хараад байж байхгүй / гэж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед нь хэлсэндээ уучлал гуйж байна. Цаашид надад гомдол байхгүй учир ******* ахын хэргийг хурдан шуурхай шийдэж өгнө үү? /хх-ийн 32-34 дэх тал/

 

Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 12 дугаар сарын 29-ний 19 цагийн ээлж солигдсоноос хойш 20 цагийн үед Г. архи үнэртүүлсэн байсан. Гэрт нь ороод асуухад өөдөөс агсам тавих шинжтэй "би архи уусан ч ажлаа хийх чадвартай байна" гэх утгатай зүйл ярьсан. Би ******* сумаас , Баярхүү нарыг авч ирэхдээ замдаа уулгачихсан юмаа гэсэн. Тэр үед ******* архи үнэртүүлсэн ч ярьж хөөрч байгаа нь согтоогүй мэт байхаар нь "экскеваторын операторыг авч явж архи уулгаснаас болж, шөнө ажиллах байсан экскеваторыг зогсоолголоо" гэж тайлбарласан. ******* за ирэх гэж байгаа ээлжийг хүлээж авахдаа бэлдье гээд гараад явсан. Тэгээд бид нар амарч байхад 2022 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 01 цаг 30 минутын орчим автобус ирээд хүмүүс явж байгаа чимээ гарч байсан. Тэрнээс хойш 10-20 минутын дараа эрэгтэй хүмүүс бүдүүн хоолойгоор чанга чанга орилолдоод байсан. Би гадуур хувцсаа өмсөөд гараад очиход ирсэн автобусны доод талын хаалганаас хүмүүс ачаа бараагаа буулгаж байсан. Хажууд нь ******* наадхаа онгойлго гээд орилоод, юу юм та нар хаана ирчихээд юу гээд байгаа юм та нар гэж чанга чанга хашхираад байсан. *******ын хажуунаас согтуу толгой минь наадах чинь хөлдчихсөн байна шүү дээ гэсэн. Тэрнээс хойш ******* нар хоорондоо маргалдаад зодолдчих гээд байсан. *******, ын гэр рүү шагайгаад та нар муусайнууд хаана ирчихээд юу гээд байгаа юм, хоолойг нь хэрчинэ гэж харааж занаад байсан. ******* гэрээс нэг удаа гарч ирж юу гээд байгаа хөгшин банди вэ гэж хэлэхэд гэр дотор байсан хүмүүс цааш нь татаад авсан. Би тэгээд *******ыг түлхсээр байгаад гэрийнх нь үүдэнд аваачаад тайвшруулаад байж байсан. *******ын гарт байсан отверкийг авсан. Би даараад байсан учраас *******г дуудаад чи *******ыг хэсэг хоргоож бай гээд би гэррүүгээ дулаацах гээд орсон. Тэгээд тэд нарын дуу чимээ намжчихсан. Удалгүй дахиад муудалцаад эхэлсэн. Би гараад хартал ******* *******ыг дарчихсан, нь *******ыг өшиглөх, гартаа байсан гялгар төмрөөр цохих зэрэг үйлдлүүдийг хийж байсан. ******* энэ чинь хутгалчихлаа гарт нь хутга нь байна гэхээр нь би хартал *******ын баруун гарт нь улаан өнгийн эвхдэг тонгорог байсан. Тэрийг би *******ын гараас мулталж аваад эвхээд өөрийн гадуур хувцасны баруун халаасанд хийчихсэн. Хаана хэнийг хутгалчихсан юм гэж асуугаад ын гэрт ороход гэрийнх нь зүүн хатавчны орны өмнө *******ыг зогсоочихсон, цамц, подволк хоёрыг нь сөхчихсөн байсан ба бүхэлдээ цус урссан байсан. Тэгээд сумын эмнэлэг рүү утасдахад утсаа аваагүй. Бид нар их сандарч байсан болохоор компанийхаа хуулийн зөвлөх Баянмөнх руу залгаж ******* шинэ автобусны жолоочийг зүүн суганд нь хутгалчихлаа амьсгал нь нэг эвгүй байна чи *******ийн эмнэлэг рүү яриад эмч нарыг нь бэлэн байлгах арга хэмжээ аваач гэж хэлсэн. Манай кемпийн эмч нар зузаан бинтийг шархан дээр нь тавьж наасан. Тэгээд сумын эмнэлэгт 1 цаг гарангийн дараа ирсэн. Эмнэлэгт очих үед сумын цагдаа нар ирсэн. /хх-ийн 37-39 дэх тал/

Гэрч Т.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө амарч байх үед гадаа хүмүүс бужигнаад орилолдоод байсан. Гараад хартал шинэ жолооч 2 хоорондоо маргалдаад зогсож байсан. Тэгээд яг юунаас болсон яасан юм гэхэд хэн хэн нь юу ч хэлээгүй. Тэгээд гэр рүү гээ орохоор нь за унтах гэж байгаа юм байна гэж бодтол шинэ жолоочийн байсан гэр рүү ороод ирсэн. Орж ирээд ахиад маргалдаад байсан. Тэгээд хоёулаа гараад үзье гэхээр нь би ыг түлхээд гаргатал буцаж орж ирэх гээд тэр шинэ жолооч бас гарах гээд байхаар нь та хоёр боль гээд хэлтэл тэр хоёр хоорондоо цохилцох шиг болсон. Тэр хоёр хоёр тийшээ болоод би ыг аваад гараад хаалгыг нь таглаад зогссон. Тэгтэл дотроос хутгалчихлаа шүү дээ гээд орилохоор нь руу хартал гарт нь жижиг хутга байсан. /хх-ийн 42-43 дахь тал/

Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 12 сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 02 цагийн орчим намайг унтаж байхад хүмүүс орилолдоод эхэлсэн. Би тэгээд юу болчихсон юм гээд сэрээд хартал хутга шаачихлаа шүү дээ гээд орилолдоод байсан. Тэгээд хүмүүсээс юу болоод байгаа юм хэн нь хэнийгээ хутгалчихсан юм бэ гээд асуутал ах шинэ ирсэн автобусны жолоочийг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд ХАБ-н менежер эмч хоёр орж ирээд боолт хийгээд сумын эмнэлэг рүү аваад явсан. Би өөр юм бол сайн мэдэхгүй байна. /хх 46-47 дахь тал/

 

Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө цагийг нь санахгүй байна. Улаанбаатар хотоос ээлж солилцохоор ажилчид болон хүнс бараа ачсан автобус ирсэн. Тэгээд хүмүүс буугаад ачаагаа зөөх болоход намайг гуйгаад ачаа зөөлцөөд өгөөч гэхээр нь би автобуснаас ачааг нь зөөлцөж өгсөн. Автобус нь угаалганд орчихоод ирсэн учраас хаалганууд нь хөлдчихсөн нэг хаалга нь онгойхгүй байсан. Тэгээд ах автобусны жолоочтой энэ хаалгаа онгойлго доо гээд маргалдаад байсан. Би ачаагаа зөөж дуусчихаад гэр рүү явж байхад замд ах өмнөх ээлжийн автобусны жолооч гэх хүнтэй маргалдаад нэг удаа өшиглөж байсан. Би тэгээд ахыг гэрийнх нь гадаа хүргэж өгөөд та одоо тайвшир эрүүлдээ учраа ол гэж хэлээд яваад өгсөн. Гэрт байж байхад хаалгаар ах тэр шинэ автобусны жолоочийг хаалга онгойлгоод дуудсан. Тэр хоёр хаалган дээр зууралдаад байсан. Би  шинэ жолоочийг хаалганаас холдуулаад ******* гэх залуу ахыг цааш нь түлхээд холдуултал шинэ жолооч намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд цамцыг нь сөхөөд хартал зүүн суганы доод хэсэгт нэлээн цус гарчихсан байсан. Би сандраад ХАБ-н менежер, эмч зэрэг хүмүүсийг дуудаж ирсэн. Эмч тэгээд цус арчиж боолт хийгээд сумын эмнэлэг рүү ХАБ-н менежер эмч хоёр *******ыг аваад явсан. /хх 50-51 дэх тал/

 

Гэрч У. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байх үед ээлжийн ажилчид ирсэн. Тэгээд кемп менежер ******* ирж автобусныхаа доод талын хаалга буюу лүүкийг онгойлгож өгөөч гэж уурлаад шинэ ирсэн 2 жолооч руу агсам тавьсан. Тэгээд гэр рүүгээ орсон. Нэг их удаагүй буцаж гарч ирээд манай гэр рүү орж ирсэн. Тэгэхэд ******* ах та одоо орж амар амар гээд түлхтэл шинэ жолооч *******ын зүүн суган доор сэжээд хаясан. Тэгээд ******* хутгалчихлаа шүү дээ намайг гэж орилоход ******* ыг түлхэж гаргаад хутгыг нь авах гээд дийлээгүй. Тэгэхээр нь би хогийн шүүрээр гар руу нь цохиж хутгыг нь салгах гэтэл салаагүй. ******* бид 2 дээрээс нь дараад хутгыг нь авах гээд дийлээгүй. Би хогийн шүүрээр дахиад гар руу нь цохьсон. Тэгж байтал ХАБ-н инженер хүрч ирээд ахтай ноцолдоод үлдсэн. Би *******ыг гэр рүү оруулаад кемпийн 2 эмчийг дуудсан. Цамцыг нь тайлтал битүү цус болчихсон хэд хутгалсан нь мэдэгдээгүй. Эмч нар сумын эмнэлэг рүү авч явъя гээд ******* суман дээр ирсэн. Уг нь эрүүл байхдаа их нийтэч яриа хөөрөөтэй хүн байдаг. Уг нь уудаггүй хүн байгаа юм. Сүүлийн хэд хоног эхнэрийнх нь бие тааруу байх шиг байгаад байна гээд сэтгэл санаа нь тогтворгүй л байгаад байсан. /хх-ийн 54-55 дахь тал/

 

Гэрч Д.: 2022 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 01 цагийн үед кемп дээр ээлж солилцох хүмүүс болон хүнс бараа ирсэн. Тэгээд ирсэн автобуснаас ачаа буулгаж байх үед нэг залуу ирээд энэ хаалгаа онгойлго дотор нь хөлдөх  юм байгаа гэхээр нь манай найз ******* хаалга нь хөлдчихөөд онгойхгүй байна гэж хэлсэн чинь гөлөгнүүд минь яагаад онгойдоггүй юм гээд бид 2-н тайлбарыг сонсохгүй бид 2-н өөдөөс  орилоод байсан. Өөр тэр хавьд байсан хүмүүс бүгд тайлбарласан ч ойлгохгүй орилоод байсан. Тэгээд манай найзын баз хүргэн за би онгойлгоод өгье гэсэн чинь хотоос ирсэн ямар том гөлөгнүүд вэ гээд орилоод байсан. Одоо наад хоёроо амар аа маргааш өглөө буцаад явна гэхэд бид 2 амрах гээд гэртээ орсон. Тэгтэл хэсэг хугацааны дараа бид 2-н амрах гэж байсан гэрийн гадаа ирчихээд гараад ир гээд орилоод наад муу хоёрыг чинь шөнө унтаж байхад нь хоолойг нь хэрчинэ гээд орилсон. *******ыг хутгалсан залуу гэр рүү орж ирээд элдэв үгээр хэлээд байхаар нь бид 2 босоод уулзсан. Тэгээд манай найз ******* тэр хутгалсан залуу 2 гэрийн хаалганы наана цаанаас маргалдаад байж байхад дундуур нь нэг залуу орж ирээд салгаад зогсож байхад нөгөө хутгалсан залуу суган доогуур нь орж ирээд манай найзын суга руу цохих шиг болсон. Тэгээд нөгөө залуу хутгалсан залууг аваад гарсан. Тэгтэл манай найз ******* намайг хутгалчихлаа гэхээр нь юу яриад байгаа юм бэ гээд цамцыг нь сөхөөд хартал битүү цус болчихсон байсан. Тэгээд кемпийн ХАБ, эмч нар нь ирээд боолт хийгээд сумын эмнэлэг рүү аваад явсан. /хх-ийн 58-59 дэх тал/

 

Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн дахин мэдүүлэгтээ: Уг асуудал нь бараг жил орчим болох гэж байгаа байх. Өдрийг нь одоо тодорхой санахгүй байна. Би ажилчдын автобус барих смен жолооч хийж Улаанбаатар хотоос ******* аймгийн Гурван тэс сум руу явсан. Тэгээд тухайн үед шөнө 12 билүү 1 цагийн үед ******* сумын  уурхай дээр очсон. Манай нөгөө жолооч ******* бид 2 хоол идчихээд байж байтал энэ гэр рүү ороод 2 жолооч амарчих гэж нэг хүн хэлхээр нь зааж өгсөн гэр рүү нь бид 2 ороод амрах гээд байж байсан чинь талбай хариуцсан инженер гэх хүн нь согтуу орж ирээд ачаа бараа буулгаж өг гээд орилоод байсан. Хамт байсан жолооч ******* тухайн согтуу хүнд манайх автобусыг чинь барьж ажилчдыг чинь зөөх үүрэгтэй болохоос ачаа барааг чинь буулгах үүрэггүй ээ гээд тайлбарлаж хэлсэн. Тэгээд тэр 2 маргалдаад байж байтал хамт байсан ажилчид нь гэрээс *******ыг аваад гарсан. Тэгтэл тухайн согтуу хүн  хотоос ирсэн 2 гөлгийг хутгалж ална гээд гэрийн гадуур орилоод яваад байсан. Төд удалгүй байж байтал ******* гэр рүү орж ирээд *******той маргалдаж зууралдаад гэрээс гарсан. Би хувцсаа өмсөөд араас нь гарч байтал ******* Балдаан намайг хутгалчихлаа гэхээр нь би итгэхгүй гэрт орж ирэхээр нь цамцыг нь сөхөөд хартал нил цус болчихсон яалт ч үгүй хутгалуулчихсан байсан. Тухайн уурхайн хэн 4 гэлээ нэг дарга нь машинтайгаа ирээд *******ыг ******* сумын эмнэлэг рүү аваад явсан. Би эмнэлэг рүү араас нь очтол ******* оёо хийлгэчихсэн сууж байсан /хх-ийн 72 дахь тал/

Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн дахин мэдүүлэгтээ: Би ******* аймгийн ******* суманд түр хугацаагаар байрлаж ажилласан юм. 2022 оны 12 сарын сүүлээр байсан, өдрийг тодорхой санахгүй байна. 29, 30 хавьцаа байх. Шөнийн 22 цаг орчмын үед би өөрийн амралтын гэрт амарч байсан. Гэтэл манайхтай ээлж солих гээд хотоос ирсэн автобусны жолооч гэх 2 хүн манай гэрт амрахаар орж ирсэн юм. Би гадаа гарч тухайн автобусны ачааг зөөсөн. Автобусны ачаа ачдаг хэсгийн нэг талын хаалга нь онгойхгүй байсан учраас манай ахлах ******* нөгөө 2 хотоос ирсэн жолоочид очиж хаалга онгойхгүй байна гэдгийг хэлсэн. Тэгээд намайг ачаа зөөж байх хооронд тэр хотоос ирсэн 2 жолоочийн нэг /Д. *******/ болон манай ахлах ******* нарын хооронд зодоон ч юм уу маргаан ч юм уу болсон байсан. Би ачаагаа зөөж дуусчихаад гэртээ орсон. Намайг гэрт ороход хотоос ирсэн 2 жолооч байж байсан. Гэтэл гаднаас ******* нөгөө 2 жолоочийн нэг болох Д.*******ыг гараад ир гэж дуудсан. Миний хажууд тухайн үед манай ажлын /нэрийг нь санахгүй байна/ нэг залуу байсан. Тэр залуу *******ыг гараад хэрэггүй байж бай гэж хэлээд хаалганы голд хаагаад зогсож байсан ******* гарах гээд үүдэнд очсон. Тэгэхээр нь би бас араас нь очоод гарч хэрэггүй гээд холдуулсан чинь хаалганы цаанаас ******* *******ын суга хавьцаа нь хутгалчихсан байсан. /хх-ийн 75 дахь тал/

******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: Д.*******ын биед цээжний зүүн хөндий рүү нэвтэрч уушгийг гэмтээсэн хутгалагдсан шарх, цээжний зүүн хананд хөндий рүү нэвтрээгүй 2 ширхэг, зүүн бугалганы зүсэгдсэн шарх гэмтлүүд үүсчээ. Цээжний зүүн хөндий рүү нэвтэрч уушгийг гэмтээсэн хутгалагдсан шарх гэмтлийн улмаас цээжний зүүн хөндийд хий-цус хуралдалт / хемопневмоторакс/ үүсч хүндэрчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн олон үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 93-94 дэх тал/

2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ******* аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Шүүх сэтгэцийн 05 дугаартай дүгнэлтэд: Д.******* нь сэтгэцийн хувьд эрүүл. Д.******* нь хэргийн тухай үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Д.******* нь сэтгэцийн өвчингүй тул ямар нэг эмчилгээнд хамрагдах шаардлагагүй.

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-10, 14-15, 17-18  дахь тал/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13, 16, 19-22 дахь тал/

Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 152 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 153 дахь тал/

Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 154 дахь тал/

            Сэлэнгэ аймгийн мандал сумын спорт сургалтын цогцолборын тодорхойлолт /хх-ийн 157 дахь тал/

            Гэрэлсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 158 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 162 дахь тал/

            2001 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 169-171 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Хэргийн зүйлчлэлийн талаар:

Шүүгдэгч Д.*******ын үйлдэлд Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ...зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар мэдүүлгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалж улсын яллагч болон өмгөөлөгч нарыг тэгш эрхтэйгээр мэтгэлцүүлж нотлох баримтыг харьцуулан дүгнэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасны дагуу ******* аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэв. Учир нь:

 

Шүүгдэгч Д.******* хохирогч Д.******* нар нь 2022 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын Бага овоо 5 дугаар багийн нутаг дэвсгэрт "ЕАИ" ХХК-ний уурхайн кемп дээр автобусны ачаа буулгах асуудлаас улбаалан маргалдсан нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Улмаар шүүгдэгч Д.******* нь хохирогч Д.*******ыг хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Тодруулбал: Хохирогч Д.*******ын: “...Тухайн гэрт ороод амрах гээд ороо засаад хэвтэж байхад ******* нь орж ирээд ачаагаа буулга гэсэн шаардлага тавихад нь наана чинь зөндөө хүмүүс байна наад хүмүүсээрээ буулгуулаад авчих гэхэд ******* нь уурлаад чи авчирсан хүн чи буулгах ёстой гээд маргалдаж эхэлсэн ба би орноосоо босоод ирсэн. ...Тэгэхээр нь би та ямар сонин юм бэ. Өвчтэй зовлонтой эхнэрээ өнөө маргаашгүй болчхоод байж байхад энд архи уугаад агсан тавиад байж байх юм гэхэд ******* гэрээс гараад явсан. ******* тухайн залуугийн суга доогуур нь орж ирээд миний зүүн гарын доод хэсэгт их хурдан 3 удаа цохих шиг болсон нь 3 удаа хутгалсан байсан. ...Тухайн үед би ******* ахын эхнэрийн талаар өвчтэй зовлонтой эхнэрээ өнөө маргаашгүй үхэх гэж байхад очоод хараад байж байхгүй гэж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед нь хэлсэндээ уучлал гуйж байна. /хх-ийн 32-34 дэх тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.ын: ...******* гэрээс нэг удаа гарч ирж юу гээд байгаа хөгшин банди вэ гэж хэлэхэд гэр дотор байсан хүмүүс цааш нь татаад авсан. Би тэгээд *******ыг түлхсээр байгаад гэрийнх нь үүдэнд аваачаад тайвшруулаад байж байсан. ******* энэ чинь хутгалчихлаа гарт нь хутга нь байна гэхээр нь би хартал *******ын баруун гарт нь улаан өнгийн эвхдэг тонгорог байсан. Тэрийг би *******ын гараас мулталж аваад эвхээд өөрийн гадуур хувцасны баруун халаасанд хийчихсэн. Хаана хэнийг хутгалчихсан юм гэж асуугаад ын гэрт ороход гэрийнх нь зүүн хатавчны орны өмнө *******ыг зогсоочихсон, цамц, пудволк хоёрыг нь сөхчихсөн байсан ба бүхэлдээ цус урссан байсан. /хх-ийн 37-39 дэх тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Т.*******гийн: 2022 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө амарч байх үед гадаа хүмүүс бужигнаад орилолдоод байсан. Гараад хартал шинэ жолооч 2 хоорондоо маргалдаад зогсож байсан. ...Тэгээд хоёулаа гараад үзье гэхээр нь би ыг түлхээд гаргатал буцаж орж ирэх гээд тэр шинэ жолооч бас гарах гээд байхаар нь та хоёр боль гээд хэлтэл тэр хоёр хоорондоо цохилцох шиг болсон. Тэр хоёр хоёр тийшээ болоод би ыг аваад гараад хаалгыг нь таглаад зогссон. Тэгтэл дотроос хутгалчихлаа шүү дээ гээд орилохоор нь руу хартал гарт нь жижиг хутга байсан. /хх-ийн 42-43 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Г.ын: 2022 оны 12 сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 02 цагийн орчим намайг унтаж байхад хүмүүс орилолдоод эхэлсэн. Би тэгээд юу болчихсон юм гээд сэрээд хартал хутга шаачихлаа шүү дээ гээд орилолдоод байсан. /хх 46-47 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Б.гийн: ...Гэрт байж байхад хаалгаар ах тэр шинэ автобусны жолоочийг хаалга онгойлгоод дуудсан. Тэр хоёр хаалган дээр зууралдаад байсан. Би  шинэ жолоочийг хаалганаас холдуулаад ******* гэх залуу ахыг цааш нь түлхээд холдуултал шинэ жолооч намайг хутгалчихлаа гэж хэлсэн. /хх 50-51 дэх тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч У.ын: ...Тэгэхэд ******* ах та одоо орж амар амар гээд түлхтэл шинэ жолооч *******ын зүүн суган доор сэжээд хаясан. Тэгээд ******* хутгалчихлаа шүү дээ намайг гэж орилоход ******* ыг түлхэж гаргаад хутгыг нь авах гээд дийлээгүй. Уг нь эрүүл байхдаа их нийтэч яриа хөөрөөтэй хүн байдаг. ...Сүүлийн хэд хоног эхнэрийнх нь бие тааруу байх шиг байгаад байна гээд сэтгэл санаа нь тогтворгүй л байгаад байсан. /хх-ийн 54-55 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Д.ийн: ...Тэгээд манай найз ******* тэр хутгалсан залуу 2 гэрийн хаалганы наана цаанаас маргалдаад байж байхад дундуур нь нэг залуу орж ирээд салгаад зогсож байхад нөгөө хутгалсан залуу суган доогуур нь орж ирээд манай найзын суга руу цохих шиг болсон. Тэгээд нөгөө залуу хутгалсан залууг аваад гарсан. /хх-ийн 58-59 дэх тал/ гэх мэдүүлэг.

                                                                                              

Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: ...Тэр залуу *******ыг гараад хэрэггүй байж бай гэж хэлээд хаалганы голд хаагаад зогсож байсан ******* гарах гээд үүдэнд очсон. Тэгэхээр нь би бас араас нь очоод гарч хэрэггүй гээд холдуулсан чинь хаалганы цаанаас ******* *******ын суга хавьцаа нь хутгалчихсан байсан. /хх-ийн 75 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.******* нь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байх тул түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд ...Шүүгдэгчийн хувьд тухайн хэрэг үйл явдалд архидан согтуурсан үедээ хохирогч Д.*******той маргалдан, хүмүүс салгасан байхад дахин дахин очиж маргалдаж улмаар бие эрх чөлөөнд нь халдах, хутга хэрэглэж хүнд гэмтэл учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Өмгөөлөгчийн хэлж байгаа шүүгдэгчийг хоромхон зуур сэтгэц, сэтгэл санааны гэнэтийн цочролд автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсан гэх байдал хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддоггүй гэх дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д. шүүх хуралдаанд ...Өмгөөлөгчийн зүгээс нэг талдаа Д.*******ын үйлдэлд хохирогчийн буруутай үйлдэл, мөн шүүгдэгчийн эмзэг сэдэв болох эхнэрийнх нь биеийн байдлаар хэл амаар доромжилсон нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан байна гэж үзэж байна. Тухайлбал гэрч Д.ын мэдүүлэгт хохирогч шүүгдэгчийг хөгшин банди гэж хэлсэн нөхцөл байдал байгаа. Мөн хохирогч Д.******* нь миний буруутай үйлдлээс болсон гэдгийг хэлсэн. Үүнд сэтгэл санаа цочрон давчидсан нөхцөл байдал байх боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна гэх дүгнэлт гаргаж мэтгэлцсэн ба шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

 

Шүүгдэгч Д.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд: ... Тус өдөр ээлж солигдох гээд автобус ирсэн. Хоол хүнсний зүйл мөн ирсэн. Хаалга нь онгойхгүй байхаар *******ыг онгойлгоод өг гэхэд өөрөө онгойлго гэж хэлсэн. Одоо буулгана гэхэд сувай эхнэрээ хараад гэртээ хэвтэж байхгүй гээд уурласан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй. Нэг мэдэхэд ******* намайг орон дээр дараад хэвтэж байсан. Манай эхнэр өмнө хорт хавдраар өвдөж байгаад сая дахиад хор хавдартай болсон. Эмчилгээ хийлгэж байхдаа би дийлэхгүй байна, үхмээр байна гэж хэлсэн. Тийм зүйл ярихаар нь ганцаараа 1 шил архи уусан. ...Сувай эхнэрээ харж байхгүй хөгшин банди гэж хэлсэн гэх мэдүүлгийг гаргав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгчийн дээрх мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар давхар нотлогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Үүнд:

Хохирогч Д.*******ын: ...Тэгэхээр нь би та ямар сонин юм бэ. Өвчтэй зовлонтой эхнэрээ өнөө маргаашгүй болчхоод байж байхад энд архи уугаад агсан тавиад байж байх юм гэхэд ******* гэрээс гараад явсан. ...Эхнэрийг нь өвчтэй, зовлонтойг нь хэлсэн болохоор уурлаад тэгсэн байж магадгүй. Сүүлд сонсоход эхнэр нь эмчилгээгээ зогсоогоод 2-3 хоносон байсан. ...Би 5 хүүхэдтэй гээд ярихад яасан гоё юм. Манай эхнэр хөхний хорт хавдартай учраас хүүхэд төрүүлэх боломжгүй байдаг. Ах нь хүүхэдгүй хүн байгаа юм гэж хэлж байсан. ...Тухайн үед би ******* ахын эхнэрийн талаар / өвчтэй зовлонтой эхнэрээ өнөө маргаашгүй үхэх гэж байхад очоод хараад байж байхгүй / гэж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед нь хэлсэндээ уучлал гуйж байна. /хх-ийн 32-34 дэх тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.ын: Тэрнээс хойш ******* нар хоорондоо маргалдаад зодолдчих гээд байсан. *******, ын гэр рүү шагайгаад та нар муусайнууд хаана ирчихээд юу гээд байгаа юм, хоолойг нь хэрчинэ гэж харааж занаад байсан. ******* гэрээс нэг удаа гарч ирж юу гээд байгаа хөгшин банди вэ гэж хэлэхэд гэр дотор байсан хүмүүс цааш нь татаад авсан. /хх-ийн 37-39 дэх тал/ гэх мэдүүлэг,

Гэрч У.ын: ...Уг нь уудаггүй хүн байгаа юм. Сүүлийн хэд хоног эхнэрийнх нь бие тааруу байх шиг байгаад байна. Сэтгэл санаа нь тогтворгүй байгаад байсан. /хх-ийн 55 дахь тал/ гэх мэдүүлэг,

******* аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 5 дугаартай Шүүх сэтгэцийн дүгнэлтийн “Болсон хэргийн талаар” хэсэгт ...Муудалцаж байх явцад миний эхнэрийн талаар өвчтэй хэвтэж байгаа сувай эмээ асрахгүй энд юу хийж байгаа юм гээд хэлсэн. Тэр үед маш их уурлаж, ачааны боодол тайлж байсан жижиг хутгаараа тэр хүнийг хутгалсан юм шиг байна лээ. /хх-ийн 136 дахь тал/,

Хавдар судлалын Үндэсний төвийн хөхний төвийн мэс заслын тасгийн эмчийн дүгнэлт, эмчилгээний хуудас /хх-ийн 182-185 дахь тал/

Хавдар судлалын Үндэсний төвийн хими эмчилгээний тасгийн эмчилгээний бүртгэлийн хуудас /хх-ийн 186-187 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцохоор” хуульчилсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн шинж нь “Өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” байхыг шаарддаг.

 

Өөрөөр хэлбэл гэм буруутай этгээд хүний эрүүл мэндэд хохирол учруулах үедээ сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсан байх шинжийг заавал шаарддаг бөгөөд энэ шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргээс ялгаатай байхаар хуульчлагджээ.

 

“...Энэ гэмт хэрэг нь ихэвчлэн хохирогчийн өдөөн хатгасан болон ёс бус авирласантай холбоотойгоор санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үедээ гэмт хэрэг үйлдсэн байна. Санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан гэж хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдлыг ойлгоно.

Мөн хохирогчийн зүгээс гэм буруутай этгээдийн санаа сэтгэл хүчтэй цочрон давчдахад хүргэсэн өдөөн хатгалт нь: хүчээр дарлагдсан, хүндээр доромжлох, хууль бус бусад үйлдэл гэсэн хэлбэртэй байна. Хүндээр доромжлох гэж нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны болон ёс суртахууны шаардлагын хэм хэмжээ, үндэсний зан заншил, уламжлалд харшилсан, тухайн хүний нэр төр, алдар хүндийг ичгүүр сонжуургүйгээр гутаасан үйлдлийг хэлнэ. Энэ нь хүнийг үндэс угсаа хэл арьсны өнгө, нас, хүйс, хөрөнгө чинээ, эрүүл мэнд, гадаад төрх, хөгжлийн бэрхшээлтэй болон гэр бүлийн байдалтай нь холбогдуулан үг, үйлдэл, бичгээр, дохио зангаагаар зураг дүрсээр гутаасан зэргээр илэрдэг.

Хохирогч Д.*******, Д.******* нар нь 4-5 жилийн хугацаанд бие биенээ таньж мэддэг, хуурай ах, дүүсийн харилцаатай талаараа мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байх ба хохирогч нь шүүгдэгчийн гэр бүлийн байдлын талаар болон ахуй амьдралын байдлыг мэддэг, түүнчлэн шүүгдэгч Д.*******ын эхнэр хөхний хорт хавдартайн улмаас хүүхэд төрүүлэх боломжгүй, өвчний учир эмчилгээ, асаргаатай байдаг талаар мэдэж байсан тул гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд шүүгдэгчийн дээрх эмзэг байдлыг өдөөн хатгаж, эхнэрийнх нь эрүүл мэндийн байдал, өөрийнх нь үр хүүхэдгүй байдлын талаар хүндээр доромжилсны улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Тухайлбал:

Хохирогч Д.*******ын мэдүүлэгт: “...Тухайн үед би ******* ахын эхнэрийн талаар өвчтэй зовлонтой эхнэрээ өнөө маргаашгүй үхэх гэж байхад очоод хараад байж байхгүй ...гэж хэлсэн. ...Би 5 хүүхэдтэй гээд ярихад яасан гоё юм. Манай эхнэр хөхний хорт хавдартай учраас хүүхэд төрүүлэх боломжгүй байдаг. Ах нь хүүхэдгүй хүн байгаа юм гэж хэлж байсан” /хх-ийн 32-34 дэх тал/ гэх ба гэрч Д.ын мэдүүлэгт: ...******* гэрээс нэг удаа гарч ирж юу гээд байгаа хөгшин банди вэ гэж хэлэхэд гэр дотор байсан хүмүүс цааш нь татаад авсан. /хх-ийн 37-39 дэх тал/, шүүгдэгч Д.*******ын мэдүүлэгт: “...Одоо буулгана гэхэд сувай эхнэрээ хараад гэртээ хэвтэж байхгүй гээд уурласан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй”, Гэрч У.ын мэдүүлэгт:  “...Уг нь уудаггүй хүн байгаа юм. Сүүлийн хэд хоног эхнэрийнх нь бие тааруу байх шиг байгаад байна. Сэтгэл санаа нь тогтворгүй байгаад байсан. /хх-ийн 55 дахь тал/ гэж тус тус мэдүүлжээ.

Монгол хэлний их тайлбар толь бичигт: “Сувай” гэж ...хээл авалгүй жил өнжих, хээлтдэггүй эм малыг сувай мал гэнэ... гэж тайлбарласан бол “Банди” гэж ...буддын шашны анхан шатны сахилтан, хамгийн доод зэрэгт хүнийг хэлнэ гэж тус тус тодорхойлжээ.

 

Хүний нэр төр гэж тухайн хувь хүний өөрийгөө үнэлэх дотоод үнэлэмж, алдар хүнд гэж тухайн хувь хүний талаарх нийгэм дэх гадаа үнэлэмж болно гэж онолын үүднээс тодорхойлдог.

 

Хүний хувийн мэдээллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.12-т "Хүний эмзэг мэдээлэл" гэж хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг” ойлгохоор хуульчилсан ба хохирогч Д.******* нь хүний эрүүл мэндийн талаарх эмзэг мэдээллийг “сувай эм”, “хөгшин банди” гэх зэрэг байдлаар гутаан доромжилж, хууль бус, зүй бус үйлдэл гаргасны улмаас шүүгдэгчийн сэтгэл санаа гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсан гэж үзэх үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байх ба хохирогч уг үйл баримттай маргаагүй, өөрийн хууль бус, зүй бус үйлдлийг хүлээн зөвшөөрч, үүндээ уучлал хүсэж байгаа талаараа мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Улсын яллагчийн зүгээс ...Шүүгдэгчийн хувьд тухайн хэрэг үйл явдалд архидан согтуурсан үедээ хохирогч Д.*******той маргалдан, хүмүүс салгасан байхад дахин дахин очиж маргалдаж улмаар бие эрх чөлөөнд нь халдах, хутга хэрэглэж хүнд гэмтэл учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог гэх тайлбар гаргаж мэтгэлцэж байх боловч хохирогч Д.*******, шүүгдэгч Д.******* нар нь тухайн өдөр ээлж солилцох ажилтнуудыг тээвэрлэж ирсэн автобусанд ирсэн хүнсний зүйлийг буулгах, автобусны хаалга онгойхгүй байгаатай холбоотой асуудлын улмаас маргалдаж эхэлсэн нөхцөл байдал гэрч Д., Т.*******, Б., У. нарын мэдүүлгээр тогтоогддог.

                                                                                                                

Дээрх маргааны нөхцөл байдал нь шүүгдэгчийг сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автуулах, сэтгэцийн хэвийн байдал алдагдуулах шалтгаан болоогүй бөгөөд маргаан үргэлжилж хохирогч Д.******* шүүгдэгч Д.*******ыг ...өвчтэй зовлонтой эхнэрээ өнөө маргаашгүй үхэх гэж байхад очоод хараад байж байхгүй. ...Юу гээд байгаа хөгшин банди вэ гэх зэргээр өөрийг нь болон ойр дотны хүнийх нь нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас шүүгдэгч сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал нь алдагдсан гэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд ...Шүүгдэгч Д.******* нь ажил үүргийнхээ дагуу хууль ёсны шаардлага тавиад хоорондоо маргасан байна. Хохирогч хүний эмзэг сэдвийг хэлж доромжилсон байна. Шүүгдэгчийг хамааруулж байгаа хэрэг үндэслэлгүй байна гэх дүгнэлт гаргасныг шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурласан, шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт байна гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөрт нь ойр дотны хүний нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Д.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.*******ын эрүүл мэндэд цээжний зүүн хөндий рүү нэвтэрч уушгийг гэмтээсэн хутгалагдсан шарх, цээжний зүүн хананд хөндий рүү нэвтрээгүй 2 ширхэг, зүүн бугалганы зүсэгдсэн шарх гэмтлүүд бүхий хүнд хохирол учирсан болох нь ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 93-94 дэх тал/-ээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...надад ямар нэгэн санал гомдол байхгүй. Цаашид ч санал гомдол байхгүй” /хх-ийн 34 дэх тал/ гэснээр шүүгдэгч Д.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийн сонгон авсан өмгөөлөгчийн хамт оролцов.

 

Шүүгдэгч П.*******ын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэлтэй...” /хх-ийн 162 дахь тал/, Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 98 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 153 дахь тал/, 401 дугаартай Мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 155 дахь тал/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Спорт сургалтын цогцолборын 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн тодорхойлолтод: ...Д.******* нь манай шилдэг ажилтны нэг юм. 2022 оны 08 дугаар сард гэр бүлийн хүний биеийн байдлын улмаас ажлаас чөлөөлөгдсөн болно. /хх-ийн 157 дахь тал/, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 58 дахь тал/, Бүрэн дунд боловсролтой болох нь: 047671 дугаартай Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбарт: 10 жилийн 2 дугаар дунд сургуулийн 10 дугаар ангийг 1983 онд онц сайн сахилга баттайгаар төгсөв /хх-ийн 160 дахь тал/ гэснээр тус тус тодорхойлогдож байна.

 

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хорих ял оногдуулах дүгнэлт,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д. ... Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байна гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байна. Бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан мөн өвчтэй эхнэрийг нь харгалзан үзэж нийгмээс тусгаарлахгүйгээр шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч Д.******* ... Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Эхнэрийн минь биеийн байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү. Эхнэрийг минь харах өөр хүн байхгүй гэх тайлбар тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй” гэж хуульчилсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн байх шинжийг заавал шаарддаг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэх өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ахуй амьдралтай холбоотой хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно” гэж хуульчилсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.******* нь оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг мэдэгдэв.

 

Бусад:

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хүрэн өнгийн бариултай, ажлын хэсгийн урт 6 см, нийт хэмжээ 15.5 см урттай олон үйлдэлт тонгорог хутга 1 ширхэг, ханцуйгүй цагаан өнгийн урд талдаа PRADA гэх латин үсэгтэй баруун гарын суганы доод хэсэгт 3 удаагийн зүсэгдсэн ул мөртэй цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн, захгүй, урт ханцуйтай зүүн суганы доод хэсэгт 4 удаагийн зүсэгдсэн ул мөртэй энгэр хэсэгтээ 2 товчтой цамц 1 ширхэг тус тус хураагдан ирсэн бөгөөд дээрх эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг ******* аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.******* хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.*******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ******* аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
  2. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Өөрт нь ойр дотны хүний нэр төр алдар хүндийг нь гутаан доромжилсон, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Д.*******ыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.******* нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэж, шүүгдэгч Д.*******д хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн бариултай, ажлын хэсгийн урт 6 см, нийт хэмжээ 15.5 см урттай олон үйлдэлт тонгорог хутга 1 ширхэг, ханцуйгүй цагаан өнгийн урд талдаа PRADA гэх латин үсэгтэй баруун гарын суганы доод хэсэгт 3 удаагийн зүсэгдсэн ул мөртэй цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн, захгүй, урт ханцуйтай зүүн суганы доод хэсэгт 4 удаагийн зүсэгдсэн ул мөртэй энгэр хэсэгтээ 2 товчтой цамц 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг ******* аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7. Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.******* хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА

 

                                                               ШҮҮГЧИД                                          Э.ОЮУН-ЭРДЭНЭ

 

                                                                                                                          Б.ВОЛОДЯ