Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 146/ШТ2017/00005

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, шүүгч Б.Сарантуяа, Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй

Нарийн бичгийн дарга Л.Мөнхнасан 

Улсын яллагч Д.Алимаа

Хохирогч Ч.З

Шүүгдэгч Т.Г  

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Хишигсүрэн

Иргэдийн төлөөлөгч Б.Дуламрагчаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар, 

Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогтой Т-н Г-дад холбогдох эрүүгийн 201615010111 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн  байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ..... сумын 1 дүгээр баг, Их алаг гэх газар оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэл: Өвөрхангай аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг оногдуулж 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Өвөрхангай аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар 1 хоногийн хорих ялаар,

Сум дундын 18 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,

Сум дундын 18 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, А овогтой Т-н Г-д /РД:......./

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Яллагдагч Т.Г нь ялтай байхдаа 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн ..... сумын 1 дүгээр багт оршин суух Ч.Згийн гэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ч.Зг зодож биед нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Г мэдүүлэхдээ:

“...Би тэр өдөр З-нгийнд дүүгийн хамт очсон. Манай дүү хажуу айл руу нь орж би З-нгийнд орсон. Би З-нг дүүгийн хониноос авлаа гэж хэлэхэд бос ч ирээд намайг бариад авсан. Бид хоёр зодолдож байгаад З-н 2 удаа цохиод авсан тэгэхээр нь би ганц алгадсан...” гэжээ

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.З мэдүүлэхдээ:

“...Би өмнө нь 2012 онд Т.Гад зодуулж байсан. 2016 оны  01 дүгээр сарын 10-ны үеэр хонинд явж байгаад хонио гэрийнхээ урьд тогтоочоод гэртээ байж байсан чинь Г.Гын дүү ирээд танай хоньтой манай хонь нийлцэн байна гэсэн. 2016 оны 01 дүгээр сарын 27-нд Т.Г орж ирээд мэнд усны зөрөө байхгүй намайг бариад авсан. Хөгшин хулгайч чи намайг зүгээр байхад шоронд хийсэн гээд боогоод байсан. Тэгэхээр нь би аяга аваад цохисон чинь шууд зөрүүлээд зүүн нүдрүү Т.Г цохиод авсан. Миний нүдийг сохолчихлоо ш дээ гэсэн чинь яадаг юм хоёр нүдийг чинь сохолно гээд дайраад байсан тэгж байтал бэр охин орж ирсэн. Би хохиролтой байна. Гомдолтой байна. Эмчилгээний зардалаа нэхэмжилнэ...” гэжээ.

Гэрч М.Хгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг:

“... Тэр өдөр 17 цагийн үед болов уу намайг аргал хуурайчилж байхад мотоцикльтой 2 хүн ирсэн. Би аргалаа хуурайлчихаад гэртээ ороод иртэл хадам аав Г 2 ноцолдоод орон дээр аавыг дарчихсан байхаар нь би юу болоод хүн зодоод байгаа юм бэ гэхэд яадаг юм бэ танай хадам намайг эхэлж цохисон юм чинь танай хадам намайг шоронд оруулсан би өшөөгөө авч байна. Манай дүүгийн 2 хонийг идээ биз дээ гэх мэтээр яриад давшлаад байсан. Тэгээд хадам, Г 2 салтал хадам аавын нүднээс юм гоожоод байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө аавынд энэ байдлыг хэлэх гээд гүйгээд гартал Гын дүү Хадаа манай аавынд байхаар нь ах чинь тэнд хүн аллаа шүү дээ очиж аваач хүн алуулах гэж авчирсан юм уу гэхэд уулзана л гэсэн шүү дээ гээд намайг дагаад манайд орж ирээд ахыгаа авч явах гэтэл чи яах гээд байгаа юм бэ чамд хамаагүй би өөрөө олно гээд дүүгээ загнаад байсан. Тэгж байгаад явцгаасан. Аавын нүднээс юм гоожоод байхаар нь сум руу түргэн дуудсан. Эмч, цагдаа нар хамт ирсэн. Эмч нь манайд үлдээд 2 цагдаа нь Гынд очно гээд явсан. Тэгээд эргэж ирээд аавыг аваад сум руу явсан. Ийм л юм болсон доо...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/

Гэрч Л.Д-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн

“...2015 оны 12 дугаар сард яг хэдэнд билээ санахгүй байна. Нэг өдөр Ванданлхам бид 2 таарсан юм. Тэгтэл тэр өдрийнхөө орой Ванданлхам манайхаас 3 ямаа, 2 хонь алга З-нгийн хонинд 3 ямаа байна. 2 хонь нь алга гээд манай хонинд шүүгээд явсан. Маргааш өглөө нь эхнэртэйгээ ирж дахин шүүгээд явсан гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/

Гэрч Т.Х-н  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг:

“...2016 оны 01 дүгээр сарын 27-нд байх ах Гын хамт ..... сум орчихоод буцаад гэрээдээ явж байхад Г даараад байна эднийхээр ороод гаръя гэхээр нь би Манаг гуайн гадаа зогсоод Манаг гуайнд орсон. Ах мотоциклиос буугаад цаашаа явахаар нь бие засчихаад араас ороод ирэх байх гэж бодоод Манаг гуайнд ороод сууж байтал зодоон болж хүүе хаая гээд Чанцал эгч хэлэхээр нь Манаг гуай, Чанцал эгч бид 3 З-н гуайнд ороход З-н гуай Г ах 2 барилцчихсан зогсож байсан. Тэгээд би салгаад аваад явсан. Ийм л зүйл болсон юм. Хэн нь хэнийгээ яаж цохиж зодсон болохыг нь хараагүй. Юунаас болсныг нь ч мэдээгүй. Аваад гэрээдээ явж байхдаа яасан юм бэ гэж асуухад намайг барьж аваад өшиглөсөн л гэсэн өөр юм яриагүй. Би ч янз бүрийн юм асуугаагүй. Хариад гэртээ унтаж байхад шөнө 2 цагийн үед .....ний 2 цагдаа ирээд авч явна гэснээ маргааш ..... дээр бэлэн ирээрэй гэж хэлчихээд явсан. Маргааш нь ах бид 2 тэндээсээ замын унаанд суугаад ..... орсон. Тэр өдөртөө надаас болсон явдлын талаар асууж аваад намайг явуулаад ахыг аваад үлдсэн. Тэрнээс хойш ахыг байнга дууддаг байсан. Намайг дуудаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/

Гэрч Г.Д-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг:

“... Дөлгөөхөн зан аашын хувьд бусадтай нийцэрхэг, архи дарс тэр болгон уугаад байдаггүй уусан ч олон үггүй. Их л амгалан хүн байгаа юм. Харин сүүлийн үед айж түгшиж явахаараа уучих гээд байдаг болсон шиг санагдсан. Гэхдээ гэртээ ер нь согтуу ирдэггүй юм. Халамцуу байвал дуугуй л унтаад өгдөг...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/

Гэрч Т.В-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг:

“... Яг юунаас болж хэн нь хэнийгээ яаж зодсон талаар надад мэдэх зүйл байхгүй. 2016 оны 01 дүгээр сарын 28-нд Г ахыг .....ний цагдаа дуудсан гээд Хадаа ахыг хамт ..... рүү явчихсан байсан. Юу болсон болоод .....ний цагдаа дуудсан юм бэ гэхэд Хадаа ахын эхнэр Замбагасүрэн эгч Г ах, Хадаа  ах  2 өчигдөр З-н гуайтай маргалдсан юм шиг байна. Тэгээд шөнө цагдаа нар ирээд тэр 2-ыг авч явах гэснээ маргааш ирээрэй гээд явсан юм. Тэгээд Хадаа, Г ах 2 явчихлаа гэж байсан. Яг ямар асуудал гаргасан талаар нь мэдэхгүй. Сүүлд нь би Г ахаас яагаад .....ний цагдаа дуудаад та яваад байгаа юм бэ? гэхэд төв ороод буцахдаа З-нгийхоор ороод нөгөө 2 хонины чинь талаар хэлэхэд юу яриад байгаа юм бэ гэхээр нь барьж аваад 2 цохихоор нь зөрүүлээд нэг цохичихсон юм. Тэрнээс болоод л дуудагдаад байгаа юм гэж хэлсэн. Тэгж л З-н, Г ах хоёрын дунд болсон асуудлыг мэдсэн. Түүнээс биш зодох болон маргах үед байгаагүй болохоор хэн нь хэнийгээ яаж цохиж зодсон болохыг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/

Гэрч А.М-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг:

“...2016 оны 01 дүгээр сарын 27-нд гэртээ хөгшнийхөө хамт байж байхад нар арай гараагүй байхад манайханд мотоцикль ирж байгаа дуулдсан. Тэр үед З-нгийн манай 2 айл өвөлжиж байсан юм. Тэгтэл манай талийгаач дүүгийн хүүхэд Хадаа орж ирсэн. Хадааг орж ирснээс хойхно нэг их удаагүй байтал манай ахын Хажидсүрэн аавыг аллаа гэж хашгирсаар орж ирэхээр нь эхнэр бид 2 З-нгийнх руу ортол З-н, Г 2 хоёулаа зогсчихсон Г нь том том дуугараад байж байсан. З-н энэ намайг зодоод гэсэн. З-нгийн зүүн нүднээс юм гоожоод байна гээд зүүн нүдээ дараад байсан. Тэгээд Хадаа Гыг аваад гарсан. Яасан бэ З-н гэхэд З-н нялх тугалаа уях гээд байж байтал орж ирээд зодлоо гэж ярьсан. Яг тэнд тэр хоёрын хооронд ямар үйлдэл болсон талаар үнэндээ хараагүй байхад тэгсэн ингэсэн гэж хэлж чадахгүй байна. Урд нь мөн зодож нүдийг нь гэмтээж ял шийтгэл авч байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/

Гэрч Д.Ч-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг:

“...Энэ хоёрын хооронд юу болсон талаар мэдэхгүй. 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өвгөн бид 2-ыг гэртээ байхад манай өвгөний дүүгийн хүүхэд Хадаа орж ирсэн. Түүнээс хойхно манай охин Хажидсүрэн хадмыг зодоод алах нээ гээд хашгирсаар орж ирэхээр нь юу болсон бэ гээд З-нгийнд ортол Хадаагийн ах Г том том дуугараад З-н энэ намайг зодоод нүднээс юм гоожоод байна гээд зүүн нүдээ дараад зогсож байсан. Хэн нь хэнийгээ яаж зодсон талаар хараагүй болохоор мэдэхгүй юм. Тэгээд Хадаа ахыгаа аваад явсан. Тэгтэл З-нгийн нүднээс юм гоожоод эмнэлэг дуудсан. Сумын түргэн ирээд З-нг аваад явсан. Эмчтэй хамт 2 цагдаа ирсэн. Гыг маргааш суман дээр ирээрэй гэж хэлээд явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/

2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Л.Амгалангийн дүгнэлт

  1. Ч.Згийн биед, зүүн нүдний бүрэн хараагүй болсон гэмтэл тогтоогдлоо
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65%-иар алдагдуулна.
  4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №1202 тоот шинжээчийн дүгнэлт:

“...Ч.Згийн биед тухайн үед зүүн нүдний алимны хүнд зэргийн няцрал салстын доорх урагдал, язрал, судаслаг бүрхүүл болон солонгон бүрхүүлийн хавчуулагдалт гэмтэл учирсны улмаас зүүн нүдний алимыг авч хиймэл имплант суулгах хагалгаанд оржээ.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Зүүн нүдний хараагүйдэл гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65%-иар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Өвөрхангай аймгийн ШША-ны Хархорин сум дахь шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Л.Амгалангийн 2016.07.29-ний өдөр гаргасан №99 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

5. Хохирогч Ч.Згийн амбулаторийн картнаас үзэхэд 2012.06.08-ны өдрийн нүдний эмчийн үзлэгт: баруун нүдний хараа-0,1, зүүн нүдний хараа-0,4, зүүн нүдний эхэлж буй болорын цайлт гэсэн оноштой байжээ. 2014.05.01-ний өдрийн нүдний эмчийн үзлэгт: баруун нүдний хараа-0,8, зүүн нүдний хараа-0,6, 2 нүдний болорын хуучин бүдэгшил гэсэн оноштой байжээ. Ч.З нь 2016.01.27-нд бусдад зодуулж зүүн нүдэндээ дахин гэмтэл авсны улмаас зүүн нүд хараагүй болсон байна. Энэ нь 2012 онд авсан гэх хуучин гэмтэлтэй холбоогүй, шинээр үүссэн гэмтэл болно..." гэх дүгнэлт /хх-ийн 38 дугаар хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тухай тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн /хх-ийн 2 дугаар хуудас/

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Цагдаагийн хэсэгт гаргасан гомдол /хх-ийн 3-4 дүгээр хуудас/

Хохирогч Ч.Згийн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 29-34 дүгээр хуудас/

Шүүгдэгч Т.Гын ЦЕГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 200-202 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч Т.Г нь 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн ..... сумын 1 дүгээр багт оршин суух Ч.Згийн гэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ч.Зг зодож биед нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ч.Згийн шүүх хуралдааныг шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №1202 тоот дүгнэлтийн “...Ч.Згийн биед тухайн үед зүүн нүдний алимны хүнд зэргийн няцрал салстын доорх урагдал, язрал, судаслаг бүрхүүл болон солонгон бүрхүүлийн хавчуулагдалт гэмтэл учирсаны улмаас зүүн нүдний алимыг авч хиймэл имплант суулгах хагалгаанд оржээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.  Зүүн нүдний хараагүйдэл гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65%-иар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Өвөрхангай аймгийн ШША-ны Хархорин сум дахь шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Л.Амгалангийн 2016.07.29-ний өдөр гаргасан №99 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Хохирогч Ч.Згийн амбулаторийн картнаас үзэхэд 2012.06.08-ны өдрийн нүдний эмчийн үзлэгт: баруун нүдний хараа-0,1, зүүн нүдний хараа-0,4, зүүн нүдний эхэлж буй болорын цайлт гэсэн оноштой байжээ. 2014.05.01-ний өдрийн нүдний эмчийн үзлэгт: баруун нүдний хараа-0,8, зүүн нүдний хараа-0,6, 2 нүдний болорын хуучин бүдэгшил гэсэн оноштой байжээ. Ч.З нь 2016.01.27-нд бусдад зодуулж зүүн нүдэндээ дахин гэмтэл авсны улмаас зүүн нүд хараагүй болсон байна. Энэ нь 2012 онд авсан гэх хуучин гэмтэлтэй холбоогүй, шинээр үүссэн гэмтэл болно..." гэх дүгнэлт /хх-ийн 38 дугаар хуудас/ гэрч М.Х, Л.Д, Т.Х, Г.Д, Т.В, А.М нарын мэдүүлэг /хх-ийн 13, 14, 15, 16, 17, 21 дүгээр хуудас/, зэрэг хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нь “...Ч.З нь Т.Гыг эхлэж зодсон учраас Т.Г нь аргагүй хамгаалалт, гарцаагүй байдлын улмаас Ч.Зд гэмтэл учруулсан. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү..” гэдэг боловч Т.Гын хувьд дээрх гэмт хэргийн нийгмийн аюулыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.З мэдүүлэхдээ:

“...Би өмнө нь 2012 онд Т.Гад зодуулж байсан. 2016 оны 01 дүгээр сарын 27-нд Т.Г орж ирээд мэнд усны зөрөө байхгүй намайг бариад авсан. Хөгшин хулгайч чи намайг зүгээр байхад шоронд хийсэн гээд боогоод байсан. Тэгэхээр нь би аяга аваад цохисон чинь шууд зөрүүлээд зүүн нүдрүү Т.Г цохиод авсан. Миний нүдийг сохолчихлоо ш дээ гэсэн чинь яадаг юм хоёр нүдийг чинь сохолно гэх мэдүүлэг,

Гэрч Д.Чанцалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: “...2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өвгөн бид 2-ыг гэртээ байхад манай өвгөний дүүгийн хүүхэд Хадаа орж ирсэн. Түүнээс хойхно манай охин Хажидсүрэн хадмыг зодоод алах нээ гээд хашгирсаар орж ирэхээр нь юу болсон бэ гээд З-нгийнд ортол Хадаагийн ах Г том том дуугараад З-н энэ намайг зодоод нүднээс юм гоожоод байна гээд зүүн нүдээ дараад зогсож байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Хажидсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: Би аргалаа хуурайлчихаад гэртээ ороод иртэл хадам аав Г 2 ноцолдоод орон дээр аавыг дарчихсан байхаар нь би юу болоод хүн зодоод байгаа юм бэ гэхэд яадаг юм танай хадам намайг шоронд оруулсан би өшөөгөө авч байна. Манай дүүгийн 2 хонийг идээ биздээ гэх мэтээр яриад давшлаад байсан....” гэх мэдүүлэг зэргээр Т.Г нь аргагүй хамгаалалт, гарцаагүй байдлын улмаас гэмт хэрэгт үйлдсэн гэж үзэх боломжгүй дээрх нотлох баримтаар үгүйсгэгдэж байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд шүүгдэгч Т.Гыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв. Т.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.12-т зааснаар ялтай байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Хэрэгт авагдсан хохирлын баримтуудаар нийт 5.830.800 төгрөгийг Т.Гын хувьд ногдох хөрөнгөнөөс гаргуулан хохирогч Ч.Зд олгохоор, ХААН банкны 2016 оны 08 сарын 07-ны өдрийн З-нгийн Гантулгын 80.000 төгрөгийн зарлагын баримт нь /хавтаст хэргийн 143 дугаар хуудас/ хохирогч Ч.Згийн эмчилгээнд зарцуулагдсан гэж үзэх боломжгүй тул энэ хэрэгт хамааралгүй байна гэж үзэж харин хохирогч хийгдсэн эмчилгээтэй холбоотой болон цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтуудаа .....үүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд нээлттэй үлдээх, Т.Гын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Т.Г нь 86 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нүдний болорын эвдэрхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. А овогтой Т-н Г-дыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гад оногдуулсан 6 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Т.Г нь 86 хоног цагдан хоригдсон ба цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар түүний эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцсугай.

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нүдний болорын эвдэрхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
  2. Хэрэгт шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
  3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т заасныг баримтлан Т.Гын хувьд ногдох хөрөнгөнөөс 5.830.800 / таван сая найман зуун гучин мянган найман зуун/ төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Зд олгосугай.
  4. Хохирогч Ч.З нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  5. Т.Гад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
  6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
  7. Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Т.Гад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                  ДАРГАЛАГЧ                                 Ц.ДАГИЙМАА 

                           ШҮҮГЧ                                 Б.САРАНТУЯА

                                                                        Г.ЭНХ-АМГАЛАН