Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 139/ШШ2020/00463

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 Нэхэмжлэгч: Д.Б-ын нэхэмжлэлтэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1965 онд төрсөн эрэгтэй, энэ жил 55 нас хүрч байгаа, улсад 20 гаруй жил ажилласан. Үүнээс 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 26-ыг хүртэл Лус сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажилласан бөгөөд тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр нь нэрийн зөрчилтэй байгаа учир иргэн миний иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний гэрчилгээний лавлагаа, цэргийн үнэмлэх зэргийг үндэслэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр, мөн хөдөлмөрийн дэвтэр, цалингийн карт, гэрчийн мэдүүлэг, цэргийн үнэмлэх, татварын хэлтсийн тодорхойлолтуудыг үндэслэл болгон Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэл малчнаар, 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсныг тус тус тогтоож өгнө үү гэв.  

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ. 

Нэхэмжлэгч Д.Бын хувийн байдлыг тодорхойлох бичиг баримт болох иргэний үнэмлэхэд түүний нэрийг “Батбаяр” гэж дурьдсан байна.

Дундговь аймгийн Луус сумын "Хөдөлмөр" нэгдлээс олгогдсон хөдөлмөрийн дэвтэр дээрх “Яндагдорж” гэсэн нэр нь түүний иргэний үнэмлэхэд бичигдсэн нэртэй тохирохгүй байх тул уг хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч Д.Б мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх ба шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Дундговь аймгийн Луус сумын "Хөдөлмөр" нэгдлээс олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь “Д.Б” мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.

Д.Бт Дундговь аймгийн Луус сумын “Хөдөлмөр” нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэр нэрийн зөрчилтэй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөчгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Нийгмийн даатгалын хэлтсийн 2020.03.06-ны өдрийн 187 тоот “Луус сумын 3 дугаар багийн иргэн Д.Б-ын 1984 оны хөдөлмөрийн дэвтэр нэрийн зөрчилтэй тусл 1984.01.01-1990.01.01-ний хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай” гэх тодорхойлолт /хх-6 дугаар хуудас/, Татварын хэлтсийн 2020.03.10-ны өдрийн 08/329 тоот “Луус сумын “Хөдөлмөр” нэгдэл нь 1991 оны 3 дугаар сарын 29-нд шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1993 оны 2 дугаар сарын 09-нд “Шинэ хөдөлмөр” хоршоо болж өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байна” гэх тодорхойлолт /хх-7 дугаар хуудас/-оор нэхэмжлэгчийн ажиллаж байсан гэх үйл явдлыг шүүхээр тогтоолгохоос өөр журмаар тогтоох боломжгүй болох нь тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 005/000415 тоот “...эцэг Мижидийн Доржпүрэв, эх Батнасангийн Дуламсүрэн нарын гэр бүлд Д.Б бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов...” гэх төрсний бүртгэлийн лавлагаа /хх-9 дүгээр хуудас/

Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлээс Д.Бт олгосон хөдөлмөрийн дэвтэрт 1984 оны 1 сараас 12 сар дуустал, 1988 оны 9 сараас 1990 оны 12 сар дуустал хугацааны ажилласан хоног, олгосон хөдөлмөрийн хөлсийг бичиж уг хөлсийг олгосон тамга дарж баталгаажуулсан байна /хх-10 дугаар хуудас/,

- Д.Бт 1984 оны 6 дугаар сарын 26-ны өдөр олгосон цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-12 дугаар хуудас/,

- Дундговь аймгийн Луус сумын Засаг даргын Тамгын газрын 2020.03.19-ний өдрийн 02/70 тоот “Доржпүрэвийн Яндагдорж нь 1986 оны 6 сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Луус сумын Хөдөлмөр нэгдлийн Суварга, Зүлэгтийн бригадуудад малчнаар ажиллаж байсан ба 1983, 1984, 1985, 1989 онуудын цалингийн материалыг сумын архивын хадгаламжийн нэгжээс хуулбарлан лавлагаа олгов” гэх тодорхойлолт /хх-13 дугаар хуудас/

- Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлийн Суварга бригадын 1983 оны 9-10 сар, 1984 оны 3, 11 сар, 1985 оны 8 сар, 1989 оны 5, 6 саруудын цалингийн цэсийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-14-19 дүгээр хуудас/,

- Гэрч Ц.А-ийн “...Д.Б бид хоёр нэг ангид суралцдаг байсан. Би 1985 онд аравдугаар ангиа төгсөөд Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Би Хөдөлмөр нэгдэл тартал малчнаар ажиллаж байгаад хувиараа мал малладаг болсон. Д.Б нь 1983 онд наймдугаар ангиа төгсөөд Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байгаад цэрэгт явж ирээд буцаад Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Д.Б нь Сарги хайрханы ойролцоо Бэрх гэх газар нутагладаг, бог мал малладаг байсан. Д.Бын дүү манай ангид хамт сурдаг байсан. Уг нь Батбаярыг Яндагдорж л гэдэг байсан. Дүү нь жинхэнэ нэр нь Батбаяр гэж хэлж байсан. Цээрлэсэн учраас Яндагдорж гэж дууддаг байсан гэж байсан. Хүмүүс Яндаг, Яндагдорж л гэж дууддаг байсан. Албаныхан Батбаяр гээд байдаг юм билээ. Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд миний таньдаг, бидний үеийн хүмүүс дунд Яндагдорж, Батбаяр гэх нэртэй өөр хүмүүс байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-30-31 дүгээр хуудас/, гэрч Ц.Ц-ийн “...Би 1970 онд Дундговь аймгийн Луус суманд бэр болж очоод Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Би 1991 оны 5 сар хүртэл Хөдөлмөр нэгдлийн Суварга бригадад малчнаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Би тэтгэвэрт гарснаасаа хойш 2009 он хүртэл Луус суманд мал маллаж байгаад аймгийн төвд орж ирсэн. Д.Б нь 1983 онд наймдугаар ангиа төгсөөд илгээлтээр гарч Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлийн Суварга бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. Д.Б нь 1990 он дуустал Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажилласан нь үнэн. Д.Быг Яндаг гэж дууддаг болсон байсан. Өөр зүйл мэдэхгүй.

Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд Яндаг, Батбаяр гэх нэртэй өөр хүн байгаагүй байх...” гэх мэдүүлэг /хх-32-33 дугаар хуудас/, гэрч Ж.Б-ын “...Би 1983 онд наймдугаар ангиа төгссөнөөсөө хойш 1985 он хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд Суварга бригадад малчнаар ажиллаж байгаад 1985-1988 он хүртэл цэргийн алба хааж ирээд 1988-1990 он хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд няраваар ажилласан. Түүнээс хойш 2000 он хүртэл мал малласан. Д.Б нь 1983 онд наймдугаар ангиа төгсөөд Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1985-1988 онд цэргийн алба хааж ирээд 1988 оноос одоог хүртэл тасралтгүй мал маллаж байгаа хүн. Д.Б нь Сарги хайрхан, Бэрх гэх газруудаар нутагладаг. Д.Быг сургуульд байхад нь л Яндаг гэж дууддаг байсан. Ямар учраас өөр нэрээр дууддаг байсан талаар нь мэдэхгүй. Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд Яндаг гэдэг нэртэй хүн байхгүй. Батбаяр гэдэг хүн байдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-34-35 дугаар хуудас/, гэрч Д.О-ийн “...Би 1981 оноос 1990 онд нэгдэл тарах хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажилласан хүн. Д.Б 1983 оноос 1985 он хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1985-1988 онд цэргийн алба хааж ирээд үргэлжлүүлээд Хөдөлмөр нэгдэлдээ мал малласан. Д.Б нь цэргээс халагдаж ирснээсээ хойш тасралтгүй мал малласан, одоог хүртэл Луус сумандаа мал малладаг хүн. Д.Б нь бог мал малладаг байсан. Д.Быг Яндаг гэж дууддаг байсан. Би Яндаг гэдэг нэрээр нь сайн мэднэ. Ямар учраас өөр нэрээр дууддаг байсан талаар нь мэдэхгүй. Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд Яндаг, Батбаяр гэдэг нэртэй өөр хүн байдаг байсан эсэх талаар нь сайн мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-37-38 дугаар хуудас/, Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 139/ШШ2018/00085 тоот шүүхийн шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-39-41 дүгээр хуудас/,

- Улсын бүртгэлийн хэлтсийн 2020.06.12-ны өдрийн 3/437 тоот “Доржпүрэвийн Яндагдорж гэсэн нэртэй хүн иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлгүй байна” гэх албан бичиг зэрэг бичгийн баримтуудаар нэхэмжлэгч нь 1983 оны 9 сарын 01-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг дуустал, мөн 1988 оны 9 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Дундговь аймгийн Луус сумын "Хөдөлмөр" нэгдлээс Доржпүрэвийн Яндагдоржид олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Д.Б мөн болохыг тогтоосугай.

2.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.Быг 1983 оны 9 сарын 01-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг дуустал, мөн 1988 оны 9 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлий 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ГАНЧИМЭГ