Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2026/0220

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

“Н к ф к ББСБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч: шүүгч З.Ганзориг

 

Давж заалдах гомдол гаргасан: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Г.Н

 

Нэхэмжлэгч: “Н к ф к ББСБ” ХХК /РД: /

Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт зохицуулалтын газрын улсын байцаагч М.М

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрх бүхий албан тушаалтны үйлдсэн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1025249 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2026/0170 дугаар шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С

Хариуцагч М.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, Б.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан

Хэргийн индекс: 128/2026/0014/з

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Н к ф к ББСБ” ХХК-иас Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт зохицуулалтын газрын улсын байцаагч М.М-д холбогдуулан “Эрх бүхий албан тушаалтны үйлдсэн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1025249 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2026/0170 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 64 дүгээр зүйлийн 64.3, 67 дугаар зүйлийн 67.1, 67.2, 67.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н к ф к ББСБ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт зохицуулалтын газрын улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1025249 дүгээр шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Г.Н нар дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Анхан шатны шүүх хэт нэг талыг барьсан, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Хорооны 2024 оны 555 дугаар тогтоолоор баталсан журмыг 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар хүчингүй болгож, мөн өдрийн 68 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд дагаж мөрдөх нөхцөл шаардлагад, мөн оны 78 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулсан болно.

Тус хорооноос баталсан дээрх тогтоолууд нь нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн шинжтэй бус, тодорхойлж болохуйц этгээдэд чиглэсэн буюу банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай болон энгийн зөвшөөрөлтэй банк бус санхүүгийн байгууллагуудад чиглэсэн, дотогш үйлчлэлтэй захиргааны акт тул захиргааны хэм хэмжээний актад бүртгүүлэх шаардлагагүй болно.

3.2. Журмын 3.22.4-т “дотоодын арилжааны банк, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч этгээдээс зээл болон бусад хэлбэрээр эх үүсвэр татан төвлөрүүлэхгүй байх” гэх заалт нь Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор шаардлагатай шалгуур үзүүлэлт, бусад арга хэмжээ тогтоох, дүрэм журам, заавар баталж, хэрэгжилтэд нь хяналт тавих бүрэн эрхийнхээ хүрээнд авч хэрэгжүүлж буй бодлогын шинжтэй арга хэмжээ юм.

Гэтэл шүүхийн шийдвэрт “…банк бус санхүүгийн байгууллагууд, үүний дотор нэхэмжлэгч нь Санхүүгийн зохицуулах хорооны бүтцийн байгууллага биш учраас эдгээр байгууллага руу чиглэж гарсан шийдвэр нь гадагшаа чиглэсэн тул хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласан “тодорхойлж болох нэг салбарын хэсэг бүлэг этгээдэд чиглэсэн учраас гадагшаа чиглэсэн хэм хэмжээний акт биш” гэх тайлбарыг хуульд нийцээгүй гэж үзнэ” гэж дүгнэсэн нь хуулийг илт гуйвуулсан, үндэслэлгүй тайлбар болно. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй банк бус санхүүгийн байгууллагууд нь нэг төрөл шинжээр нийтээр тодорхойлогдохоор байх тул тус шинжийг хангахаар байна.

3.3. Учир нь тус журмыг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.7-д нийцүүлэн баталсан. Тус хэсэгт зохицуулсан захиргааны актын тусгай зохицуулалт нь захиргааны актын нэг хэлбэрт хамаардаг бөгөөд шийдвэрлэх гол шинж нь хаяглагдсан этгээдүүдийн хүрээ нь тухайн зохицуулалтыг гаргаж буй үед бодитоор тогтоох боломжтой байх шаардлагатай байдаг. Хаяглагдсан этгээдүүдийн хамрах хүрээг бодитоор тогтоох боломжгүй байдаг буюу хаяглагдсан этгээдийн нийтлэг шинжийн талаар яригддаг. Өөрөөр хэлбэл хаяглагдсан этгээдүүд ганцаар буюу хувь этгээд бус харин нэг төрөл шинжээр нийтээр хамрагдахаар тодорхой байх ёстой.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2026/0170 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг үгүйсгэсэн агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдуулан нотлох баримтыг зөв үнэлсэн ч Захиргааны ерөнхий хуулийн холбогдолгүй зүйл заалтыг хэрэглэсэн, мөн хэрэглэвэл зохих Зөрчлийн тухай хуулийг хэрэглээгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

3. “Н к ф к ББСБ” ХХК-иас Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт зохицуулалтын газрын улсын байцаагч М.М-д холбогдуулан “Эрх бүхий албан тушаалтны үйлдсэн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1025249 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргажээ.

3.1. Ингэхдээ шаардлагын үндэслэлээ ... шийтгэлийн хуудсанд дурдсан Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 68 дугаар тогтоолоор батлагдсан “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны болон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам болон хорооны 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 78 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан 3.22.4 дэх заалт нь захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг хангахгүй, тодруулбал Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 68, 78 дугаар тогтоолууд нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 64 дүгээр зүйлийн 64.3 дахь хэсэгт заасны дагуу захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдээгүй, шийтгэлийн хуудсанд манай компанийг Банк бус санхүүгийн үйл ажиллагааны болон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журмын 3.22.4-т заасныг хэрхэн зөрчсөн нь ойлгомжгүй, зөрчлийг хүлээн зөвшөөрсөн зүйл байхгүй байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, шийтгэлийн хуудас үйлдсэн нь хуулийг ноцтой зөрчсөн гэх зэргээр тайлбарласан. 

3.2. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Хорооны 2025 оны 68 болон 78 дугаар тогтоолоор баталж, нэмэлт өөрчлөлт оруулсан Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаандаа мөрдөх нөхцөл шаардлага нь нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн шинжтэй бус тодорхойлж болохуйц этгээд болох банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай болон энгийн зөвшөөрөлтэй банк бус санхүүгийн байгууллагад чиглэсэн, дотогш үйлчлэлтэй захиргааны акт тул захиргааны хэм хэмжээний актад бүртгүүлэх шаардлагагүй, “Н к ф к ББСБ” ХХК нь тогтоолгосон журамд нэмэлт, өөрчлөлт орсноос хойших хугацаанд гурван удаагийн үйлдлээр зээлийн шугамын гэрээгээр нийт 6,000,000,000 төгрөгийн зээл авсан нь нотлогдсон буюу зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой учраас хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, торгосон” гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлж маргасан.

4. Хэрэгт цуглуулсан нотлох баримтаас үзэхэд;

4.1. Санхүүгийн зохицуулах хорооны (а) 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 67 дугаар тогтоолоор Зөвшөөрлийн зөвлөлийн 2025 оны 01 дүгээр дүгнэлт, Хууль зүй, дотоод хэргийн яамны 2025 оны 1/772 дугаар албан бичгийг үндэслэн тус Хорооны 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 555 дугаар тогтоолын 1-р хавсралтаар баталсан “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны болон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам”-ыг хүчингүй болгож, (б)  мөн өдрийн 68 дугаар тогтоолоор Банк бус санхүүгийн үйл ажиллагааны болон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам”-ыг шинэчлэн баталсан бол (в) 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 78 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулсан байна. /Хэргийн 88, 101-119, 132-135 дахь талд/

4.2. Энэ талаар Хорооны 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3/1066, 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 9/1688 дугаар албан бичгээр холбогдох банк бус санхүүгийн байгууллагуудад мэдэгдэл, 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн  9/3079 дүгээр албан бичгээр нэр бүхий арилжааны банкуудад мэдээлэл хүргүүлсэн.

Үүний хариуд “А Б” ХХК-иас “Н к ф к ББСБ” ХХК-д зээл олгосон талаар мэдээллийг албаны цахим шуудангаар 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүргүүлсэн байдаг. /Хэргийн 46-53 дахь талд/

“Н к ф к ББСБ” ХХК нь “А б” ХХК-тай 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Зээлийн шугамын гэрээ байгуулж, улмаар 2025 оны 06 дугаар сарын 30, 2025 оны 07 дугаар сарын 02, 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрүүдэд тус бүр 2,000,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зээлийг төлж барагдуулсан байна. /Хэргийн 53, 59, 65-66, 72-77, 173-175 дахь талд/

4.3. Эрх бүхий албан тушаалтан нь Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 331 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Нэр бүхий банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд хийх газар дээрх хэсэгчилсэн шалгалтын удирдамж”-ийн дагуу “Н к ф к ББСБ” ХХК-д хяналт шалгалт явуулж, тус Хорооны 2025 оны 68 дугаар тогтоолоор батлагдсан “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны болон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам”-ын 3.22.4-т заасныг зөрчсөн болох нь дансны хуулга болон холбогдогчийн мэдүүлгээр тогтоогдсон гэж хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, 2025 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 10252549 дүгээр шийтгэлийн хуудсаар 20,000,000 төгрөгөөр торгосон. /Хэргийн 55-58, 63-64, 67-70 дахь талд/

4.4. Хорооны 2024 оны 555 дугаар тогтоолоор баталсан энэ хэсгийн 4.1. (а)-д заасан журам нь захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлийн 6996 дугаарт бүртгэлтэй байсан бол 2025 оны 68, 78 дугаар тогтоолоор баталж, нэмэлт өөрчлөлт оруулсан журам нь захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй, энэ талаар хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар маргаагүй. /Хэргийн 85 дахь талд/

 5. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтын талаар “... Хорооны 2025 оны 68, 78 дугаар тогтоолоор баталж, нэмэлт өөрчлөлт оруулсан “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны болон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам”, түүний 3.22.4 дэх заалт нь захиргааны хэм хэмжээ тогтоосон акт мөн, энэ тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй учраас эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй, уг журмыг биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй” гэж дүгнэн, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон нь шийдлийн хувьд зөв болжээ.

6. Хууль эрх зүйн зохицуулалтын хувьд;

6.1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, 11.5 дугаар зүйлийн 2-т “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэх талаар Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж,

6.2. Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно”, 60 дугаар зүйлийн 60.4-т “Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг буцаан хэрэглэхгүй”, 64 дүгээр зүйлийн 64.1-д “Захиргааны хэм хэмжээний актыг хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага батална”, 64.3-д “Энэ хуулийн 64.2-т зааснаас бусад захиргааны хэм хэмжээний актыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж бүртгэнэ”, 67 дугаар зүйлийн 67.2-т “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ”, 67.3-т “Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй”, 67.4-т “хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлснээс үүсэх үр дагаврыг захиргааны хэм хэмжээний акт гаргасан хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага хариуцна” гэж,

6.3. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хороо дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 6.1.2. бүрэн эрхийнхээ хүрээнд дүрэм, журам, заавар баталж, хэрэгжилтэд нь хяналт тавих, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор шаардлагатай шалгуур үзүүлэлт, бусад хэм хэмжээ тогтоох;” гэж,

6.4. Банк бус санхүүгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т “Нөөцийн сан, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сан, гадаад валютын болон бусад зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон журмын дагуу хангаж биелүүлнэ” гэж тус тус заажээ.

7. Эдгээр зохицуулалтыг хамтатган тайлбарлавал, банк бус санхүүгийн үйл ажиллагаа, түүний зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоон журамлах эрх Санхүүгийн зохицуулах хороонд хадгалагдах бөгөөд энэ хүрээнд нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй захиргааны хэм хэмжээний акт баталсан тохиолдолд Хууль зүй, дотоод хэргийн яаманд зохих журмын дагуу хүргүүлж, бүртгүүлсэн тохиололд хүчин төгөлдөр үйлчлэх зохицуулалттай байна.

Харин ийнхүү хүчин төгөлдөр болсон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэх урьдчилсан нөхцөл бүрдсэн тохиолдолд хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

8. Маргааны үйл баримтаас үзэхэд, Санхүүгийн зохицуулах хороо нь 2024 оны 555 дугаар тогтоолоор баталсан захиргааны хэм хэмжээний актыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагаас ирүүлсэн албан бичгийн дагуу хүчингүй болгож, улмаар дахин 2025 оны 68, 78 дугаар тушаалаар баталж, нэмэлт өөрчлөлт оруулсан журмыг зөрчсөн гэх үндэслэлээр холбогдогч хуулийн этгээдэд шийтгэл ногдуулсан боловч уг журмыг “тодорхойлж болох нэг салбарын хэсэг бүлэг этгээдэд чиглэсэн захиргааны акт, харин захиргааны хэм хэмжээний акт биш тул бүртгүүлэх шаардлагагүй” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Учир нь Хорооноос 2025 оны 68, 78 дугаар тогтоолоор шинэчлэн баталж, нэмэлт өөрчлөлт оруулсан “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны болон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам”-ыг захиргааны хэм хэмжээний акт биш гэж үзвэл Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 2-т зааснаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл ногдуулах ч нөхцөл үүсэхгүй бөгөөд бүртгүүлээгүй захиргааны хэм хэмжээний актыг мөрдөх үүрэггүй болно.

9. Нөгөөтээгүүр энэ хэсгийн 8-д заасан дээрх журам нь нийтэд буюу банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдүүдэд чиглэсэн, байнга давтагдах шинжтэй, үйл ажиллагааны нөхцөл шаардлагыг тодорхойлж, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, хэрэгжүүлэх, түүнд нь хяналт тавих зэрэг харилцааг зохицуулснаараа үйлчлэл нь байнга давтагдах эрх зүйн үр дагавартай тул захиргааны хэм хэмжээ тогтоосон актын шинжийг бүрэн агуулсан, түүнийг бүртгүүлээгүй буюу эрх зүйн үйлчлэлгүй актыг зөрчсөн гэж Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 2-т заасны дагуу шийтгэл ногдуулсан улсын байцаагчийн шийтгэлийн хуудас хууль бус гэж Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2026 оны 20 дугаар тогтоолоор тайлбарлаж, хуулийн нэгдмэл хэрэглээ тогтоосон нь маргааны энэ тохиолдол нэгэн адил хамаарна. 

10. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх үндэслэлийг тодорхойлсон бөгөөд холбогдогч хуулийн этгээдийн хувьд зөрчил гаргаагүй гэж маргасны зэрэгцээ эрх бүхий албан тушаалтнаас зөрчил гэж тодорхойлсон үйлдэлд хамаарах харилцааг зохицуулсан журам нь захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй байхад зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой гэж дүгнэсэн нь буруу юм.

11. “Н к ф к ББСБ” ХХК нь 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр нээлгэсэн зээлийн шугамын гэрээний дагуу зээлсэн мөнгийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр буюу эрх бүхий албан тушаалтнаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж эхлэхээс өмнө төлж барагдуулсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон болохыг тэмдэглэх нь зүйтэй.  

12. Нэгтгэн дүгнэвэл, Санхүүгийн зохицуулах хороо нь хуулиар олгосон эрхийнхээ дагуу баталсан дээрх журмыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, хэвлүүлэх зэргээр “хүчин төгөлдөр байх” шаардлагыг хангаагүй энэ тохиолдолд түүнийг зөрчсөн гэх аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргасан хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулах хууль зүйн үндэслэлгүй.

13. Тодруулбал, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлсон үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох урьдчилсан нөхцөл бүрдээгүй нөхцөлд ногдуулсан уг шийтгэлийг хуульд нийцээгүйн зэрэгцээ гомдол гаргагч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж дүгнэнэ.

14. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаагүй боловч “хууль бусаар шийтгэл ногдуулсан” талаарх маргааны үйл баримтад хамаарах Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг шийдвэрийн Тогтоох хэсэгт баримтлаагүй орхигдуулсан, харин Захиргааны ерөнхий хуулийн холбогдолгүй зарим заалтыг хэрэглэсэн байх тул  шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2026/0170 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, 11.5 дугаар зүйлийн 2,” гэж нэмж, Захиргааны ерөнхий хуулийн “... 61 дүгээр зүйлийн 61.1,” гэснийг хассан өөрчлөлт оруулж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                 ШҮҮГЧ                                                                   Т.ЭНХМАА

 

 

                 ШҮҮГЧ                                                                     Г.МӨНХТУЛГА

 

 

                 ШҮҮГЧ                                                                    З.ГАНЗОРИГ