Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 28

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

           Прокурор: В.Төгсбаяр /Өмнөговь аймаг, Ханбогд сумаас онлайнаар/

           Шүүгдэгч: Н.Д

           Хохирогч: Э.Д /Ховд аймгаас онлайнаар/

           Нарийн бичгийн дарга: А.Ариунаа нар оролцов.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/21 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Н.Дд холбогдох 1829000890168 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 54 настай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй , урьд Дундговь аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1988 оны таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар 1  жилийн хугацаагаар засан хүмүүжүүлэх ял, Дундговь аймгийн шүүхийн 1989 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 32 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 50 хоногийн хугацаагаар хорих ял, Дундговь аймгийн эрүүгийн анхан шатны шүүхийн 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар 2  жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж хянан харгалзсан, Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 100000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан.

Шүүгдэгч Н.Д нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны  02 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын  нутаг дэвсгэрт 80-13 ӨМҮ улсын дугаартай “Нордбенз маркийн авто машин зарна” гэж  бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж иргэн Э.Дд 21500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь шүүгдэгч Н.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч Н.Дг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Дг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дд оногдуулсан 2  жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Н.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Н.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Н.Д 21500000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Дд олгуулж,  энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Н.Дгийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Д давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “...Шүүгдэгч нь Н.Д би 2018 оны 2 сард тус аймгийн  80-13 ӨМҮ улсын дугаартай “Нордбенз” маркын авто машиныг иргэн Э.Дд худалдан 21 сая 500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэрэг үйлдэх үед талийгаач эхнэр Б маань элэг, нойр булчирхайн хагалгаанд орох шаардлагатай мөнгө төгрөгийн хэрэгцээ байсан хагалгаа амжилтгүй болж 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр эхнэр маань хорвоогийн мөнх бусыг үзэж хүү М 13 настай, охин Б.С  8 настай өнчирч өрх толгойлсон хүн болж үлдсэн хохирол төлбөр төлөх ямар ч боломж  байгаагүй. Хохирогч Э.Дтэй “Хүрээ хар транс” ХХК-ийн тэрэг барьж хохирлоо сар бүрийн орлогоос суутгуулж төлөхөөр тохиролцоо  хийсэн. Гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож цаашид хохирол төлбөрийг барагдуулахаа илэрхийлж байна. Миний хувийн байдал, ахуй амьдрал 2 хүүхдийн хувь заяаг бодож 2 жил хорих ялыг тэнсэн харгалзаж өгнө үү” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дгийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр бичсэн давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

“Шүүгдэгч Н.Д нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны  02 дугаар сарын 28-ны өдрийн хооронд 80-13 ӨМҮ улсын дугаартай “Нордбенз маркийн авто машин зарна” гэж  бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж иргэн Э.Дд 21500000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хавтас хэрэгт авагдсан хохирогч Э.Д /хх28-29/, гэрч Ж.Б /хх-32/, Б.Б /хх-37/, Э.Э /хх-64/, шүүгдэгч Н.Д нарын мэдүүлгүүд, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-76/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна” гэж анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаарх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй, анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Дг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар  нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Харин анхан шатны шүүх бусдын эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг арилгах талаар шийтгэх тогтоолд заахдаа Иргэний хуулийн холбогдох зүйл хэсгийг баримтлаагүй учир хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Н.Д нь 2018 оны 02 дугаар сард гэмт хэрэг үйлдсэнээсээ хойш хохирогч Э.Дд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болох 21500000 төгрөгийг төлөөгүй. Хохирогч Э.Д нь давж заалдах шатны шүүх хуралдаанд ...Н.Д нь хэргийг шалгах явцад зугтан зайлж 2 жил орчим олдохгүй байсаар энэ хэрэг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр шийдвэрлэгдсэн. Энэ хүн өнөөг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хохирлоо яаралтай барагдуулах хүсэлтэй байна” гэсэн тайлбар, саналыг гаргасан болно.          

Иймд шүүгдэгчийн “ял хөнгөрүүлэх тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/21 дугаар шийтгэх тогтоолын 5 дахь заалтын “зардалгүй” гэсний дараа “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар” гэж нэмж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл энэ хэрэгт 85 /наян тав/ хоног цагдан хоригдсон хугацааг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                          ШҮҮГЧИД                                        Х.ГЭРЭЛМАА

                                                                                                  Ц.ОТГОНЦЭЦЭГ