Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 26

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шаны шүүхийн шүүгч Б.Болормаа би “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Э” ТӨҮГ, ТҮХ-д тус тус холбогдох

“2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр зарласан “Э” ТӨҮГ-ын ЭҮХХК/202012267 дугаартай “Хүнд даацын автосамосвалын сэлбэг” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулахаар гаргасан “Э” ТӨҮГ-ын шийдвэр болон тус ТҮХ-ны дүгнэлт, гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэрийг тус тус хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч “К” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.С-ийн гаргасан “Нэхэмжлэлээсээ татгалзах  тухай” хүсэлтийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад

                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “К” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.С  шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Манай компани  нь танай шүүхэд гаргасан 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр зарласан “Э” ТӨҮГ-ын ЭҮХХК/202012267 дугаартай “Хүнд даацын автосамосвалын сэлбэг” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулахаар гаргасан “Э” ТӨҮГ-ын шийдвэр болон тус ТҮХ-ны дүгнэлт, гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна.

“Э” ТӨҮГ нь тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн явуулах талаар амлалт өгсөн, мөн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр зарласан “Э” ТӨҮГ-ын ЭҮХХК/202012267 дугаартай “Хүнд даацын автосамосвалын сэлбэг” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендертэй холбоотой захиалагчийн гаргасан шийдвэрийг хүчингүй болгосон болохыг Сангийн яамны 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 6/1-5626 дугаартай албан бичгээр мэдэгдсэнтэй холбоотойгоор нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Сангийн яамны 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 6/1-5626 дугаартай албан бичгээр танай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн зарим хэсэг буюу тус ТҮХ-ны дүгнэлт, гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Иймд нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай захирамж гаргаж өгнө үү.” гэжээ.

                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Э” ТӨҮГ, ТҮХ-д тус тус холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч “К” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.С нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлжээ.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон

                                                                               ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч “К” ХХК нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,  119/2020/0018/3 дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “К” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг нарийн бичгийн дарга Д.Одончимэгт даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч “К ” ХХК-ийг уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

            5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болно.

 

           

                  ШҮҮГЧ                                      Б.БОЛОРМАА