| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2022/0030/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/124 |
| Огноо | 2023-10-31 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/124
2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Дугаар 2023/ШЦТ/124 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа,
Улсын яллагч О.Батнасан,
Шүүгдэгч Б.*******,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******гийн *******д холбогдох 2228000800069 дугаартай нэг хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Яллах дүгнэлтэд бичигдсэнээр:
Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутагт 84-96 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслээс иргэн Э.*******ийн эзэмшлийн iрhоnе 12 рrоmах загварын 1 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 2,850,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.*******г яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.*******ын мэдүүлэгт: Хулгайд алдагдсан гэх Iphone 12 promах загварын гар утасны хохирлыг би өөрөө төлөхөөр болж тухайн гар утасны эзэн Э.*******өөс өөрөөс нь Ірhоnе 12 promax загварын гар утас авснаар лизингийн гэрээ байгуулж төлбөрийг сар болгон төлөлт хийж байгаа. Би сар болгон 225.000 төгрөгийн төлөлтийг хийдэг. Тэгж гэрээ байгуулснаар Э.*******т учруулсан хохирлыг барагдуулахаар болсон юм. Учир нь би Э.*******ийн дайвар ачаа болох Iphone 12 promаx загварын гар утсыг алдахгүй, эвдэж, гэмтээхгүй авч ирж хүлээлгэн өгөх үүрэгтэй, уг үүргээ биелүүлж чадаагүй хариуцлагагүй хандсаны улмаас Э.*******ийн Iphone 12 promax загварын гар утсыг хулгайд алдаж Э.*******т хохирол учруулсан болохоор тухайн хохирлыг төлөх үүргээ биелүүлсэн. Ингээд би өөрөө хохирогч болчихоод байгаа юм. 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр BD Mobile phone center буюу Э.*******ийн дэлгүүрээс Iphone 12 promax загварын гар утас авч байгаагаар баримт бүрдүүлж Таван богд финанс банк бус санхүүгийн байгууллага ХХК-аас 2.500.000 төгрөгийн лизинг хийж хохирлыг нь барагдуулсан. Би Таван богд финанс банк бус санхүүгийн байгууллага ХХК-аас 2.500.000 төгрөгийн лизинг хийж Э.*******ийн хохирлыг барагдуулсан. Тухайн лизингийн хүүнд 398,059.97 төгрөг төлж байгаа юм. Мөн бэлэн мөнгөний шимтгэлд 250.000 авчихаар миний гар дээр 2.250.000 төгрөг Таван богд финанс банк бус барагдуулсан. Тэгэхээр үндсэндээ би гэдэг хүн Э.*******ийн хохирлыг төлж барагдуулахын тулд 2.500.000 төгрөгийн зээл авч байгаа боловч шимтгэл өгөөд 2.250.000 төгрөг авсан хэдий ч төлөлт хийхдээ 2.500.000 төгрөгийн төлөлтөө хийнэ. Тэгээд дээрээс нь 250.000 төгрөгийг бэлнээр өгөөд Э.*******т 2.500.000 төгрөг болгон өгч хохирлыг дээр нь 250.000 төгрөг бэлнээр Э.*******т өгсөн. Мөн хүүний мөнгө 398,059.97 төгрөгийг Таван богд финанс банк бус санхүүгийн байгууллага ХХК-д төлж байгаа юм. Ингээд бүх төлөлтүүд нийлээд үндсэн зээл 2.500.000+ шимтгэл 250.000+ бэлнээр өгсөн 250.000+ зээлийн хүү 398,059.97 төгрөг =3,398,059.97 төгрөгний шууд хохирол учирч байгаа юм. /хавтаст хэргийн 194-195 дахь тал/
Гэрч Э.*******ийн мэдүүлэгт: 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Солонгос улсаас илгээсэн 2 ширхэг гар утас 2 ширхэг нөүтбүүкийг Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу явах унаанд тавиад өг гэж гуйсан. Тэгээд манай найз 84-96 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд өгч явуулсан байсан. Тухайн тээврийн хэрэгслийг Өмнөговь аймагт ирэхэд би очиж 2 ширхэг гар утас, 2 ширхэг нөүтбүүкээ авахад нэг ширхэг iphone 12 promax гар утас нь байхгүй байсан. Тэгээд ачааг авч ирсэн 84-96 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Цагдаагийн газарт хандаж шалгуулсан. Хулгайд алдагдсан гэх iphone 12 promaxгар утас миний эзэмшлийн гар утас байгаа юм. /хавтаст хэргийн 199 дэх тал/
Гэрч Ч.*******ийн мэдүүлэгт: Би 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өөрийн Мобишопын лангуун дээр ирээд 10 цаг 30 минут үед нэг эрэгтэй Солонгосоос каргогоор ирсэн гар утсаа надад худалдсан. Тухайн үед би шалгаж үзэхээр өөрийн сим болох 96039009 дугаараа хийж шалгасан ба тухайн залуутай 88198127 дугаар руу залгаж хоорондоо ярьж гар утсыг шалгаж авсан. Тухайн үед би зарж байгаа хүний биеийн байцаалт болон жолоочийн үнэмлэхтэй нь тулгаж харахад өөрөө мөн байсан. Би тухайн хүнийг харвал таних байх. Тухайн гар утас нь цагаан өнгөтэй iphone 12 promax гар утас байсан. Солонгосоос орж ирсэн гар утас цэвэрхэн байдаг. Би тухайн гар утсыг хулгайн гар утас гэдгийг мэдэхгүй худалдаж авсан. Тухайн залуу орж ирээд хамаг бичиг баримт, гар утасныхаа дугаарыг үзүүлээд өөрийн юм шиг зарж байхаар мэдэхгүй авсан. Би өөрийн Худалдаа хөгжлийн банкны 413030571 дугаар данснаас голомт банкны 1105406992 дугаартай ******* ******* гэсэн эзэмшлийн данс руу 2.050.000 төгрөгийг гүйлгээний утга/ iphone 12 promax 96039009/ гэж шилжүүлсэн. /хавтаст хэргийн 45 дахь тал/
“Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд: iрhоnе 12 promax загварын гар утас 2.850.000 төгрөг /хавтаст хэргийн 53 дахь тал/
Шүүгдэгч Б.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Анх мэдүүлэг авсан мөрдөгч нь надад хэлэхдээ бусдын эд зүйлийг завшчихсан юм биш үү завших зүйл ангиар хэрэг бүртгэлтийн хэрэг нээнэ гэж байсан. Тэгэхээр нь би бусдын эд зүйлийг завших зүйл ангиар яллагдагчаар татагдах юм байна гэж бодож байсан чинь бусдын эд хөрөнгийг хулгайлах зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байхаар нь хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлсэн юм. Харин одоо бол Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа тул надад холбогдох хэргийг богино хугацаанд шийдвэрлэж өгнө үү. Болсон зүйлийн талаар өмнө сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ ярьчихсан байгаа болохоор надад нэмж ярих зүйл байхгүй. /хх-ийн 60-61 дэх тал/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 24 дэх тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дахь тал/
Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 68-72 дахь тал/
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 73-81 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.
Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутагт 84-96 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслээс иргэн Э.*******ийн эзэмшлийн iрhоnе 12 promax загварын 1 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдож байна.
Тодруулбал: Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.*******ын: ...Хулгайд алдагдсан гэх iphone 12 promax загварын гар утасны хохирлыг би өөрөө төлөхөөр болж тухайн гар утасны эзэн Э.*******өөс өөрөөс нь iрhоnе 12 promax загварын гар утас авснаар лизингийн гэрээ байгуулж төлбөрийг сар болгон төлөлт хийж байгаа. Би сар болгон 225.000 төгрөгийн төлөлтийг хийдэг. Тэгж гэрээ байгуулснаар Э.*******т учруулсан хохирлыг барагдуулахаар болсон юм. /хавтаст хэргийн 194-195 дахь тал/ гэх мэдүүлэг,
Гэрч Э.*******ийн: 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Солонгос улсаас илгээсэн 2 ширхэг гар утас 2 ширхэг нөүтбүүкийг Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу явах унаанд тавиад өг гэж гуйсан. Тэгээд манай найз 84-96 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд өгч явуулсан байсан. Тухайн тээврийн хэрэгслийг Өмнөговь аймагт ирэхэд би очиж 2 ширхэг гар утас, 2 ширхэг нөүтбүүкээ авахад нэг ширхэг iphone 12 promax гар утас нь байхгүй байсан. Тэгээд ачааг авч ирсэн 84-96 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Цагдаагийн газарт хандаж шалгуулсан. /хавтаст хэргийн 199 дэх тал/ гэх мэдүүлэг,
Гэрч Ч.*******ийн: Би 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өөрийн Мобишопын лангуун дээр ирээд 10 цаг 30 минутын үед нэг эрэгтэй Солонгосоос каргогоор ирсэн гар утсаа надад худалдсан. Тухайн үед би шалгаж үзэхээр өөрийн сим болох 96039009 дугаараа хийж шалгасан ба тухайн залуутай 88198127 дугаар руу залгаж хоорондоо ярьж гар утсыг шалгаж авсан. ...Тухайн гар утас нь цагаан өнгөтэй iphone 12 promax гар утас байсан. Солонгосоос орж ирсэн гар утас цэвэрхэн байдаг. Би тухайн гар утсыг хулгайн гар утас гэдгийг мэдэхгүй худалдаж авсан. ...Би өөрийн Худалдаа хөгжлийн банкны 413030571 дугаар данснаас голомт банкны 1105406992 дугаартай ******* ******* гэсэн эзэмшлийн данс руу 2.050.000 төгрөгийг гүйлгээний утга/ iphone 12 promax 96039009/ гэж шилжүүлсэн /хавтаст хэргийн 45 дахь тал/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт хуульчилжээ.
Шүүгдэгч Б.******* нь хохирогч Н.*******ын эзэмшилд байсан iphone 12 promax маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Б.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.*******т 3.398.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд: iрhоnе 12 promax загварын гар утас 2.850.000 төгрөг /хавтаст хэргийн 53 дахь тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.*******ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт: ...Би Таван богд финанс банк бус санхүүгийн байгууллага ХХК-аас 2.500.000 төгрөгийн лизинг хийж Э.*******ийн хохирлыг барагдуулсан. Тухайн лизингийн хүүнд 398,059.97 төгрөг төлж байгаа юм. Мөн бэлэн мөнгөний шимтгэлд 250.000 авчихаар миний гар дээр 2.250.000 төгрөг Таван богд финанс банк бус барагдуулсан. Тэгэхээр үндсэндээ би гэдэг хүн Э.*******ийн хохирлыг төлж барагдуулахын тулд 2.500.000 төгрөгийн зээл авч байгаа боловч шимтгэл өгөөд 2.250.000 төгрөг авсан хэдий ч төлөлт хийхдээ 2.500.000 төгрөгийн төлөлтөө хийнэ. Тэгээд дээрээс нь 250.000 төгрөгийг бэлнээр өгөөд Э.*******т 2.500.000 төгрөг болгон өгч хохирлыг дээр нь 250.000 төгрөг бэлнээр Э.*******т өгсөн. Мөн хүүний мөнгө 398,059.97 төгрөгийг Таван богд финанс банк бус санхүүгийн байгууллага ХХК-д төлж байгаа юм. Ингээд бүх төлөлтүүд нийлээд үндсэн зээл 2.500.000+ шимтгэл 250.000+ бэлнээр өгсөн 250.000+ зээлийн хүү 398,059.97 төгрөг =3,398,059.97 төгрөгний шууд хохирол учирч байгаа юм /хавтаст хэргийн 194-195 дахь тал/ гэх мэдүүлэг, “Таван богд финанс” ББСБ-ын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 100332 дугаартай Лизингийн зээлийн гэрээ /хавтаст хэргийн 202-209 дэх тал/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан, хохирогч, иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа өгсөн мэдүүлэг байх тул шүүх шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Б.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.*******т 3.398.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хохирогч өөрт учирсан хохирлыг арилгахыг шүүгдэгчээс шаардах эрхтэй байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд ...өөрт учирсан хохирол 3.398.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх ба шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж, шүүгдэгч Б.*******гөөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт 3.398.000 төгрөг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.*******т олгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Б.*******г гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.*******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.*******гийн хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: Бүртгэлтэй /хх-ийн 62 дахь тал/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоол, Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 08 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол, Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоол, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоол, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дүгээр сарын 02-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоол, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргээр тодорхойлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч Б.******* нь өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргаж шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцов.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял оногдуулах, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 111 дугаартай тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн ял дээр одоо оногдуулж байгаа 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ялыг нэг хоногоор тооцож хорих ял болгон өөрчилж 30 хоног буюу 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг тогтоох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба шүүгдэгч өөрийгөө өмгөөлж ... хорих ял эдэлж байгаа хувийн хэргээ харахад 1 жил 8 сар 7 хоног биеэр эдэлсэн гэсэн байсан. Өөр хэлэх зүйл байхгүй тайлбар тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно. Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилсан тул шүүгдэгч Б.*******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 7 сар 4 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх хорих ялыг 5 /тав/ жил 1 /нэг/ сар 04 /дөрөв/ хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******гийн хувийн байдлыг харгалзан түүний эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж хуульчилсан ба шүүгдэгч Б.******* нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолд дурдсан 461 хоног, энэ хэрэгт 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 125 /зуун хорин тав/ хоног тус тус цагдан хоригдсон байх тул нийт цагдан хоригдсон 586 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.******* нь 586 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 7 сар 4 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх хорих ялыг 5 /тав/ жил 1 /нэг/ сар 04 /дөрөв/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******гийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолд дурдсан 461 /дөрвөн зуун жаран нэг/ хоног, энэ хэрэгт цагдан хоригдсон 125 /зуун хорин тав/ хоног, нийт 586 хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******гөөс 3.398.000 /гурван сая гурван зуун ерэн найман мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.*******т олгосугай.
7. Шүүгдэгч Б.******* 586 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримт болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА