Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/733

 

 

 

 

 

 

 

 

    2023          9           14                                        2023/ШЦТ/733

 

 

                          

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн

улсын яллагч Н.Цэнгэлбаяр

шүүгдэгч Б.Э

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн эрүүгийн ********** дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 7 дугаар сарын 22-нд Төв аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, нийслэлийн Ерөнхий боловсролын ** дугаар сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байгаа гэх, ам бүл 6; эцэг, эх, ах, 2 дүүгийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, СОТ 1 дүгээр байр, ** тоотод оршин суух,

ял шийтгэл: Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

**** дугаарын регистртэй О овогт Бын Э

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Б.Э 2022 оны 12 дугаар сарын 31-ний шөнө 03:00 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар Эмийн сангийн автобусны буудал дээр хохирогч Б.Хын толгойн тус газарт гараараа цохих, хөлөөрөө дэвсэх зэргээр зодож “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа тул дахин мэдүүлэхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн эмчилгээний зардалд гэж 250.000 төгрөг бэлнээр өгсөн гэв.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Б-ын Х “... 2022 оны 12 дугаар сарын 30-ны орой 18:00 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Тайж” ресторанд шинэ жилийн үдэшлэгт уригдан очсон. Үдэшлэгээс гараад 2022 оны 12 дугаар сарын 31-ний шөнө 03:00 цагийн орчимд “Тайж” ресторанаас ганцаараа гараад 25 дугаар Эмийн сангийн автобусны хойд талын буудал дээр ирээд буудлын зүүн талаас хоёр дахь казак залуугийн саарал өнгөтэй ТҮЦ-ээс тамхи авахаар орсон. 25 дугаар Эмийн сангийн “Далай” нэртэй цайны газрын бэлтгэгч Л, уг ТҮЦ-ний худалдагч казак залуу, намайг зоддог хар өнгийн куртик, куртик нь дунд хэсгээрээ тод өнгийн оруулгатай, 20 гаруй настай, 175 см өндөртэй, том биетэй цагаан царайтай, нүүрэн тус газраа сорвитой залуу нь Л руу дайрсан. Тухайн залуу согтуу байх шиг байсан. Би Лийг өмөөрч хэрүүлийг болиулах гэхэд над руу тухайн залуу дайрч эхэлсэн. Намайг зоддог залуу Л бид хоёрыг барьж аваад зууралдаад цагаан өнгийн “Приүс” машины дэргэд Лийг нүүр рүү нь баруун гараараа нэг удаа цохиход Л газар унасан. Лийг газар унасны дараа над руу ирж миний нүүр рүү нэг удаа цохиход, би ухаан балартаад газар унасан. Намайг зоддог залуу миний толгой дээр нэг удаа дэвсээд, нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Босож ирээд тэндээ зүүн талын эхний түцний үүдэнд ирээд зууралдаж байхад намайг цохидог залуу цасан дээр өөрөө хальтирч унаад босож ирсэн. Энэ үед миний хамар нүүр нүднээс цус гоожиж байсан. Би нүүрээ дараад байж байхад намайг зоддог залуу намайг хавсарч унагаад дахин миний толгой дээр 2 удаа дэвссэн. Би нүүрээ гараараа дарахад миний нүүр битүү цус болсон байсан” /хх-ийн 15-16/ гэж,

гэрч Е-ны Б “... 2022 оны 12 дугаар сарын 31-ний шөнө 03:00 цагийн орчимд манай ТҮЦ-нд 20 гаруй насны, 175 см орчим өндөртэй, нүүрэн дээрээ сорвитой, гадуураа хар куртиктэй эрэгтэй хүн орж ирээд манай ТҮЦ-нээс тамхи аваад байж байхад 25 дугаар Эмийн сангийн “Далай” цайны газрын зөөгч Л орж ирээд юу байна даа дүү нараа гэж хэлсэн. Надаас тамхи авдаг залуу нь зөөгч хийдэг ах Лг би чиний дүү юм уу гээд хэрүүл үүсгэсэн. Маргаан болж байх үед хар өнгийн куртиктэй дотуураа цагаан өнгийн сорачиктай зодуулдаг ах ТҮЦ рүү орж ирсэн. Зодуулдаг ах Л ахыг өмөөрөөд яасан бэ, юу болсон бэ гээд асуухад надаас тамхи авдаг залуу хэрүүл маргаан үүсгэж эхэлсэн. Тэгэхээр нь би зодуулдаг ах, зөөгч Л ах, тамхи авдаг залуу гуравт та гурав согтуу байна, одоо больцгоо гээд ТҮЦ-нээсээ гурвууланг нь гаргуулсан. ТҮЦ-нээс гараад хоорондоо хэрэлдэж байгаад барьцалдаж авсан. Барьцалдаж байхад тамхи авдаг залуугийн куртик тайлагдсан. Нэг харсан чинь тамхи авдаг залуу зөөгч Л ахын нүүр рүү цохиход газар унасан. Зөөгч ах босч ирээд автобусны буудлаас баруун тийшээ гүйж зугтаасан. Тамхи авдаг залуу наашаа хүрээд ир гээд дуудаад байсан. Энэ үед тамхи авдаг залуу зодуулдаг ахын нүүр рүү цохисон. Надаас тамхи авдаг залуу нүүр нүдгүй зодож эхэлсэн. Энэ үед 25 дугаар Эмийн сангийн автобусны буудлын 4 дэх ТҮЦ-ийн эгч С нэг эрэгтэй хүнтэй ирээд зодуулдаг ахаас яасан бэ, юу болсон бэ гэж асуусан. Нөгөө тамхи авдаг залуу миний куртик хаана байна гээд ирж байхдаа Со эгчээс асуугаад байсан. Би хараад зогсож байсан учраас куртикийг нь зааж өгөхөд Со эгч зааж өгөөд авч өгсөн. Зодуулдаг ах нэгдүгээр ТҮЦ-ийн үүдэн дээр хамар амнаас нь цус гоожоод байж байсан. Тамхи авдаг залуу гадуур куртикээ аваад зодуулдаг ахыг хавсарч унагаагаад толгой дээрээс нь дэвссэн. Тамхи авдаг залуу зам гараад яваад өгсөн” /хх-ийн 18-19/ гэж,

 

гэрч Э-ийн М “... намайг машинаасаа буугаад буудал руу ирэхэд Х нь нүүр ам нь цус нөж болсон байдалтай саарал өнгийн зүүн талаасаа 2 дахь ТҮЦ-ийн урд сууж байсан. Би Хыг таниад юу болсон бэ гээд асуухад казак залууг танихгүй залуугийн хамт намайг зодсон гээд хэлсэн. Тэгэхээр нь казак залуу нь энэ ТҮЦ-ийг ажлуулдаг юм. Андуураад байна гээд хэлсэн. Танихгүй 30 гаруй настай, гадуураа ноосон цамцтай залуу миний куртик хаана байна гээд казакаас асуусан. Нөгөө казак чиний куртик чинь тэнд байна гээд замын хашлага руу заасан. Би куртикийг нь авч өгсөн. Би тэр залууг өмнө харж байгаагүй залуу байсан” /хх-ийн 21-22/ гэж,

гэрч Л-гийн Л “... би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас хувцас хунар, царай зүсийг нь анзаараагүй. 20 гаруй насны, халамцуу залуу над руу элдвээр хэлээд дайраад байсан. Би тамхиа авчихаад гаръя гээд хэлсэн. Энэ үед гаднаас Х орж ирсэн. ТҮЦ-ээс 20 гаруй настай залуу намайг түлхээд гаргасан. Араас нь Х гарч ирсэн. Би ТҮЦ-д байсан 20 гаруй настай залууд цохиулаад ухаан балартсан байсан. Тэр залуу бид хоёрыг хоёуланг нь зодсон. Би согтуу ухаан балартсан байсан учраас зарим зүйлийг сайн санахгүй байгаа. Х нь архи бага уусан учраас бүгдийг нь санаж байгаа. Нэг мэдэхэд би гэртээ ирсэн байсан” /хх-н 9-10/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч Б-ын Э “... 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө би хэсэг найзуудынхаа хамтаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Тайж” нэртэй караокед үйлчлүүлж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад шөнийн 02:00 цаг өнгөрч байхад харихаар ганцаараа гарч яваад 25 дугаар Эмийн сангийн автобусны буудал дээр байрлах ТҮЦ-нээс тамхи автал танихгүй эрэгтэй хүн орж ирснээ намайг тамхи задлаад нэгийг өгчих гэхээр нь би юу гэсэн үг юм бэ?, би тамхийг чинь бэлдэх ёстой юм уу? гээд бид хоёрын дунд маргаан үүсээд бид хоёр тухайн түцнээс гартал надаас тамхи нэхсэн залуутай хамт явж байсан үл таних эрэгтэй хүн найзыгаа өмөөрч намайг түлхтэл би ул нь халтирдаг гутал өмссөн байсан учир халтирч унаад газраас босч ирээд түлхэж унагаасан эрэгтэй хүний зүүн талынх нь хацар руу баруун гараараа нэг удаа цохиод, үргэлжлүүлэн хөлөөрөө хэвлий хэсэг рүү нь нэг удаа өшиглсөн чинь надад цохиулж, өшиглүүлсэн эрэгтэй ТҮЦ налаад газар суучихаар нь анх тамхи нэхсэн эрэгтэй рүү очих гэхэд цаашаа зугтаачихаар нь араас нь хэсэг хөөх гэж байгаад гүйцэхгүй болхоор нь орхиод буцах замдаа ТҮЦ налаад байсан эрэгтэй рүү явж очоод нүүр рүү нь хөлөөрөө дахиад нэгээс хоёр удаа өшиглөчихөөд яваад өгсөн” /хх-н 51/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлсэн нь дээр дурдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг буюу хэргийн үйл баримттай агуулгын хувьд тохирч байна.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... Б.Х-ын биед баруун нүдний ухархайн доод ханын хугарал, баруун, зүүн нүдний алим, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн 934 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 40-41/ ба эдгээр баримтууд нь шүүгдэгч Б.Эы гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж шүүх дүгнээд

шүүгдэгч О овогт Б-ын Э-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэхдээ шүүх шүүгдэгч Б.Э-ы гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож шийдвэрлэхдээ прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хэмжээ хязгаар”-т хэлэлцсэнийг дурдах нь зүйтэй.

Учир нь, тухайн хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч Б.Э нь хохирогч Б.Х-аас гадна иргэн /гэрч/ Л.Лийг мөн зодсон байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Э-ы гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосны дараа улсын яллагч Н.Цэнгэлбаяр эрүүгийн хариуцлагын талаарх саналаа хэлэхдээ “... шүүгдэгчийг 600.000 төгрөгөөр торгох, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэснийг хүлээж авах шаардлагагүй гэж үзэв.

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт эрүүгийн хариуцлага тохирсон байх нь шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд эдгээрт дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрлөөс ямар ял сонгож, ялын хэмжээг тогтоох нь шүүхийн эрх хэмжээ юм.

 

Шүүгдэгч Б.Э нь хэдийгээр албан ёсны тодорхойлолт, баримт бичгээ шүүхэд гаргаж өгөөгүй боловч “... нийслэлийн Ерөнхий боловсролын 153 дугаар сургуульд биеийн тамирын багшаар ажилд ороод байгаа ...” гэж тэрээр өөрийн хувийн байдлаа тодорхойлон тайлбарласан тул түүнд “нийтэд тустай ажил хийлгэх ял” оногдуулахад зохимжгүй, “зорчих эрхийг хязгаарлах” ялын хувьд мөн түүний ажил, амьдрал ахуйгаа зохицуулахад хязгаарлагдмал байдлыг бий болгоно гэж шүүх үзсэн болно.

 

Харин шүүгдэгч Б.Э цаашид өөрийн хувийн байдалдаа анхаарвал зохино.

 

Иймд шүүгдэгч Б.Э-ы хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзахын зэрэгцээ “... гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхгүй байхаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Э-ы хувийн байдалтай холбоотой:

иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 60/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 65/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 66/, Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоол /хх-н 70-76/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Б.Х нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “... цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” /хх-н 53/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Э бусдад төлөх төлбөргүй.

 

Шүүгдэгч Б.Э цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Э шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Хяналтын прокуророос уг гэмт хэрэг үйлдэгдсэн огноог “... 2023 оны 12 дугаар сарын 31 ...” гэж бичсэнийг техникийн шинжтэй алдаа гэж шүүх үзэж залруулав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. О овогтой Б-ын Э-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Э торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Х гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Э-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.ЖАНЧИВНЯМБУУ