Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 139/ШШ2020/00449

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 Нэхэмжлэгч: З.Ц-ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1964 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, эмэгтэй, 56 настай. Би 1981 оны 6 сард 10 дугаар анги төгсөөд илгээлт авч Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдлийн Найз бригадад 1981 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл мал маллаж байгаад Хөдөө аж ахуйн дээд сургуульд эдийн засгийн ангид элсэн суралцан 1991 оны 6 сард төгсөж ирээд 1991 оны 7 дугаар сарын 20-нд Социализмын зам нэгдэлд туслах нягтлангаар ажилд орж 1992 оны 4 дүгээр сарын 01 хүртэл ажиллаад нэгдэл хувьчлагдаж 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс Сайхан-Овоо сумын Оргил ХК-д нягтлан бодогчоор томилогдон 1994 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл ажилласан бөгөөд 1994 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сайхан-Овоо сумын Оргил ББХК-д нягтлан бодогчоор ажилласан. Би тэтгэвэртээ гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэр тамга тэмдгийн зөрчилтэй, Социализмын зам нэгдлээс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй, Оргил ХК-д томилсон тушаалын нэгдүгээр хавсралт болох миний нэр орсон хавсралт байхгүй, Оргил ББХК-аас чөлөөлсөн тушаал байхгүй учраас шүүхээр ажилласан жилээ тогтоолго гэсэн. Иймээс З.Ц намайг 1981.08.01-1986.08.01-ний өдөр хүртэл Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдлийн Найз бригадад малчнаар, 1991.07.20-1992.04.01-ний өдөр хүртэл Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэлд туслах нягтлан бодогчоор, 1992.04.01-1994.06.08-ны өдөр хүртэл Сайхан-Овоо сумын Оргил ХК-д нягтлан бодогчоор, 1994.06.08-1994.12.31-ний өдрийг дуустал Сайхан-Овоо сумын Оргил ББХК-д нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Ц нь өндөр насны тэтгэвэртээ тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр тамга тэмдгийн зөрчилтэй, Социализмын зам нэгдлээс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй, Оргил ХК-д томилсон тушаалын нэгдүгээр хавсралт болох миний нэр орсон хавсралт байхгүй, Оргил ББХК-аас чөлөөлсөн тушаал байхгүй учраас шүүхээр ажилласан жилээ тогтоолго гэсэн. Иймээс З.Ц намайг 1981.08.01-1986.08.01-ний өдөр хүртэл Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдлийн Найз бригадад малчнаар, 1991.07.20-1992.04.01-ний өдөр хүртэл Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэлд туслах нягтлан бодогчоор, 1992.04.01-1994.06.08-ны өдөр хүртэл Сайхан-Овоо сумын Оргил ХК-д нягтлан бодогчоор, 1994.06.08-1994.12.31-ний өдрийг дуустал Сайхан-Овоо сумын Оргил ББХК-д нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Ц нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргажээ. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

З.Ц-д Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын "Социализмын зам"  нэгдлээс 1982 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр болон 1991 онд олгосон хөдөлмөрийн дэвтэр нь тамга тэмдэг, нөхөн бичилтийн зөрчилтэй, 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлсөн тушаалын бичилт байгаа боловч уг тушаал нь архивт хадгалагдаагүй болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, Нийгмийн даатгалын хэлтсийн 2020.05.07-ны өдрийн 310 тоот “Сайхан-Овоо сумын 3 дугаар багийн иргэн З.Ц-ын 1980, 1991 оны хөдөлмөрийн дэвтрийн тушаал, нөхөн бичилт, тамга тэмдгийн зөрчилтэй тул 1981.08.01-1981.12.31, 1983.01.01-1983.12.31, 1992.04.01-1995.01.01-ний хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай” гэх албан бичиг /хх-4 дүгээр хуудас/, Татварын хэлтсийн 2020.05.07-ны өдрийн 08/531 тоот “Сайхан-Овоо сумын "Социализмын зам" нэгдэл нь 1959 оны 10 дугаар сарын 28-нд байгуулагдаж 1991 оны 4 дүгээр сарын 28-нд улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 1992 оны 2 дугаар сарын 18-нд “Оргил” ХК болж өөрчлөгдөн 1994 оны 6 дугаар сарын 13-нд “Оргил” ББХКомпани болж бүртгэгдсэн байна. Тус компани нь 1996 оны 4 дүгээр сарын 22-нд “Галтчандмань” хоршоо болон өөрчлөгдөж 2006 оны 12 дугаар сарын 22-нд татан буугдсан байна” гэх тодорхойлт /хх-5 дугаар хуудас/-оор тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан З.Ц-д Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын "Социализмын зам" нэгдлээс 1982 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр олгосон “1982 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын "Социализмын зам" нэгдлийн даргын 1982 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 23 тоот тушаалаар”, “МХЗЭ-ийн илгээлтээр хуваарилагдаж ирсэн тул ногоочноор томилон ажиллуулав” гэх бичилт бүхий тамга тэмдэг дарж баталгаажуулсан, 1981 оны 8 дугаар сараас 1986 оны 7 дугаар сар хүртэл хугацааны ажилласан хоног, олгосон хөдөлмөрийн хөлсийг бичиж, хөлс олгосон тамга дарж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтэр /хх-6-8 дугаар хуудас/

- З.Ц-д Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын "Социализмын зам" нэгдлээс 1991 онд олгосон “1991 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс Сайхан-Овоо сумын "Социализмын зам" нэгдлийн даргын 1991.07.20-ны өдрийн Б/54 тоот тушаалаар нэгдлийн туслах ня-бо-гийн үүрэгт ажилд томилов”, 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс "Социализмын зам" нэгдлийн даргын 1992.04.04-ний өдрийн Б/24 тоот тушаалаар Аж ахуйн нэгж өөрчлөгдсөнтэй холбогдуулан нэгдлийн туслах нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлөв, 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс Оргил ХК-ийн захирлын 1992.04.04-ний өдрийн Б/25 тоот тушаалаар Оргил ХК-ийн туслах нягтлан бодогчийн үүрэгт ажилд томилов, 1994 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс “Оргил” ХК-ийн ерөнхий захирлын 1994.06.08-ны өдрийн Б/19 тоот тушаалаар Аж ахуйн нэгж өөрчлөгдсөнтэй холбогдуулан “Оргил” ХК-ийн туслах нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлөв, 1994 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс “Оргил” ББХК-ийн ерөнхий захирлын 1994.06.08-ны өдрийн Б/20 тоот тушаалаар “Оргил” ББХК-ийн туслах нягтлан бодогчоор томилов” гэх бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-9-11 дүгээр хуудас/,

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын "Социализмын зам" нэгдлийн ерөнхий хорооны даргын 1994 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б/25 тоот ажилд томилох тухай тушаалын хуулбар, тушаалын 2 дугаар хавсралт /хх-12-14 дүгээр хуудас/,

- Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын “Оргил” ББХК-ийн ерөнхий захирлын 1994 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Б/20 тоот ажилд томилох тухай тушаал, тушаалын 1 дүгээр хавсралтын хуулбар /хх-12-13 дугаар хуудас/

- Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын 2020.05.08-ны өдрийн 2/46 тоот “Найз багийн иргэн З.Ц-ын 1985-1986 онуудын "Социализмын зам" нэгдэлд малчнаар ажиллаж байсан үеийн цалингийн лавлагааг хуулбарлан өгсөн болно” гэх тодорхойлолт /хх-17 дугаар хуудас/

- З.Ц-ын 1985, 1986 онуудын цалингийн цэсний хуулбар /хх-18-19 дүгээр хуудас/,

- З.Ц-д Ус цаг уурын товчооын зөвлөлөөс 1983 оны 1 дүгээр сарын 28-нд олгосон “Төлчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад ажлаараа шалгаран оролцож байгаад баяр хүргэж сайшаалын үнэмлэх үнэ бүхий зүйлээр шагнаж дурсгав” гэх сайшаалын үнэмлэхний хуулбар /хх-20 дугаар хуудас/

- З.Ц-д "Социализмын зам" нэгдлийн зөвлөлөөс 1985 оны 2 дугаар сарын 07-ны өдөр олгосон “1984 оны мал онд оруулах, төл бойжуулах болзолт уралдааныг биелүүлэх ажилд идэвх зүтгэл гарган ажилласан явдалд баяр хүргэж цаашид улам их амжилт олохыг хүсэн ерөөж баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнав” гэх баярын бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-21 дүгээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудаар нэхэмжлэгч нь 1981 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэлд малчнаар, 1991 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэлд туслах нягтлан бодогчоор, 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Сайхан-Овоо сумын “Оргил” ХК-д нягтлан бодогчоор, 1994 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Сайхан-Овоо сумын “Оргил” ББХК-д нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар З.Ц нь 1981 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэлд малчнаар, 1991 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэлд туслах нягтлан бодогчоор, 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Сайхан-Овоо сумын “Оргил” ХК-д нягтлан бодогчоор, 1994 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Сайхан-Овоо сумын “Оргил” ББХК-д нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлий 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ГАНЧИМЭГ