Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/119

 

 

2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр                     Дугаар 2023/ШЦТ/119                                       Даланзадгад сум

                                                                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Б.Мөнхдөл,

Шүүгдэгч: Д.*******,

Өмгөөлөгч: И.Олонмөнх,

Нарийн бичгийн дарга: А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                  

   Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн ******* *******д холбогдох 2328000000163 дугаартай нэг хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Д.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Д.*******ыг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хэлэх зүйлгүй.

 

Хохирогч Д.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт: Би 2022 оны 02 дугаар сараас хойш ******* *******тай гэр бүл болж хамтран амьдарсан. Хамтран амьдрах хугацаанд Д.******* нь гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж архи согтууруулах ундаа хэрэглэж хэл амаар доромжлох болсон. Улмаар 2023 оны 03 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө намайг Нэгдүгээр сургуулийн гаднаас очиж авахдаа согтууруулах ундаа хэрэглэчихсэн байсан. Тэгээд намайг машиндаа суулгаад авч явахдаа засмал замаар хурдтай давхиад ингээд хамтдаа үхнэ гээд байхаар нь би гэртээ очоод ярилцъя гэж гуйсаар байгаад Гурвансайхан гэр хорооллын 36-33 тоотод хашааны гадаа очоод чи миний машиныг эвдчихлээ гээд түлхэж унагахдаа миний гараас мушгиад унагаачихсан. Тэгээд би газар уначихаад гараа хөдөлгөж чадахгүй гэж байхад ******* машинаа хөдөлгөөд намайг тойроод хэд хэдэн удаа эргээд байсан. Тэгэхэд араас манай охин *******, ээж ******* нар гарч ирэхэд ******* машинтайгаа явчихсан. Тэгээд би гэртээ орж амраад өглөө нь босоход миний баруун гарын бугуйны хэсгээр хавдчихсан байхаар нь эмнэлэгт очиж үзүүлээд гипсдүүлсэн. Эмч надаас яаж байгаад хугалчихсан юм бэ гэхэд нь би бүдэрч унаад хугалчихсан юм гэж хэлсэн. Тэгээд гэмтсэнээсээ хойш буюу 03 дугаар сарын 08-нд ажилдаа явах байсныг хойшлуулаад 03 дугаар сарын 16-нд ажилдаа яваад гар өвдөөд ажил хийж болохгүй байхаар нь 03 дугаар сарын 22-нд нь буцаж ирсэн. Би эмнэлэг дээр үзүүлээд гар хугарчихсан байна гэхээр нь *******ыг дуудаад болсон зүйлийн талаар хэлсэн чинь намайг цагдаа; битгий мэдэгдээрэй би гарыг чинь эмчлүүлнэ, эмчилгээний төлбөр мөнгийг чинь өгнө, битгий гомдол гаргаач гээд гуйгаад байхаар нь цагдаагийн газарт мэдэгдээгүй юм. Тэгсэн чинь одоо болохоор надад мөнгө төгрөг байхгүй гээд гараа эмчлүүлэх зардлыг өгөхгүй байгаа болохоор цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн үед Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүлээн авах дээр очиж зураг авахуулахад баруун бугуйны шивнүүр яс хугарсан байна гэсэн. Тэгээд дэлгэцэн дээр зургийг нь харуулаад энийг нь дараад ав гэхээр нь би утсаараа зургийг нь дарж авсан. Анх үзүүлээд гипсдүүлсэн эмч нь ******* гэж эмч байсан, зураг авсан эмч нь ******* гэдэг эмч байсан. Эмч нар хэлэхдээ нөхөн сэргээх физик эмчилгээ сайн хийлгээрэй гэхээр нь хувийн эмнэлэгт нөхөн сэргээх эмчилгээг хийлгэсэн. Эмнэлгийнхээ нэрийг санахгүй байна. Тухайн эмнэлэг дээр эхлээд 10 хоног эмчилгээ хийлгэж 400,000 төгрөг болсон, дараа нь 4 сард 7 хоног, 5 сард 7 хоногийн хугацаатай физик эмчилгээ хийлгэсэн. Нийт 500.000 төгрөг болсон. Тухайн зардлаас ******* 200.000 төгрөгийг нь төлсөн. Мөн ажилдаа яваагүй байх хугацаанд банкны зээлд 1.900.000 төгрөгийг төлсөн байгаа. Цаашид Улаанбаатар хот руу явж зураг авахуулах, дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай байна гэхэд ******* одоо чиний гар чинь эдгэчихсэн биз дээ надад мөнгө байхгүй гээд байгаа. Шинжээч эмчид үзүүлж, гэмтлийн зэргийг тогтоолгоно. Цаашид эмчлүүлэх зардлыг *******аас гаргуулна. Д.******* нь миний биед хэдийгээр санамсар болгоомжгүйгээр гэмтэл учруулсан ч гэсэн эмчилгээний зардлыг төлж барагдуулахгүй байгаад нь гомдолтой байна. Хэрэв миний гарыг хугалж гэмтээгээгүй байсан бол би ажил үүргээ хэвийн гүйцэтгээд зээлээ асуудалгүй төлөөд л явж байх байсан. Харин ч би гараа гипсдүүлчихээд ажлаа хийгээд *******ыг өр зээлд оруулчихгүй юмсан гэж бодож байсан. /хх-ийн 12-14 дэх тал/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 341 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Д.*******ийн биед баруун шуу, богтос ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Д.*******ийн биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Д.*******ийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх 31-32 дахь тал/

Шүүгдэгч Д.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн дахин мэдүүлэгт: Би болсон зүйлийн талаар сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ өгчихсөн болохоор надад нэмж ярих зүйл байхгүй. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ хохирогч Д.*******т хохирлыг нь төлж барагдуулсан талаар хэлж байсан. Би Д.*******т нийт 4.088.000 төгрөгийг эмчилгээндээ зарцуул гэж өгсөн байсан. Хэрэв дахин хохирол нэхэмжлэхээр бол эмнэлгийн байгууллагаас эмчилгээ, үйлчилгээ авсан баримтыг үндэслэж хохирлыг барагдуулах болно. Ѳөр санал гомдолтой зүйл байхгүй. /хх-ийн 41 дэх тал/

Гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 22-28 дахь тал/

Дансны дэлгэрэнгүй хуулганы баримт /хх-ийн 43-50 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дэх тал/

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 53 дахь тал/

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 55 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

  Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд: 

Шүүгдэгч Д.******* нь 2023 оны 03 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө  Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Гурвансайханы 36-33 тоот хашаанд иргэн Д.*******тэй хувийн шалтгааны улмаас маргалдсан нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Улмаар шүүгдэгч Д.******* нь хохирогч Д.*******ийн бие эрх чөлөөнд халдсан үйл баримт тогтоогдож байна.   

  Тодруулбал: Хохирогч Д.*******ийн: ...Тэгээд намайг машиндаа суулгаад авч явахдаа засмал замаар хурдтай давхиад ингээд хамтдаа үхнэ гээд байхаар нь би гэртээ очоод ярилцъя гэж гуйсаар байгаад Гурвансайхан гэр хорооллын 36-33 тоотод хашааны гадаа очоод чи миний машиныг эвдчихлээ гээд түлхэж унагахдаа миний гараас мушгиад унагаачихсан. Тэгээд би газар уначихаад гараа хөдөлгөж чадахгүй гэж байхад ******* машинаа хөдөлгөөд намайг тойроод хэд хэдэн удаа эргээд байсан /хх-ийн 12-14 дэх тал/ гэх мэдүүлэг,

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 341 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Д.*******ийн биед баруун шуу, богтос ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Д.*******ийн биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Д.*******ийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /хх-ийн 31-32 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.*******ийн эрүүл мэндэд баруун шуу, богтос ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 341 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32 дахь тал/-ээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Хохирогч Д.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Надад гомдол санал байхгүй /хх-ийн 14 дэх тал/ гэснээр шүүгдэгч Д.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгч Д.*******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Д.******* нь хувийн байдлын хувьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “Бүртгэгдээгүй” /хх-ийн 51 дэх тал/ гэснээр, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 55 дахь тал/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийн сонгон авсан өмгөөлөгчийн хамт оролцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялын санал дээр тохирсон байгаа. Уг ялыг оногдуулж өгнө үү гэх дүгнэлт тус тус гаргав.

 

Шүүх ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.******* нь шүүхээс оногдуулсан 3.000.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.*******т 4.088.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

      1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.*******д 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Д.******* нь шүүхээс оногдуулсан 3.000.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.*******т 4.088.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

                          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА